Бид шатахууны импортоор хойд хөршөөсөө 100 хувь хараат байдаг атлаа түүхий нефтиэ урд хөршдөө зүгээр шахуу бэлэглэчихдэг. Энэ салбарт бүтээн байгуулалт хийе гэсэн үндэсний компаниудаа нүд үзүүрлэдэг хэрнээ мөнгөө банкинд нь хадгалуулахад хүү төлдөггүй харин ч хадгалж өгсний хөлсөнд шимтгэл авдаг япончуудад үйлдвэр барих эрхээ өгнө гэж байгаа. Манайд байгаа ашгаа өгдөггүй газрын тос гэх энэ баялгийн тухай бид сэдэв хөндөж байна. Асуудлын гол учиг Петро Чайна Дачин Тамсаг гэх ганц компанийн тухай зарга мэдүүлж байгаа мэт харагдавч үүний цаана улс орны том эрх ашиг, нефтийн хараат байдлаас гарах хөгжлийн түлхүүр нуугдаж байна.
ЭХЛЭЛ БУЮУ “ШИНГЭН АЛТ”-НЫ ТҮҮХ
Одоогоос 20-иод жилийн өмнө юм даа. Эх орны зүүн хязгаар Тамсгийн сав газраас нефть оргиллоо гэсэн бахархалтай мэдээ дуулдаж тэр зүг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй том баг нисдэг тэргээр яаран очиж билээ. Биднийг очиход өрмийн цамхаг сүүхийж түүний ойролцоогоос сунах төмөр хоолойгоор өтгөн хар тос олгойдох. Үзүүрт нь эртнээс зэхсэн хоригтой, тэнгэр тольдсон дугуй хар нуур ер бусын харагдаж байсан. Энэ үед хүн бүр “Монголчууд амны хишигтэй юм” гэж баярлаж байсан. Ямар сайндаа энэ ярианд хөөрсөн Ерөнхийлөгч маань тостой гараараа гоёлын саарал дээлээ мялааж байх вэ. Тэнд хайгуул хийж байсан эрүүндээ сахалтай америк эр АНУ, Канадын хөрөнгө оруулалттай “Соко Тамсаг Монгол” компани ховор гавьяа байгуулж Монголыг баяжуулах үүдийг нээлээ хэмээн өгүүлж байж билээ. Удалгүй монгол түмнийг нефтээр “угжиж” хөгжүүлэх юм хэлээд байсан. Итгэмтгий монголчууд тэр сайхан үгийг нь олдошгүй амттан шиг сонирхож тэдний зарц буюу мантуу идсэн ажилчин хятадуудыг овоо доо хэмээн бодож байлаа, тэгэхэд. Гэтэл удалгүй Монголын тал нутагт байсан газрын тосны авдрын тагийг онгойлгож баярлуулсан Соко-гийнхон хятадын Петро Чайна Дачин Тамсаг компанид манай хуулийн цоорхойг ашиглан нэг л өдөр худалдчихсан байсан. Ингээд олон арван сая тонн газрын тосны нөөцтэй ордыг хятадууд өнөөг хүртэл эзэмшиж гаргаж авсан түүхий нефтийг ямар ч хяналтгүй зөөж байна. Анх Тамсагийн ордыг 196 сая тонн газрын тосны нөөцтэй гэж тогтоосон. Гэтэл энэ тоо өсч 300 сая тонн хүрэх боломж бий гэсэн мэ дээлэл бий. Петро Чайна Дачин Тамсагийнхныг жилд 250 орчим мянган тонн буюу 1.8 сая баррель тос олборлодог гэдэг. Энэ тоог 2015 онд гэхэд 925 мянган тонн буюу 6.9 сая баррельд хүргэнэ гэсэн тооцоо бий гэнэ билээ. Зөвхөн 2006 оны нэгдүгээр сараас 2010 оны тавдугаар сарын 20-ны байдлаар нийт 704478 тонн газрын тос олборлосон гэсэн мэдээ байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 100-аас 110 цоногоос хоногт 7500 орчим баррель буюу 1000 тонн газрын тос олборлож байгаа юм. Тийм байтлаа өнгөрсөн хавар тэднийх хайгуулын талбай нэмж авах саналаа Газрын тосны газраар дамжуулан Засгийн газарт ирүүлсэн байна. Үүнийг тэр үед ЭБЭХЯ дэмжсэн удаатай. Бусад яам газар судалж байтал засаг солигдоод асуудал бүрэн шийдэгдээгүй билээ. Хэрэв өмнөх засаг хэвээр байсан бол Мэнэнгийн талын дахиад 650 ам.