antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 3 comments

ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР: СҮЗҮКИГИЙН БАРИЛДААНЫГ МАШ САЙН СУДАЛСАН БАЙСАН

нийтлэсэн Admin

Спортын өнөр бүлийнхний дотор хамгийн нэр хүндтэй алдартан нь олимпийн аварга. Хүн төрөлхтөний спортын баяр наадмын дээд нь олимпийн наадам. Чингисийн монголчууд хэмээн бахархдаг манайхан тэртээх 1964 онд анх удаа олимпийн наадамд оролцсон түүхтэй. Тэр үед бид олимпод оролцлоо гэдгээрээ бахархаж, баярлаж суулаа. Дөрвөн жилийн дараа буюу 1968 онд Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн XX наадмаас чөлөөтийнхөн дөрвөн медаль авчирч, эх орон нэгтнүүдээ баярлуулахтай зэрэгцүүлээд нэгэн шинэ хүлээлт бий болгочихож билээ. Тэр нь олимпийн аваргын алтан медаль. Нэгэнт олимпийн их наадмаас мөнгө, хүрэл медаль аваад эхэлсэн болохоор төдхөн л хэн нэг нь тэгэх тусмаа чөлөөтийнхнөөс алтан медальтан тодрохыг бөхийн эх орон Монголын ард түмэн хүлээсээр XX зууныг үдсэн дээ.

Шинэ зууны анхны олимп домогт Афинд 2004 онд болоход манай авьяаслаг жүдоч Х.Цагаанбаатар хүрэл медалиар энгэрээ мялааж, бид бүхнийг баярлуулсан сан. Харин зуны олимпийн XXIX наадамд Монгол Улсаас 29 тамирчин оролцох боллоо. Тэртээх 1964 оных шиг оролцох хүсэл сонирхолтой, зардал мөнгөтэй нь биш, авьяас чадвар, хүч чадлаараа шалгаран олимпод жинхэнэ сайчууд медалийн төлөө өрсөлддөг шинэ журмын дагуу шалгарсан тамирчдынхаа хэн нэгийг олимпийн аварга болоосой гэж хүсч, ерөөж, хүлээж суусан монгол түмний хүсэл 2008 оны наймдугаар сарын 14-нд биелсэн мартагдашгүй түүхтэй. Тэр эрхэм үйлсийг Найдангийн Түвшинбаяр хүү бүтээсэн гавьяатай. Олимпийн анхны аваргатай уулзахсан гэж сэтгүүлч болгон мөрөөддөг байж магадгүй ээ. Чин үнэнийг хэлэхэд би түүний тухай бичнэ хэмээн бодсоор явсан мөртлөө 2011 он шувтрах дөхсөн үеэр жүдо барилдааны бэлтгэлийн танхимд нь анх нүүр тулж, хууч дэлгэлээ.

Зурагтаар өчнөөн төчнөөн харж байсан ч нүүр тулан ярилцахад хүний нүд нь хүртэл үг хэлдэг гэвэл үгүйсгэх нэгэн гарах л биз. За тэр ч яах вэ. Бүр нэг нүдэнд дулаахан сайхан залуу юм аа. Сайхан шүдтэй, яриа хөөрөөнийхөө завсар наргиа үг олоод хавчуулах нь донжтой. Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, гавьяат алдар цолтой эл эрхмийн яриаг сонсож суухад хүүхэд шиг цайлган цагаан сэтгэл нь мэдэгдэж байв. Ийм цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс бусдаас илүү буян хишигтэй байдагт хэн ч эргэлзэхгүй биз ээ. Хоёр зуун дамнуулан монголчуудын хүлээсэн олимпийн анхны аварга бурхны хувь тохиолоор эзнээ олсон нь Булган хангайн малчны хүү Түвшинбаяр.

