antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 Comments are off

СОНГОГЧ ШИЛЖИХ, САНАЛ АВАХ БАЙРНЫ ХАЯГ ЗЭРЭГ ШААРДЛАГАТАЙ БҮХИЙ Л МЭДЭЭЛЛЭЭ “СОНГОГЧИЙН УТАС 1299”-ӨӨС ЛАВЛАЖ БОЛНО

нийтлэсэн Admin

f1a443ca6d0695fdbigМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр ойртож байгаатай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсээс тодруулга авч ярилцав.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр болоход цөөхөн хоног үлдлээ. Санал авах өдөр сонгогч өөрийн харъяа хэсэгт санал өгөх боломжгүй бол сонгогчийн шилжүүлэг хийлгэж болдог. Энэ талаар сонгогчдод тодорхой мэдээлэл хүргэж ярилцлагаа эхэлье.

 

            – Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7:00 – 22:00 цагийн хооронд явагдана. Энэ өдөр сонгогч өөрийн харъяалагдах хэсгээс өөр газарт саналаа өгөх асуудлыг хуулиар зохицуулсан байгаа. Ингэхдээ сонгогчийн шилжүүлэг хийлгэсэн байх ёстой. Жишээлбэл, Улаанбаатар хотын сонгогч санал авах өдөр Өмнөговь аймагт ажиллана гэж тооцвол санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 6 дугаар сарын 16-наас өмнө өөрийн байнга оршин суудаг газрынхаа хэсгийн хороонд бичгээр хүсэлт гарган сонгогчийн шилжүүлэг хийлгэж болно. Хэсгийн хороо уг хүсэлтийг нь улсын бүртгэлийн холбогдох байгууллагад уламжилна.

 

– Сонгогч шилжүүлэг хийлгэх хүсэлтээ хаана өгч хэрхэн хийлгэх вэ?

 

            – Хэсгийн хороо сонгогчийн шилжих тухай хүсэлт, иргэний үнэмлэхийг нь үндэслэн тухайн сонгогчид сонгогчийн шилжүүлгийн хуудас олгоно. Ингэхдээ сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт сонгогч шилжсэн тухай бүртгэж тухайн сонгогчоор гарын үсэг зуруулах юм.

 

Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь  сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд, сонгогч шилжин явсан тухай тэмдэглэлийг баталгаажуулж өгснөөр сонгогчийн шилжүүлэг хийгдэнэ.

 

– Сонгогч шилжчихээд очсон газрынхаа хэсэгт санал авах өдөр очиж бүртгүүлэх үү, хэзээ бүртгүүлсэн байх ёстой талаар тодруулна уу.

 

– Сонгогч шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд заавал мэдэгдэж бүртгүүлнэ. Хэсгийн хороо шилжин ирсэн сонгогчийг иргэний үнэмлэх, сонгогчийн шилжүүлгийн хуудсыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт бүртгэж авна. Хэсгийн хороо сонгогчийн шилжүүлгийн хуудсыг иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанд өгч, уг итгэмжлэгдсэн ажилтан нь  сонгогчийн шилжүүлгийн хуудсыг баталгаажуулан иргэнд өгнө. Ийнхүү шилжин ирсэн сонгогчийг бүртгэх ажиллагаа мөн 6 дугаар сарын 16-наас өмнө хийгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс 10 доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжүүлэг хийх, шилжин ирсэн сонгогчийг бүртгэх ажиллагааг зогсооно.

 

Сонгуульд хэвлэл, мэдээллийн байгууллагын эрх, үүрэг, оролцоо ямар байх вэ. 

 

            – Сонгуулийн үйл ажиллагааны гол зарчим болох хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахихад хэвлэл, мэдээллийн байгууллагууд нэн чухал үүрэгтэй. Тиймээс хэвлэл, мэдээллийн байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй гэдгийг  хуульд тусгайлан заасан нь санамсаргүй хэрэг огт биш юм.

 

Сонгуулийн Ерөнхий Хороо хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг  хэрхэн ажиглах талаар журам баталсан. Энэ журамтай манай цахим хуудаснаас танилцаж болно.

 

– Тэгвэл Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ямар эрх, үүрэгтэй оролцдог талаар?

           

            – Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгуулийн үеэр дэргэдээ Хэвлэл, мэдээллийн Зөвлөл нь байгуулан ажиллуулдаг. Зөвлөлийг сонгуульд оролцож буй улс төрийн намууд, төрийн бус байгууллага болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Энэ зөвлөл сонгуульд оролцож буй намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих, нам, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн  өргөдөл, гомдлыг хянан үзэж дүгнэлтээ СЕХ-нд танилцуулах үндсэн үүрэгтэй.

