Уушгитай хүн бүрт хамаатай Улаанбаатарын утаа хүртэл улстөржилтөд өртөв. Орон нутгийн сонгуультай зэрэгцээд нүүрсний үнийг хямдруулж, шуудайг нь томсгон, нүүрс худалдаалах цэгүүдийг дүүрэг бүрт шинээр нээсэн нь утаатай тэмцэж буй Засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж эхлэв. Уг нь Засгийн газрын бодлого залгамж бодлогоор үргэлжлэх ёстой. Харамсалтай нь өнөөх гайтай сонгуулийн шоу, улстөрчдийн гэр хорооллынхонд тал заасан өгөөмөр сэтгэл нийслэлийг дахиад л утаат мананд умбуулав.
Утаагүй зуух, шахмал түлш, цахилгааны хөнгөлөлт, гэрийн дулаалга гээд Засгийн газрын “Цэвэр агаар” сан болон АНУ-ын Мянганы сорилтын “Цэвэр агаар” төслийн хүрээнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон кампанит ажил өрнүүлж, Америк, Монголын олон сая татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийг утааны эсрэг тэмцэлд цацсан. Харамсалтай нь энэ бүх ажилд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан ганцхан шийдвэр л цэг тавив.
Багануурын нүүрсийг хэдэн мянган тонноор нь нийслэлд оруулж ирэн, хамгийн хямд үнээр гэр хорооллынхонд тарааж буй нь улаанбаатарчуудыг дахиад л утаат манан дунд өвөлжүүлж байна. Өмнөх Засгийн газрын үед буюу С.Батболдыг Ерөнхий сайд байх үед, Г.Мөнхбаярыг Улаанбаатар хотыг удирдаж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, дэргэдээ Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан.
Сар бүр шахуу хуралдаж, утаатай хийх тэмцлийн үр дүнг шат бүхэнд нь хэлэлцэж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байв. Үүний үр дүнд гэр хорооллын 180 мянга орчим иргэний гуравны нэг нь утааны эсрэг кампанит ажилд нэгдэж, энэ тооны өрх гэр энэ өвөл шахмал түлш, коксжсон болон хагас коксжсон нүүрс хэрэглэх бэлтгэлээ базаасан. Энэ жил хязгаарлалтын бүсээ өргөжүүлж, шахмал түлш, коксжсон болон хагас коксжсон нүүрснийхээ хэрэглээг өсгөж чадвал өвөлдөө нэмэгддэг агаарын бохирдол мэдэгдэхүйц багасна гэсэн сайхан төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн тэргүүний биш АН-ын даргын хувиар Улаанбаатарын утаагаар улс төр хийж, түүхий нүүрсний үнийг хямдруулсан шийдвэр нь гэр хорооллынхныг эргээд түүхий нүүрсэнд оруулж эхэллээ. Түүхий нүүрс илчтэй, бас хэрэглэж сурсан. Одоо бүр үнэ нь хямдарсан. Тийм болохоор үнэ нь арай өндөр, бас олдоц ховор шахмал түлш, коксжсон, хагас коксжсон нүүрс хүлээж байхаар хаяандаа “ирсэн” түүхий нүүрсээ түлэхийг иргэд илүүд үзэж байна.
Хотын төвийнхөнд, Төрийн ордонд тухалдаг улстөрчдөд хамгийн ойр бас хамгийн их утаа үйлдвэрлэдэг дүүрэг бол Баянгол. Энэ дүүрэг түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсэд ордог. Эндхийн гэр хорооллынхонд өнгөрсөн жил 32 мянган утаагүй зуух тарааж, түүхий нүүрс түлэхийг нь хориглосон. Гэтэл энэ арваннэгдүгээр сараас эхлэн хороо бүрт нь шахуу түүхий нүүрс худалдах цэгийг шахмал түлш борлуулах цэгтэй хаяа нийлүүлэн байгуулсан байх юм. Түүхий нүүрс нь буусан даруйдаа дуусдаг бол шахмал болон боловсруулсан нүүрсний олдоц муу байдаг хэмээн иргэд ярьж байна. Утаатай тэмцэж буй Засгийн залгамж бодлого энэ мөн үү? Засгийн газар түүхий нүүрсний үнийг бууруулсан. Тиймээс Агаарын бохирд лыг бууруулах Үндэсний хорооноос боловсруулсан түлшний үнийг ч багасгахаас аргагүйд хүрчээ. Тиймээс хагас коксжсон боловсруулсан түлшийг 80 мянга, үртсэн шахмал түлшийг 90 мянган төгрөг болгож хямдруулжээ. Үүний зөрүү татаасыг Засгийн газраас гаргаж байгаа юм байна. Утааны эсрэг тэмцэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүү томоохон “хувь нэмэр” оруулжээ.