ХҮҮХЭД НАСНЫ НЬ ТУХАЙ ХЭДЭН ҮГ

Түвшинбаяр хүү мэдээ орсон цагаасаа л бөх, бөх болно гэсэн ярианд дасчээ. Сэтгэлзүйн хувьд бүр бэлтгэгдэж гүйцсэн гэсэн үг. Долоон хүүхэдтэй айлын отгон хүү эхээс гарахдаа 5,5 кг байж. Хүүхэд ийм жинтэй гарах нь цөөвтөр. Хүү болгон бөх болох ч элбэг биш. Булган аймгийн Сайхан сум бөхийн голомт нутаг. Тийм нутагт ийм жинтэй хүү гарсан болохоор Сайханыхан “Найдангийн бага юм дуулгана”, “Бөх болно” гэлцсээр жаахан хүүд янз бүрийн шижмээр сэтгэлд нь бөх шингэжээ. Зав зай л гарвал үеийнхэнтэйгээ ноцолдоно. Бөх болж явсан нь тэр. Өөрийн нь онцолж дурссанаар долоотойдоо өөрөөрөө бахархаж, эр зориг нь оволзож эхэлж. Тэр нь юу вэ гэвэл хурдан морины нуруун дээр салхи шуугин исгэрэхийг мэдэрч, морио ташуурдан гийнгоолж явахдаа би сайхан давхиж байна, чадаж байна хэмээн ухаарч, танин мэдэж, торниж эхэлсэн байна. Угийн унаган махтай хүү үеийнхэн дотроо арай содон байсан нь мэдээж, Сумын сургуульд сурч байхдаа нагац ах Дашзэвэгийндээ сууна.

Айлын отгон эрх хүүгийн эрхийг эдэлж зургадугаар ангийн сурагч байхдаа аав, ээж хоёроороо унадаг дугуй авахуулаад амжсан нь их спортоор амжилттай хичээллэж, амжилтад хүрэхийн суурь бэлтгэл болсныг аварга одоо ч үгүйсгэдэггүй юм билээ. Нагац ах нь ирээдүйн аваргын дугуйг сүрхий хадгална. Баасан гаригт эзэнд нь дугуйг өгнө. Тэднийх сумын төвөөс 40- өөд км зайтай. Зам дундаа бас нэг даваатай. Амралтын өдөр эхлэнгүүт дугуйгаар жирийлгэнэ ээ, гэр лүүгээ. Амарч хонож өнжчихөөд эргээд давхина, сум руугаа. Ирж очихын 80-аад км. Долоо хоног бүр давхина. Дугуйгаар давхиж байсан тэр жилүүдэд жингээ нэлээд хассанаа суурь бэлтгэл гэж тодотгосон шүү бас тэр. Нагацындаа суухдаа ус барьж, мод түлээ хагалж явсан нь бас л хүчний бэлтгэл.

Суурь бэлтгэлийн үе буюу дугуйгаар давхиж яваад намрын цаснаар хоёр чихээ хөлдөөж золигтсоноос өөр хохиролгүй явсан хүү Булган аймгийн төвд нээгдсэн спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцахаар аймагт шилжиж II сургуульд орлоо. Бөх болно гэсэн олны таамаг, өөрийн мөрөөдлөө биелүүлэх санаатай бүрэгхэн хүү хүн амьтнаас асуусаар спортын сургууль дээр очиж бэлтгэлийн танхимын хаалгаар шагайгаад бултганаж байтал бэлтгэл хийлгэж байсан жижгэвтэр биетэй хүн -Хөөе, яах гэж яваа хүүхэд вэ, ороод ир гэхээр нь баярлаж сандарсан жаал “Энд бэлтгэл хийж болох уу” гэж дуугарчээ. Бөхийн анхны багш, ЭрдэнэОчирын “Ороод ир ээ” гэсэн хоёрхон үг миний амьдрал, амжилтын эхлэл болсон юм.

