-Дархан-Уул аймагт гарсан аймшигт хэргийг газар дээрээс нь сурвалжиллаа-
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт аймшигт хэрэг гарч, Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөжээ. Тухайн үед гэмт хэрэгтэнг бариагүй эрэн сурвалжилж байгаа хэмээн Дархан-Уул аймагт онц байдал зарлаж байсан ч өнгөрсөн ням гарагт хэрэгтэнг барьсан. Гэхдээ хэрэгтэн амиа хорлосон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
Харин албаны эх сурвалж энэ байдлыг үгүйсгэж хэрэг шалгагдаж байгаа, хаанаас ямар мэдээлэл гаргаж бичээд байгааг мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн юм. Тиймээс ч хэргийн талаар тодруулахаар аймшигт хэрэг гарсан Дархан-Уул аймгийг зорьсон юм.
Манай сурвалжлах баг Дархан-Уул аймагт очоод хамгийн түрүүнд Цагдаагийн хэлтсийг зорилоо. Тэд “Олон нийттэй харилцах албаны ажилтан солигдож байгаа учир хэргийн талаар мэдээлэх боломжгүй. Харин хэсгийн ахлагч, хошууч н.Чулуунтамиртай холбогдож асуу” гэв.
н.Чулуунтамир ахлагчтай холбогдоход даргын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Ингээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжавтай холбогдож энэ тухай асуухад “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ. Мөн гэмт этгээд амиа хорлосон эсэхийг тодруулахад “энэ хэрэг гарах үеэр өөр нэг хүн амиа хорлосон хэрэг гарсан. Аль алийг нь шалгаж байна” гэв. Гэхдээ энэ хэргийн улмаас дөрөв биш гурван хүн нас барсан гэдгийг өөр нэгэн эх сурвалж хэллээ. Түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь муу байгаа ажээ.
Талийгаачдыг гэмт этгээд онц хэрцгийгээр хөнөөжээ
Гэмт хэргийн золиос болсон дөрвөн хүний тухайд 7-58 насны хүмүүс байжээ. Тодруулбал, долоон настай эмэгтэй А, 13 настай эмэгтэй М, хувиараа бизнес эрхэлдэг 25 настай эрэгтэй Х болон 58 настай эмэгтэй О нар байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хэрэг гардаг өдөр 25 настай Х өөрийн танил 24 настай залуутай архи уужээ. /тэд хоёулаа байгаагүй/ Тэдний хувьд зүгээр нэг архи уусангүй хоорондоо маргалдаж, зодолдсон байна.
Тэгээд гэмт этгээд өдөр болсон маргаандаа өс санаж шөнө унтаж байхад нь тэдний гэрт орж хөнөөсөн байна. Тэднийг хөнөөхдөө долоо болон 13 настай охидын хоолойг хүйтэн мэсээр гэмтээж, хүнд зүйлээр толгойг нь цохиж, 25 настай Х-г 12 удаа хүйтэн мэсээр гэмтээн амийг нь хөнөөж, харин 58 настай О-г толгой тус газар нь хүнд зүйлээр цохиж гэмтээсэн байна.
Хохирсон гэр бүлийн хувьд тавуулаа амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед гэрийн эзэн талийгаач охидын өвөө, 25 настай залуугийн аав нь тэтгэвэр тогтоолгохоор Сэлэнгэ аймгийн Цагаан толгойт сум руу явсан байжээ. Өөрөөр хэлбэл, энэ гэр бүлийнхэн Дархан-Уул аймгийн харьяат биш гэсэн үг юм. Тэд Дархан-Уул аймагт ирээд нэг жил болж байгаа бөгөөд Хараа голын хажууханд байрлах Дархан-Уул аймгийн I багт айлын эзгүй хашааг хардаг байжээ.
