Өдөр тутмын нэгэн сонинд МАХН-ын дарга Н.Энхбаяр долоон нүүр дамнасан томоохон ярилцлага өгчээ. Түүний ярианы гол сэдэв Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байв. “Ц.Нямдорж мартамхай болсон. Би байгаа цагт түүний мартсан бүхнийг сануулах болно” гэж ам гарсан байна. Мөн тэрээр Ерөнхий сайд С.Батболд, У.Хүрэлсүх хоёртой ямар холбоотой байгааг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад “Би хэнтэй ч харьцахдаа үүдээ хааж түгждэггүй” гэжээ. Энэ ярилцлагыг анзаарч уншвал Н.Энхбаяр сайн “бөгс долоогчоо” ч нэрлэжээ. Түүнчлэн улс төрийн намуудын “улирал”, Оюу толгойн гэрээ болон гэр бүлийнхээ талаар ярьсан байна. Түүний ярилцлагын хэсгээс тоймлон хүргэе.
Түүний үзэж буйгаар шинэ нам МАХН улс төрийн хавартайгаа золгож байгаа ажээ.
Харин “МАН-АН”-ынхан ард түмнээ хууран мэхэлж, гишүүдээ албан тушаалаар нь барьцаалж, айлган сүрдүүлэн өөрсдөө албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаа удирдлагынх нь хувьд нүүр амаа яаж ч татуулаад, ямар ч оо энгэсэг түрхээд, уран үгээр донгодон, нус нулимсаа дуслуулаад улс төрийн намар, өвөл нь ирчихсэн” гэжээ. Иймээс улс төрийн хавартайгаа золгож буй МАХН “Монгол Улсаа хөгжүүлэх, монгол хүнээ ажилтай, орлоготой болгох, өрх бүрийг бүрэн бүтэн амьдралтай байлгах нийтлэг зорилготой, нэгдмэл цул монгол үндэстэн болгох асуудлуудыг бодож эхэлсэн гэнэ. Энэ эрхэм зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө нэгдэх бат бэх эвсэл байгуулах зөв гарцыг олж харсан. Тэр нь М.Энхсайхантай нэгдсэн нэгдэл. Энэ нэгдлээс “МАН-АН”-ын удирдлага эрх мэдлээ алдах вий гэхээс үнхэлцгээ хагартал айж байгаа” хэмээн омогшиж байгаагаа нуулгүй хариулжээ. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх” гэдэг үгийг Н.Энхбаяр иш татан “МАН-АН” сарниж, шударга ёсны хөх тэнгэр цэлмэнэ гэдэгт итгэж буй ажээ.
Тэрбээр цааш нь ярихдаа …”Ардын намаас МАХН нэрийг авахад хүчин зүтгэж явсан С.Молор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар холдсон шалтгааныг “Эхлээд улс орныхоо төлөө хамтран зүтгэнэ гэж олон хүн хэлдэг. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд уул хүлээж авах хүнээ ялгадагтай адил улс төр хүмүүсийг ялгаад өгдөг. Нэг харахад нийлээд хамтраад байгаа юм шиг, дахин харахад алга болчихсон, зүг чигээ алдаад “төөрчихсөн”. Улс төрийн өндөр “уул” өөд өгсөх биш, харин “уул”-аас уруудаж байх жишээтэй. Эсвэл нэг, нэгээрээ уул өөд зүтгэж байгаад осолддог аюул ч бий. Багийнхнаа “орхиж”, өөрөө ганцаараа “амь гарах” гэж ч оролдоно. Улс төрд ч ийм юм гарна. Уг нь өндөр ууланд багаараа л гарна, их улс төрд багаараа л зүтгэнэ. Харин өндөр ууланд гарна, их улс төрд орно, зүтгэнэ гэж байснаа янз бүрийн шалтгаанаар гарч, орж чадаагүй бол элдвийн худал шалтаг хэлэх хэрэггүй. Хамтран зүтгэсэн хүмүүсээ гүтгэн доромжлох бол бүр цээртэй байх учиртай. “М.Энхсайхантай хамтарсан нь” гэдэг бол бас л нэг шалтаг. “Энхбаяр, Энхсайхан” бол тийм хүмүүст зорилгоосоо няцсаных нь, урваж шарвасных нь, мэдэхгүй чадахгүйнх нь нэг ёсны “амьд гэрч” нар байдаг” хэмээн тайлбарлажээ.