Маргаашнаас нь эхлээд бэлтгэл хийсэн, одоо ч бэлтгэлээ хийж байгаа биз. За нэг иймэрхүү гээд инээж байснаа аварга жүдо барилдааныг онцлон сонирхох болсон маань 2001 онд Улаанбаатарт зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой гэв. Сайхан бөхчүүдийн барилдааныг харж, ялалт амжилтын үнэ цэнийг аминдаа ойлгож, жүдо барилдааныг, жүдочдыг биширч эхэлсэн үе тэр. Ер нь жүдо барилдааныг буцалтгүй эрхэмлэх болтлоо аль ч төрөлд хамаагүй барилддаг л хүүхдийн нэг явлаа. Анхны медалиа Намхай аваргын ойн барилдаанд Сайхан сумандаа түрүүлж авахад нагац ах, цэргийн арслан Сандагбазар нь “Аав, ээжийнхээ хийлгэж өгсөн зодог шуудгийг сайхан мялаалаа, миний дүү. Улам хичээгээрэй” гэж урам өгснийг марталгүй Булгандаа аравдугаар анги дүүргэж байх хавар хэд хэдэн Биеийн тамирын дээд сургуулиас урилга авчихсан их санаатай явж байлаа. Тийнхүү сэтгэл өег явах болсон нь бага сага амжилттай нь холбоотой. Самбо, жүдо барилдаанаар өсвөрийн үеийнхэнтэйгээ улсын аварга болчихсон, насанд хүрэгчдийн тэмцээнээс бас медаль авчихсан, аймгийн начин цолтой хүүг “Авзага”-ын П.Мэндбаяр сар бүр 60 мянган төгрөгөөр цалинжуулж эхэлсэн зэрэг нь тухайн үедээ чамлалтгүй амжилт хүндэтгэлийн бодит илэрхийлэл. Тэгэхэд аймгийн дарга байсан, одоо ч буй Оюунбат бас л байнга анхаарал тавина.

НИЙСЛЭЛ ХҮҮ БОЛСОН НЬ

Найз Э.Энхбаттайгаа Б.БатЭрдэнэ аваргын “Аварга” дээд сургуульд суралцаж байхдаа Улаанбаатарынхантай сайхан барилдаж, удахгүй саваад саваад өгнө дөө гэсэн шүү юм бодож явснаа ч тэр нуусангүй. Төдөлгүй төөрөгдлөө ойлгож эхэлж. Нарийндаа жүдогийн хувцсыг зөв өмсөж сураагүйдээ “нийслэл хүү” болж. Жүдогоор хэд сайхан шидүүлснийхээ дараа бэлтгэл дасгал улам их хийх учиртайг ухаарч эхлэв. Бөхийн өргөөнд анх барилдаанд очоод аймгийн начин Н.Түвшинбаяр гэж бүртгүүлчихээд сууж байтал нэгийн давааны төгсгөл рүү мөн л аймгийн начин цолтой ГовьАлтайн Ш.Тогтохбаяртай таараад ойччихож. Нялх багаасаа бөх болно гэсэн итгэл батажсаар, зарим хичээлдээ орохгүй барилдсаар байдаг хэдэн оюутны нэг Түвшинбаяр 2004 онд самбын УАШТ-ий 90 кг-ын жинд Ц.Одбаярт ялагдан мөнгөн медаль, жүдогоор алтан медаль авахдаа мятарч шантралгүй бэлтгэл хийснийхээ үр шимийг мэдэрч баярласан нь мэдээж. “Аварга” дээд сургуулийнханд жүдогийн хичээлийг гавьяат Х.Болдбаатар заана. Хичээл нь ч сонирхолтой. 2005 онд хилийн дээс алхаж БНХАУ-ын Чиндаогийн тэмцээнээс мөнгөн медаль зүүгээд ирсэн хэдий ч бэлтгэл дасгал нь нэг л жигдэрч өгөхгүй байгааг нь яг харсан юм шиг улсын начин П.Ганбаяр нэг өдөр Э.Энхбат тэр хоёртой уулзаад,

-Та хоёр ер нь юу л хийгээд явна даа. Цаг алдаж болохгүй. Өөрсдөө хичээ. Бэлтгэлээ эрчимжүүл. Эрч нь харьсан дээс шиг ингэж явсны хэрэггүй. Маргааш 9.30-д цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа уулзацгаая. Бэлтгэл хийлгэнэ. Өдийд өглөө гарахгүй хэвтэж байх нас биш дээ гэжээ. Ямар ч төрөл садан биш мөртлөө нутгийнхаа, ер барилддаг залуусыг дэмжих эрхэм тэмүүлэлтэй тэр хүн ирээдүйн олимпийн аваргын бэлтгэл сургууль, сэтгэлзүйд шийдвэрлэх нөлөө өгчээ. Өвлийн ид хүйтэн эхэлсэн арванхоёрдугаар сард нөгөө начин чинь цан хүүрэг татуулчихсан гүйж ирээд бие халаалт хийлгэн, мэх давтуулаад эхэлжээ. Начин Түвшинбаярын хөл рүү орох мэхийг тэр хүйтэнд, хатуу газар хэдэнтээ давтуулсан нь олимпийн их наадмын шийдвэрлэх давааны үндсэн зэвсэг болсныг аварга тодотгосон. П.Ганбаярын санаачилсан тусгай бэлтгэлд зөвхөн Булган аймгийн хэдэн хүүхэд төдийгүй тэдний найз нар хамрагдан хоёр жил тасралтгүй үргэлжилсэн юм билээ.

