“Надаар тоглосон хайр”, “Цахлай”, “Нууц амраг чинь болъё”, “Гол дүрийн амрагууд”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет” зэрэг олон жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн жүжигчин Амгаланбаатарыг “Хөөрөлдөхүй” буландаа урилаа.
-Амгаланбаатар оюутны ширээнээс шууд Драмын театрын тайзанд хөл тавьсан азтай жүжигчин. Тэр үе одоогийнхоос ямар ялгаатай байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Тэр үед театр маань бараг үзэгчгүй болчихсон байлаа. Хөлс хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ үрж байж жүжиг тавиад 1500 төгрөгөөр л тоглодог байлаа шүү дээ. Тэр үеийн хамгийн эрэлттэй жүжгүүд нь ‘Тамгагүй төр”, “Ромео, Жулетта хоёр” байсан. Харин Наранбаатарын найруулгаар тавигдсан “Бооцоо” жүжигт үе тэнгийн хэдэн залуучууд тоглож энэ жүжгийг 10000 төгрөгөөр тоглож үзэгчдийг өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлж байсан.
Нэг хэсэг хүмүүс хошин урлаг руу шуурсан бол одоо эргээд театрт жүжиг их үздэг боллоо. Залуучууд их сонирхож байна. Энэ нь залуусын мэдлэг нэмэгдэж, боловсрол дээшилж байгаагийн илрэл гэж би боддог юм. Мөн уран бүтээлийн чанар чансаа ахиж, найруулагчийн ур чадвар өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой ч байх гэж бодон баярлаж явдаг.
-Жүжигчин хүнд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллах нь жирийн үзэгдэл гэдэг. Тэр тусмаа шинэ жүжиг тавигдаж байх үед. Нойр хоолгүй ажиллаж байхдаа юунд жүжигчин болов доо гэж боддог уу?
-Дурлаж, хүсч, мөрөөдөж байж энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор тэгж бодож байсангүй. Хүн дуртай зүйлээ хийхдээ хэцүү байсан ч халширдаггүй шүү дээ. Тэгээд ч би энэ мэргэжлээрээ ажиллаад тодорхой хэмжээний амжилтад хүрсэн гэж боддог. Мөн цаашид ч урам зоригтой ажиллана.
-Талтай уран бүтээлийн яриа зөндөө л хийж байсан болохоор энэ удаад Амгааг Монгол Улсын жирийн иргэн гэдэг үүднээс нь нь ярилцах гэсэн юм. Тэгэхээр одоо энгийн асуулт руугаа оръё. Өөрийгөө 20 жилийн дараа ямархуу хүн байхаар төсөөлдөг вэ?
-Театраа, урлагаа гэсэн сэтгэл зүрх минь хэвээрээ байх болно. Эрч хүч маань ч нэг их буурахгүй байх. Урлагийн хүмүүс хожуу хөгширдгийг Л.Цогзолмаа, Г.Хайдав гуай нар харуулж байна. Энэ нь хүмүүст “буян” өгч байгаагийн хариу нь юм байлгүй дээ. Тэгэхээр энэ сайхан мэргэжлийнхээ буянаар нэг их хөгшрөхгүй болов уу гэж бодож сууна.
-Амгаа багадаа нэлээд дүрсгүй хүүхэд байсан болов уу гэж бодогддог юм?
-Багадаа ёстой нэг дүрсгүй нөхөр байсан гэсэн. Харин одоо нас ахиж байгаа юм уу энэ зангаа орхиж байгаа.
-Ер нь хэр нээлттэй хүн бэ?
-Нээлттэй. Оньсого шиг таахад хэцүү хүмүүст би дургүй. Найз нөхөдтэйгөө нийлээд сайхан наргиж цэнгэж, инээж явах дуртай. Их нийтэч. Бас цайлган. Хүнд муу санаад, дотроо ялзраад явахыг хүсдэггүй. Бодсон санаснаа шууд хэлчихдэг шулуухан зантай даа.