Ерөнхий сайдын улстөржсөн шийдвэрээс үүдэлтэй “алдагдлыг” Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж бай гаа нь шударга биш байна. Өнөөдөр айл бүр утаагүй зуухтай болохыг эрмэлзэх болсон. Харамсалтай нь түлэх түлш нь ховор байна. Шахмал түлш үйлдвэрлэдэг 30 орчим үйлдвэр, коксжсон, хагас коксжсон нүүрс боловсруулдаг МАК, “Шарын гол энерги” зэрэг 3-4 компанийн жилд үйлдвэрлэж буй нийт 30 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нийслэлчүүдийн хэрэглээг хангаж чадахгүй байна. Шахмал түлшний үйлдвэр байгуулна хэмээн 20 орчим тэрбум төгрөг Засгаас зарлагадсан ч өнөө хүртэл сураггүй. Үүнд хяналт тавьж байгаа дарга ч гэж алга. Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа гэдэг хүн уг нь Улаанбаатарын утаатай тэмцэх ажлыг хариуцаж байсан юм. Энэ залуу өнгөрсөн наймдугаар сард энэ албан тушаалд томилогдсоноос хойш юу хийсэн нь тодорхойгүй.
Усан халаагууртай канад зуух өнгөрсөн аравдугаар сард Монголд орж ирсэн. Гэр хорооллын 20 мянган айл өрхөд очих ёстой энэ зуух Пүрэвдаваа даргын шийдвэрийг хүлээсээр одоо хүртэл тараагдаагүй байгаа. Гэтэл тэрбээр “Барын сүүл байснаас батганын толгой болох”-ыг илүүд үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргаар өнгөрсөн долоо хоногт томилогдоод явсан байх юм. Улаанбаатарын утааны эсрэг тэмцэлд Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагууд иймэрхүү маягтай л нэгдэж байна. Ерөнхий сайдын эхлүүлсэн түүхий нүүрсний шоу Улаанбаатарын утааг улам өтгөрүүллээ. Өвөл дуусахад, хүйтний эрч сулрахад дахиад гурван сар үлдлээ. Тэр болтол Улаанбаатарчууд эрүүл мэндээ хордуулсаар, нялх балчир хүүхдүүд эмнэлгийн орыг дүүргэсээр байх уу, Ерөнхий сайд аа. Уушгиа хордуулж, утаан дунд өвөлжиж байгаа нийслэлчүүд эрүүл мэндийн хохирлоо Засгийн газраас нэхэмжлэх нь шударга ёсонд нийцнэ.
Тоймч Д.Оюун-Эрдэнэ
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 1:09:46 pm )
Утаа багасгана энэ тэр гээд хэдэн тэрбумаар нь цацаад идээд байдаг гэтэл энэ Алтанхуяг гэж нөхөр Ардчилсан нам нүүрсээр шоу хийж утааг бүүр их хэмжээнд хүргэлээ .
-
Anonymous (December 17, 2012 3:36:29 pm )
ene altanhuyag geh erhem ch medehgui. Mongoliig min tun udahgui zalgih bh.
-
Anonymous (December 17, 2012 7:33:53 pm )
heleh vg daanch alga buudaj alah yumsan amerkad hvvhed buudaj alj bga hvmvvst heleh yumsan
3 Comments