“Дээсэн дөрөө” гэдэг бол монголчуудын буй болгосон нэр томъёо. Дээр цагаас бараг л морины нуруун дээр төрж, өсдөг үндэстэн бол монголчууд байлаа. Моринд мордохын тулд дөрөө хэрэгтэй байсан. Тэр цэгд дээс, сур, мод, төмөр гэхчилэн цаг цагийнхаа ололтоор дөрөө хийж мориныхоо нуруун дээр залардаг байлаа. Хамгийн өндөрт (хөгжлийн хувьд) хүрсэн үедээ төмөр дөрөөтэй байсан хэрэг. Харин “Дээсэн дөрөө” гэдэг бол дээс томдог болсон үеийн хэрэглэгдэхүүн. Дээсэн дөрөө улмаар ядуугийн шинж болсон… Яг тэрэн шиг өнөөгийн дэлхий дахин “дээсэн дөрөөн дээр дэнжигнэхэд” хүрээд байна.
Морин дэл дээр өсч өндийж дэлхийн талыг эзэлж явахдаа монголчууд “эмээл минь хаан ширээ” гэж ойлгодог, ярьдаг байжээ. Гэвч өнөө үед ийм үг ханшгүй болж, дөрөөлж дээр нь суух шаардлагагүй “төмөр морьтой” болоод байна. Нийслэл “Улаанбаатарынх нь хүн амын гурав юмуу дөрвөн хүний нэг нь төмөр морьтой тэр нь 5-6 суудалтай байх тул бараг хүн бүр “төмөр морьтой” гэсэн үг. Тэгэхээр дэлхий дахин бас л бидэн шиг “төмөр мориор” газар элээж байна. Суудлын тэрэг, галт тэрэг, автобус ч гэх шиг, бүр давраад “төмөр шувуу” унаж тэнгэрээр нисдэг болсон цаг. Ийм үед “дээсэн дөрөө” гэж дэмийрэх хэрэг байна уу?
Тэр “төмөр сүрэгнүүд” морь шиг өөрөө явдаггүй. Түүнийг “бензин” гэдэг шингэнээр хооллож, түүгээр хөдөлгөдөг билээ. Тэр бензин тэгээд хаа сайгүй байдаг ус биш. Түүнийг “газрын тосноос” гаргаж авдаг. “Газрын тос” нь бас оёоргүй саванд байдаггүй. Бас газар бүр ч байдаггүй эд. Харин түүнийг хэрэглэгчид нь газар бүр байхаар барахгүй улам нэмэгдсээр байна. Гучаад жилийн тэртэйд гучаадхан хөнгөн тэрэг унадаг түшмэдүүдтэй байсан Монгол улс гэхэд л одоо нийслэлд нь 300-гаад хөнгөн тэрэг хөлхөх боллоо. Тэгвэл өөрснөө автомашин хийдэг барууны том орнуудын тухайд чрих юм байхгүй. Нэг хүнд оногддог эрчим хүчний хэрэглээ нь нефтийн эквивгалентээр “тэнцэл” авч үзэхэд 1965 онд 1114 килограмм байсан бол 1990 онд 1567 болж өссөн бөгөөд хамгийн ихээр хэрэглэгч нь Канад 10 мянган килограмм Америкийн нэгдсэн улс 7822 килограмм, Япон 3563 килограммыг хэрэглэдэг бол Бангладешд ердөө л 57-хон килограмм ноогдож байлаа. (саяханы тооцоогоор) Газрын тосны ийм “хэнхэг” идэштэй улс орнуудыг тэжээдэг газар нь Иран, Ирак, Ливи, Сири, Египет гэхчилэн Африк тивийн хойт хэсэгт голдуу байрласан улс орнууд юм. Тэдгээрийн удирдлагууд сүүлийн үед яхирлах, хэдэрлэх, хатуу чихтэй болох гэхчилэн “зан” хувирч эхэлснээс болоод АНУ тэргүүтэй барууны орнуудын “араанд зуугдаж” дайны хөлд нэрвэгдсээр байгааг дэлхий даяар сонсож, мэдсээр цөөнгүй жил өнгөрлөө. Мөн чанартаа “хар цусны” (нефть) төлөө “улаан цус” урссаар байна. Тэгэхдээ ийм аргаар түр зуур “амь зогоох нь”, “төмөр морьтонгууд”, “дээсэн дөрөөтэй” болж байгаагийн шинж юм даа.
