/Цуврал III/
Гяндангийн хоригдлуудын хамгийн залуухан нь 20 настай О. Бас л эрдэнэт хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн нэгэн. Ер нь “яс цоож”-д 20-28 насны арав гаруй хүмүүжигч бий. Зарим нь 18-хан настай өргөст торны хаалгыг татсан байх юм. Тэд ихэвчлэн олуулаа согтуурч дарвиж яваад хүний амь хөнөөсөн гэдэг. Уур омгоо даралгүй, нэгнийгээ хөөргөснөөс үүдэн хүний аминд хүрч бүх насаа гяндангийн давчуу өрөөнд өнгөрүүлж байна даа гэж харуусан гуниглах хүн олон таарав.
Хүмүүжигч Ц
Нэгэн хоригдол “Би хэрэгт орохын өмнөх өдөр нь гэрийнхэнтэйгээ ширээ тойрч суугаад хооллож суусан юм. Тэр үед ямар их аз жаргал, ямар их эрх чөлөөтэй байсан юм бэ. Инээж хөхөрч, намар нь орох сургуулийнхаа бэлтгэлийг хэрхэн базаах талаар ярилцаж суусан юм. Гэтэл маргааш нь хар ус балгаж дэмий тэнэж яваад хэрэгт орчихсон. Эгч маань намайг тэр орой гарах гэтэл ”Миний дүү орой болчихсон байна шүү дээ. Гадагш гарч яах гэсэн юм. Унтаж амар” гэж хэлэхэд нь би зөрүүдэлсээр гэрээсээ гарч явсан. Тэр шөнө нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо архи ууж, юу хийснээ ч санадаггүй. Нэг л мэдэхэд, би гартаа гавтай цагдаагийн хэлтсийн өрөөнд хэвтэж байлаа” хэмээн хоолой зангируулан ярив. Тэнд хоригдож буй хүмүүжигчдээс харууссан сэтгэлээ нууж төвдөхгүй нэгэн ч байв.
Гяндангийн хоёр давхрын мухрын өрөөнд хоригдож буй 21 настай Л гэх залуу тааз ширтсэн чигээрээ гөлөрчээ. Тэр бодолдоо автан эргэн тойрноо анзаарах сөхөөгүй зогсоно. Түүнийг яагаад ийм байдалтай буйг хянагчаас асуувал “Л-ийн ээж өнөөдөр Америк руу нисч байгаа юм билээ. Тэгэхдээ бүр олон жилийн хугацаагаар Америк орныг зорьж байгаа гэсэн. Тэрбээр ээжийгээ хилийн дээс алхахын өмнө нь сэтгэлийнхээ үгийг тэрлэсэн захидлыг бичлэг болгон явуулсан” хэмээн хянагч ярив. Хүү ээжтэйгээ хэзээ уулзахаа таах аргагүй. Өөрийгөө гяндангаас 25 жилийн дараа гарлаа гэхэд ээж нь мэнд байхыг мэдэхгүйгээ гуниглан ярьсан гэж ойр хавийнхан нь хэллээ.
Хянагч нар үүрэг гүйцэтгэж байна
Тэрхүү шоронгийн ёозгүй амьдралд гундсан олон арван залуус давчуухан өрөөндөө хөлхөх чимээ цаанаа л нэг харуусал тээнэ. Гяндангийн зэврүүн хонгилын баруун талаасаа хоёр дахь нь 23 настай Ц-гийн өрөө. Тэр яс чангад хоригдоод яг таван жилийн нүүр үзэж буй аж. Цэнхэр бэлтгэлийн хувцастай, өндөр туранхай залуутай бид цөөн үг солихоор уулзсан юм. Түүний сэтгэл зүй одоохондоо тогтуун байгаа гэж сэтгэлзүйч нь тайлбарлав. Шалны будаг нь халцарч халтартсан давчуухан өрөөнийнхөө зүүн талд байрлах модон орон дээр буруу харж суусан тэрбээр залууст сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.
-Хэдэн настай энд орж ирсэн юм бэ?
–Одоогоос таван жилийн өмнө 18-хан настай байхдаа залуу насны ааг омгоор хүний амь хөнөөчихсөн. Тэр жилийнхээ намар аравдугаар сард шүүхээр орсон л доо. Ялын дээд хэмжээ авчихсан. Яах аргагүй үйлдсэн хэрэгтээ тохирох ялаа авсан ч амьдралд ч хөл тавиагүй би чинь 18-хан настай шүү дээ гэж бодохоор дэндүү харуусмаар санагдсан. Би буудуулна. Би цаазлуулна гэж бодохоор нэг хөл хаалганы цаана нэг хөл хаалганы наана байгаа юм шиг санагдаад солиорох шахсан.
