“Суруга Монгол” компанийн захирал, Япон улсын иргэн, 67 настай Цүнэяки Хараг нэр нөлөө бүхий улстөрчид болон бизнесменүүдийн явуулгаар хар тамхины хэрэгт гүтгэн шоронд илгээх гэж байжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард түүнийг манай улсын хууль хяналтын байгууллагаас хар тамхи хэрэглэсэн гэж саатуулсан. Энэ хэрэг тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан юм. Болсон явдлыг тодруулбал, Цүнэяки Хараг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Палас” зочид буудалд мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай байхад нь цагдаа нар илрүүлэн саатуулсан.
Хамгийн гол энэ төрлийн хэргийг нуун дарагдуулдаг байтал олон нийтэд тун сүржнээр тайлбарлан, мэдээлсэн юм. Тухайн үед Цүнэяки Харагаас цусны шинжилгээ авсан бөгөөд хариу нь сөрөг гарсан гэж хуулийнхан мэдээлж байсан.
Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192.3-т зааснаар “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан” гэж буруутган, эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.
Энэ хэргийн улмаас “Суруга Монгол” компанийн зүгээс “Япон улсад “Суруга” корпорацийн нэр хүндийг зориудаар унагах ажил явагдаж байгаа нь энд ч мэдрэгдэж эхэллээ. Манай захирал зүгээр л ажлаа хийж байгаа.
Түүнээс гадуур шуугиад байгаа шиг хэрэг тарьж, хоригдсон зүйл байхгүй. Хэн нэгэн хүн захирлын нэр хүндэд халдаж байна. Үүнийг олох хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан. Гэтэл үүнийг тэр үед тоож анзаараагүй. Тэгээд ч компанийн зүгээс хийсэн мэдэгдэл үнэний ортой байж мэдэх хэд, хэдэн үндэслэл бий аж.
Тухайлбал, “Суруга Монгол” компанийн эзэмшилд байдаг, Туул голын эрэг орчмын газар томоохон бизнесмэн, улстөрчдийн хорхойг хэдийнээс хөдөлгөж байжээ. Энэ газарт “Japan Town” хороолол боссон. Хүмүүсийн эрэлт, хэрэгцээнд тун тохирсон, дажгүй, тав тухтай энэ хороолол “Суруга Монгол” компанид ихээхэн ашиг оруулсан.
Үүний дараа энэ компани Богд уулын хормой, Туул голын хөвөөнд “Дөрвөн уулын цэцэрлэг” хороолол босгосон нь улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхний эгдүүцлийг хүргэж, атаархлын салхи сэвэлзүүлсэн гэдэг.
Чухам энэ үеэс л “Суруга Монгол”-ын эзэмшлийн газар эрх мэдэлтнүүдийн овоо хараанд өртөж, Цүнэяки Хараг элдвээр оролдон, шоронд илгээх шахсан нь энэ. Харин Цүнэяки Харагийн гэм буруугүйг шүүхээс тогтоосон байдаг.
Хамгийн гол нь “Суруга Монгол”-ын “ Japan Tawn” төсөл дуусаагүй. “Дөрвөн уулын цэцэрлэг” нэрээр орон сууцны том хороолол босгохоор хөрөнгө оруулалт нь батлагдсан байдаг аж. Харин дээрх явдлаас болж Япон дахь “Суруга” корпораци хөрөнгө оруулалтаа татах байх гэсэн таамаглал томчуудын дунд хөвөрч явсан гэдэг.
Бидний олж авсан мэдээллээр “Суруга Монгол”-ын “Нархан хотхон”-ы хажууханд байрлах загварын байрны талбайг манай нэр, нөлөө бүхий бизнесмэн авч, барилга босгож байгаа аж. Гэтэл энэ газар “Суруга Монгол”-ын нэр дээр өдгөө ч байсаар байгаа аж.
Гэхдээ япончууд энэ асуудалд анхаарлаа хандуулаагүй. Харин Цүнэяки Хараг зочид буудалд байхад цагдаа нар цаг болзсон мэт орж ирсэн, зохиомлоор хэрэг үүсгэсэн зэргийн учрыг олохыг хүсч байгаа гэсэн.
Хамгийн гол нь тэр үед Цүнэяки Харагийн буруугүй гэдгийг шүүх тогтоогоогүй бол хам хэрэгтэн гэж баривчлагдсэн таван монгол залууд Эрүүгийн хуулийн 192.3.5-д зааснаар “урьдчилан үгсэн тохиролцсон буюу зохион байгуулалттай гэмт бүлэглэл” гэх зүйл ангиар хэрэг үүсгэж, 10-15 жилийн ял сонсгох байсан юм билээ.
“Суруга Монгол”-ыг гадаадын хөрөнгө оруулалттай гэдгээр нь “ад үзэж” болох ч эцсийн дүнд газрын наймаа, барилгын салбарын нэр хүнд унахад хамгийн их нөлөө үзүүлсэн нөхөд нь монголчууд гэдгийг хэн ч хэлнэ. Цүнэяки Хараг ялд унагааж, санаархаж байсан газраа авсан бол тэнд орон сууцны хороолол босох байсан нь эргэлзээтэй.
Ямартай ч Хан-Уул дүүргийн шүүхийнхэн хэргийн үнэн зөвийг олж түүний буруугүй гэдгийг нотолсонд тус компанийн олон мянган захиалагчид “биднийг эрсдлээс аварлаа” хэмээн их л баяртай байсан гэсэн. Тиймээс энэ хэргийн цаана хэн байгаа вэ гэдгийг бид эрэн сурвалжилж, уншигчдадаа үнэн зөв мэдээллийг хүргэх болно.
Үргэлжлэл бий …
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2013 7:11:49 pm )
1
1 Comment