
УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй Л.Болд гэх энэ эрхэм Германд боловсрол эзэмшиж ирээд Монголын оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа ардчиллын төлөөх үйл хэрэгт оюутан залуусыг удирдан оролцож, улмаар АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан, шинэ үндсэн хуулийг батлалцсан түүх бий ч, түүнийг бизнесийн салбарт “торниж”, улстөрд орсон гэх нь илүү үндэслэлтэй. Учир нь 1993 онд дүү Л.Болдхуяг болоод найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар Бодь группыг үүсгэн байгуулж байсан бөгөөд тус групп нь өдгөө банк санхүү, даатгал, электроник, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, интернэт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, барилгын хөрөнгө оруулалт, үйлдвэр худалдаа, автомашины худалдаа, үйлчилгээ гэхчлэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 шахам охин компанийн эцэг болчихоод байна. Харин аварга том гэж тодотгоход болох эл “Бодь интернэшнл” группын хувьцааны 7896027 ширхэг буюу 33,34 хувь нь Л.Болд сайдын мэдлийнх бөгөөд Бодь группын охин компаниудын олонхи нь түүнийг улстөрд хөл тавьснаас нь хойш байгуулагдсан байдаг. Бизнесээс улс төрд орж, ормогцоо “цулайж” гүйцсэн энэ эрхэмтэй холбоотой хууль бус олон асуудал дэгдэж байсан ч тэгсгээд л намдчихдаг “уламжлалтай”. Албан тушаалыг эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө хэрхэн өөрт хэрэгцээтэй байдлаар ашиглахыг тэр маш сайн мэддэг, мэдэрдэг нэгэн. Түүний гар бие оролцсон “гэмт хэргүүд”-ээс дурьдвал тэрбээр Паркийн газрыг хувааж “идсэн” луйварчдын нэг. Түүнчлэн “МИАТ” компаний гуйварын хэрэгт нэр холбогдоод авсан. Мөн 2008 оны сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвшихдээ иргэдийн чихэн дээр цэцэг ургуулахыг хамгийн тодоор харуулсан бөгөөд амлалтандаа хүрээгүй ч өнгөрөгч 2012 оны сонгуулиар тус тойрогт дахин нэр дэвшихдээ иргэдэд их хэмжээний газар олгоно хэмээн амлаж байж арай гэж нэг юм саарал ордонд дахин заларсан. Мөн түүний үүсгэн байгуулсан “Бодь” группийн охин компаниудтай холбоотой олон таагүй асуудал гардагийн нэг нь “Улаанбаатар такси”-ны ажилчидтай холбоотой мэдээлэл. Энэ мэтчилэн эрхэм гишүүнтэй холбоотой олны хэл ам дагуулсан асуудал дуусахгүй үргэлжилсээр…
Хамгийн сүүлд л гэхэд хойд солонгост байлдааны онгоцны мотор “шахсан” хэрэгт түүний нэр дахиад л холбогдов. Энэ талаар эх сурвалжийн өгүүлж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалтын үед Хойд Солонгосын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо “Танай батлан хамгаалах яамны дарга нар бидэнд “Миг-21” сөнөөгч онгоцны моторыг худалдана гэж урьдчилгаа болгож 1.8 сая доллар авчихаад таг болчихсон. Мөнгөө олж авмаар байна” хэмээн мэдэгджээ. Энэ хэргийн мөрөөр холбогдох байгууллагууд сэжигтнүүдийг тогтоосон байна.
