Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа нарын шүүх хурал өчигдөр Дээд шүүхэд болсон. Хуралдаан өглөөний 9.45 цагт эхэлсэн бөгөөд 12.30 цагт завсарлаж шүүх бүрэлдэхүүн шийдвэрийнхээ талаар зөвлөлджээ.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, яллагдагч Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүрт нь нэг жилийн тэнсэн харгалзах ял эдлүүлэхээр болжээ. Ямартай ч хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан учир АТГ-ын дарга нарыг суллахаар болсон нь батлагдсан аж.
Мөн АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол хэргийг цагаатгах саналтайгаар Хяналтын шатны шүүхэд хандсан ч шүүхээс тэнсэн харгалзах ял оноосон учир цаашид Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдсэн байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэцэд хандвал Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийг цагаатгах гомдлыг нэг мөр шийдэх юм.
Ч.САНГАРАГЧАА ӨӨРИЙГӨӨ ХЭЛМЭГДСЭН ГЭЖ ҮЗДЭГ
АТГ-ын даргын албан тушаалыг хашиж байхад нь Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 111.1 буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэж, нэр төрд нь халдсан, 133.2 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, 263.2-оор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 273.2-оор төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө зориулалтын бусаар ашигласан зүйлчлэл нь хүчингүй болж бусад гурван зүйл ангид нь нийтдээ 2.4 жилийн хорих ял оноогоод байжээ.
Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг ялласан нь зорилготой хүмүүсийн, зохион байгуулалттай ажил гэж бодож байна. Улс төрийн намын дарга байсан хүн Улсын Ерөнхий прокурор болсон нь нөлөөлж байгаа хэрэг.
Би төрийн албанд насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэж, ёс зүйн алдаа, тэр дундаа гэмт хэргийн шинжтэй нэг ч үйлдэл гаргаагүй. Тиймээс би хилсдсэн” гэж байжээ. Харин үүнээс хойш тэрбээр дахин хэвлэлд мэдэгдэл хийгээгүй юм.
Ингээд Ч.Сангарагчаагийн хууль бус үйлдлүүдийг дэлгэж, хөдлөшгүй баримтаар ял эдлүүлэх болсонд тэрбээр гомдолтой байгаа төдийгүй хэд, хэдэн удаа давж заалдсаар энэ удаад суллагдах болоод байна. Түүнийг Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай түнжин муутай байдаг гэх яриа гарсан цагаас эхлэн шүүх, цагдаатай холбогдох болсон нь нууц биш.
Үүнээс гадна Ч.Сангарагчаа Зайсан дахь хүүхдийн 411 дүгээр ангид хорих ял эдлэх болсон нь олны хэл аманд багагүй өртөж байсан. Тухайлбал, насанд хүрээгүйчүүдийн хориход ял эдлэх болсон нь түүний албан тушаал нэр нөлөөтэй холбоотой хэмээн тайлбарлагсад байв.
Түүнчлэн, өнгөрсөн долоодугаар сард тус ангиас оргосон зургаан хоригдолтой ч түүнийг нэр холбож байсан удаатай. Учир нь тэрбээр аж ахуйн хэсэгт хуваарилагдсан нь эдгээр хүүхдийг оргох нөхцөлийг бүрдүүлсэн гэх сэрдлэгэд өртөж байлаа.
Мөн түүнийг Зайсанд хорих ял эдлэх болсон нь тэнд байдаг хувийн хаусдаа амьдрах боломжоор хангасан гэх яриа ч чих дэлсч байсан юм. Харин АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа энэ бүхэнд хамааралтай эсэх нь тодорхойгүй. Түүнийг хоригдож байх хугацаанд дэгдэж байсан цуу яриаг ШШГЕГ тас үгүйсгэсээр ирсэн нь цаанаа учиртай.
Ч.САНГАРАГЧАА СУЛЛАГДСАН НЬ УЛС ТӨРИЙН ТОГЛООМЫН ТӨГСГӨЛ ҮҮ
Түүний ял эдлэх болсон шалтгаан тун энгийн. Нэг л зангилаан дээр тогтдог цор ганц асуудал дээр Ч.Сангарагчааг ялласан. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбатыг тагнаж, сонсох төхөөрөмж өрөөнд нь 15 хоногийн турш суурилуулсан гэдгийг нь нотолсон.
Чухам юуны учир мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын удирдлага өөрийг нь хардав. Энэ бүхнийг өнгөрсөн гуравдугаар сарын зарим улстөрийн хуудуутай үйлдлүүдээр дөвийлгөх нэгэн байдаг.
Ч.Сангарагчаа өөрийгөө Прокурорын газрын цэвэр явуулгаар ял эдлэх болсон гэж үзсэн. Харин түүний эсрэг Тагнуулын Ерөнхий газрын сэжигтнээр татаж, өөрийн ажилтнаа тагнасан гэдгийг олж тогтоосон байна.
Ингээд прокурорийн хяналтаар дамжуулан шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэхдээ нэр бүхий улстөрчид эл асуудалд хамааралтай гэх шуугиан ч тухайн үед тарж байлаа. Учир нь Ч.Сангарагчааг буруутгасан зүйл ангиуд Э.Амарбат гэх эрхэмтэй холбоотой асуудлын дараа ар, араасаа цувран гарч ирсэн байдаг.
Тиймээс Авлигатай тэмцэх газрынхан дотроо хагаралдаантай байдаг гэхээс илүүтэй гадны нөлөөлөл, улстөрчдийн бохир явуулга нэвт шингэсэн байдгийг энэ бүхнээс харж болно.
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 28, 2011 4:55:07 pm )
Amarbat gej yag hen um be??????????????
1 Comment