Сүүлийн өдрүүдэд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд хөл хөдөлгөөн ихтэй, лам хуврагууд бэлтгэл ажил базаах гээд тун ч завгүй байгаа аж. Монголын бурхан шашны тэргүүнээр Есдүгээр Богдыг өргөмжилж залаад тун удаагүй байхад Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц манай улсад морилох гэж байна. Тэрбээр Д. Чойжамц хамбын урилгаар Монголд дөрвөн өдөр айлчлахаар өнөөдөр орой 19.30 минутад Улаанбаатар хотод “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Маргааш өглөө 8- 9.30 минутад Гандантэгчинлэн хийдэд морилж Очирдара, Гандан дуган, Дэдонповрон ном хурж ламын цогчид өргөж лам хуврагуудад сургааль айлдана. Түүний дараагаар их дээд, сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекцийг Бөхийн өргөөнд морилж унших юм байна. 13-15 цагт лам хувраг олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдах гэнэ. Лхагва гаригт 9.40-11.30 цагт бас дахин оюутнуудад Соёлын төв өргөөнд лекц уншихаар төлөвлөжээ. Пүрэв гаригт 9-10 цагт Жанрайсиг бурханы авшигийн бэлтгэлийг Нисэхийн дэнж дээрх Спортын ордонд зохион байгуулах юм байна. Үргэлжлүүлээд Жанрайсиг бурханы авшиг, Цагаан дарь эхийн насны авшиг айлдана. Баасан гаригт дээрхийн гэгээнтэн нутгийн зүг жолоо жалах юм байна.
Далай лам Данзанжамц Түвдийн муж Амдон нутгийн нэгэн тосгоны ядуу тариачны гэрт 1935 онд мэндэлсэн гэдэг. Таван настай байхдаа 13 дугаар Далай ламын хойд дүрээр тодорч Потала ордонд Түвдийн хаан болон шашны удирдагчаар суужээ. Хятадын эсрэг дэгдсэн түвдүүдийн бослого дарагдмагц 1959 оны гуравдугаар сард Гималай уулыг даван Энэтхэгт гарч Дарамсала хэмээх багавтар хотод сууж, Түвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулж, шашин төрийн асуудлыг дахин эрхлэх болсон юм. Хятадын Засгийн газрыг эсэргүүцсэн түвдүүдийн бослого нугчин дарагдаж цаашдаа олон хүний амь нас үрэгдэх нөхцөл байдал үүсэн учир бурханы шашны тухайн үеийн оюун санааны гол удирдагчдыг дагуулж Энэтхэгт дүрвэн гарсан нь эцсийн дүндээ түвд хэл дээрх бурхан шашны нэр хүндийг бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөөх олон жилийн нөр их тэмцлийн эхлэл болсон байна.
Далай ламын шашны буюу энх тайвны төлөө тэмцлийг олон улсад үнэлэн 1989 онд Нобелийн энх тайвны шагнал олгож байлаа.
Далай лам нэгэн ярилцлагадаа “Би улс төрийн үйл хэрэг явуулдаггүй ч хятадууд ингэж үздэггүй. Хэрвээ би Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байгаа бол хүссэн хүсээгvй улс төрийн үйл хэрэг болно. Би юуны төлөө яваад байгаа юм бэ. Түвдийн соёл, уламжлалыг хадгалж үлдээхийн төлөө л тэр шүү дээ. Хятадууд Түвдэд орсноос хойш 50 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд түвдүүд Хятадад уусч, Түвдийн тусгаар тогтнолын төлөө дуугардаг улс орнууд гэж байхгүй болсон байна. Дахиад 50 жил өнгөрөхөд Түвд ямар байдалтай болох бол. 50 жилийн дараа юу болохыг би зориглож хэлж чадахгүй нь. Үнэнийг хэлэхэд, би сайнаар төсөөлөхгүй байна. Түвд одоо ямар байдалтай болсныг дэлхий нийт харж л байгаа. Тэнд лам нарыг хэрхэн хавчиж хяхаж байгаа тухай мэдээлэл надад байнга ирдэг. Дэлхий нийтийн анхаарлыг Түвдэд хандуулах гэж оролдсон ч сайн үр дүн авчирсангүй. Хятадууд ч тэгээд айхтар хүмүүс юм. Уг нь Түвд өөрийн Үндсэн хуультай, Засгийн газар, парламенттай болж, гадаад улс орнуудтай харилцаа тогтоосон байсан