2006 онд жүдогийн шигшээ баг байгуулагдсан нь бас түүний хувьд олзуурхууштай хэрэг болжээ. Эхэндээ түүнийг шигшээд зөвхөн бэлтгэл хангагчаар авсан юм билээ. Тэгж шигшээд багтаагүй бол би одоо хэн ч байх билээ. Багш нарын минь ач, олон сайхан хүний нөмөр нөөлөг миний амжилтын үндэс гэж тэр олон давтсан. Тохилог танхимд өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг болсон нь тамирчдад ихээхэн урам зориг өгснийг тоочих боломж алга. Х.Баттулгыг багад нь Намшир багш таньж, чөлөөтөөр биш самбоор барилдуулахаар явуулсан түүхийг гадарлахын хувьд Н.Түвшинбаярыг мөнөөх Х.Баттулга таньжээ. Самбо барилдааны дэлхийн аварга, гавьяат тамирчин, УИХ-ын эрхэм гишүүн Түвшинбаярыг жиндээ тасарч цойлоогүй 2006 оноос эхлэн гадаадын янз бүрийн тэмцээнд явуулаад байж. Бүр 2006 онд Дохагийн Азийн наадмын үнэмлэхүй жинд барилдуулахаар багийн бүрэлдэхүүнд багтаахад гайхаж байсан хүмүүс цөөнгүй. Гэтэл нөгөөх нь медалийн төлөө барилдаж, V байрт орох нь тэр. Дараа жил нь улсын аваргаас хүрэл медаль авсан байхад Европын цуврал тэмцээнд мөн л Түвшинбаярыг явуулах шийдвэр гаргажээ. Парисаас хүрэл медаль авчрахад нь Бразил руу дэлхийн аваргад дахиад илгээв.

-Үндсэн жиндээ эхний учраагаа амархан хусчихлаа. Хоёрын даваанд нэг украинтай таарч бариад авсан чинь тааруухан юм шиг санагдахаар нь жаахан бааварлаад, үүрээд шидчихье гэж довтлоод өөрөө цэвэр явчихлаа. Тэгэхэд Баттулга дарга “Олон л тэмцээнд оролцуулах юм. Туршлага суудаггүй юм уу” гэхэд өрсөлдөгчөө таниагүй, мэдэхгүй, бас бусдаас асууж лавлаагүйдээ өөрийгөө зэмлэж суусан даа. Гурав хоноод үнэмлэхүй жинд хүч үзэж, эхний даваанд Гүржийн бөхтэй учраа таарав. Тэр нөхөр жингийнхэн дундаа хамгийн том нь, харин би хамгийн жижиг нь. Тэмээ, ямаа хоёр шиг харагдаа биз. Дэвжээнд гарсан чинь үзэгчид инээлдээд л хошин шогийн үзүүлбэр үзэж суугаа аятай. Шийдсэн юмаа хийхээс яахав. Давхар хамаад зүтгэсэн чинь онолоо. Дараа нь Ираныг юүкогоор хожоод, гуравдугаар тойрогт Азербайжаны бөхийг торгуулиар ялж, медалийн төлөө Узбекийн тамирчинд дийлдэн V байр эзэлж, бас ч гэж хүнд хэлэх юмтай нэг оныг үдэв. Түвшинбаярын яриа нэг иймэрхүү, тэгсхийгээд л наргиантай завсарлах юм. Үл мартагдах 2008 оныг тэр амжилт арвинтайгаар үдсэн.