Дэлхий улс орнуудын эрчим хүчний зэвсэглэмж нь ганцхан нефтийн хангамж биш, бас нүүрс, газрын шатдаг хий, усан болон цөмийн цахилгаан үйлдвэрлэлээс хамааралтай болсон нь нэгд нөхөн сэргээгдэх чанаргүй, хоёрт, хөнөөл зардал ихтэй учир мөн л доголдох магадлал нь өссөөр байна. Анхдагч эрчим хүчний рессурсийн (нөөцийн) хэрэглээгээр дэлхий дахин 1971 онд нефть 47.9, нүүрс 30.9, байгалийн хий 18.4, цөмийн эрчим хүч 0.6, усан болон ахин сэргээгдэх эх үүсгэвэрийн эрчим хүч 2.2 хувь гэж тооцогдож байсан бол дөчин жилийн дараа энэ хувь ихэд буурч нефть 31.6, нүүрс 29.1, байгалийн хий 23.5, цөмийн эрчим хүч 6.1, усан болон ахин сэргээгдэх эх үүсвэрийн эрчим хүч 4.1 хувьтай болжээ.
Эдгээрийн эхний хоёрын (нефть, нүүрс) хувь нь ихээхэн буурч бусад гурвынх нь бага зэргээр өссөн байна. Хамгийн их өссөн гэхээр буюу 6 хувиар өссөн нь цөмийн боловч сүүлийн үед Японы цөмийн гал зуухны дэлбэрэлт нь нилээн сургамжтай юм болж болгоомжлолыг төрүүллээ. “Галгүй унтахгүйн” тулд улс орнууд тус бүрдээ бас дэлхий (хүн төрлөхтөн) бүхэлдээ эрчим хүчний балансаа бүтцийг нь, хэрэглээг нь эргэн харж хянан үзэх шаардлагатай болжээ гэж эрдэмтэд үзэж байгаа.
Монгол хүн “гал алдахгүйн” тулд “галаа манадаг”эртний уламжлалтай байлаа. Үүнийг эхнэр нь хариуцдаг. Харин нөхөр нь хэтээ цахиж галыг нь дүрэлзүүлж өгдөг байлаа. Гэвч “Чүдэнз” гээч юм буй болсноос хойш хэт цахиураа хаясан, бүр мартсан. Гэтэл одоо цахиурыг ашиглан нарны гэрлийг тосч эрчим хүч гаргах зай бүхий төхөөрөмжийг АНУ, Англи, Франц, Япон, Австри, Орост өргөн хэрэглэх боллоо. Монголчууд цахиураас оч үсэргэн хэт цахидаг байсан уламжлалтай ард түмэн тул энэ чиглэлээр залуучууд санаачлага гаргаж нэлээн ахицтай боллоо. Төр, засгаас харин хүчтэй дэмжлэг үзүүлбэл зохих юм.
Галд түлсэн нөхцөлд гал дээрээ хоол цайгаа чанах юмны гачаал бас л дэлхийн эдийн засагт тулгарчээ.
1984 оноос эхлэн дэлхийн газар тариаланд бууралт буй болж улаан буудайн ургац нь дэлхийн хүн амын хэрэглээг гүйцэхээ больсон. Учир нь, нэгд хүмүүс оноос эхлэн дэлхийн газар тариаланд бууралт буй болж улаан буудайн ургац нь дэлхийн хүн амын хэрэглээг гүйцэхээ больсон. Учир нь, нэгд хүмүүс буюу идэх амын тоо эрс нэмэгдсэн, хоёрт, дэлхийн улс орнуудын тариалалтын талбайн хөрс шороо нь хэтэрхий их талхиснаас болж бүрэн шимгүй болон тамирдсан зэргээс ургац буурсан байна. Бордоо гэж нэг түр зуурын тэнхрүүлэгч хэрэглэсээр байсан боловч яваандаа түүнийг ч шингээхэд хүнд болжээ. Ингээд талх, тарианы гачигдал дэлхийн олон орны эдийн засгийн доголдолын хоёрдох том шалтгаан болсоор байна.