Харин охидын хувьд өмнө нь дотуур байранд амьдардаг байсан бөгөөд өвөө эмээ нь нүүж ирэх үед тэднийд байх болжээ. Энэ гэр бүлийн хувьд ядуу амьдралтай биш. Мал малладаг, амьдрал нь тогтворжсон гэр бүл. Олны хараанд өртөөд байдаггүй, архи дарс ууж хэрүүл маргаан үүсгээд байдаггүй аж. Энэ талаар I багийн Засаг дарга Ш.Энхмонголоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай багт гарсан хэргийн хохирогчдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дээрх хүмүүс манай багт харьяалалтай байдаг хүмүүс биш. Айлын эзэнгүй хашааг сахиж түр оршин сууж байсан.
-Энэ багт амьдраад хэр удаж байгаа юм бол. Ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Нүүж ирээд жил гаруй болж байна. Бүгдээрээ л ажилгүй байсан. Харин хоёр хүүхэд нь манай багийн IV сургуульд сурдаг байсан.
-Энэ гэр бүлийн хувьд амьжиргааны төвшин ямархуу айл байсан бэ?
-Манай харьяалалд байгаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ малтай айл гэж сонссон.
-Танай харьяаллын газар нутагт амьдарч байгаа учраас өөрийн харьяалалдаа оруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм уу?
-Тэр хүмүүс өөрсдийн хүсэлтээр манай харьяалалд бүртгүүлнэ үү гэхээс бид очиж бүртгэж авна гэж байхгүй л дээ.
Алуурчны гарт өртсөн охид сургуулийнхаа шилдэг сурагчид байжээ
Ингээд талийгаач охидын сурдаг IV сургуульд очлоо. Сургуулийн үүдээр ороход үүд хэсэгт инээмсэглэн харах хоёр охины зургийг тус, тусад нь жаазалж хадгаар ороосон байлаа. Яг энэ үед хичээлийн завсарлагаа болсон бололтой хүүхдүүд цааш нааш гүйлдэж хөл хөдөлгөөн их.
Хэрвээ тэр охид санаа муутны гарт өртөөгүй бол тэдний нэг адил найз охидтойгоо хөөцөлдөн энд гүйж байх байсандаа хэмээн харамсах сэтгэл төрж байлаа. Хэдий хүүхдийн хөл хөдөлгөөн их ч энэ газарт байгаа хүмүүсийн харц цаанаа л уйтгартай харагдаж байсан. Ингээд үүдний жижүүрт учир байдлаа хэлж эрхлэгчтэй уулзах гэсэн ч гадуур хуралтай яваа учир эзгүй байгаа гэлээ. Ингээд нийгмийн ажилтан Л.Уранчимэгээс талийгаач охидын талаар цөөн зүйл тодруулсан юм.
-Талийгаач охид хэзээнээс танай сургуульд суралцаж эхэлсэн юм бэ?
-Охидын хувьд нэгдүгээр ангиасаа л манай сургуульд суралцаж байсан. 13 настай охин нь манай сургуулийн тэргүүний сурагч. Найман жил онц сурсан, хүүхдийн зөвлөлийн гишүүн шилдэг сурагчдын маань нэг. Дүү нь зургаан настай. Энэ жил манай сургуульд нэгдүгээр ангид элссэн.
Сая үсэглэлийнхээ баярыг тэмдэглэж, сургуулийнхаа цэвэр бичгийн аваргаар шалгарсан бас л шилдэг сурагч байсан. Охидын хувьд ямар нэгэн буруу зөрүү зан байхгүй, сэргэлэн цовоо охид байсан. Хэрэг гарахын өмнөх өдөр шалгалтуудаа өгөөд л гүйж явсан даа.
-Тэдний эцэг, эх нь ямар хүмүүс байдаг юм бол?
-Охидын аав, ээж нь хөдөө мал дээр байдаг юм билээ. Өөрсдөө малаа маллаад охидоо өвөө эмээ дээр нь байлгадаг байсан. Аав ээжийнх нь хувьд боломжийн амьдралтай, мал малладаг сайхан гэр бүл. Ээж, аав нь мал малладаг гээд хүүхдүүдээ зөнд нь орхиж байгаагүй. Ирсэн үедээ юу болж байгааг асууж лавладаг байсан гэв.