-Тэгвэл магтаал, шүүмжлэл хоёрын алинд илүү талтай ханддаг вэ?
-Хоёрын хооронд магтаалаас шүүмжлэл хол дээр. Ер нь дандаа шүүмжлүүлдэг. Сахилга алдлаа, форм барьсангүй гээд театрынхан авч өгнө шүү дээ. Хааяа нэг хэнэггүй царайлж яваад сахилга алдлаа гэж зэмлүүлнэ. Түүнээс биш хорлонтойгоор дэггүйтнэ гэж юу байхав. Гэр бүлийнхний зүгээс ч шүүмжлэл тасрахгүй. Гэрийн бараа харахгүй юм гэхээс эхлээд л. Гэхдээ энэ бүхнийг би эхнэрийнхээ ачаар зохицуулж чаддаг.
-Залуу насыг маггаач гэвэл?
-Залуу нас гэдэг дахиж хэзээ ч олдохгүй мөч. Яг л голын усны урсан өнгөрөх урсгал мэт. Эрч хүчээр бялхсан, хийж бүтээхийн оргилуун хүслээр дүүрэн цаг үе. Хүн бүхэн залуу насаа хайрлаж, хийсэн зүйлтэй байгаасай гэж хүсдэг.
-Эмэгтэй хүнээс хамгийн түрүүнд юуг нь олж хардаг вэ?
-Нүдийг нь онцолдог. Нүд сэтгэлийн толь гэдэгтэй санал нийлдэг. Тухайн хүний хэн болох, ямархуу зан араншинтай гээд бүхий л зүйл нь нүднээсээ шууд мэдэгддэг. Жүжигчин гэдэг хүн уншдаг мэргэжил шиг байгаа юм. Цаг ямагт л бүтээх дүр, тоглох жүжгээ амьдралаас, хүнээс эрж хайж олдог. Тийм ч учраас хүний нүд рүү харж ажилладаг гэх үү дээ.
-Та сайхан хүүхэн гэдгийг өөрийнхөө бодож байгаагаар илэрхийлэхгүй юу?
-Цэвэр ичимтгий зантай монгол бүсгүйг сайхан хүүхэн гэнэ гэсэн ерөнхий ойлголт байдаг л даа. Энэ нь одоо хуучинсаг ойлголт болжээ. Нийгэм маань хурдацтай хөгжиж байна. Дагаад хүнийг үнэлэх үнэлэмж ч дагаад өөрчлөгддөг юм байна. Хүмүүс сайхан гэдгийг өөр өөрөөр боддог байх. Миний хувьд өөртөө итгэлтэй, дайчин, эрч хүчтэй, ажил хэрэгч эмэгтэйг сайхан хүүхэн гэж хэлнэ.
-Зарим хүмүүс өрөвдүүлж амьдарснаас атаархтал амьдарсан нь дээр гэж ярьдаг. Таны хувьд?
-Хүнд өрөвдүүлж амьдарна гэдэг хамгийн гутамшигтай зүйл шүү дээ. Ингэж амьдарснаас амьдраагүй нь дээр. Тодорхой хэмжээгээр атаархуулж амьдрах гоё шүү дээ.
-Уран бүтээлчид сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Харин Амгаа сэтгэлийн тэнхээгээр хэр вэ?
-Гайгүй ээ. Би чинь хүний хань, хүүгийн эцэг хүн шүү дээ. Гэр бүлийн ноён нуруу болсон эр хүн сэтгэлийн тэнхээгүй байж болохгүй.
-Зарим хүмүүс үгүй гэж хэлэхэд хэцүү гэдэг. Та үгүй гээд шулуухан хэлж чадах уу?
-Чадна. Үгүй гэж хэлж чадахгүйгээс болоод худалч гэдэг хоч авдаг хүмүүс зөндөө л байдаг шүү дээ. Зайлшгүй хийж чадах бол үгүй гэж хэлж чаддаггүй. “Амгаа чи үүнийг хийж чаддаг шүү дээ гээд гуйхад хийхийг л боддог. Зав гайгүй бол аль болох хийж өгөхийг л хичээдэг.