Францын Парис хотноо хоёрдугаар сард Супер цомын тэмцээнд 69 орны эрэгтэй, эмэгтэй 564 тамирчин оролцсоныг тухайн үед нь дэлхийн аваргын энтэй тулаан, олимпийн өмнөх хамгийн том сорилт гэхчлэн спортын тоймчид тэмдэглэж байсан. Тэнд эрэгтэйчүүдийн -100 кг-д 42 бөх барилдсан. Манай хүн нэгийн даваанд Бразилийн Лучиантай таарч цэвэр ялжээ. Дэлхийн аваргын алт, хүрэл медальтай бөхийг даваад дараа нь Румыний Даниель Братог 43 секундэд дуусгав. Гурвын даваанд түүнтэй таарсан Германы Дмитрий Питер хоёр вазарид унаж мөн л үзэгчдийн суудалд шилжлээ. Хэсгийн аваргын төлөө БНСУын Юу Кван Сүнтэй барилдахаар шалгарчээ. Тэр солонгос бөхийг Бразилийн татамид ялж байсан болохоор сэтгэлзүйн хувьд илт давуу барилдаж, мөн хугацаанаас өмнө буулган авав. Супер цомын төлөө олимпийн аварга, дэлхийн хошой мөнгөн медальтай Илиас Илиадис (Грек)-тай тулж цэвэр ялан, алтан медальтай ирж байхад спорт сонирхогчид төдийлэн баярлаж байсныг сайн санахгүй л байна.

Дөрөвдүгээр сард БНСУ-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Түвшинбаяр хүрэл медаль хүртэж, олимпод барилдах болзлоо баталгаажуулаад ирэв. Тивийн тэмцээнээс буцахын өмнөхөн нэг шөнө содон зүүд зүүдэлснээ тэр ярьсан юм. Юу вэ гэвэл талийгаач П.Ганбаяр багш нь утасдаад “Яаж барилдав” гэж байх юм. “Яах вэ, Казахстаны Житкеевт ялагдаад хүрэл медаль авчихлаа” гэхэд нь “Тэгээ юу, тэр казахыг дийлэхгүй бол ч олимпоос юм харалтгүй дээ” гэхэд сэрснээ ярьж, багшийгаа дурсаж, зөн совин, зүүд сэтгэлийн нарийн холбоосыг сонирхуулан өгүүллээ, аварга. Сонин байгаа биз. Бурхан болчихсон хүн зүүдэнд нь утасдах.

-Олимпийн аварга хэрхэн болсноо одоо ч ярихад болохгүй зүйл үгүй шүү дээ. Хожуу ч гэлээ аваргын амнаас нэг сонсъё доо?

-Тийм ээ. Багагүй хугацаа өнгөрчээ. Ингэхэд та шууд нэврүүлгийг үзсэн үү, тухайн өдөр нь.

-Үзэлгүй яах вэ. Дараагийн давталтуудыг нь ч бүгдийг…

-Таны үзэлгүй, бас сонсолгүй явж магадгүй ганц нэг зүйлийг энэ ялдамд ярья. Олимпийн нээлтийн маргаашнаас жүдогийн тэмцээн эхэлсэн шүү дээ. Сугалаа татсаны дараа Цагаанаа оноолт барьчихсан “Чи ч сайхан таарчээ” гээд ороод ирлээ. Чанга таараад ингэж байна гэдгийг нь гадарлалгүй яахав. Ер нь ч дотроо “Эхэндээ сайн хүнтэй таарах олон талын ашигтай” гэж бодоод байсан юм. Анхны учраа минь олимп, дэлхийн аварга К.Сүзүки. Барилдааных нь бичлэг надад нэлээд байсан тул хэд хоног түүнийг судалж, барилдаанаа төлөвлөөд завгүй байлаа. Наймдугаар сарын 9-13-нд барилдаан ерөнхийдөө шувтарч, гол ачаа надад ирж таарлаа. Манайхан надтай сугалааны дараа олон долоон юм ярихаа больчихлоо, дээр нь өөрсдийгөө анхаараад ч тэр биз. Нөгөө талаар намайг эхний даваанд лут хүнтэй таарсан учраас сэтгэлээр унаж яваа хэмээн өрөвдөөд дуугаа хураасан байх.