км газрыг нэмж там болгох байжээ. Петро Чайна Дачин Тамсагийнхан Засгийн газар, Газрын тосны газар гэсэн хоёрхон субьекттэй харилцдаг. Тэднээр дамжуулан өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулж дөнгөдөг нь ил байна. Цөөнгүй нууц тохиролцоо байдаг байх. Хятад газрын тос олборлох талаар эртний туршлагатай гэдэг. Тийм ч гэлээ Тамсагт олборлолт хийж байгаа техник технологи нь нэлээд хоцронгуй гэж мэргэжилтнүүдийн зарим хэлдэг юм билээ. Энэ нь цаг зуурын мэт сүрхий хөнгөвчилж хээрийн байдлаар ажилладгийн жишээ байлгүй. Үүний учир ашигтай, ашиггүй олон цооног өрөмдөж тодорхой төлөвлөгөөгүй ажилладаг байх. Энэ тухай нутаг орныхны гомдол их байдаг. Хог хаягдлаа ил задгай хаядаг, бас цэвэрлэх байгууламжгүй учир бохир усаа төв суурин газрын дэргэд асган агаар хөрс бохирдуулсаар байна. Дутагдлаа арилгаж зохих дүрэм журмын дагуу ажиллахыг шаардахад төдийлөн тоодоггүй нь бас гачлан. Гэвч энэ тоо баталгаатай биш. Яагаад гэхээр урагшаа зөөж байгаа тосыг монголдоо хэмждэггүй хожим нь Хятадын тал төдийг авлаа гэснийг нь үнэмшиж дансалсан бололтой.
Өнгөрсөн сарын сүүлчээр Хятад руу гаргаж буй газрын тосыг Монголдоо хэмждэг болох тухай яригдсан ч одоо таг. Хятадын тал нефтиэ олборлосоор, зөөсөөр байна.
ДОРНОДЫН ТАЛ НУТАГ “УЙЛЖ” БАЙНА
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх Петро Чайна Дачин Тамсаг компани Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаас газрын тос олборлож эхэлснээс хойш тэндхийн байгаль орчныг ёстой сүйрүүлж байгаа юм. Газрын тосны хаялага их учраас нөөц бүхий бүс нутаг хөгжих учиртай гэдэг. Гэтэл юун хөгжил. Баялгийг нь хайр найргүй зөөж буй хүнд даацын машинууд дуртай газраараа туучин Мэнэнгийн талыг улаан илэг шиг болгож байна. Хятадын компанийн тос олборлох тосгон ч хөгжсөнгүй. Нөгөө л эхний байдлаараа хэзээ ч буулгаж аваад нүүхэд бэлэн хэдэн хавтгай амаар, саргар цамхаг, цүндгэр савнууд л харагдах юм билээ. Газрын тосны нөөц бүхий Матад сумын хөгжилд наалдсан юм ер алга. Нэг удаа л 30-хан сая төгрөгөөр тал хагас зассан юм гэдэг. Эрүүл саруул тал нутаг сүйрч, малын бэлчээр үгүй болж байгаад нутгийн иргэд дургүйцдэг ч гомдлыг нь хэрэгсдэг төр засаг хийгээд аймаг орон нутгийн удирдлага байхгүй юм шиг байдаг аж. Нэг удаа иргэдийн гомдлоор Улсын дээд шүүхээс бэлчээр нутгийн нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөгийг Петро Чайна Дачин Тамсаг компаниар төлүүлэхээр шийдсэн боловч уг төлбөрийг төлсөн төлөөгүй нь тодорхойгүй үлдсэн. Уг нь анх гэрээ хийх явцад тус компанийнхан үйлдвэрлэлийнхээ талбайгаас Бичигтийн хилийн боомтын чиглэлд 110 км сайжруулсан шороон зам, Баянхошууны хилийн боомт хүртэл 210,7 км хатуу хучилттай зам тавих амлалт өгсөн байсан. Тэр нь гэрээнд нь туссан бий. Гэтэл өнөөг хүртэл уг ажил хийгдээгүй. Харин хатуу хучилттай биш хайрган зам тавих боломжтой. Түүнийгээ мөнгөтэй болж байж тавина гэсэн үлгэр шиг юм ярьж байгаа юм. Тэр ч байтугай компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсод гэгч гэрээгээр заавал зам барина гэсэн заалт байхгүй гээд сууж байдаг болсон. Тамсгийн сав газар энд тэндгүй сэндийчүүлж салаа замуудад талхлагдсанаар олон мянган га газрын хөрс дахин төлжихгүй болчихоод байна. Тиймээ Дорнодын тал нутаг үнэхээр “уйлж” байна. Гэтэл үүнийг хайхардаг төр засаг алга. Тиймээс хэдэн жилийн дараа ч юм нэг өдөр хятадууд хэдэн амбаараа эвхэж ачаад нутаг буцчихна. Монголчууд онгорхой нүх сүвээр дүүрэн хоосон хөндий газар дээрээ элгээ тэврээд үлдэх тийм хачин ирээдүй харагдаад байх юм.
ХЯТАДЫН КОМПАНИЙГ ХЭН ӨӨГШҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМ БЭ
Хятадууд Монголын ашигт малтмал, Газрын тосны салбарт дурын тоглолт хийгээд сурчихаж. Петро Чайна Дачин Тамсаг гэх ХХК манай газрын тосны газартай одоогоос 20 жилийн өмнө бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан гэдэг. Тэгвэл уг гэрээг сонирхоё гэсэн хэн ч одоо түүнийг олж үзэхгүй нь бололтой. Сэтгүүлч бидэнд лав олдомгүй юм билээ. Бүр нууц байдалд орсон ч гэж болмоор. Уг гэрээнд чухам ямар заалт байдаг нь тодорхойгүй. Монголын Засгийн газраас Хятад улстай нутаг дэвсгэртээ уул уурхайн бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх, өгч авах талаар анхаараагүй нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Энэ хараа хяналтгүй хариуцлагагүйн том хөндий зайг Хятадын талын худалдан авагчид овжин ашиглаж түүхий нефтийг өдөр шөнөгүй дураараа зөөсөөр байна.
Монголын талын нийлүүлэгч нар ч нууц биш болж. Тэгснээрээ бусдад найр тавьсан эрх мэдэлтнүүд өөрсдөө доншуур наймаачид болж хувирсан байх юм. Дэлхийд хаана ч байхгүй тэнэг заалт манай Ашигт малтмалын тухай хуульд цөөнгүй. Түүний нэг нь “Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн лиценз эзэмшигч нь борлуулах эрхтэй гэсэн” заалт юм. Газрын дор буй баялагийг олборлох техник, технологийг эзэмшсэн хүн хэзээ ч наймаачин биш байдаг гэдэг. Япон, Солонгост бол үйлдвэрлэгч нь тусдаа. Борлуулагч нь гэхэд олон улсын зах зээлийн төвшинд хүрч хөгжсөн компани байх жишээ бий. Тэгвэл Монголд газрын тос олборлогч Петро Чайна Дачин Тамсаг компанийнхан зүгээр нэг ашиг хонжоо харсан наймаачид байх шиг. Тус компанийнхан бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгохоос үхтлээ айдаг бололтой юм билээ. Манай Засгийн газар ч ялгаагүй хэрэв уг гэрээг ил болгочихвол ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн улам өрнөх байх гэж эмээдэг байж магадгүй. Хачирхалтай нь энэ гэрээ Сү.Батболдын Засгийн газрын үед бүр нууцлагдмал болсон. Хятадын компанид хир халдаахаа ч больсон гэх. Нэгэн баримт дурдмаар байна. Бидний гарт 2011 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газар Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нар Петро Чайна Дачин Тамсаг компанийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийгээд гаргасан 210098 тоот акт байна. Уг актанд дурдахдаа 2007 онд 171.803.1 мянган төгрөг, 2008 онд 241.679.7 мянган төгрөг, 2009 онд 447.487.5 мянган төгрөг, 2010 онд 459.936.7 мянган төгрөг нийт 1.320.907.0 мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг орлогоос татварт төлөөгүй байна гээд эдгээр төлбөрийг алдангитай нь