-Дунд сургуулиа төгссөн байв уу?
-Аравдугаар ангиа төгсөх жилийн хавар л даа. Цэргийн хүн болно гэж боддог байсан юм. Мэдээж сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл их байсан юм шүү дээ. Гэтэл буудуулах ял сонсчихоод тэнгэр хөмрөх шиг л болсон.
-Цаазын ялыг 30 жил гяндангаар солиход юу бодогдов?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Монголын төр иргэнээ хороохгүй гэж ярилцлага өгсөн гэж сонсоод маш их баярласан. Тэрийг сонсоод бид амьдрах юм байна. Бидний амьдрал үргэлжлэх юм байна бодсон.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд хохирогчоосоо уучлалт гуйсан уу?
-Мэдээж хохирогчоо бодно. Анх шүүх хурал дээр орохдоо уучлалт гуйя гэж бодож байсан юм. Гэхдээ уучлалт гуйж чадаагүй. Хэрэв эндээс амьд гарвал, амьдралын хүрд эргүүлэх боломж гарвал уучлалт гуйна гэж боддог доо.
Хүмүүжигч
Тэрбээр “Би чинь 18-хан настай байсан шүү дээ” гэж давтан давтан хэлсэн бөгөөд залуу насаа өргөст торны цаана эрх чөлөөгүй өнгөрөөж буйдаа дэндүү их харуусч явдагаа нуусангүй. Монгол Улсын хэмжээнд ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 7000 орчим хүмүүжигч хоригддог гэсэн судалгаа бий. Тэднээс 91 хүмүүжигч энэхүү онцгой бүсэд хоригддог юм байна. Гянданд онцгой хэрэгтнүүдийг хянадаг алба хаагчид онц сэрэмжтэй ажиллах үүрэгтэй. Учир нь энэ бүсэд онц хүнд хэрэг үйлдсэн ялтнууд хоригддог. Тус ангийн дарга “Цаазын ялаас уучлагдсан хүмүүсийг энд үхэх ёстой гэсэн байр сууринаас хандах ёсгүй. Тэд үйлдсэн гэмт хэргийнхээ хор холбогдлыг ойлгох ёстой” гэдгийг тодотгож хэлсэн юм. Түүнчлэн тус хорихын ээлжийн дарга, хянагч сувилагч нар яг л хоригдлуултай адилхан нөхцөлд цоожлогдон 24 цаг хаашаа ч гарах эрхгүй. Өөрөөр хэлбэл, 24 цаг нар салхи харахгүй өнгөрөөдөг гэдгийг алба хаагчид хэлж байв. Тиймдээ ч бусад дэглэмийн шоронгийн нөхцөлөөс шал өөр юм билээ. Онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог учраас болгоомжлол, хянуур байдлыг байнга шаарддаг гэдэг нь хянагч нарын ярианаас тодорхой байлаа. Түүнээс гадна тэнд хоригдож байгаа хянагч болон хоригдогдож буй хоригдлуудын сэтгэл зүй тогтвортой бус байдаг учраас ямар нэгэн гэнэтийн эрсдэл гарах магадлал их өндөр байдаг юм билээ. Хамгийн наад зах нь л гэхэд хоригдлууд “Цагаан уулын бэл рүүгээ явна” хэмээн амиа хорлох талаар ярьж, янз бүрийн болчимгүй оролдлого хийх нь энүүхэнд. Хянагчдын хувьд ч гэсэн яг л хоригдлуудтай адилхан орчин нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж “хоригдож” байгаа учраас сэтгэл заслын эмчилгээнд хамрагддаг.
Яс цоожны ялтнуудын хоригдож буй нөхцөл тэдэнтэй яг нүүр тулж ажиллаж буй хянагч нарын нэг өдрийн ажил, амьдралыг сурвалжилсан тэмдэглэл үүгээр өндөрлөж байна.
Н.Түвшинжаргал | Гэрэл зургийг Т.Бямба-Очир
Хүмүүжигчийн өрөө
Гяндангийн хонгил
Хорих 405 дугаар анги
Хүмүүжигчдийн бүтээл
Хяналтын камер
Албан хаагчид
Эх сурвалж: Eagle.mn
Холбоотой мэдээ
-
ccgfcfccf (July 22, 2013 4:03:59 pm )
buuduulsan ni deer
1 Comment