За тэгээд “Жүдочдын ажил үндсэндээ дууссан” гэх хүмүүс олшров. Гэхдээ надад, жүдочдын амжилтад итгэлтэй байсан цөөхөн хүний нэг нь манай Х.Баттулга ерөнхийлөгч. Барилдах өдөр маань бие халаалтын өрөөнд орж ирээд “За Түвшинбаяр аа, өөртөө итгэлтэй, тайван сайхан барилдаад байхад тав даваад л олимпийн аварга болчих боломж бий шүү дээ. Цагаар тооцох юм бол 25 минутын ажил. Түүнээс богино хугацаанд ч амжуулж болно. Парисын Супер цомд чи олимп, дэлхийн аваргуудыг цувуулан алт авсан биз дээ. Өнөөдөр тэр өдрийнх шигээ л барилдчих. Түүний дараа халаасны өрөө, зарим дутмаг зүйл чинь орвонгоороо өөрчлөгдөж, аж амьдралдаа санаа зовох зүйлгүй болно доо. 25 мин, тавхан барилдаан. Багаа ч бод.

Улс эх орноо ч бод. Өөрийгөө ч бод. Би ганц л юм мэдэж байна. Жинд чинь чамаас илүү бөх нэг ч алга. Ойролцоо бөхчүүд байна аа. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ” гээд гараад явчихсан. Үнэнийг хэлэхэд Энхбат бид хоёр цахим бичлэгээ байнга үзэж, заримдаа олимпийн аварга болчихвол ингэнэ, тэгнэ гээд маазарч ярилцдаг болохоор Тулга даргын ярианд цочирдсонгүй. Харин надад итгэсээр яваа нь сайхан санагдаж, урам зориг ч орлоо. Ер нь сэтгэлийн дарамтгүй сайхан байсан л даа. Аав минь “Миний хүү, олимпийн наадамд оролцож байгаа чинь л сайхан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд “Зүгээр нэг оролцохгүй ээ, оролцсон шиг оролцоно” гэж бодсон ч юу ч хэлээгүй. Бээжин рүү явахын өмнөхөн ээжээс минь нэг захиа ирсэн юм аа, бас. Захиандаа сургуулийн ойгоор болсон үйл явдал, нутаг орны зуншлага энэ тэрийг бичээд “Сайн яваад ирээрэй, хүүгээ үнсье. Олимпоос ирээд нутагтаа хурдан ирээрэй, эрх отгон хүүгээ ээж нь санаж сууна” гээд жирийн сайхан захиа явуулсан байлаа. Аав, ээж хоёр минь сайхан хүмүүс шүү дээ.

-За тэгээд барилдаанаа нэг сайхан ярина байгаа аварга аа?

-Хамгийн сайн судалсан бөхтэйгээ эхлээд таарч байгаа болохоор сугалаа надад сайхан санагдсан. Нөгөө домогт Кейжи Сүзүкийг давхар хамаад далаар нь буулгачихсан. Энхбаттайгаа, Ганбаяр ахынхаа батжуулсан мэхийг давтсаар байсны ач тэр. Хоёр минут хүрэхгүй нухсан шүү дээ. Бээжинд миний жинд 32 бөх цугларсан. Тэдний 12-той нь барилдаж үзсэн. Есийг нь ялж байсан юм билээ. Хоёрын даваанд таарсан Бежжелли Сгернам дэлхийн аваргын медальтай бөх. Тэр миний анхны ялалтыг хараад жаахан бэргэсэн байж магадгүй. Нэг л бодитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй салбаганаж байгаад хожигдсон.

-Түүний дараа БНСУ-ын Жан Сүнхог ялаад, хэсгийн тэргүүн байрын төлөө Азербайжаны Мовлуд Мириалиевтэй барилдсан тулаан чинь хүндхэн болсон. Зурагтаар харахад хүртэл түгшүүртэй байсан санагддаг юм билээ?