бол байдал огт өөр байх байж. Даанч Маогийн цэрэг орж ирэхээс өмнө би үүнийг хийж амжаагүй. Тэгэхэд би дөнгөж 21 настай байлаа. Түвд цэвэр шашны улс байсан нь Хятадын эрхшээлд ороход ихээхэн нөлөөлсөн. Харин Бутанд яагаад тэгж аз дайрсныг би ойлгодоггүй. Хятадууд, хэвлэл мэдээллийнхэн л цагаачлалын гэдэг болохоос энэ нь тийм Засгийн газар биш юм. Энэ бол Түвдийн хууль ёсны Засгийн газар. Харамсалтай нь, дэлхийн хамтын нийгэмлэг бидэнд тэгж их анхаарал тавьж, Израиль шиг газар нутаг өгөхгүй биз. Ялангуяа, Энэтхэгийн эрх баригчид Түвд Хятадын салшгvй хэсэг гэдгийг дөрвөн жилийн өмнө хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэхээр түвдүүдийн ууган эх орноос гадна Түвд улсыг байгуулах бараг боломжгүй. Дарамсала дахь Түвдийн Засгийн газар тэндэхийн түвд иргэдийн асуудлыг шийддэг. Мөн дэлхий даяарх түвд иргэдийн төлөө дуугардаг байгууллага юм. Хэрэв би Хятадад үлдсэн бол Панчин лам яалаа, яг л тэрэн шиг юм болох байсан. Хятадууд жинхэнэ Панчин ламыг хулгайлж өөрсдөө шинэ Панчин ламыг томилсон. Намайг бас л тэгэх байсан байх. Магадгүй би ингэж зугтаж гарч чадсан нь их хувь заяа. Зугтаж явахдаа буудуулж болох байсан. Би зугтаж гарч чадаагүй бол өнөөдөр Түвд дэх байдал бүр дор байх байсан. Хэдийгээр бид тусгаар улсаа сэргээн босгох бараг боломжгүй болсон ч Түвд үндэстэн мөхөж сөнөхгүй байх. Хаана ч явсан зүрх сэтгэл нь Түвдийн төлөө цохилж байгаасай гэж би хүсдэг. Яг л еврей хүмүүс шиг. Тэгсэн цагт би амар амгалан нойрсож чадна” гэж ярьжээ.
Өдгөө 75 хүрсэн Далай ламын нас ахих тусам гадаадад дүрвэн гарсан Түвдийн цагаачлалын Засгийн газрын хувь заяа улам бүр бүрхэг болж цаашдаа яах бол гэдэг асуудал тулгарч байгаа. 15 дугаар Далай лам тодрох эсэх асуудал нь одоогийн Далай ламыг амьд сэрүүн дээр нь хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Түвдийн цагаачлалын Засгийн газрын доторхи элдэв бүлэглэлүүд энэ тухайд санал зөрөлдөөнтэй болж олон төрлийн цуурхал яриа Дарамсалад төдийгүй дэлхий даяар тархаж эхэлжээ.
Үүнтэй уялдаатайгаар дараагийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, түүний бодол санаа, Хятадын талаар баримтлах байр суурь ямар байх вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан асуудал болж байгаа юм.
Шарын шашны уламжлалаар Далай ламын хойд дүрийг Түвдэд юмуу түүний хилийн ойролцоо Энэтхэг, эсвэл Балбаас заавал эрэх хэрэгтэй гэж үздэг юм. Энэ ч үүднээс Далай ламын хойд дүрийг тодруулахдаа Балба, Энэтхэг, Монгол, Халимаг үндэстний 300 гаруй хүүхдээс сонгосон гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Бүр есөн настай монгол хүү тодроод байх гэх болсон. Үүний үнэн, худал нь одоогоор тодорхойгүй байгаа. Харин 14 дүгээр Далай лам өнгөрсөн хавар АНУ-ын томоохон хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний хойд дүр яаж тодрохоос Төвдийн шашны хувь заяа хамаарна. Намайг жанч халсны дараа Хятадын Засгийн газраас өөрийн хүнийг XV Далай ламаар тодруулах вий гэсэн болгоомжлол бий. Ингэх аваас Төвдийн асуудал бүдгэрч, бүгд Төвдийг мартах буй за. Тиймээс би амьд ахуйдаа хойд дүрээ тодруулж болох юм. Уламжлалт зан заншилд үл нийцэх ч ингэхээс өөр аргагүй” хэмээн ярьсан байдаг. Тиймээс Монголд айлчлаад хойд дүрээ тодруулаад нутаг буцах уу гэдэг анхаарал татаж байна. Д.Бирваадан
Холбоотой мэдээ
Comments are closed.