ШУУД ХЭЛЬЕ “БӨГС ДОЛООГЧИД”-ЫГ ТАНЬЖ БАЙХ НЬ ХАА ХААНАА ХЭРЭГТЭЙ
Урваж шарвасан нөхдийнхөө дараачаас бөгс долоогч нарын тухай хүүрнэсэн байна. …”Хамгийн сайн “бөгс долоогч” гэж хэн бэ. Түүнийг яаж таньж тодруулах вэ” гэж сэтгүүлчид асуух дуртай байдаг. Шуудхан хэлье. Тэгээд ч “бөгс долоогчид”-ыг таньж байх нь хаана хаанаа хэрэгтэй. Ард түмэнд ч, сэтгүүлчдэд ч. Урьд өмнө миний шууд дэмжлэгтэйгээр, удирдлага дор, нөмөрт ажиллаж байсан, өнөөдөр зүв зүгээр байж байгаад, урдах ажлаа сайн хийж чадахгүй мөртлөө гэнэт утга учиргүй над руу дайрч давшилж байгаа хүн бол “хамгийн сайн бөгс долоогч байсан этгээд” гээд ойлгочих. Тэгээд өөрсдөө тодруул. Амархан. Тэгэхлээр ийм урвалтыг ярих нь, яриад зогсохгүй ард түмэндээ ойлгуулж жигшүүлэх нь сонгууль шударга явуулахын, ард түмнээсээ айж ичдэг, түүнд үйлчилдэг шударга төр тогтоохын үндсийн нэг хэмээн болгоомжлуулсан байна.
НУТГИЙН ХОЁР НӨХРИЙН БАЙГУУЛСАН ЖИЖИГ “МАН-АН”
Ц.Нямдоржийн тухайд тэрбээр … “Наанаа шударга дүр эсгэж, цаанаа өөрийнхөө өшөө хонзонд хөтлөгдөж, бусдын “гар хөл болж”, намайг “МАН-АН”-ын эсрэг тэмцэж байгаа учир, ялангуяа “МАН”-ын зарим удирдлагын нэр хүнд унаж, түүнийг дагаж намын нэр хүнд тасралтгүй доошилж буйг зогсоох “мэргэн” арга бол хамгийн эхлээд МАХН-ын нэр хүндийг унагаах, ингэхийн тулд түүний дарга болох Энхбаярыг хэрэг төвөгт холбогдуулах явдал мөн гэж бодож, улайрч байгаагийн нотолгоо. Өөр юу ч биш. Ардчилангуйлагчдын тархи толгой ингэж л “ажилладаг”.
