Улсын нууц задруулсан, гадаадын тагнуулын байгууллагад элссэн хэмээн буруутгагдсан хурандаа Б.Нямхандыг шүүхээс цагаатгасанд олон хүний эгдүүцэл хүрээд байгаа.
Түүнийг хятадуудад нууц бичиг баримт дамжуулаагүй, гадаадын тусгай албатай хамтарч ажиллаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл манай нууцын зэрэглэлд байдаг тагнуулчид В.Нямхандыг гүтгэсэн болж таараад байх шиг байна.
Ер нь нийгэм даяар дуулиан тарьж байсан хэргүүдэд эцэст нь буруутан байхгүй болчихдог нь Монголын хууль, хяналтынхны чадвар улстөрийн сонирхолтой холбоотой гэхэд дэгсэдсэн болохгүй.
Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга байхдаа В.Нямхандыг анх Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн орлогч даргаар томилж байжээ. Тус байгууллагад гурван жил хамт ажилласны эцэст Б.Хурцыг ажлаасаа гарахад В.Нямханд хамт гарсан аж.
Тухайлбал 2011 оноос хойш шалгагдсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан, хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг өмнө нь гурван ч удаа мөрдөн байцаалтад буцааж байсан. Гэтэл уг хэргийг гэнэт хэрэгсэхгүй болгосон нь олны анхаарлыг маш ихээр татаж байна.
Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн талаар Нийслэлийн шүүхээс мэдээлэхдээ “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан” гэх тайлбар хийсэн. Тэгэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэрэг бүхэл бүтэн хоёр жилийн турш шалгагдаж, гурван удаа мөрдөн байцаалтад буцаж байсан болж таарах нь.
Уг хэрэгт анх Нийслэлийн прокурорын орлогч асан Е.Сагсай хяналт тавьж хоёр жилийн турш шалгасан. Тэгэхдээ хоёр зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Тодруулбал, В.Нямхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.2 буюу “Төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэн хариуцсан төлөөлөгч задруулсан” гэх үндэслэлээр буруутган шалгаж байжээ.
Харин хавтаст хэргийг шалгах явцад хэргийн зүйлчлэл өөрчлөгдөн, “эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагад улсын нууц баримт материал дамжуулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-д зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон” гэсэн зүйл ангиар буруутгасан байдаг. Тиймээс В.Нямхандад 16-25 жилийн ял төлөвлөөд байжээ.
Үүнээс гадна бараг гурван жилийн турш хууль, хяналтын байгууллагад В.Нямхандыг ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршид дамжуулж 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон хэргээр шалгасан гэж хэвлэлээр шуугиж байв.
Гэтэл Е.Сагсайгийн дараа томилогдсон прокурор ганцхан сарын дотор хэрэгтэй танилцаж, шүүхээр шийдвэрлүүлэн, бүр хэрэгсэхгүй болгож цагаатгуулсан нь олон хүнд хардлага төрүүлж байна.
Өнгөрсөн сард Е.Сагсайг Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурорын албан тушаалд томилсон. Учир мэдэх хүмүүс, Е.Сагсайг өөрийн хүсэлтээр уг албан тушаалд очсон гэх ч хяналт тавьж байсан хэргүүдээсээ болж албан тушаал буурсан гэдэг юм билээ.
Гэтэл үнэндээ В.Нямхандын хэргээс болж тушаал буурсныг эх сурвалж өгүүлэв. Үүнийг нь хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан эл хэрэг өөр прокурорт шилжээд ганцхан сарын дотор шийдэгдэж байгаа нь нотолсон гэхэд болно. Тэгэхээр Е.Сагсай В.Нямхандын хэргээс болж албан тушаал буурсан гэх мэдээлэл үндэслэлгүй биш бололтой.
Түүнийг уг албан тушаалаас нь бууруулснаар В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгосонд олонд нэртэй хуульчид хүртэл гайхаж байсан юм. Ер нь цагаан захтнуудын хэрэг ингэж л замхардаг.
Зөвхөн энэ хэрэг ч бус эх орноосоо урвасан, төрийн нууцыг задруулсан, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх ноцтой нэг бус хэргийг Тагнуулын Ерөнхий газарт шалгаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй нэлээд хэдэн хэрэг байдаг.
Тухайлбал хоёр жилийн өмнө УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр 17 жил хорих ял оноосон. Гэсэн ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэж, “Эх орноосоо урваагүй” гэж үзэн, ялыг нь таван жил болгож хөнгөрүүлсэн юм. Ингээд Ц.Жаргалсайхан ШШГЕГ-ын харьяа Амгалангийн хорих буюу 421 дүгээр ангид ял эдэлж байгаад өнгөрсөн наймдугаар сард магадлангаар суллагдсан.
Энэ мэт хэргүүдээс үзэхэд Монголын хуульчид хэрэг илрүүлэх боломж нөхцөлгүй гэж бодогдмоор. Нөгөө талаар тагнуулынхан хүмүүст зохиомол хэрэг тулгаж, ялладаг байх гэж хардмаар санагдаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2013 9:16:50 am )
iim hogiin yum bitgii hiigeecnee
-
Anonymous (March 19, 2013 10:24:43 am )
yana hun bas enhbayar eronhiilogchig bas helmegduulj yalasan shu de hariutslaga tootsdogui um baih da
-
Anonymous (March 19, 2013 12:01:19 pm )
Нэр төрөө сэргээлгэхгүй бол хүнийг гэмт хэрэгт гүтгэгчид энэ мэтээр цааш хэлмэгдүүлсээн байх юм байна даа Нямхандаа
-
Anonymous (March 19, 2013 12:35:49 pm )
Hereg yysgesen huuliin zaaltuud n yneheer noctoi um,Sagsai prokuror tailbar ugehgyi l baih daa??
-
Anonymous (March 19, 2013 4:35:35 pm )
nyamhand. ug n dajgui zaluu shde. hudlaa bhoo
-
Anonymous (March 20, 2013 5:04:55 pm )
hyatadiin tal tagnuulchaa yal shiitgelgui gargaj chadlaa. hyataduudad bayar hurgie mongol uls hyatadiin medeld orjee.
-
Anonymous (March 21, 2013 11:51:06 am )
Sagsai shudarga hun shig sanagddag. Shantralgui urgusun tangaragtaa unench l yavaarai.
7 Comments