Гэрэл зураг гэдэг өөрөө гайхамшиг. Ганц хормын үйлдлийг ч түүх болгож чадах гэрэл зураг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна.
Уран сайхны гэрэл зураг, үйл явдлын зураг, папарацци гээд л гэрэл зургийн төрөл, ангилал нь олон. Тэгвэл манай олны танил зарим эрхмүүд уран сайхны гэрэл зурагт улам шимтэх болсон нь сүүлийн үед илтэд анзаарагдах боллоо. Дэлхийн оддын л хааяахан авахуулж олныг шуугиулдаг бие давхар үеийн зураг, эсвэл дөнгөж мэндэлсэн үрээ энгэртээ инээмсэглэн тэврэх гэрэлт зургуудыг өдгөө манай залуус ихэд дэмжих болжээ.
Зураг бол тэр чигтээ түүх. Тийм сайхан түүхийг гэрэл зургийн цомогтоо нэмэхийг хэн бүхэн хүсэлгүй яах вэ. Энэ утгаараа бяцхан үрсээ хэвлийд байхаас нь гэрэлд “цохиулсан” аав, ээж нар тоогоо нэмсээр л байна. Цахим ертөнцөд тэдний зураг хайр гэрэлтүүлсээр бидний мэлмийг баясгадаг болоод уджээ. Иймээс сонины шаргал хуудаснаа үлдээвэл тэд дургүйцэхгүй л болов уу.
Мисс Б.Гэрэлчулуун анхны үрээ монголчуудтайгаа угтав
Ханьгүйгээр бие бүтэн байдаггүй, үр хүүхэдгүйгээр гэр дүүрэн байдаггүй гэдэг. Үнэхээр ч жинхэнэ амьдрал, аз жаргалыг үр хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч “Тусгай салаа” киногоор олонд танигдсан мисс Б.Гэрэлчулуун хэвлий дэх анхны үр, мөн ханьтайгаа уран сайхны зураг авахуулж монголчуудын мэлмийг баясгасан юм.
Түүний нөхрийг н.Онон гэдэг бөгөөд аав, ээжийн нандин эрдэнэ, аз жаргалын хайрын бурхан болсон эгдүүтэй охиндоо О.Оюу-Эрдэнэ хэмээх нэр хайрласан байна.
Бие давхар үедээ ханьтайгаа патериа татуулж, олны хүртээл болгосон тэрбээр удалгүй хоёрхон сартай охиныхоо зургийг цахим ертөнцөд түгээж байлаа.
Т.Бархүү, И.Одончимэг нар Сүндари охиныхоо зургийг гурван саяар зарав
Холливудын жүжигчдийн бяцхан хүүхдүүдийн зургийг л олонд танил болсон сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагууд худалдан авч олон нийтийн хүртээл болгодог байсан бол Chuhal.mn сайт ‘’ХТүц’’ хамтлагийн жүжигчин Т.Бархүү,МУГЖ И.Одончимэг нарын бяцхан охины зургийг анх удаа гурван сая төгрөгөөр худалдан авч олон нийтийн хүртээл болгож байлаа. Хошин урлагийн жүжигчдийн бяцхан охин Сүдари одоо ч овоо болсон биз дээ.
Дуучин Б.Хонгорын гэргий Б.Анарын бие давхар, нүцгэн зураг нүд хужирлав
Холлиувын оддын бие давхар үеийн нүцгэн зургууд дэлхийг шуугиулж чаддаг. Бие давхар байхдаа л бүсгүй хүн хамгийн үзэсгэлэнтэй байдгийг батлах мэт дэлхийн оддын эгдүүтэй, хөөрхөн зургуудыг харсан манай бүсгүйчүүд ч ингэж авахуулах мөрөөдөлд автдаг биз.
Дуучин аавынхаа ажлыг үргэлжлүүлэн дуулж яваа Б.Хонгор “MCS” группийн харьяа “Sky resort” цанын баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай нижгэр хурим хийж олныг шуугиулсан билээ. Дуучин Б.Хонгорын эхнэр Б.Анар бие давхар үеийнхээ ийм хөөрхөн зургийг авахуулж дурсамжаа мөнхөлөөд хөөрхөн хүүтэй болсон билээ.