тооцож 350.733.254.7 мянган төгрөгийн төлбөрийг тус компаниар төлүүлэхээр тогтоов гэжээ. Гэтэл уг актад Петро Чайна Дачин Тамсаг компанийн удирдах хүмүүс гарын үсэг зурахаас татгалзсан юм билээ. Тиймээс тухайн үеийн Засгийн газарт тэр асуудлыг оруулсан байдаг. Гэтэл төлбөр тавих асуудлыг түдгэлзүүлж алдруулсан гэж байгаа. Энэ нь хууль бус үйлдлийг нь дэмжсэн хэрэг гэж болохоор. Хятадын талыг Монголд стратегийн хөрөнгө оруулж буй гэж албаныхан ярьдаг. Газрын тос олборлогчдын хэлснээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээлэл бий юм билээ. Тэгтэл тэрнээс Монгол Улсад наалдсан юм огт байхгүй. Тамсгийн тал нутаг үгүйрч талхлагдсан хэвээр, нөхөн сэргээсэн газар ч алга. Нутаг дэвсгэрт хөгжил урьдын хэвээр байгаа юм. Ер нь тэгэхлээр тийм их хөрөнгө оруулсан нь үнэн юм бол өдийд зам харгуйгаа тавьчихсан, сум тосгон нь өнгө төрхөө зассан байх ёстой биздээ. Нэг сонирхолтой мэдээ сонссон юм. Тэр юу вэ гэвэл Монголын талын газрын тос, эрдэс баялгийн чиглэлийн дарга нар Петро Чайна Дачин Тамсаг компанийн Хятад дахь төв байранд очиж тайлангаа солилцож тэдний мэдээллийг сонсдог гэж. Хэдий хэмжээний юм өгснөө өөртөө хэмжүүргүй болохоор хичнээн баррель газрын тос экспортлов гэдгээ Хятадын талаас тоон мэдээ авдаг байж магадгүй. Нэг хариуцлагатай хүний мэдээлэлд манай газрын тосны байгууллагыг удирдаж байсан хүмүүс албан тушаалаа өгмөгц л Тамсаг дахь Хятадын компанийн зөвлөх болоод явчихдаг гэсэн бий. Энэ тухайд лавлавал үнэн л юм билээ. Засгийн зүгээс Хятадын компанид найр тавьж тал зассан бас нэг баримт бий. Тээврийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран Петро Чайна Дачин Тамсаг компанид шалгалт хийж тос тээвэрлэлтийг түр зогсоосон удаа бий. Гэтэл тэр байцаагч нарынхаа эрхийг хасч байсан хачин тохиолдол байдаг юм. Тэгэхээр манай эрх мэдэлтнүүд гадаадынханд тал засч зусар зан гаргадаг нь илт юм. Иймээс түүний цаана хувийн ашиг сонирхол нь нуугдаж байдгийг ч үгүйсгэх аргагүй гэж болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны экспортын орлогоос 2010 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсөвт нийт 87.4 сая ам.доллар оруулсан гэсэн баримт бий. Гэтэл дараагийн он жилүүдийнх нь түүнээс өссөнгүй бололтой. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар Петро Чайна Дачин Тамсаг компанийн ажилтай танилцах явцдаа бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ер цухуйлгасангүй. Энэ нь уг гэрээг битүүгээр хүлээн зөвшөөрч байна уу гэж ойлгогдсон байдаг. Уг гэрээ Монголын талд асар их алдагдалтай, үр ашиг муутай гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан юм.
