Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд энэ сарын 22-нд малын гоц халдварт боом өвчнөөр үхэр үхсэн нь тогтоогдсон тул тавдугаар сарын 24-нөөс эхлэн хөл хорио тогтоожээ.
Тус хороонд үхсэн үхрээс шинжилгээ авахад боом өвчнөөр үхсэн нь тогтоогдсон учир энэ сарын 24-ний өдөр дүүргийн Онцгой комисс хуралдаж дүүргийн Засаг даргын А/131 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж эхэлсэн байна.
Улмаар дүүргийн “Гүн тэрэм” мал эмнэлгийн эмч ажилчид Яармагийн товчоогоор дамжин өнгөрсөн нийт 1232 машинд, “Туда” мал эмнэлгийн ажилчид Нисэхийн товчоогоор дамжин өнгөрсөн 350 машинд, дүүргийн 14 дүгээр хорооны хорио цээрийн бүсэд байгаа 3 айл өрхийн 5330 м2 талбай, штаб дээр ажиллаж байгаа 62 автомашинд ариутгал хийсэн байна.
Одоогийн байдлаар гамшгийн голомтонд байгаа нийт 107 өрхийн 142 адуу, 766 үхэр, 408 хонь, 483 ямаа нийт 1799 малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн ба “Өлзийт” өрхийн эмнэлгийн эмч голомтын бүсэд байгаа 10, голомтын бүсийн орчим байгаа 60 нийт 70 хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Мөн хорио цээрийн бүсэд байгаа 310 хүнд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалыг тараах ажлыг зохион явуулсан тухай Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээ ирүүллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.