Өшөө хонзон өвөрлөгчид улс төрийн зорилгоор гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байгаа байхгүй юу. Цагдаа Ц.Нямдоржийн, Прокурор Д.Дорлигжавын мэдэлд байгаа. Ц.Нямдорж бол “МАН”, Д.Дорлигжав бол “АН” гэдгийг бүгд ойлгож байгаа шүү дээ. Нийлээд “МАН-АН” мөн биз дээ. Гэхдээ энэ хоёр бол бүр “МАН-АН” бий болохоос өмнө хоорондоо нарийн холбоотой болсныг улс төр гадарладаг хүн бүр мэддэг. Нэг нутгийн хоёр нөхрийн байгуулсан жижиг “ман-ан” гэх юм уу даа. Тэр тусмаа би бол бүр сайн мэднэ. Энэ тухай янз бүрийн нөхцөлд өөрсдөө надад ний нуугүй хэлж, ярьж байсныг нь ч санаж байна. Өөрсдөө мартаагүй байлгүй. Ц.Нямдорж лав их юм “мартдаг” болчихсон байна лээ. Яахав би байгаа цагт юу ярьж, хийж байсныг нь байнга сануулах хүн байна гэсэн үг” хэмээжээ. Мөн “Улаанбаатар таймс”-ын хувьчлал гэсэн асуудлыг шалгаж байгаа нэрийдлээр надтай ажил төрлийн холбоотой хүмүүс, эхнэр, хүүхэд, дүү нарыг хүртэл их “сонирхох” биш, бүр “оролдож” байгаа. “МАН-АН”-ы эсрэг, шударга ёсны төлөө тэмцлээ гэж “айлгах” гэж байгаа юм байлгүй дээ. Би буруу юм хийгээгүй учир юу гэж айх вэ”…
…”Ц.Нямдорж сайд Дээд шүүх МАХН-ыг бүртгэснийг буруушааж нэлээд бухимдсан. Нөгөө л “сурсан зангаараа” улстөрч хүний хувьд эхлээд дотроо улс төрийн шийдвэр гаргачихаад Дээд шүүхэд тулгаж байгаагийн жишээ. Дээд шүүхийн ажлыг Ц.Нямдорж биш, Дээд шүүх л хийх ёстой… Тэгж яривал МАХН хэмээх нэрийг МАН гэдэг нэрээр сольсон шүү дээ. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш судалбал МАН гэдэг нэртэй нам байсан байна. Харин нэр солиход МАН гэдэг нэртэй нам Дээд шүүхийн бүртгэлд байхгүй байсан учир МАН нэрийг бүртгэжээ. Яг түүнтэй ижил МАХН гэдэг нэрийг бүртгүүлэхэд МАХН гэдэг нэртэй нам Дээд шүүхийн бүртгэлд байгаагүй. Ийм ойлгомжтой байсаар байтал МАХН-ыг бүртгүүлэхгүй гэж Нямдоржтонгууд ямар их улайрав аа”…
…”Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад томилогдсон шүүгчид МАХН-ны нэрийг өгөх шийдвэр гаргалаа гэж УИХ-ын гишүүн Д.Энхбат хэлсэн гэх асуултад
“…Цэвэр гүжирдлэг. Юм ярих гээд байгаа бол тодорхой баримтад тулгуурлаж ярих хэрэгтэй. Би тэгж хэлснийг нь сонсоод ямар шүүгчдийн тухай яриад байгаа юм бол гээд сонирхсон чинь нэг нь П.Очирбат гуайн үед, нөгөө нь Н.Багабанди гуайн үед, гурав дахь нь миний үед томилогдсон шүүгчид байна лээ. Тэгэхлээр ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ. Ер нь шүүгчид асуудал шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж буйг улстөржүүлэх хэрэггүй. Энэ бол ойлгомжтой асуудал”…
МИНИЙ ХАМГИЙН ИХ ГАЙХАЖ ДОТРОО ХАРАМССАН ЗҮЙЛ
…”УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа миний хамгийн их гайхаж, бас дотроо харамссан зүйл бол тэр үеийн МАХН-ын гишүүд нөгөө АН-ыг улс төржиж, намчирхаж хүмүүсийг ажилд томилдог, өмч хувьчлалыг явуулахдаа улс төрийн бодлого хавчуулдаг гэх зэргээр шүүмжилдэг байснаа өөрсдөө миний сонгуульд тусалсан ийм хүнийг тийм албан тушаалд томилмоор байна. АН-ын гишүүд хөрөнгө мөнгөтэй болж баяжсан, одоо бид хөрөнгө мөнгөтэй болох хэрэгтэй байна гэх зэргээр ярьж эхэлсэн. Би эхлээд тэгж өөрчлөгдсөнийг нь хараад гайхсан, эсэргүүцсэн. Гэхдээ манай улс төрийн тогтолцоо бол эрх баригчид үүрэг хүлээхээс илүү эрх эдэлдэг буруу тогтолцоо байдаг тул эрх мэдэлтэй олон хүн, тэдний цаана байгаа, албан тушаал горилсон бүр олон хүний саналыг буруу гэж бодсон ч нэг хүн хэдийгээр өндөр албан тушаалтан ч хэр удаан эсэргүүцэхэв дээ. Тогтолцоогоо бүхлээр нь шинэчилж өөрчлөөгүй цагт тэр олон хүний улайран зүтгэсэн байдалтай “эвлэрэх”-ээс өөр аргагүй болно. Би ч нэлээд эсэргүүцэж, байгаад сүүлд нь хүчрэхээ болиод тэр олон эрх мэдэлтнүүдийн ард нь байгаа хүмүүсийг ажил төрөлтэй, амьдралтай болгох ажлыг хийсэн дээ. Тэгэхийн тулд дор хаяхад өөр намын хүмүүсийг ажлаас нь өөрчлөх шаардлага гарна. Миний өмнө ч, дараа нь ч намын дарга нар тийм л маягаар ажилласан. Өөрсдийгөө зөвтгөхийн тулд чи ч бас тэгсэн, та нар ч бас тэгсэн шүү дээ гэж алдсанаа зөвтгөнө. Эцэст нь хамаг муу нэрийг нь намын дарга л үүрнэ” хэмээн өөрийгөө зөвтгөн ярьсан байна.Түүнчлэн “Уг нь ардчилал бол алдсанаа засдаг тогтолцоо байх ёстой. Алдсанаа бусдын алдсантай барьцаж давтана гэдэг бол яваандаа ардчилангуйллыг бий болгоно гэсэн үг” хэмээн сануулаад.
…Гэхдээ алдаа дутагдал засах ажил дан ганц нэг албан тушаалтны хүсэл, эрмэлзлээс шалтгаалахгүй. Бусад албан тушаалтнууд үүрэг даалгавраа биелүүлж, хууль тогтоомжийг баримталбал сайн үр дүн гарна. Эс тэгвээс хагас дутуу үр дүн гарна. Тухайлбал, Таван толгойн ордыг бүхлээр нь 100 хувь төрд буцааж авах тухай санаачилга гаргаж, Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Харамсалтай нь энэ үүргийг Засгийн газар бүрэн биелүүлээгүй. Тийм учир Таван толгойн асуудал өнөөг хүртэл хэл ам таталсан хэвээр байна. Мөн Төрийн албыг намын харьяалалгүй болгох зарчмын дагуу Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх ажлыг санаачилсан гэхчлэн олон жишээг хэлж болно” гэжээ.
ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТУХАЙД
… Оюу толгойн гэрээ бол Монголд ашиггүй гэрээ болсон. Оюутолгойн орд бол Монголын ард түмний баялаг. Үндсэн хуульд тэгэж заасан байгаа. Өөрийнхөө баялагийн өөрт ногдох хувийг зээлээр авч байгаа. Эрүүл саруул хүн ойлгохооргүй утгагүй юм болж байгаа биз. Дээр нь өөрт ногдох хувийн дагуу хөрөнгө оруулалтын үүрэг хүлээнэ. Монголын тал дандаа үүрэг хүлээнэ. Эрх бараг байхгүй. Өөрт ногдсон үүргийн дагуу хөрөнгө оруулж чадахгүй бол нөгөө тал манай талын өмнөөс хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөө дахин зээл болгож бичнэ. Жилийн бүр 7-8 хувийн хүүтэй зээл шүү. Одоогийн байдлаар өөрт ногдож буй хувийг худалдаж авах зээл дээр нэмж 1,7 тэрбум ам. доллартай тэнцэх, жилийн 7-8 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл тооцогдож эхэлсэн байгаа. Өдөр бүр унтаад босоход 300 гаруй мянган ам.доллар орчим зээлийн кассны машин эргэж байна гэсэн үг. Оюутолгойн төсөл эхэлсэн биш Монгол Улс өрөнд баригдаж байгаа. Улс ч гэж дээ, ард түмэн л татвараараа улсын зээлийг төлнө шүү дээ. Тэгэхлээр ард түмний өрийн ачаа нэмэгдэн хүндэрч байна гэсэн үг. Зүй нь эх орон, ард түмнээ бодсон бол Оюутолгойн гэрээг хийхдээ эхний шатанд манайх тодорхой хувийг үнэгүй авахаар тохирох ёстой байсан.