ОЛОН ЖИЛ
ЯРЬСАН Ч ҮЙЛДВЭР БАРЬЖ ЧАДААГҮЙН ГАЙ
Манай улсын эдийн засагт газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа. Гэтэл нийлүүлэлтийн ганцхан зах зээлтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тун муу нөлөөтэй байдаг. Үүнээс болж хөрш орныхоо хараат байдалд өдий хүрлээ. Баялаггүй бол яая гэхэв гэхсэн. Монгол Улс 1998 оноос хойш нийтдээ есөн сая орчим баррель газрын тосыг өөрийн газраас олборлож түүнийгээ бүгдийг Хятад руу экспортлосон байдаг юм. Энэ их тосыг өөрсдөө боловсруулаад үйлдвэрээ барьчихсан бол өдийд хэрэглээндээ дарлуулж суухгүйсэн. Үнэндээ нефть бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт улс орны хөгжлийг илт хязгаарлаж байна. Байгаагаараа бусдыг зусардчихаад бензин шатахууны гуйлгачин болж сууна гэдэг нэг талдаа гутамшиг юм. Тэгэхлээр нефть бүтээгдэхүүний гуйлга гачаалаас гарах гарцуудын хамгийн шилдэг нь газрын тос боловсруулах үйлдвэр барих явдал. Хэдийгээр нэг дундаж үйлдвэр барихад 500 сая ам.доллар хэрэгтэй гэдэг ч Монгол Улсад урьдын туршлага бас бий. 1950-аад онд Зүүн баянгийн газрын тосны ордод түшиглэн нефть боловсруулах үйлдвэрийг барьж бензин, дизель түлш, мазут үйлдвэрлэж байсан гэвэл олон хүн гайхах биз. Тиймээ үнэн. Тэр үйлдвэр жилдээ 50 мянган тонн газрын тос боловсруулж гаргасан бүтээгдэхүүн нь улс орны шатахууны хэрэгцээний 30-аад хувийг хангадаг байсан түүхтэй. Тэгвэл одоо үүнээс хавьгүй илүү хүчин чадалтай үйлдвэртэй болчих боломж бий. Арваад жилийн өмнөөс тийм үйлдвэртэй болох тухай ярих болсон. Дорнод, Налайх, Сайншанд гээд олон газар үйлдвэрийн суурь шав тавьсан байдаг. Өмнөх засгийн газрын үед гэхэд долоон компани үйлдвэр барих саналаа Засгийн газарт ирүүлжээ. Хэрэв тэр үндэсний компаниудаа дэмжээд өгсөн бол нэг биш хоёр, гурван үйлдвэртэй болчих боломж байв. Гэтэл Засгийн газрын буруу бодлогоос болж “загасчны морь усгүй” гэдгийн үлгэр давтагдсаар өдий хүрлээ. Саяхан Дарханд Японы тусламжаар үйлдвэр барих тухай шийдлээ гэсэн. Яахав барьж босгож л байвал болох. Дарханы үйлдвэр гэхэд хоногт 44 мянган баррель нефть ашиглана. Ингээд жилд дизель түлш нэг сая, бензин 600, нисэх онгоцны керосин 60 мянган тонн үйлдвэрлэнэ. Мөн мазут болон дагалдах бүтээгдэхүүн гаргана. Тэгээд нийт нэг сая 740 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Харин нөөцөө түшиглэн Дорнодод үйлдвэр барих саналыг яагаад дэмждэггүй нь анхаарал татаж байна. Тамсгаас гэхэд жилд 300 мянган тонн нефть олборлож байна. Үүнийг боловсруулахад хэдийгээр хэрэглээ өндөр болсон ч түүний тал хувийг хангачих боломжтой байж таарна. Петро Чайна Дачин Тамсаг ХХК яагаад ч нефтийн үйлдвэрээ Монголд барихгүй. Хятадууд манайхан шиг тэнэг царайлахгүй. Авах зөөхөө л бодно. Манай Засгийн газар тэрийг нь дэмжих биз. Энэ нь Дарханд үйлдвэр барих шийдвэр гаргаснаар илрээд байгаа юм. Уг шийдвэрийн цаад талд Дарханд боссон үйлдвэр ОХУ-аас түүхий нефть импортлох зүүн талаас Хятадын тал олсоноо зөөсөөр байх тийм хачин дүр зураг харагдаад байгаа. Гадныханд Монгол Улсын тусын тулд гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газар яагаад газрын тосны чиглэлд Японтой хамтрах гэж байгааг судалж үзмээр санагдана. Сайндаа ч биш Япон улсын банкинд мөнгө хадгалуулахад манайх шиг хүү өгөхгүй. Харин ч мөнгөө найдвартай хадгалуулсныхаа оронд шимтгэл төлдөг. Тэгвэл тэд Монголд мөнгөө өсгөх нь. Үүнийхээ хариуд манайхад юугаар найр тавьсан бол.Петро Чайна Дачин Тамсаг компанийн хувьд мэдээж Дорнодод газрын тосны үйлдвэр барихын эсрэг зогсдог нь ойлгомжтой. Манайх үйлдвэрээ түүхий эдээр хангах боломж гэвэл газрын тос олборлолтод үндэсний компаниудаа оруулах бодлого чухал юм билээ. Тэгэхгүй бол өнөөгийн байдлаар Тамсгийн саваас олборлосон тосоо Хятадаас худалдаж авах болж байна уу. Тэгэхээр алсдаа шатахууны хараат байдлаас түүхий эдийн хараат байдал руу шилжинэ гэсэн үг.