“Мах байгаа биз дээ?” гэж монголчуудын нилээд нь гайхан асуух биз. Гэтэл үр тарианы хомсдол гарснаас хойш гурван жилийн дараа 1987 оноос дэлхийн хэмжээнд махны үйлдвэрлэл буурч эхэлсэн. “Муу дээр улцан нэмэр” гэгчээр мах ихтэй үхрийн аж ахуйг ихээхэн анхаарч 2000 он гэхэд үхрийн мах иддэг хүн амын дэлхийн хэмжээний жилийн хэрэглээ нь 40 килограмд хүрч байтал Англи улсаас эхлээд өрнөдөд үхрийн галзуу өвчин гарч хамаг үхрээ устгахаас өөр аргагүйд хүрснээр үхрийн мах бэлтгэхэд донтохоо болгоомжлоход хүрсэн юм. Түүнээс биш өмнөд Америкийн 10 хүн дутам 9 үхэр, Австралид хүн амаасаа үхрийн тоо нь 40 хувиар илүү болоод байсан бөгөөд нийт дэлхийн хэмжээнд нэг тэрбум 300 сая үхэртэй, гэхдээ 219 сая нь Энэтхэгт байх тул тэнд үхэр нядлахыг хорьдог хуультай билээ. Яагаад үхрийн галзуу гэдэг (BSF) өвчин гарсан бэ гэвэл үхрийг аль болох богино хугацаанд ихээхэн махлаг, өсгөлөн болгохын тулд тийм нөлөө үзүүлэх тэжээлээр ясны гурил шахаж, ашиг хонжоо хайж эхэлсний балгаар үхэр тэрнийг нь даалгүй галзуурсан хэрэг байлаа. Махны үйлдвэрлэл энэ мэт болон бусад шалтгаанаар буурсан боловч түүнийг нөхөх боломж өрнөдийнхөнд байлаа. Гэтэл 1989 оноос эхлэн загас болон далайн гаралтай хүнсний зүйлийн олзворлолт нь хүн амын хэрэгцээг хангах үзүүлэлтээрээ бас буурч эхэлжээ. Энэ нь хэрэглэгч буюу хүн амын өсөлттэй бас шууд холбоотой байлаа. Тэр үеэс эхлээд дэлхийн хүн амын өсөлт нь цаг дутам арван мянган хүнээр нэмэгддэг болжээ. Үүний дотор Ази, номхон далайн орнууд 2250, Энэтхэг улс 2000, Африк Өмнөд Сахаар 1900, Хятад улс 1500 хүүхдийг цаг тутамд төрүүлдэг болсон тооцоо гарчээ. Ингэж хурдан олширч буй хүн амын хүнсний хэрэглээ өсөхөөс арга байхгүй нь мэдээж юм. Гэтэл дэлхийн хүн амын дөнгөж тавны нэг хувь нь “хөгжингүй орнуудынх” байгаа ажээ. Үлдэх дөрвөн хувь нь дунд болоод ядуусын зэрэг олонхи байгаа хэрэг. Тэгвэл үйлдвэр хөгжсөн орнуудын хүн амын нэг хүнд оногдох орлого нь 20170 доллар, дунд зэргийн хөгжилтэй орнуудад бол 2220 доллар, ядуу гэгдсэн орнуудад бол 350 долларын орлого сард олддог байна. Тэгэх мөртлөө хүн амын өсөлт нь эсрэг буюу ядуу орнуудад мянган хүнд 31, дунд зэргийн орнуудад 13 хүүхэд төрдөг байна. Ядуу, хоцрогдсон орныхон болохоор олон хүүхэдтэй байдаг нь бас нэг оньсого мэт үзэгдэл юм.
Дэлхий дахины ерөнхий байдал ийм байхад манайх ямар билээ гэж бид эргэцүүлэн бодож, “толинд нүүрээ харах” шаардлагатай юм.
Урд хөрш Хятадтай харьцуулбал бидний монголчууд баян! Бид хэдийгээр гурван сая хүрэхгүй ам бүлтэй ч гэсэн нэг хүнд ноогдох малаараа, нэг хүнд ноогдох газар нутгаараа хятадуудаас хамаагүй баян хүмүүс!
Урд хөрш Хятадуудтай харьцуулбал Хятад улс дэлхийн тэргүүний орон, бидний улс дэлхийн ядуу буурай орон, Хятад улс Үндэстний баялгийн бүтээгдэхүүний нийт хэмжээгээрээ одоо дэлхийн тэргүүний орон болоод байна. Гэхдээ хүн амд ногдох үндэсний орлогын дундаж хэмжээгээр нь яривал хятадууд ядуу орны иргэд. Тэд ихэнхдээ 500 америк долларын хавьцаа орлоготой. Бид бол тэднээс баян хүмүүс, мянга гарантай цаасны орлоготой Улсын их хурлын гишүүд нь бараг тавин хувь нь “мянгат малчин”, ерэн хувь нь 100 саяас дээш хадгаламжтай гэж хэвлэлд гарчээ.
Бид газрын тос, хүрэн нүүрс (бензин гаргах) болон бусад баялгаа “авдар дотроосоо” шавхаагүй байгаагаараа баян.