-Үнэндээ одоо ярихад амархан болохоос биш, тэр өдрийн хэдэн минутын барилдаан болгон, хором бүр түгшүүртэй өнгөрсөн л дөө. Хэсгийн тэргүүн байрыг алдчихвал медалийн төлөө дахиад нэг үзэлцэнэ. Тэр бүр ч амаргүй. Тиймээс хэсгийн сүүлчийн барилдаан тун чухал байлгүй яах вэ. Золоор барилдахын өмнө хэдэн минут сайхан унтчихсан байна лээ. Нөгөө азербайжан чинь түрүүн таарч байснаасаа илүү бяртай болчихсон байх юм. Ер нь хоёр гар нь лут л даа. Үндсэн таван минут өнгөрч, цаг сунгаж таарав. Их ядарч байгаагаа мэдсэн хэрнээ “Намайг ингэж ядарч байхад тэр бүр ядарсан нь мэдээж” гэж өөртөө зориг нэмсэн. Намайг нэг даралтад оруулах дөхөөд алдаад бүр ч илүү эцэж, цуцсан нь ойлгомжтой гээд өмсөөд зүтгэчихсэн чинь юүко үнэлгээ заалаа. Ингэж Бээжингийн олимпийн наадмаас Монголын жүдочид медальтай харих нь тодорхой болсон. Нуруун дээрээс бөөн ачаа аваад хаячих шиг санагдаад “Бэлтгэлийн танхимд бөөн баяр болж байгаа даа. Одоо надад бүгдээрээ л баяр хүргэнэ” гэж бодоод инээд алдсаар ороход хэн ч баяр хүргэсэнгүй, энд тэнд хэдүүлээ уруу царайтай сууцгаасан байх юм. Харин хэн нэг нь “Цаад казах чинь бараг хэвтээгээрээ байна шүү. Одоо сайхан сэвхийгээд ав” гэж л дуугарав.

Сүүлд нь мэдэхэд Тулга дарга нөгөөдүүлдээ “Цаадахдаа одоо баяр хүргэж хэрэггүй. Сэтгэл нь догдолж үймэрч магадгүй, тэгвэл шийдвэрлэх барилдаанд муугаар нөлөөлөх талтай” гээд тэгж жүжиглүүлсэн юм байна лээ. За тэгээд олимпийн алтан медалийн төлөө өмнө нь тивийн дэвжээн дээр намайг хожиж байсан Казахстаны бөх Асхат Житкеевийг вазари, коко үнэлгээнүүд авч хожин, аварга цол, алтан медаль авч байлаа даа. Барилдааны тухай ярихад нэг иймэрхүү. Шагнал гардуулахын өмнө Баттулга ерөнхийлөгч намайг тэврээд уйлсан шүү. Хүн хүнийхээ төлөө баярлахын эрхэм дээд илэрхийлэл тэр шүү дээ. Миний энэ амжилт тэр хүнтэй салшгүй холбоотой учраас би ч бас түүнийг түшээд уйлах нь юуны буруу байх билээ, тийм үү. Монгол Улсыг, монгол түмнийг магнай тэнийтэл баярлуулсан Найдангийн Түвшинбаяр бид хоёрын яриа олимпийн сэдвээс хэсэгхэн хальж, аж байдал, эрүүл мэнд, үндэсний бөх, ирээдүй хойчийн талаар хөөрөлдөөд эргээд жүдо, олимпийн тухай үргэлжилж таарав.

Олимпийн анхны аваргатай болсны дараах их баяр хөөр, зүй ёсны шагнал урамшуулал, хөөрсөн сэтгэлээс ундарсан өгсөн, өгөөгүй амлалт, одоо нэгэнт түүх болжээ. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд барилдахдаа гэмтэлтэй байсан ч өөрийгөө ч ялаад өрсөлдөгчдөө ч дийлээд аварга болсон алдартан. Хүний хувь тавилан, буян хишиг хэмээх эрхэм үйлийн эзэн болж төрснийхөө ачийг үзэхэд өөрийгөө ялсан ялалт нь олимпийн аваргын алтнаас илүү хойч үеийнхэнд үнэ цэнэтэй байж мэдэх юм. Олимпоос олимп хүртэл дөрвөн жил тамирчин хүний хувьд тун богинохон хугацаа аж. Анхдагч аварга азаар урт хугацааны эмчилгээний дараа танил дэвжээндээ гарч барилдаж эхэллээ. Хэдийгээр удаан хугацаагаар эмчлүүлж байнгын бэлтгэлээс хөндийрсөн боловч тамирчны хэмнэлдээ дөхөж яваа нь баярлууштай. Бас өөрийгөө ялахаас эхэлж, талийсан жингээ хассаар 100 кг овоо дөхүүлж, түүнээ бас тогтоосоор явна.