 

Үүнээс гадна  манай хороо Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмыг хуульд нийцүүлэн баталж гаргасан. Мөн  Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр нэр дэвшигчдийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөргүй нэвтрүүлэхээр хуульд заасан байгаа.

 

Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож баталж өгсөн. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллаж байна.

 

– Хуульд сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгааг нэг бүлэг болгосон нь ямар учиртай юм бол ?

 

            – Эдгээр асуудал хоорондоо салшгүй холбоотой. Мөрийн хөтөлбөрт  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нэр дэвшигчийн баримтлах үзэл баримтлалыг тодорхойлсон байдаг. Тийм учраас  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах нь сурталчилгааны  гол бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно.

 

– Хуульд сонгуулийн сурталчилгаа хийх арга хэлбэр, сонгуулийн сурталчилгааны явцад хориглосон тодорхой үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрчлэн тусгажээ. Үүний ач холбогдол юунд байна вэ?

 

            – Өмнө нь хуульд тусгагдаагүй  буюу хориглоогүй гэснээр шалтаглан элдэв бохир арга хэрэглэж “хар пиар” хийх тохиолдол цөөнгүй гарч байсныг хэн бүхэн мэднэ. Үүнд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг татан оролцуулж, ашиглаж байсан нь ч  бас үнэн. Энэ бүхнийг цэглэх, цэгцлэх зорилгоор хуульд сонгуулийн  сурталчилгааны арга, хэлбэрийг болон сурталчилгаатай холбоотой үйлдэл, үйл ажиллагааг ийнхүү нэг бүрчлэн зохицуулж “буух эзэнтэй, буцах хаягтай” болгож өгсөн.

 

Тухайлбал, сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараах, захиалагч нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хатуу хориглосон. Тэр ч байтугай сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сонгуулийн хороонд бүртгүүлж нэгдсэн таних тэмдэгтэй байх, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааныхаа материалыг хэвлүүлж, сонгогчдод хүргэх хэлбэр, хэмжээг  хүртэл хуульд заасныг та бүхэн анзаарсан байх. Сонгуулийн сурталчилгаанд зурагт хуудас байрлуулах, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн нэвтрүүлэг ашиглах зэрэг тогтсон арга хэлбэрээс гадна нам өөрийн бэлгэдэл болсон далбааг гудамж талбайд байрлуулах, цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглахыг хуулиар зөвшөөрсөн  шинэ заалт бий. Өөрөөр хэлбэл, хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн үг. 

 

– Хориглосон төдийгүй хариуцлага тооцох олон заалт орсон нь анхаарал татаж байна.

 

            – Тийм ээ. Өмнө нь хуулиар зохицуулагдаагүй олон асуудал байсан. Үүний хамт хууль зөрчсөн ч хариуцлага хүлээдэггүй  зарим нэгэнд хууль үйлчилдэггүй гэх хардлага, хандлага бас байсан. Тиймээс шинэ хуульд хориглосон мөн хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар тодорхой  заалтууд   тусгагдсан байгаа.

 

Тухайлбал, сонгуулийн жил эхэлснээс санал авах өдрийг дуустал хугацаанд сонгогчдын саналыг татах зорилгоор бүх төрлийн үйлчилгээ, үйлдэл, үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах, ивээн тэтгэх, түүнчлэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон заалтууд орсон байгаа.

 

Хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ч хатуу. Тэдэнд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүлээлгэхээргүй бол мөнгөн торгууль ногдуулахаас эхлээд хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ч тодорхой хугацаагаар түдгэлзүүлнэ гэдгийг  энд зориуд хэлмээр байна.

 

            Энэ дашрамд хэлэхэд, сонгууль бол юуны өмнө түүнд оролцогч бүх талуудын хариуцлага дээр тулгуурлах ёстой. Сонгуулийн аливаа асуудлын улс төрийн үр дагавар их учраас хариуцлага өндөр байх ёстой гэдгийг хэн боловч ойлгож, хүлээн  зөвшөөрөх учиртай.

 

– Сонгуульд оролцох сонгогчдын ирцэд нөлөөлж байгаа ямар шалтгаан байгаа бол, сонгуульд сонгогчдын хэдэн хувь оролцсон тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцдог вэ.

