Манай улсад 2010 онд хийгдсэн “Хүн ам, орон сууцны тооллого”-оор орон гэргүй, 1018 тэнэмэл иргэн байна гэсэн судалгаа байдаг байна. Харин Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв”, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” төслийнхөн 2011 онд 2800 иргэнийг бүртгэж байжээ.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар зарим арга хэмжээ, авахаар болсон байна.
Энэ хүрээнд иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан бий болгох, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг хийх гэнэ. Уг ажилд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Харин Засаг дарга нарыг бодлогын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасан байна.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.