Уг шалгалтын явцад тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Лу.Болдын санаачилгаар Монгол Улс Оросын холбооны улсаас Миг-29 загварын байлдааны онгоцууд худалдаж авахаар болсон нь тогтоогджээ. Шинэ онгоцтой болох сургаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлага хөдөлгөөнд орж, өмнө ашиглаж байсан Миг-21 онгоцуудаа “Ашиглалтаас гарсан” гэж акт үйлдүүлсэн гэнэ. Ингээд 20 гаруй хуучин онгоцуудыг хувааж, Хятад руу төмрийн хаягдал ачуулах нэрээр 2010 оны арваннэгдүгээр сард Налайх дүүрэгт байрладаг, төмөр хайлуулах “Металл опт” гэж компанийн хашаанд хүнд даацын машинаар ачиж авчран моторыг салгаж, их биеийг тайрч тавьжээ. “Металл опт” компанийн хөрөнгө оруулагчид нь хятадын иргэд гэх мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Моторыг салгах, зөөх ажилд БХЯ-ны харъяа “Транс сэргэлт” компанийн ажилчдыг оролцуулсан байна. Энэ ажил чимээ шуугиангүй өнгөрч чадсангүй, Баянзүрх дүүргийн нэгэн айлын хашаанд цөөн онгоцны моторыг тусгайлж хадгалсан гэсэн мэдээлэл тархсан нь зарах, дахин ашиглах боломжтой моторуудыг ялгаж тавьсан хэрэг байх магадлатай аж.
Гэтэл дээрх байдлыг мэдсэн ОХУ-ын аюулаас хамгаалах албанаас манай БХЯ-ны удирдлагад хандан, БНМАУ-ын Зэвсэгт хүчин, ЗХУ-ын Зэвсэгт хүчний хооронд 1979 онд байгуулсан гэрээг сануулж, Хойд Солонгост байлдааны онгоцны мотор шилжүүлэх гэж байгааг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 1979 оны гэрээ ёсоор бол Монгол Улс, Оросоос авсан байлдааны зэвсэг, техникийг ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй байх үүрэг хүлээсэн байдаг байна.
Байлдааны онгоцуудыг задалж, төмрийг нь ашиглахад хүрвэл Оросын мэргэжлийн байгууллагуудаас “зөвшөөрөл авах ёстойг” уг гэрээнд хатуу заасан байв. Бүр задлах явцад Оросоос мэргэжлийн хүмүүс ирж, өөрсдөө задлахаар журамласан байна. Үүнээс болж МИГ-21 онгоцны моторуудыг БНАСАУ-д худалдах явц зогсчээ. Тиймээс бараагаа хүлээн авч чадаагүй Хойд солонгосчууд удаа дараа манай улсад хандсан гэнэ. Гомдол гаргах болсон гол шалтгаан нь Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болон БХЯ-ны удирдах албан тушаалтнууд Хойд Солонгосоос орж ирсэн 1.8 сая долларыг буцааж өгч чадахгүй, тодорхойгүй хугацаагаар бариад байсанд оршино. Хэрвээ солонгосчуудын урьдчилгаанд өгсөн мөнгийг тэр дор нь буцаачихсан бол энэ хэргийг хэн ч мэдэхгүй өнгөрөх боломж бүрэн байжээ. Ямар ч байсан Т.Дашдэлэг их хэмжээний урьдчилгаа мөнгө авч, С.Нацагдорж, Ж.Бямбаноров нарын дансанд байршуулсан гэх мэдээлэл байна. Ж.Бямбаноровыг Ардын намын талаас тавьсан бололтой юм. Харин С.Нацагдоржийг Батлан Хамгаалахын сайд асан Лу.Болд Ж.Бямбаноровын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар энэ ажилд татан оролцуулсан байх магадлалтай. Учир нь Лу.Болд С.Нацагдорж гэгчтэй олон жил хамтран ажиллаж байсан юм. БНАСАУ-тай хийх гэж байсан байлдааны онгоцны моторын наймаанд С.Нацагдорж татагдан оролцсон гэдэг нь “Лу.Болд энэ хэрэгт холбоотой байж таараа” гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа билээ. Иргэд хардах эрхтэй, хэвлэл дэлгэх зориулалттай, хуулийнхан хардлагыг шалгаж мухарлах үүрэгтэй. Сэжигт өртөж байгаа албан тушаалтнууд ч гэсэн иргэдийн хардлагыг хүлээн авч, тайлах ёс зүйтэй байх учиртай. Ямартайч Хойд Солонгост зарах гэж байсан байлдааны онгоцны моторын асуудалд тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болдыг холбоотой хэмээх хардлага олон нийтийн дунд байгаа учир АТГ энэ хэргийг эргэн шалгах нь зүйтэй юм.
Г.Нурмаа www.uls.mn
7 Comments