-Сархдын тухай таны бодол?
-Энэ ундааг манай өвөг дээдэс эрт үеэс хүндэлж, идээ ундааны дээж болгон хэрэглэж ирсэн сайхан уламжлалтай. Харин хэтрүүлж хэрэглэвэл хүнийг амьдралтай нь “алдаг” аймшигтай зүйл. Хэтрүүлснээс болж олон сайхан уран бүтээлч амьдралаа алдаж, урлагийн алтан тайзнаасаа буусан гашуун туршлага байна. Энэ жишээг давтахгүй юмсан гэж бодон аль болох хол байхыг хичээдэг.
Баяр ёслолын үеэр найз нартайгаа суухдаа бага зэрэг уух тохиолдол байлгүй л яахав. Найз нөхдийн хувьд би өөрийгөө их баян хүн гэж боддог. Багын найзуудтайгаа байх үедээ жинхэнэ өөрийнхөөрөө, хүнээрээ байдаг. Урлагийнхан олны нүдэнд ил болохоор тэр бүр баар, шоуны газар хэсээд байж болохгүй. Орцонд гитар тоглоод явж байсан найзуудтайгаа уулзаж, нийлэхээрээ хашгирч, дуулж жинхэнэ таашаалыг мэдэрдэг.
-Мөнгө байгаа цагт бүхнийг шийдэж болно гэж хүмүүс ярьдаг болжээ. Энэ талаар таны бодол?
-Энэ ойлголтыг өрөөсгөл гэж бодсоор ирсэн. Гэвч нийгмээ дагаад эвлэрэхээс аргагүй болж байна. Үнэндээ амьдрал нь мөнгөн дээр тогтдог болоод байна. Мөнгө манай нийгэмд маш хүчтэй зэвсэг болсон.
-Хэн нэгнийг магтаач гэвэл?
-Найз нөхөд, хамт олноо магтана даа. Зах зээлийн ороо бусгаа үед драмын театраа өвдөг сөхрүүлэлгүй нуруун дээрээ авч явсан бидний дээд үеийнхэн, одоо хөгжүүлэхийн төлөө эрч хүчээр дүүрэн ажиллаж байгаа залуусаа магтана. Ялангуяа найруулагч Наранбаатар буюу Пара найзыгаа нэрлэмээр байна. Манай Пара бол маш авьяаслаг залуу.
Мөн Эби, Боогий, Ганцэцэг, Уранчимэг нарыгаа хэлнэ. Эд маань Драмын театрын нүүр царай болж яваа хүмүүс шүү дээ. Үнэхээр магтахгүй байхын аргагүй, хаа ч явсан би тэднийгээ л магтаж явдаг.
Х.Алтанцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 22, 2012 9:20:05 pm )
Duudee amjilt husei urlagiin tenger iveeh boltugai
-
Anonymous (December 23, 2012 1:42:24 am )
ok setgeliin yaria chin mash taalagdaj bna. chamd yran buteliin amjilt husie. hun zorisondoo shantarch hezech bolohgui shuu. amjilt
-
Anonymous (December 23, 2012 9:32:18 am )
huurhun nudtei,hatsar deeree uran honhorhoitoi egduutei zolig shu.bas ovoo uhaantai yum
-
Anonymous (December 23, 2012 8:02:15 pm )
МАГТААЛААС ЗЭМЛЭЛ ДЭЭР МАГТААЛ ТЭНГЭГ ХҮНИЙГ БАЛЛАЖ ХАЯНА УХААНТАЙ ХҮНД
ЗЭМЛЭЛ ТУС БОЛНО ИХ ЗҮҮЛ УХААРУУЛАНА -
Anonymous (December 24, 2012 3:37:46 pm )
draminhan hoorondoo saihan shaaltsdag geed baigaam daa
5 Comments