…Тэр үед би ганцхан Фрийдландаар зогсохгүй гадаадын төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, томоохон компанийнхан, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчдөд нэг чухал зарчмыг буюу Оюутолгойн ордод Монголын талын хувь 51 хувиас доошгүй байх, эсвэл болох ёстой тухай нэг бус удаа хэлж байсан. Энэ тухай саяхан Викилийкс дээр гарсан байна лээ. Нэг ёсны миний өнөөгийн үг худлаа биш гэдгийн баталгаа. Тэр үед та өөрөө юу хийж байсан бэ гэсэн асуултад би “Монголын талын эрх ашгийг бодож ажиллаж байсан” гэж нүүр бардам хариулах эрхийн баталгаа. Ерөнхийдөө олон дахин ярьж тайлбарлаж байсан учир аль аль нь миний баримталж байсан байр суурийг амаар хүлээн зөвшөөрөх байдалтай болсон байсан…
Б.ХУРЦТАЙ УУЛЗАХААР ОЧСОН Ч БҮТЭЛГҮЙТСЭН
…”Би өмнө нь Б.Хурцын тухай асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Б.Хурцыг Монголд авчрахын тулд төр, засаг идэвхи санаачилгатай ажиллах хэрэгтэй гэж. Тухайн үед гаргасан ГХЯ-ны мэдэгдэл гэгч нь Б.Хурцын асуудлыг зөв зүйтэй зохицуулахад тус болсон биш, харин хүндрүүлэхэд нэрмээс болсон. Б.Хурц улс орондоо буцаж ирсэн нь сайн хэрэг. Би хавар, зуны зааг дээр Англи руу явахдаа Б.Хурцыг эргэе, сэтгэлийнх нь хүч тэнхээг нэмэгдүүлж, зоригжуулсан үг хэлье гэж бодсон. Албан ёсоор уулзах хүсэлт тавьсан. Манайд хаврын улиралд цаг агаар тогтворгүй байдаг тул онгоц нисэлгүй бүтэн хоногоор саатаж, би Лондонд уулзахаар тогтсон өдөр, цагаасаа хоцорсон. Уулзах хүсэлтийг Элчин сайдаар дамжуулан дахин тавьсан боловч яагаад ч юм бэ, бүтээгүй. Лондонд байх хугацаа богино байсантай холбоотой биз ээ” хэмээжээ.
Ярилцлагынхаа төгсгөлд “25 жилийн өмнө О.Цолмон бид хоёр учирсан. Гэр бүл болоод дөрвөн хүүхэдтэй болжээ. Энэ боловсролтой, удам угсаа сайнтай бүсгүй миний заяаны хань байжээ гэж бодоход сайхан шүү. Миний алдаанууд минийх, амжилтууд О.Цолмонгийнх гэж хэлж болно…
Би өнөө өглөө О.Цолмонгийн чанасан цай уугаад ажил дээрээ ирж байна шүү дээ” хэмээн эхнэрээсээ салаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Г.ЯЛГУУН
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
Comments are closed.