
-Та Олимпоос хойш чимээгүй байлаа. Одоо л бэлтгэлдээ ороод байна уу?
-Би Лондонгийн Олимпийн өмнө өвдгөндөө бэртэл авч хагалгаанд ороод гурван cap болж байна. Одоо ерөнхийдөө гайгүй болж байгаа болохоор хоёрдугаар сараас бэлтгэлдээ орох төлөвлөгөөтэй байгаа. Хэрэв жүдо бөхийн холбооноос ДАШТ-д явуулна гэсэн шийдвэр гарвал оролцохоор төлөвлөсөн байгаа. Түүнчлэн тавдугаарсард “шилдэг 16″ гэсэн тэмцээн байгаа.
Тэр тэмцээнд орно гэсэн бодолтой байна. Одоогоор гар, хөлдөө хүчний дасгап хийгээд байж байна. ДАШТ-нд ямар амжилт үзүүлснээс шалтгаалж дараагийн Олимпийн төлөвлөгөөгөө гаргана. Үнэнийг хэлэхэд ДАШТ-д түрүүлэх хэмжээнд барилдах болов уу, яах бол гэсэн бодол л хамгийн ихээр төрж байна даа.
-Хагалгаанд хэдэн төгрөгийн зардал гарав. Хагалгааны зардлыг хаанаас гаргасан бэ?
-Би хувиасаа төлбөр мөнгө гаргаагүй. Монголдоо солонгос эмч нараар хагалгаа хийлгээд амжилттай болсон учраас ерөнхийдөө баталгаатай гэж үзэж байгаа. Манай Спортын бэлтгэлийн төвийн Н.Насанбат эмч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Г.Мөнхбат эмч нар ярьж байгаад хагалгаанд оруулж өгсөн.
-Бэртэл эдгэрч байна гэлээ. Шинэ ондоо ямар зорилт тавив?
-Би жүдо бөхөөр 14 жил барилдаж байна. Энэ хугацаанд том бэртэл авч үзээгүй. Тэгээд Лондонгийн Олимпийн өмнө бэртээд хэсэгтээ сэтгэлээр унасан. Гэсэн ч одоо эргээд тамирчдынхаа дунд ороод бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа болохоор сайхан байна. Тиймээс энэ онд гаргаагүй амжилтаа гаргана гэсэн зорилго тавьсан.
-Тамирчин хүн л юм чинь хэрэв бэртээгүй байсан бол Олимпод тийм амжилт үзүүлчих байсан болов уу гэсэн битүүхэн бодол тээгдэж л яваа байх даа?
-Мэдээж миний амжилтад бэртэл нөлөөлсөн байх гэж бодож байна. Би хоёрдугаар тойрогтоо Кубын бөхөд хожигдсон. Тэр тамирчнаа хоёрдугаар сард болсон Гранпри тэмцээнд ялж байсан юм. Энэ тамирчин миний хэцүү өрсөлдөгчийн нэг. Гэсэн ч надад бэртээгүй байсан бол тэр тамирчны өмнө зогсч байх байсан болов уу гэсэн бодол төрж байсан.
Манай жинд Олимпийн аварга болсон Ардчилсан Солонгос улсын бөхийг ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Учир нь би түүнийг өмнө нь хоёр тэмцээнд ялж байсан юм. Ингээд бодохоор тэгсэн бол, ингэсэн бол гэсэн бодол яах аргагүй л төрдөг юм байна.
-Таны үндсэн мэх?
-Хөмөрч, хутгах, мордох мэхээр ихэвчлэн өрсөлдөгчөө ялдаг даа.
-Монголын жингийн өрсөлдөгчид гэвэл?
-Миний араас гарч ирж байгаа дүү нар сайн барилдаж байна. Тэдэндээ итгэж байгаа.
-Бусад тамирчдаасаа хэр зөвлөгөө авдаг вэ?
-Хүн болгоноос суралцахыг хичээдэг. Мэдээж багш нар маань тэр чинь болж байна, энэ чинь болохгүй байна гэж зааж зөвлөдөг. Бас найз нөхдөөсөө их зөвлөгөө авдаг. Манай үеийн Лхамдэгд, Мөнхзаяа зэрэг тамирчид байна. Эдгээр тамирчидтайгаа ярилцаж бие биедээ зөвлөдөг.
-Спорттой холбогдсоноор өөртөө юуг бий болгож чадав?