Гутамшигтай л юм даа. Газрын тосны үнэ хэлбэлзэлтэй байдаг ч бусад төрлийн ашигт малтмалаас харьцангуй өндөр үнэтэй. Тийм болохоор улс орны эдийн засагт чухлын чухал нөлөөтэй юм. Ойрын дөрвөн жилд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 14 хувь байна гэж шинжээчид таамагласан бий. Хэрэв энэ үнэн бол үүнийг дагаад түлш шатахууны хэрэгцээ 1.8 сая тоннд хүрнэ. Доктор Ц.Багмидийн хэлж байгаагаар бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөхөд түлш шатахууны хэрэгцээ даруй 35 хувиар нэмэгддэг байна. Тиймээс хэдэн ногоон хараад бид мөнгөжлөө, баяжих нь гэж онгирохын оронд салбар хоорондын уялдаа холбоог эдийн засагчийн нүдээр харж хөгжлийн жигд хандлагыг бий болгомоор байна. Ингэхэд газрын тосны асуудал тэргүүн зэрэгт тавигдах учиртай. Эцэст нь хэлэхэд газрын тос хэмээх шингэн алтаа хүүдийний нь амыг доошоо харуулаад тавьчихсан шигээ алдаж асгаад, тавьж туугаад байхаа цэглэвэл яанам бэ.
Д.Содном:
Нефть бүтээгдэхүүний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах боломжтой
БиднийтлэлийнхэээхэндПетроЧайнаДачинТамсаггэхганцкомпанийнасуудлыгбишнийтМонголчуудынэрхашиг, нефтийнхараатбайдлаасгарахадямарбэрхшээлүүдбайдаг, тэрньямаручиртайталаарсэдэвхөндсөнгэдгээхэлсэн. ЭнэүүднээсЕрөнхийсайдасан, гавьяатэдийнзасагч Д.Содномгуайтайуулзажэнэчиглэлдямартооцоосудалгаамэдээлэлтэйбайгаагньсонирхсонюм.
–Нефтьбүтээгдэхүүнийхэрэгцээг өөрийн эхүүсвэрээсхангахболомжманайдбийюү?
-Нефть бүтээгдэхүүний хэрэгцээг хангах хоёр эх үүсвэр манай улсад байгаа. Нэг нь газрын тосны нөөц, нөгөө нь хүрэн нүүрс. Газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх, хүрэн нүүрсийг хийжүүлэн бензин гаргаж авах үйлдвэр байгуулах замаар энэ асуудлыг шийдэх боломж бүрдэж байна. Эдгээр боломжийг ашиглах тууштай бодлого хэрэгжүүлэх нь импорт хэмнэх, гадаад хамаарлын хүндрэлээс гарах, эдийн засгийн тогтворгүй таагүй байдал үүсгэдэг үнийн хэлбэлзэл, төгрөгийн худалдан авах чадварын уналтыг багасгахад шууд нөлөөлнө.
–Тэр эхүүсвэрийнхүрэлцээнийталаартаныбодол?
