Барилгын даварсан компаниудын хязгааргүй шуналыг ШӨХТГ-ын дарга О.Магнай та хазаарлахгүй бол олон иргэн хохирсоор байна.
Тодруулбал Д.Хандсүрэн захиралтай “Өлзийт интер трейд” гэх компани 2008 онд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 12 давхар барилгыг барьж ашиглалтад оруулжээ.
Энэ компани анх тус орон сууцыг хоёр блокоор нийтдээ 80 гаруй айлын орон сууц барина хэмээн зураг төслөө гаргаж иргэдээс захиалга авсан аж. Ингээд 2008 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Д.Хандсүрэн иргэдтэй гэрээ хийж, урьдчилгаа 7-10 мянган ам.долларыг бэлнээр авсан ч барилга ашиглалтад оролгүй гурван жил болжээ.
Байр ашиглалтад орох хугацаанаасаа хэдийн өнгөрсөн тул иргэд Д.Хандсүрэнг эрэн сурвалжилж улмаар хуулийн байгууллагад хандсанаар түүний залилан илэрсэн байна.
Тодруулбал иргэн Я.Жаргалхүү өөрийн хохирлоо барагдуулахаар 10 мянган ам.доллар нэхэмжлэн 2011 онд шүүхэд гомдол гаргажээ. Ингээд иргэдийн гомдлын дагуу болон хуулийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу Д.Хандсүрэн орон сууцыг ашиглалтад оруулж иргэдийг байранд нь оруулсан ч барилга нь бүрэн гүйцэд баригдаагүй, мөн 12 давхар барилга нь ямар ч зөвшөөрөлгүй учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс ажлыг нь зогсоосон аж. Тэгээд ч баригдлаа гэхэд ус, дулаан, цахилгааны техникийн нөхцөл аваагүй гэсэн зөрчил илэрсэн юм байна.
Өөрөөр хэлбэл хоёр блоктой хэмээн захиалга авсан барилгын нэг тал нь одоо суурь цутгаснаас хэтрээгүй байна. Тиймээс иргэд иймэрхүү байдлаар таван жилийг үдэж байгаа учраас тэвчилгүй гомдол гаргаж эхэлжээ.
Иргэд орон сууцны захиалгын гэрээгээ 2012 оны 6-10 дугаар сарын хооронд хийсэн байдаг бөгөөд түүнд зааснаар тухайн барилгыг өнгөрсөн оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна хэмээн цагаан дээр хараар үзэглэсэн байдаг аж. Гэвч одоог хүртэл суурь тавьснаас хойш ямар ч ажил хийгдэхгүй, иргэд хохирч байна хэмээн захиалга өгсөн олон иргэн учирлав.
Тус компанийг дутуу орхисон барилгын ажлаа цаашид үргэлжлүүлж дуусгах, эсвэл урьдчилгаанд өгсөн 7-10 мянган ам. доллараа буцааж авах талаар иргэд удаа дараа шаардсан боловч захирал Д.Хандсүрэн мөн л урьдын адил бараа сураггүй хаана байгаа нь ч мэдэгдэхгүй болжээ.
Иргэдийн хэлж буйгаар байрны урьдчилгаа төлөхдөө бид төрөл бүрийн зээл авах, хашаа байшингаа зарах зэргээр бүрдүүлсэн, одоо ихэнх захиалагч түрээсийн байранд амьдарч байгаа тул маш их хохирч байна гэдгээ биднээр дамжуулан уламжилсан юм.
Хохирогчид ор сураггүй болсон Д.Хандсүрэнг цагдаагийн байгууллагад дахин мэдэгдэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж мөн өөр ямар гарц байж болохыг хайж байгаагаа хэлж байсан юм.
Эндээс нэг зүйлийг ажиглахад зарим нэг хударгагүй зантай барилгын компаниуд иргэдээс урьдчилгаа мөнгө нэрээр хүүгүй олон сая төгрөг авч байна гэж харагдахаар байгаа юм.
Тиймээс Д.Хандсүрэн мэт этгээдүүдийн даварсан үйлдлийг хуулиар зохицуулахгүй бол олон мянган иргэн хохирсоор байна гэдгийг холбогдох албаныханд сонордуулж байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.