Есдүгээр сараас хойш Зайсангийн аманд 10 хүүхэд шар өвчнөөр өвчилжээ –
Нийслэлчүүдийн төдийгүй манай улсын иргэдийн шүтээн болсон уулын нэг бол Богдхан. Улаанбаатар хот Богдхан уулын ар хормой хатан Туулын хөвөө сэрүүн Сэлбийн дэнжийн хүн чулууны хонхорт 1778 онд суурьшсан түүхтэй. Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай гэж үздэг. Тэр л үеэс улбаатай уул усаа тахин шүтэж ирсэн монголчууд харин өнөөгийн нийгэмд шүтэн бишрэх, тахих гэсэн үгийг уландаа гишгэж байна. Тэр дундаа онгон дагшин уулаа ухаж, сэндийчин орон сууцны барилга барьж байгаа том толгойтнууд энэ үгийг сонсохоор бөөлжис нь ч хүрдэг байж магад.
Тэр том толгойтнуудын нэг бол “Жигүүр гранд” групп. Тус групп Зайсан толгойн урд аманд “Zaisan Village” хотхоныг өнгөрсөн зунаас барьж байна. Уг хороолол нь хотын төвөөс холгүй боловч дуу чимээнээс хол, нам гүм, агаарын цэвэр орчинд хамгийн ойр газар байрлаж байгаагаараа онцлогтой гэнэ. Түүнчлэн Монгол орны эрс тэс цаг агаар, уур амьсгалын онцлогоос агаарын хуурайшилт тоосжилт ихтэйг сонгон тус аманд жэхүү барилгыг барьж байгаа юм байх. Өөрөөр хэлбэл, Зайсангийн ам нь уул ус, ургамал модтой ойр, агаарын солилцоо сайтай, чийглэг зөөлөн уур амьсгалтай, тоосжилт багатай учир харшил болон бусад Амьсгалын замын халдварт өвчин тэнд амьдарсан иргэдэд халдахгүй, насан туршдаа хамгаалагдаж, дархлагдах гэнэ.
Цэвэр агаар, уул усандаа ойр ч гэсэн дээрх үгийн цаана манай хороололд амьдарч байгаа иргэд эрүүл бол бусад нь халдварт өвчнөөр өвчилж үхсэн ч хамаагүй гэсэнтэй агаар нэг сонсогдоод байдаг юм. Ийм л уриатай “Жигүүр гранд групп” ашиг хонжоо хайж тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Энэ группийн xар гайгаар Зайсангийн аманд оршин суугаа иргэдийн хүүхэд багачууд шар өвчнөөр өвчлөх болсон байна. Энэ мэдээллийн загуу манай сурвалжлах хэсэг Хан-Уул дүүргийн XI хорооны Мөнх Зайсангийн II хэсгийг зорьсон юм. Бид өчигдөр өглөөний 11.50 цагийн үед Зайсангийн эцсийн автобусны буудалд очлоо.
Автобуснаас буунгуутаа шар өвчин гарч байгаа гэх газар болон “Жигүүр гранд”-ын талаар иргэдээс асуухад, тэд бидэнд ярьж өгөхөөсөө илүү газар дээр нь очиж үзүүлэхээр дагуулан авсан юм. Автобусны буудлын урд байрлах Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн баруун талаар гарч, хорихын өндөр блокон хашааг дагаж, нарийн гудмаар 300 метр хэртэй яваад тус группийн барьж байгаа болон 2010 онд барьсан “Luxury Zaisan Village” хотхоныг зааж өгсөн юм. “Luxury Zaisan Village” хотхонд зургаан давхар 7-8 орон сууц барьсан байна. Харин одоо барьж байгаа “Zaisan Village” хотхон нь 54 айлынх ажээ. Барилгын ажил ид явагдаж байв.
