Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, энэ сарын 06-наас хөл хорио тогтоогоод байна. Тухайлбал, хүндэтгэх шалтгаангүйгээр болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүмүүс зорчих, хурим найр хийх зэргээр хүмүүсийг олноор цуглуулахыг хязгаарлажээ.
Уг өвчний голомт Сагсай сумын Холагач гэдэг газарт анх илэрчээ. Сагсай, Улаанхус сумын малчдын 1075 толгой малд энэ аюултай өвчин халдаж, хорь орчим нь хорогдсон бөгөөд халдвар авсан малыг устгахаар болсон байна. Сагсай, Улаанхус болон уг хоёр сумтай зэргэлдээ Алтай, Буянт, Цэнгэл сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Баян-Өлгий аймгийн баруун зүгийн сумдад тархаад байна гэсэн үг. Дээрх сумд болон аймгийн төв рүү орж гарах зургаан чиглэлийн зам дээр байнгын пост өдөр шөнөгүй ажиллаж, зорчигчдын унаа хөсөгт ариутгал хийж байна. Түүнчлэн өвчний тархалтыг зогсоох зорилгоор Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гаргаж тус бүс нутагт ажиллаж байгаа юм.
Харин энэ долоо хоногоос эхлэн аймгийн хэмжээнд малд шүлхийн эсрэг вакциныг хийж эхлээд байна. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Даян нуур орчим зусч байгаа 1100 орчим мал шүлхийгээр өвчилжээ. Вакцин хийх хугацаа энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дараа нь хяналтын 14 хоног үргэлжилэх аж. Хяналтын 14 хоногт дахин шинжилгээ авснаар хориог цуцлах эсэхийг шийдэх юм. Өнөөдрийн байдлаар нийт малын 15 гаруй хувь нь вакцинжуулалтанд хамрагдаад байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.