 

            – Дэлхийн улсуудад сонгуулийн ирцийн босгыг янз янзаар тогтоосон байдаг. Зарим оронд босго хувь байдаггүй. Харин манай хуулинд бол сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 50-иас дээш хувь оролцсон бол сонгуулийг хүчинтэйд тооцдог. Тиймээс сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

 

Надаар л дутав гэж зарим хүмүүс бодож байж мэднэ. Өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуулиар ганцхан сонгогч л ирээд саналаа өгчихсөн бол ирц нь хүрэхээр байсан хэсгүүд гарч байсан. Тэгэхээр ганц сонгогч ч гэсэн сонгуулийн ирц бүрдүүлэхэд маш их нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм л даа.

 

Сонгуулийн дүн гаргахад сонгогчдын ирц буурч байгаа мэт харагддаг. Гэхдээ энэ нь  бас л олон шалтаг, шалтгаантай байж болох юм. Учир нь сүүлийн жилүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн маш их болсон. Манай иргэдийн дунд оршин суух газраа өөрчилсөн хэрнээ хаягийн шинэчлэлтээ хийлгэлгүй удаан хугацаагаар явах, үл хөдлөх хөрөнгөө дагаад бүртгэлээ хийлгэсэн хэрнээ өөр газарт оршин суух зэрэг асуудал их байдаг. Ямарваа нэгэн нийгмийн үйлчилгээ авах болохоороо л үүнийгээ санадаг.

 

Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн иргэний үнэмлэхэн дээр ямар хаяг байна, тэр л албан ёсны хаягаар нь бүртгэдэг. Тиймээс эдгээр асуудлаас болж сонгогчийн ирцийн хувь буурч харагдаад байж болох юм. Мөн гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа, хугацаат цэргийн алба хааж байгаа болон өөр газарт удаан хугацааны томилолтоор ажиллаж байнга оршин суугаа газраасаа өөр газарт байгаа хүмүүсийн бүртгэлийн асуудал үүнд бас нөлөөлж байсан.  

 

Харин энэ удаагийн сонгуульд бол ялангуяа гадаадад удаан хугацаагаар зорчсон, цэргийн алба хааж байгаа, мөн хорих газарт яд эдэлж байгаа зэрэг хүмүүсийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч сонгогчдын нэрийн жагсаалтад тусгаж байгаа. Мөн сонгогчийн шилжүүлэг хийлгэх хугацааг санал авах өдөртэй нэлээд ойртуулж хуулинд тусгасан байгаа. Тиймээс дээр дурдсан шалтгаанаас болж ирцэд нөлөөлөхгүй байх.

 

Сонгуульд саналаа өгөх нь хувь хүний эрхийн асуудал гэж үздэг хүмүүс мэр сэр тааралддаг л даа. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ.

 

– Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон сонгох  эрхтэй. Мөн сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг Монголын сонгогч бүрийн эдлэх эрхээс гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой.

 

Хүн ер нь өдөр тутам сонголт хийдэг. Өөрөө сонголтоо хийхгүй бол хэн нэгэн хүн таны өмнөөс сонголт хийнэ. Сонголтоо өөрөө хийгээгүй хэрнээ бусдын хийсэн сонголтыг шүүмжлэх, гоочлох эрх байхгүй л гэж боддог. Хуулиар хүртэл сонгуульд Таныг оролцуулах гээд ажлын өдрийг амралтын өдөр болгож байна. Тиймээс сонгогч бүр өөрийнхөө сонголтыг хийхийн тулд багахан цагийг өөрсдийнхөө төлөө гаргаж санал авах байрандаа хүрэлцэн очиж саналаа өгөөрэй гэж уриалж байна.

 

– Сонгуультай холбоотой мэдээлэл, санал авах байрныхаа хаягийг хаанаас олж авч болох вэ?

 

            – Сонгуулийн Ерөнхий Хорооны www.gec.gov.mn цахим хуудсанд хандаж болно. Мөн манай Хорооны захиалгаар Сонгогчдын боловсрол төв  “Сонгогчийн утас 1299”-ийг ажиллуулж байгаа. Энэ утсанд энгийн болон гар утаснаас хаанаас ч хандаж болох бөгөөд энгийн утасны тарифаар холбогдоно. Тэр утаснаас хэсгийн хороодын байршил, хаяг, утасны дугаарыг авч болохоос гадна сонгогч сонирхсон асуултдаа хариулт авч болно. Мөн лавлах 1950-д хэсгийн хороодын хаяг байршлын мэдээлэл ч байгаа.

 

 

Та бүхний ажилд амжилт хүсье.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car