Тэгэхээр охидын хувьд тэдний эцэг эхийн хувьд ямар нэгэн хүний хараанд өртөж өс хонзон санаж, сануулж явах улс биш гэдэг нь харагдаж байгаа юм. Чухам тэр өдөр юунаас болж гэм зэмгүй нэг гэр бүлийн хүмүүс араатнаас ч дор авиртай нэгний гарт хэрцгийгээр хөнөөгдөх болов.
Хэргийн ганц гэрч үхэлтэй тэмцэж байна
Хэрэг гарсан өдөр юу болсон, яагаад ирээдүй өөд тэмүүлж, сургуулийнхаа “Цэвэр бичигтэн” гэх өргөмжлөл авчихаад аав, ээждээ үзүүлэхээр хөөр баяр болж явсан цэцэг цэврүү шиг охид, ид хийж бүтээх насандаа яваа залууг онц хэрцгийгээр хөнөөх болов….
Үүнийг мэдэх хэргийн цор ганц гэрч одоо эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэж байгаа охидын эмээ, хүүгийн ээж. Түүний хувьд хайртай хүүхдүүдийнхээ төлөө гэм буруутай этгээдүүдийг хэн байсан юунаас болсон гэдгийг хэлэхийг хүсч амьдрахын төлөө тэмцэж байгаа. Түүнийг хэрэг гарсан өдөр сэхээн амьдруулах тасагт авчирч хоёр хонуулаад Гэмтэлийн тасаг руу шилжүүлсэн байна. Түүний биеийн байдлын талаар эмчлэгч эмч Д.Энхбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
-Өвчтөний биеийн байдал ямар байна вэ?
-58 настай О-гийн биеийн байдал анх ирж байсныгаа бодвол биеийн байдал харьцангүй гайгүй байна. Дух, чамархайн яс цөмөрсөн. Өчигдөр цөмөрсөн ясыг авах хагалгаанд орсон.
-Одоо амь насанд нь аюулгүй гэсэн үг үү. Яг ямар зүйлээр цохисон юм бол?
-Ямар ч байсан шаардлагатай арга хэмжээг авсан. Гэхдээ эмчилгээний явцад ямар нэгэн хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан эмчилгээ хийгдэж байна. Амь насанд нь аюулгүй гэж баталгаатай хэлж чадахгүй. Эмнэлэгт ирээд гурав дахь хоногтоо эмчлэгдэж байна. Харин ямар зүйлээр цохисон гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан хүнд зүйлээр хүчтэй цохисноос гавлын яс цөмөрсөн.
-Дахин хагалгаанд орох уу, өөр гэмтэж бэртсэн зүйл байгаа юу?
-Дахин хагалгаанд орохгүй. Өөр бэртэж, гэмтсэн зүйл байхгүй.
…Ямартай ч энэ аймшигт хэргийн ганц гэрч болсон хүн амьд үлдэхээр тэмцэж байна. Гэхдээ түүний биеийн байдал муу байгаа. Түүний хувьд ухаан орсон ч гэмт хэрэгтэн хэн байсан эсэхийг хэлж чадах эсэх нь эргэлзээтэй гэдгийг эх сурвалж хэлж байсан. Ямартай ч түүнийг эрүүл саруул болж хүү, зээ нарыг нь хэн зэрлэгээр хөнөөсөн гэдгийг хэлэх өдрийг тэсэн ядан хүлээе.
Гэмт этгээд амиа хорлосон гэх боловч тэр ганцаараа байгаагүй аж
Хэрэг гарсны дараа гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллээс өөр зүйл байгаагүй ч өчигдөр гэмт этгээд амиа хорлосон гэх яриа гарсан. Энэ талаар албаны ямар ч эх сурвалж мэдээлэх өгөхөөс татгалзаж байсан. Хэрвээ гэмт этгээд ганцаараа байгаад хэрэг үйлдсэн бол энэ хэрэг ингээд хаагдана.
Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэг нь батлагдлаа. Өөрөөр хэлбэл, амиа хорлосон залуугаас гадна өөр дөрвөн хүнийг энэ хэрэгт сэжигтэнээр татан шалгаж байгаа аж. Тэдний хувьд гэмт хэрэгт оролцсон эсэхийг мэдэхгүй ч их бага хэмжээгээр гэмт хэрэгтэнтэй холбоотой байсан талаар эх сурвалж хэлсэн юм. Хэрвээ энэ нь батлагдах юм бол тэднийг бүлэглэн хүний аминд хүрсэн хэмээн шийтгэж ял ногдуулах.
Талийгаачдыг баасан гарагт сүүлчийн замд нь үднэ
Хэрэг гарсан газрын ойролцоо очиход хэн бүхэн л энэ аймшигт явдлын тухай адал явдалт кино шиг зүйлийг ам уралдан ярьж байгаа нь захын нэг дэлгүүрээр ороход л ажиглагдаж байлаа. Хэрэг гарсан газрыг тэр хавийн бүх хүн мэдэж байв.
Багахан хэмжээний нуурын хажууд хаалга нь онгорхой дотроо гурван гэртэй хашаа өөрийн эрхгүй нүдэнд туссан. Энэ бол хэрэг гарсан газар. Хашаанд орж гарч байгаа хүмүүс цаанаа л дүнсгэр доошоо харж хэн нэгнийг хүлээж байгаа мэт. Аймшигт хэрэг гарсан энэ газарт шууд очиж хэргийн талаар асууна гэдэг дэндүү ёсзүйгүй хэрэг. Тиймдээ ч холоос тэднийг ажиглаж хэнийг нь ч дуудаж, орж чадалгүй нэлээд зогслоо.
Удалгүй хашаанд байсан гашуудлын цаас цонхондоо наасан портер маркийн машинаас 40 орчим насны эрэгтэй бууж ирээд ямар ажлаар яваа учрыг асуулаа. Учраа хэлэхэд “Хэрэг гарах үед энд байгаа хүмүүсийн хэн нь ч байгаагүй. Би хамаатны ах нь байгаа юм. Бидэнд мэдэх зүйл юу ч алга. Талийгаачдыг баасан гарагт нутаглуулна.
Тэдний цогцосыг моорогт байлгаж байгаа” гэлээ. Харин цаанаас 20 орчим насны залуу хүрч ирсэн юм. Тэрбээр талийгаач залуугийн дүү бөгөөд “Биднийг ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй гэсэн. Гэсэн ч бидэнд мэдэх зүйл юу ч алга даа” гэсэн юм. Мэдээж тэдний хувьд юм ярих нь бүү хэл энэ хашаа гэрт байхад л хэцүү байгаа.
Согтуурсан үедээ маргалдсанаас болж, гэм зэмгүй хүмүүсийг аймшигтайгаар хөнөөнө гэж хэн санах билээ. Талийгаачдын хувьд гэм зэмгүй хорон муу бодолгүй энгийн нэгэн сургуулийн сурагчид, амьдралынхаа төлөө зүтгэж явсан идэр залуу байсан.
Тэдний тухай эргэн дурсаж, бодохгүй санахгүй гэж бодож байгаа тэр үеийнх нь тухай бичиж байгаа ч дахин ийм хэрэг битгий гараасай. Хэн нэгэн үүнийг уншаад жигшээсэй, гэр бүлд хагацал битгий байгаасай гэж хүссэн учир бичлээ. Дахиад л өнөөх архи. Сархад савнаасаа бусдыг дийллээ. Хэнд ч гэм хийгээгүй балчир үрс, идэр залуусыг амийг авч одлоо.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.