Загвар өмсөгч Э.Төгсөө сэтгүүлд нүцгэлэв
Монгол модель агентлагийн загвар өмсөгчид болох Э.Төгсөө нярайлж, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт аав болсон тухай таатай мэдээ өнгөрсөн могой жилд сонсогдож байсан. Тэрбээр хайртай бүсгүйдээ “Намайг хорвоо дэлхийн хамгийн аз жаргалтай залуу болгосон чамдаа баярлалаа. Хайрт минь одоо чи бид хоёр гурвуулаа боллоо. Хайрдаа баярлалаа” гэж цахим хуудсаар сэтгэлээ илэрхийлж байсан юм. Загвар өмсөгч Э.Төгсөө нүв нүцгэн зургаа ийнхүү сэтгүүлийн хуудаснаа дэлгэж байлаа.
Хөөрхөн О.Дөлгөөн хүүтэй боллоо
“Мөрөөдлийн театр”-ын хөөрхөн О.Дөлгөөн хэдхэн хоногийн өмнө 3,850 гр хүүтэй болсон тухай мэдээ цахим ертөнцөд шуугисан юм. Мөн л бие давхар байхдаа ханьтайгаа зургаа татуулж, нийтэд дэлгээд удаагүй байхад нь үргэлжлүүлээд бяцхан үртэй болсон тухай мэдээ бидний чихийг мялааж байв.
Даруухан Т.Хулан, Д.Галбаяр нар дахиад хүүхэдтэй болно
Драмын театрын хөөрхөн Т.Хуланг мэдэхгүй хүн цөөхөн. МУСТА, жүжигчин Г.Дашхүү агсны хүү Д.Галбаяртай дэр нэгтгэсэн тэрбээр өдгөө хоёр дахь үрийнх нь зулайг үнэрлүүлэхээр бэлтгэж сууна.
Угтаа бол тэд гурван хүүхэдтэй. Тодруулбал найруулагч Д.Галбаярын анхны эхнэр нь ХТүц хамтлагийн гишүүн, МУГЖ Х.Баттулга буюу Аглуугийн одоогийн эхнэр юм. Тэд дундаасаа нэг хүүтэй бөгөөд Д.Галбаяр дээр өссөн гэх юм билээ. Энэ утгаараа Д.Галбарынх гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болж байна.
Hey Hey-ийн хөтлөгч залуу ч дутсангүй
“Hey Hey” хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч залуу ч бяцхан үрээ хүлээх баярт мөчөө гэрэл зурагт мөнхлөх сайхан үйлээс дутсангүй. Тэрбээр бурханаас өгсөн бэлэг буюу бяцхан үрээ бэлгийн гоёмсог туузаар ороон байж ихэд хичээнгүйлэн зургаа татуулсан байна лээ. Мөн л цахим ертөнцөд энэхүү гэрэл зургуудаа дэлгэсэн тэд хөөрхөн үрээ тун удалгүй хүлээж авсан гэнэ лээ. Чухам бурхан ямар бэлэг илгээснийг тэд л мэдэх биз ээ.
Хийлч Дээгий учир утгатай зураг авахуулжээ
Сонгодогч урлагийн чамин төлөөллүүдийн нэг хийлч Дээгий мөн л бие давхар зургаа татуулсан байна. Сайн харвал бие давхар энэхүү зургаа гэрэлтсэн торон цамц, хийл хөгжмөөрөө чимэн авахуулсан байгаа биз. Хийлчин ээж л ингэж зургаа авахуулахгүй бол өөр хэн ингэх билээ. Эрч хүчтэй энэхүү зураг өдгөө гэрэл зургийнх нь цомогт бөөн дурсамж агуулаад хадгалагдаж байдаг гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12160
Холбоотой мэдээ
Comments are closed.