Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад өчигдөр ирлээ. Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцаас тодруулсан юм.
-Далай ламын энэ удаагийн айлчлалын гол зорилго юу вэ?
-Монголчууд бид олон зуун жилийн турш Далай ламыг шүтэж ирсэн. Анх Монголд 1979 онд айлчилснаас хойш өдгөө найм дахь жилдээ айлчилж байна. 1977 онд намайг залуухан лам байхад миний баруун талын өрөөнд Данзан, Цэвээндорж нарын хоёр лам хургатай хонийг баримлын шавраар хийж байсан юм.
Энэ нь хонин жилд Далай лам баруун хойд талаасаа ирэхийг зөгнөж Монгол Улсад шашин дэлгэрэхийн үүдийг нээхийн ерөөлийг бэлгэдэж байгаа юм гэсэн. Тэгээд хоёр жилийн дараа буюу 1979 оны хонин жилд Далай лам ирэхэд тэр хоёр лам зөгнөн яаж мэдсэн бол хэмээн гайхаж байж билээ. Энэ утгаар монголчууд Далай багшийгаа шүтэн биширч хүсэн хүлээж ном абшигийг нь хүртэж ирсэн түүхтэй юм.
Бид энэ удаа Далай ламыг гурван сарын өмнөөс урьсан. Ардчилсан төртэй, шашин дэлгэрсэн улс оронд өөрийнхөө шүтэн биширдэг хүнийг урин залах нь эрх чөлөөний асуудал болжээ. Тийм учраас хот, хөдөөгийн бүх ловон, сүм хийдүүд нэгэн сэтгэлээр Далай багшийгаа залъя гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байсан. Энэ утгаар улс төртэй ямар ч холбоогүй цэвэр сүсэг бишрэлийн үүднээс ирж байна гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Дэлхийн олон оронд Далай багш зочилж сүсэгтэн олон нь хүндтэйгээр хүлээж авдаг.
-Айлчлалын үеэр хаана, ямар хурал ном хурах талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Айлчлалын эхэнд Далай багшийгаа хүлээн авч, мандал өргөж бие, хэл, сэтгэл гурвын шүтээний ёслол болно. Арваннэгдүгээр сарын 8-нд буюу өнөөдөр “Бөхийн өргөө”-нд залуучуудад ёс суртахууны хүмүүжил, төлөвшил олгох зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад зориулж “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншина. Далай багш хаана ч явсан залуучуудтай уулзаж чөлөөтэй ярилцах дуртай байдаг.
Тиймээс бид хамгийн түрүүнд монгол улсын ирээдүй болсон залуучуудтай уулзуулахыг зорьж сайхан сургаалиас нь сонсгоё гэсэн саналтай байгаа. Арваннэгдүгээр сарын 8, 9-ний 13:00-15:00 цагт Нисэх дэх Спортын шинэ ордонд лам хувраг, сүсэгтэн олонд хандаж “Шүтэн барилдлагын магтаал, “Мөрийн гурван эрхэм” ном болон шашин номын айлдварыг айлдах юм. Энэ хоёр ном маш сонирхолтой. Ялангуяа “Шүтэн барилдлагын магтаал” ном нь эрдэм боловсролыг олсон хүн ойлгодог, асар хүнд ном л доо.
Монголчуудыг өндөр боловсролтой хүмүүс гэж ойлгосны үндсэн дээр дээрх номоо айлдаж байгаа нь сүсэгтэн олны хувьд оюун ухаанаа сорих азтай үйл явдал болж байна гэж хэлж болно. Арваннэгдүгээр сарын 10-нд Жанрайсиг бурханы абшиг, Цагаан дарь-Эх бурханы насны абшигийг тус тус айлдах юм. Мэдээж сүсэгтэн олон далай багшийнхаа нигуурыг харж мөргөж залбирах хүсэл эрмэлзлэлтэй байгаа байх. Гэхдээ Далай багшийн хувьд хүн болгонд хүрч үйлчлэх боломжгүй юм.
-Далай ламын айлчлал IX Богд Монголын бурхан шашны тэргүүн болсонтой холбоотой юу?
-Үгүй ээ, ямар ч холбоогүй. Жэвзүндамба Богд Далай багшийг Монголын ард түмэнд номынхоо абшигийг өгч, баясгаасай гэж байнга бодож байдаг. Тиймээс монголчуудын сайн сайхны төлөө сургаал номоо айлтгаж өгөөч гэж би Далай багшид залбиран айлтгана гэж хэлсэн.
-Айлтгалын номууд ямар үнэ төлбөртэй явагдах вэ?
-5400 хүний суудалтай Спортын төв ордонд үнэ төлбөргүй ном айлдана. Хамгийн гол нь сүсэгтэн олон соёлтой үйлчлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.
Д.Гэрэлт
Холбоотой мэдээ
Comments are closed.