–Бензин, дизелийн түлш, керосин болон битум зэрэг бүтээгдэхүүний жилийн одоогийн хэрэгцээ сая орчим тонн байгаа. Ирээдүйд хоёр сая тонноос давахгүй. Хэрэгцээгээ хангахын тулд юуны өмнө Монгол Улсынхаа нутагт газрын тос хайх олборлох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар хайгуул хийж тогтоосон газрын тосны нөөцийг 200 орчим сая тонн, тэрбум тонн хүртэл нэмэгдэх боломжтой гэж үздэг. Тогтоогдоод байгаа нөөцийн 50 хувийг олборлож ашиглаж чадах сайн технологийг нэвтрүүлбэл 100 сая тонныг олборлох газрын тосны нөөцтэй. Жилд хоёр сая тонноор олборловол 50 жилийн хангалттай нөөцтэй гэж үзэж болохоор байгаа юм.
–Газрынтосныхайгуулолборлолтыгнэмэгдүүлэхийнтулдямаражилшаардлагатайюмбол?
–Хайгуул хийж байгаа компани нь гадаадынх. Одоо жилд олборлож байгаа газрын тосны хэмжээ дөнгөж 300 орчим мянган тонн. Олборлолт явуулж байгаа технологи нь хоцрогдонгуй гэж ярьдаг. Энэ бүхнээс үзэхэд миний бодлоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Газрын тос хайх олборлох, түүндээ дэвшилтэй техник технологи нэвтрүүлэх санаачлага гаргаж байгаа Монголын үндэсний компаниудыг төрийн бодлогоор дэмжиж “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г хуулиас гадуур элдэв татвар хураамжийн дарамтгүйгээр байгуулж, ажиллуулах хэрэгтэй. Тэдэнтэй байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд Баялаг ашигласны төлбөр буюу роялтийг 10 орчим хувиар тогтоосон, Өртөг нөхөх зориулалтаар хуваарилах тосыг 40 хувиар, ашигт тосыг хуваах хэмжээг 50, 50 хувиар тогтоовол зохимжтой. Өөр элдэв татвар хураамж авахыг хориглосон хуультай байх хэрэгтэй. Газрын тосны тухай хуулийг шинэчилж байгаа бол энэ асуудлыг түүнд тусгаж шийдэх нь зайлшгүй шаардлагатай биз.
Манай Газрын тосны газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байгаа туршлагаас нь харахад газрын тос хайх олборлох ажлыг дэмжих бодлого баримтлахын оронд, гэрээ байгуулах үед дарамталж мөнгө олж авахыг эрхэмлэдэг юм билээ. Үүнийг нь би буруу үйлдэл гэж үздэг. Тэдэнд ч хэлдэг. Жишээ нь, Өртөг нөхөх тосыг зардал хэтэрсэн үед нэмж өгөхгүй атал хэмнэсэн байвал хэмнэлтийг хувааж авна гэсэн шударга бус нөхцөл тулгадаг юм билээ. Гэрээнд гарын үсэг зурсны шагнал гэж олон зуун мянган доллар төлүүлээд үсэг зурсны хүлээн авалт хий гэж шаарддаг, Гэрээ байгуулагч компанийн үйл ажиллагаанд хяналт тавих хүмүүсийнхээ цалин зардалд гэж бодит хэмжээнээс хэдэн арав дахин хэтэрсэн хэмжээний төлбөр нэхдэг. Газрын тосны газрынхаа мэргэжилтнүүдийг сургах зардалд мөнгө төлүүлдэг, Засгийн газрыг болон орон нутгийн хөгжлийг дэмжих мөнгө жил бүр төлж байхыг шаарддаг. Ямар ч хуульд байдаггүй ийм татвар хураамжууд төлөхийг гэрээ байгуулах нөхцөл болгож дарамтлах нь тус газрын зарим нөхдийн ажлын арга барил болсныг таслан зогсоох ёстой. Шинэ хуулинд тусгах хэрэгтэй. Газрын тос хайж олъё, олсон тосоо эх орондоо боловсруулж хэрэгцээгээ хангая гэсэн бодлогоор үндэсний компаниудаа ажиллуулах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ хэрэгжсэн нөхцөлд газрын тосны хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжинэ.
–Газрынтосболовсруулахүйлдвэрбайгуулахасуудлаартанысанал, бодлыгсонсмоорбайна?
-Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний одоогийн хэрэгцээг 2 сая тонн газрын тос боловсруулах нэг үйлдвэр байгуулснаар үндсэнд нь хангах боломжтой. Саяхан Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газраас зээл авч жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Японы технологиор Дархан-Уул аймагт байгуулах шийдвэр гаргалаа. Гаргах бүтээгдэхүүн нь чанартай, манай одоогийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээтэй, үйлдвэрийн ашиг нь хөрөнгө оруулалтын зардлаа дөрвөн жилд нөхнө гэж үзэж байгааг би зөв гэж үздэг.
Газрын тос боловсруулах Дарханы үйлдвэрт шаардлагатай хоёр сая тонн түүхий нефтийг импортлож таарна. Түүхий нефть импортлоод чанартай бүтээгдэхүүн гаргах нь дэлхийн олон улс оронд байдаг туршлага. Импортоор нефть олдож байх эсэхэд эргэлзэж болгоомжлоод боловсруулах үйлдвэр барихаас татгалзах хэрэггүй. Харин үйлдвэр барих, ашиглаж эхлэх хугацаанд өөрийн улсын нутагт нефть хайх олборлох ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Монгол улсынхаа нутаг дэвсгэрт олборлосон тосыг Дарханд хүргэх тээврийн зардал гадаад улсаас тээвэрлэж авчрах зардлын хооронд санаа зовоох зөрүү гарахгүй.
–Хоёрдахьэхүүсвэрийнталаартаямарбодолтойбайна?
–Газрын тосны нөөц хомсдоно, түүний оронд нефть бүтээгдэхүүнийг гаргаж авах түүхий эд нь нүүрс байна гэж үздэг болжээ. Манай улс нүүрсний нөөцтэй. Хөгжилтэй улсуудад нүүрсийг гүнзгий боловсруулах, түүнээс нефть гаргаж авах технологийг улам боловсронгуй болгож байна. Манай улсын хувьд нефть бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах бодлогын хүрээнд нүүрсийг гүнзгий боловсруулах, нүүрсийг хийжүүлээд, түүнээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх нь маш ирээдүйтэй. Манай зарим эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагууд энэ чиглэлээр судалгаа явуулж, төсөл боловсруулцгааж байна. Жилд 3-4 сая тонн нүүрс боловсруулж шингэн хий гаргах, 400 орчим мянган тонн сайн чанарын бензин гаргах үйлдвэр байгуулах төсөл боловсруулж байгаа компани ч байна. Зөвхөн нэг ийм үйлдвэр байгуулахад АИ-92 бензинийн одоогийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.
Манай улсын нүүрсний нөөцийн ихээхэн хэсэг нь илчлэг багатай хүрэн нүүрс байдаг. Нефть бүтээгдэхүүний ирээдүйн түүхий эд болох нөөц ихтэй нүүрсээ гүнзгий боловсруулах төслүүд хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын чухал хэсэг.
Д.ЦЭРЭННАДМИД, Ч.ҮЛ-ОЛДОХ
Зууны мэдээ
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 20, 2013 12:15:07 pm )
Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
SNJ International LLC
Утас: 328583,99118457,91190055,99035916 -
Anonymous (February 20, 2013 1:15:22 pm )
ГАЗАРЫН ТОСООН ОДОО ДЭЭЛЭЭН НОРГОЖ ДЭМИИЙРЭЧ БАЙСАН ОЧОРБАТААС НЭХИЙ
ЧИ ХЭНТЭЙ ХУВААЖ ИДСЭН ВЭ МУУ ХУЛГАЙЧ МИНЬ -
Anonymous (February 20, 2013 1:36:14 pm )
Харамсаж халаглаад ч багадах хайран ч нутаг газар минь! Шуналын туламнууд даанч эх орноо гэсэн сэтгэлгүй юм даа яана даа!?
-
Anonymous (February 20, 2013 2:09:32 pm )
manai oron haiguul hiih ehnii eh uusver deeree goroigood l hamag ym aa gadniihand erhee ogchihson ted nar ni manai gazriig eznees ni ch asuulgui zarj bh ym aa. erh zuin orchinoo yaj tsoorhoi ashiglah bolomjgui blgamaar ym
-
Anonymous (February 20, 2013 2:10:57 pm )
dandaa gadnii humuusd huvitsaanii erh ni bga bolohoor yaj ted manai oron hairlah bilee dee. 51 huvia yaj ch bsan eh orondoo blgamaar ym
5 Comments