Харин бид Хойт хөрш Оросын Холбооны улстай харьцуулбал нэг үзүүлэлтээр тэнцүүгийн хэмжээнд жаална. Хүн ам, газар зүйн харьцаагаар бол Оросын холбооны улс Монгол хоёрын коэффицент ижил юм. Гэхдээ нэг хүнд ноогдох малын тоогоор бол манайх баян. Гуравдахь хөрш болчихмоор Япон улсын тухайд бол Япон бүх түүхий эдээ бараг зуун хувь гадаадаас авдгийн хувьд ядуу орон. Монгол улс тэрэн шиг бараг л бүх хэрэгцээт юмаа гаднаас авдгийн хувьд япон гэсэн үг. Тэр ч байтугай дөч, тавиад сая малтай атлаа сүүг Өмнөд, хойш хөршөөсөө шингэн болоод хуурай хэлбэрээр нь зөөдөг болсоор удлаа. Түүнийг нь хэн хэрэглэдэг вэ гэвэл хүн амын тал хувь нь бөөгнөрсөн нийслэл хотынхон юм. Малчид бол сүү, цагаан идээ, махаар дутдаггүй. Малчдаараа сүү цагаан идээг нь бэлтгүүлэн суурин суугчдаа хангах төр засгийн бодлогын доголдолоос иймд хүрсээр буй. Малчдаасаа сүү цагаан идээг нь зах зээлийн үнээр шууд авахад нийслэлдээ зөөж авчрах сүлжээ байхгүй. Зөөгөөд ирлээ гэхэд сааль нь байгаад сав нь байхгүй, орчин үеийн хөлдөөгч, хөргөгч, бүхий зоорь, хадгаламжийн төвүүд байхгүй. Холоос зөөхөд одоогоор хүнд байгаа нөхцөлд Улаанбаатарын дагуулуудад саалийн болох үхэр, гахай, тахианы фермүүд байгуулан ажиллуулж бүтээгдэхүүнээр нь нийслэлийн удирдлагуудад иргэдээ хангах санаачлага, зүтгэл байдаггүй. “Толгойгүй” шахам ийм тогтолцооны балгаар 1996 онд сүү боловсруулах үйлдвэр 23 байснаа арван жилийн дараа (2005) гуравхан болсон (Сүү ХХК, Гум, Мон сүү) Арван таван саяд хүрссэн эх малаасаа нэг нэг литр сүү саахад л 15 сая литр сүү авч хотын хүн бүрт 4-5 литр сүү уулгах боломжтой. Гэвч манайх гадаадаас 28.6 сая литр хуурай сүү, 3.6 сая литр савлагдсан сүүг импортлож авч байна. Сүү боловсруулах үйлдвэрүүд маань нийт түүхий эдийнхээ 80 хувийг хятадаас авдаг болсон. Гэтэл Австри улс 1.6 сая саалийн үхэртэй (манайх 1.8 сая үнээтэй) атлаа дэлхийн зах зээлд сүү борлуулалтын 20 хувийг хангадаг. Ийнхүү бид өөрийн улсын нэгэн давуу тал болох малынхаа ашиг шимийг авч, ядаж өөрснийгөө тэжээхэд арчаагүйдсээр байна. Бусад давуу талын тухайд бол ярихад хүнд. Жишээ нь газар тариалан, арвай буудай, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнээр аль ч улсаас давуутайгаар иргэдээ хангах, иргэд өөрснөө баяжих бололцоотой. Гэтэл өчүүхэн ч гэсэн хөдөлмөр шаардагдахаас нь халширч өнөөх л бэлэнчлэх сэтгэлгээ, залхуу, хойрготоо “ захиргаадуулаад” ой модоо хяргаж, ан амьтнаа хядаж хил давуулан панзлах эсвэл бусад, харийнхныг гуйж царайчлан тэдний аманд унаж нефть, нүүрс, алт, гянт болдоо хямдхаан шиг нь ачуулсаар байна. Ийм арчаагүй, “толгойгүй” тогтолцоог өөрчлөхгүй бол бид ёстой л өнөөх “алт сандайлчихаад” ган дөрөөгөө зараад “дээсэн дөрөөнд” дүүжлэгдэхнээ.
Япон малгүй ч гэсэн өлбөрч үхэхгүй. Тэд гадаад далайн ёроолоос хоолоо олж иднэ. Бид малаар баян ч өлбөрч үхэхэд тун ч ойрхон. “Баян нэг шуурганаар баатар нэг сумаар” үгүйрдэг. Байгалийн эрхшээлд буй мал аж ахуй сансрын нэг л “шуурганаар” сүйрч болохыг саяхны (II сарын 18-ны) солирын бороо Орост учруулсан хохирол санамж өглөө. Хүн, малаа аврахын тулд ядаж крио банк (гүн хөлдөөсөн үрийн) буй болгохсон. Дэлхий дахин одоо эрчим хүчний, идэш тэжээлийн, экологийн гурван эрсдэлийн эсрэг “дээсэн дөрөөтэй” морь унаад явж байна шүү дээ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн Л.Түдэв
Холбоотой мэдээ
Comments are closed.