Нэлээд сүүлийн баримт гэхэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо энэ оны аравдугаар сард болсон гран-при тэмцээнээс медальтай ирлээ. АбуДабид Голланд, Азербайжан, ОХУын бөхчүүдийг ялсныг сонсоход жингийнхээ шилдэг бөхчүүдтэй одооноос дахин үзэлцэх боломж нөхцөл нь хуучин шигээ бүрдэж байх шиг. Бэртэл гэмтэл эдгэх сайхан л даа. Гэхдээ бэртээд эдгэнэ гэдэг байнгын бэлтгэлтэй, хүнд ачаалалтай тамирчны, бөхийн хувьд цоо эрүүл үеийнх шиг хүч тамир, зориг тэвчээр, хурц мэхээр өрсөлдөгчөө ноёлоход сэтгэлийн тэнхээ нь гол тулгуур болохыг олимпийн аварга андахгүй л дээ. Ер нь 2011 онд Түвшинбаяр үндэсний бөхөөр ч сайхан барилдлаа. Бөх сонирхогч олны мэдэх баримт ч гэлээ бид бичмээр байна.

Наадмаар 1024 бөхийн барилдаанд түүнийг зодоглоод гараад ирэхэд нь шөвгөрч, начин болоосой хэмээн хүсч суулаа. Гурвын даваанд аймгийн начин Э.Элбэгбаяртай таарахад нь олимпийн аваргын өмнөөс эмээж байсан хүмүүс бий байх. Тэр сайн залуу шүү дээ. Зогсолт сайтай, сэтгэлзүйн бэлтгэлтэй. Бас ч багагүй туршлагатай. Түүнийг давсныхаа дараа Хөвсгөлийн гэх тодотголтой, аймгийн арслан байтугай улсын арслангуудыг ширвээтүүлдэг Ц.Содномдоржтой оноолтоор таарч золигтов. Барилдаан сайхан болсон ч даваа нь улсын начингийнх. Сайхан сэтгэлтэй хүнийг давсан Содномдорж бүр зааны даваа дуустал наадамчдыг өндөлзүүлсэн түүх бүдгэрэх болоогүй. Наадмын дулааныг залгаад Төв цэнгэлдэхэд манай Монголын түүхэнд төдийгүй манай гаригийн түүхэнд нэг дор хамгийн олон буюу 6016 бөх барилдаж эхлэхэд Н.Түвшинбаяр олимпийн наадам шиг одтой, адтай барилдаж ес давсан нь содон сайхан амжилт мөн.

Олимпийн аварга энэ барилдааны 5-9-ийн даваанд сумын заан Т.Түмэнбаяр, аймгийн харцага Ц.Бямба-Очир, тээр жил Улаанбаатарт анх ирээд гар зөрж байсан өдгөөгийн улсын начин Ш.Тогтохбаяр, шинэ начин Б.Батмөнх, дархан аварга, хөдөлмөрийн баатар Б.БатЭрдэнэ нарыг даваад сүүлийн 12-т шалгараад үлдчихсэн байна лээ. Үндэсний бөхийн барилдаанд ес давсан амжилт нь олимпийн аваргын барилдааны түүхэнд бас л жин дарах баримт болсоор байх нь лавтай. Зуны олимпийн XXX наадам хоног хоногоор ойртсоор. Монголчуудаас олимпийн аваргын алдарт анх хүрсэн Н.Түвшинбаярын бэлтгэл чамбайрсаар буйг их наадмын өмнөх жилийн барилдаанууд нь илэрхийлсээр буй үед аваргатай уулзсандаа сэтгэл өег энэ хэдэн мөрийг тэрлэв.

Р.ЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 06, 2011 1:52:09 am )

    ta olimpiin avargadaa dahin avarga avah uram hairlasand mongol hyn byhnii omnoos bayarlalaa bobka

  • Anonymous (November 09, 2011 9:22:10 pm )

    Tushinbayar gj ner shigee tuluv tuvshin ner shigee bayaraar byalhaasan saihan zaluu saihan avarga daa dahin dahin amjilt gargahiig husen erooe.

  • Anonymous (November 10, 2011 12:01:04 am )

    yamar goe yariltslaga be? Mongol erchuudeerei baharhaj bna.Amjilt husie olimpiin abragadaa.Londongiin olimp bas l chiniih shuu

antalya rent a car