Өмнөд Солонгосын “Sewol” гатлага онгоц өнгөрсөн лхагва гарагийн өглөө эргээс 100 км зайтай тэнгист живсэн золгүй тохиолдлоор есөн хүн амиа алдсан тухай The Guardian мэдээллээ. Чежү арал, Инчхон боомтын хооронд зорчигч тээвэрлэдэг 900 хүн зөөвөрлөх хүчин чадалтай уг гатлага онгоц 475 хүнтэй явжээ. Онгоц живэх үед эргийн харуулын онгоц, ойрхон явсан худалдааны хөлгүүд 179 зорчигчийг аварсан ч 287 хүн сураггүй болсон. Шинжээчид амиа алдсан хүмүүсийн тоо өснө гэж үзэж байна.
Учир нь онгоцонд гацсан эсвэл тэнгисийн хүйтэн усанд байгаа хүмүүс нэг хоног гаруй хугацаа өнгөрсний дараа амьд гарах магадлал бага аж. Мэргэжилтнүүд онгоц яагаад живснийг хараахан тодорхойлоогүй байна. Урьдчилсан таамгаар их манантай үед онгоц усан доорх хад мөргөснөөс живсэн байж магадгүй гэнэ. Чежү арал, Инчхон боомтын хооронд 14 цаг явдаг 146 метр урттай гатлага онгоц гурван цагийн дараа эрэгт хүрэх байжээ. Аюулгүй байдлын яамнаас онгоц аюулын дохио өгсний дараа хазайн живж эхэлсэн гэж мэдэгдсэн. Чежү арлыг зорьсон уг онгоцонд гурван ахлах сургуулийн 16-17 насны 374 сурагч, 14 багшийн хамт дөрөв хоногийн аялал хийхээр явжээ.
Сурагчдын эцэг эхчүүд боомттой ойролцоох Чиндо арлын Пэнмок боомтод очсон бөгөөд аврах ажиллагааг цаг алдаж эхэлснийг буруутгаж байна. Хүүхдүүд нь аяллаар явах гэж ямар их баярлан хөөрч байсныг тэд ярьжээ.
Гатлага онгоцонд гацсан зарим сурагчид ээж, аавдаа мессеж бичсэн байна. Нэгэн хөвгүүн ээждээ их хайртайгаа бичин илгээсэн бол нөгөө нь аавдаа амьд байгаагаа бичиж, тусламж гуйсан аж. Аав нь хүүгээ гадагшаа гарч, аврагчид руу явахыг зөвлөхөд “Явах ямар ч боломжгүй байна. Онгоц хэтэрхий их хазайсан учир хөдлөх нь аюултай. Энд хэн ч байхгүй байна” гэсэн хариу ирснийг хэвлэл мэдээллийнхэнд хэлжээ.
Харин аврагдсан нэг хүүхэд “Чанга яригчаар биднийг сууж байхыг хэлсэн ч онгоц хэдийнэ живж эхэлсэн” гэж хэлсэн. Өөр нэг хөвгүүн “Би ямар нэгэн юм мөргөх чимээ сонссон. Тэгээд хөлөг хазайж эхэлсэн. Найзууд маань хүчтэй ойчсоноос цус гарч байсан. Ус руу үсэрсэн биднийг аврах завинууд авсан” хэмээн ярьжээ. Чежү арал руу ажлаар явж байсан 36 настай бизнесмен Ку Бон Хе “Онгоцны ажилтнууд муу ажилласан. Бидэнд аврах хантааз өмсгөж эхэлсэн. Онгоц хазайснаас хүмүүс нэг тал руу шахцалдан овоорч, амьсгалахад хэцүү болсон. Хэрвээ хүмүүс ус руу үсэрсэн бол аврагдах боломж байсан.
Гэвч биднийг гадагшаа гарч болохгүй гэж хэлсэн” гэжээ. Мөн аврагдсан нэг сурагч “Биднийг гадагшаа гарч болохгүй гэж хэлэх хүртэл бид 30-40 минут хүлээсэн. Онгоц бүр хазайж эхлэхэд хүмүүс хашгиралдаж, зарим нь гадагшаа гарахаар зүтгэж эхэлсэн” хэмээн ярьсан аж.
Аврах багийнхан цаг агаар муудаж, 20 см зайнаас цааш орчин харагдахгүй байгаагаас өчигдөр ажиллагаагаа зогсоолоо. Тэд живсэн гатлага онгоцонд нэвтрэх оролдлого хийсэн ч амжилтгүй болжээ. Бороо орж, хүчтэй салхитай болсон тул 1.2 метр өндөр давалгаа үүсч, тэдний ажилд бэрхшээл учруулж байгаа аж. Өмнөд Солонгосын тэнгисийн хүчний, эргийн хамгаалалтын болон худалдааны хөлөг онгоц, нисдэг тэргүүд, 550 шумбагч аврах ажилд оролцож байна.
Гатлага онгоцны ахмад Ли Жон Сёкыг байцаасан бөгөөд телевизээр “Би үнэхээр их харамсч, санаа зовж байна. Юу хэлэхээ мэдэхгүй байна” гэж хэлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе аврах ажиллагаа явуулж байгаа хэсэгт өчигдөр очсон. Албаны хүмүүс “Аврагчид 30 метр гүн усанд живсэн онгоцноос хүмүүсийг аврахаар үүр хаяарахаас эхлээд ажилласан ч ус нь булингартай учраас аврагчдад хүндрэлтэй байгаа” гэж мэдэгдлээ. 6800 тонн жинтэй онгоцыг өргөх хоёр кран өнөөдөр осол болсон газарт очих аж. Иргэд, эцэг эхчүүд нь Ансон хотод очиж, амиа алдсан хүмүүсийг дурсан лаа өргөжээ. Өмнөд Солонгост сүүлийн 20 жилд “Sewol” гатлага онгоц живсэн шиг томоохон осол гараагүй юм байна.
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.