Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.30/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр болов. Тус байнгын хороо өчигдөр хуралдахаар товлосон байсан ч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан хойшилсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр хуралдахаар болсон юм.
Ажлын хэсгийн гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналуудыг дэмжлээ. Тухайлахад, ажлын хэсгийн гаргасан саналаар уг тогтоолын нэрийг “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөхөөр болов. Мөн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэлд заасан арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус үүрэг болгов.
Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг тодорхой чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэх, Төрийн өмчийн хороо болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, засаглалын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг бизнесийн зарчимд нийцүүлэх, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Мөн төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй байх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг тогтоолын төсөлд тусгахаар болов.
Дараа нь тогтоолын төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан хажуугийн саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч үдийн завсарлагын цаг болсон тул байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хуралдааныг завсарлуулж, үдээс хойш 14 цаг 30 минутаас үргэлжлүүлэхээр болов.
Байнгын хороо үдээс хойших хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, дараа нь “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх; “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.