Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 340 мянган төгрөгийг хэрхэн олгох талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Хүний хөгжил сангаас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг бонд хэлбэрээр гарахаар болсон гэсэн. Энэ мөнгийг олгоход хэр хэмжээний эх үүсвэр хэрэгтэй вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настангуудад нэг сая төгрөгийг олгоход өнгөрсөн жилийн төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийг суулгаж баталсан. Гэхдээ энэ мөнгөний зарим хэсэг нь хүний хөгжил сангаар бүрдэнэ. Дийлэнх хэсэг нь бүрдэх боломжгүй байгаа. Тиймээс бонд гаргаж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ мөнгийг олгохдоо Монголбанкнаас 300 гаруй тэрбумын зээл авсан юм билээ. Тэгэхээр оны эцэст энэ зээлийг төлөх болж байгаа. Зээлээ төлье гэхээр Хүний хөгжил сангийн хуульд зээл төлнө гэсэн заалт байхгүй байгаа юм. Тиймээс энэ заалтыг нэмэхгүй болохоор зээлийг нь төлөх бололцоогүй болчихоод байгаа юм. Ийм хоёр үндэслэлээр Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөлд орсон.
-Өөрөөр хэлбэл, зээл төлж болно гэсэн заалт оруулна гэсэн үг үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настангуудад өгсөн байгаа мөнгөний зээлийг нь төлөх гэж байгаа. Эдгээр иргэнд өгөх үлдсэн мөнгийг олгохын тулд бонд гаргаж байгаа. Энэ хоёрыг тусгаж байгаа хэрэг.
-Зээлийн хүү хэд байх бол?
-Арилжаагаар л шийдэгдэнэ. Бид санал болгоно. Өмнө нь гаргасан Засгийн газрын бондын хүүгийн дундаж үзүүлэлт жилийн 10-11 хувийн хүүтэй байгаа. Тэр түвшинд борлогдох байх гэж бодож байна.
-Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 200 тэрбумын бонд гаргана гэсэн. Хэр боломжтой юм бэ?
-Арьс ширний нийлүүлэлт эхэлж байгаа энэ үед бондыг гаргаад, малчдад мөнгийг нь олгочихвол үр дүнтэй болно. Тэгэхгүй хавар гэвэл ноосны мөнгийг өгч чаддагүй шиг л юм болно. Цаг хугацааныхаа хувьд одоо л чухал байгаа юм. Нөгөөтэйгүүр олон зуун тэрбумын бонд арилжаалахаар худалдаж авах иргэд, санхүүгийн байгууллага ямар байна гэдэгт анхаарах ёстой. Цаг үеийнхээ хувьд одоо л шийдэх асуудал.
-Хүний хөгжил сангийн үлдэгдэл мөнгийг энэ оны эцэс гэхэд өгнө гэж амласан удаа бий. Иргэдийн хувьд ч нэлээд хүлээлт үүсээд байгаа шүү?
-Бонд гарчихвал өгнө. Гаргаж чадахгүй бол өгөх боломжгүй.
Н.Түвшин
Холбоотой мэдээ
Comments are closed.