-Маш их зүйл өгсөн. Би өөрийгөө спортгүйгээр төсөөлж чадахгүй. Баяртай байдаг. Наад зах нь амжилт гаргаад явж байгаадаа сэтгэл хангалуун байна. Олон танилтай болсон. Амьдралын зорилгоос спорт нэгдүгээрт тавигдаж явж байгаа. Амьдрал зохиох асуудал гарлаа гэхэд яалт ч үгүй хувийн амьдрал хоёрдугаарт тавигддаг юм байна. Яриад байвал спорттой холбогдсоноор бахархах зүйл их байна даа.
-Залуучууд олны танил амжилт арвинтай тамирчныг битүүхэн сонирхдог байх гэж бодож байна?
-Гайгүи ээ. Нэг их анзаарагддаггүй шүү дээ.
-Одоо шигшээ багийн сонгон шалгаруулалт явагдаж байна?
-Материалаа ямар ч байсан өгчихсөн байгаа. Орох байх гэж бодож байна. Дэлхийд чансаагаараа жиндээ хоёрдугаарт бичигдэж байгаа. Одоо “Хүч” спорт хороонд харьяалагддаг. Миний өмнө Японы бөх байгаа.
-Одоо жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тамирчдаа хараад сэтгэл догдолж байгаа биз?
-Миний жинд Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг нарын хоёр сайн тамирчин УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртлээ. Энэ хоёр тамирчин олон жил барилдаж байгаа. Тамирчдаа хараад өөрийн эрхгүй сэтгэл огшиж байна.
-Найз залуутай юу?
-Үгүй ээ. Одоогоор ганцаараа амьдарч байгаа. Энэ жилдээ хүнтэй сууж, хүүхэд гаргаад айлын эхнэр болохгүй. Өөртөө тодорхой зорилго тавьсан байгаа. Түүндээ хүрэхийн төлөө хичээх болно.
-Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ. Эрэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?
-Үнэнч шударга, яриа хөөрөөтэй, эр хүний ноён нуруугаа алдахгүй байвал зүгээр юм шиг санагддаг.
-Хобби тань?
-Жүдогоос гадна багийн спортод дуртай. Хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай. Бас зурагтаар дээрх спорт гарч байвал үзээд л суучихна шүү дээ.
-Байнгын бэлтгэл сургуулилт хийхэд хүч энергиэ их алддаг. Энэ бүгдийг хэрхэн яаж нөхдөг вэ?
-Мэдээж их ядардаг. Тамирчин бидний хувьд хоолноосоо шим тэжээл их авдаг. Хоёрт, сайн амрах хэрэгтэй байдаг. Тиймээс бэлтгэлээс бусад цагт илүү хөдөлгөөн хийхгүй амраад л байхыг бодно шүү дээ.
-Ар гэрийн дэмжлэг тамирчдын амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг?
-Тэгэлгүй яахав. Ээж аав хоёр маань намайг бөх гэдэг үүднээс бараг давраачихсан шүү дээ. Гэрийн ажил хийлгэнэ гэж байхгүй. Хоол ундаа идээд амар гээд л байдаг юм. Ээж аав хоёр маань Хархоринд байдаг. Харин би хотод ганцаараа амьдардаг. Хааяа аав ээжийг ирэхээр гэр дүүрээд сайхан болчихдог юм. Бэлтгэлээ тараад гэртээ харихад хоолтой, үгүйтэй л байдаг шүү дээ.
-Холбооноос тань тамирчдаа хэрхэн яаж харж үздэг вэ?
-Энэ тал дээр маш их дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Холбоо хамгийн чухал. Бид нарыг явуулах тэмцээнд маань явуулж оролцуулж байна. Баттулга сайдын дэмжлэггүйгээр бид өдий зэрэгтэй амжилтад хүрэхгүй байсан. Манай холбоо нэг гэр бүл, баг хамт олон шиг байж чаддаг.
Д.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2013 1:39:13 pm )
garchigaa zuv tabiachee iim yuman deer aldaad sharaa yum
-
Anonymous (January 11, 2013 9:06:10 pm )
одоо болтол гарчигаа засаагүй л байна үнэхээр хариуцлагагүй юмаа шүүмжилчихвэл сэтгэгдэл хянаад бариад хоричих байх да хэхэхэ
-
Anonymous (January 11, 2013 10:29:16 pm )
bur gaihlaa ene huuhen tumur zamiin hun yum bolouu gej oilgood…
3 Comments