“Жигүүр гранд” группийн барилга барьсан газарт олон жил болсон бохирын цооног байсан аж. Бүр тодруулбал, 1947 онд Халдвартын эмнэлэг Улсын төв эмнэлгээс салбарлан Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлтийн цэргийн эмнэлгийн байранд байгуулагдаж байжээ. Үүнээс хойш 30 гаруй жилийн дараа Халдвартын эмнэлэг нүүж, түүний оронд Сүрьеэгийн больниц үйл ажиллагаа явуулах болсон байна. Гэсэн ч удалгүй уг больниц Халдвартын эмнэлэгтэй нэгдэж, үүний оронд мөн л Хорихын эмнэлэг үйл ажиллагаа явуулах болсон аж. Энэ үед бохирын нэгдсэн төв шугаманд холбогдоогүй байсан учраас энд нян бактерын үүр уурхай бий болсон байна. Харин Богдхан уул улсын тусгай хамгаалалттай гэх тодотголыг зүүгээд олон жил болсон ч нэг л өдөр нөгөөх их нян бактерыг ухаж, барилгын ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх газруудын бохироо хийдэг байсан бохирын цооногны шороог ухаж айлын хашаанд буулгаснаар өвчин дэгдэх гол нөхцөл нь бүрдсэн байна.
Энэхүү бохир, нянтай шороог НМХГ-аас тухайн үед ачих албан бичгийг “Жигүүр гранд групп”-ийнхэнд өгсөн ч тусыг эс олжээ. 2009 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Ууганбаярын тогтоолоор дээрх нян бүхий шороог “Жигүүр гранд”-ынхнаар ачуул гэсэн байна. Гэсэн ч энэ тогтоолыг биелүүлэх нь битгий хэл тоолгүй өнгөрснөөр өнөөдрийн байдлаар 10 хүүхэд шар өвчнөөр өвчилжээ. Тэнд амьдарч байгаа иргэдийн ярьж буйгаар шар өвчин бохирын цооногны шороог ил гаргаж асгаснаас үүдэлтэйг хэлсэн юм. Хөрсний нянгийн идэвхтэй үе нь долоо болон наймдугаар сарын эхин үед байдаг ажээ. Энэ үед агаарт 20 хэмээс илүү халсан үед нян идэвхтэй болдог байна. Долоо, наймдугаар cap нь Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгид амарч байдаг учраас гэртээ хийх ажилгүй хүүхдүүд овоолсон шороон дээр тоглож өдрийг өнгөрөөдөг байна.
Энэ үед хүүхдүүд халдварт шар өвчнөөр өвчилсөн ч шарын далд үе буюу 10-60 хоногт илрээгүйгээс одоо хүүхдүүд эмнэлэгт хэвтэн, хичээлээсээ чөлөө авах нь олширчээ. Албаны хүмүүсийн хувьд хөрсний дээж авахуулж шинжилгээ хийлгэ гэдэг байна. Энэ дагуу тус хороонд амьдарч байгаа иргэд “Богд уулыг аврах уугуул иргэдийн холбоо” ТББ-ыг байгуулж, хөрсний шинжилгээ хийлгэхээр холбогдох газарт нь хандсан боловч манай улсад албан ёсны хөрсний шинжилгээ хийдэг газар байхгүй гэдэг шалтгаанаар өдийг хүртэл уг шинжилгээг хийгээгүй байна. Тус холбооны иргэд Сэлэнгэ аймгийн Хонгор суманд хөрсний шинжилгээ хийлгээгүй удсанаас одоо хүртэл хор нь арилаагүй, түүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Тэр байдал энд мөн давтагдаж байна гэлээ. Зайсангийн аманд газар авч байгаа иргэд Улсын тусгай хамгаалалтай газарт аялал, жуулчлалын чиглэлээр газрын зөвшөөрөл авдаг байна.
Газар авахдаа ямар нэгэн байгууллагын нэр дээр бус харин иргэн тэрний тэдэн га газар хэмээн иргэн хүний нэр дээр газраа авдаг байна. Газар авсны дараа аялал жуулчлал хөгжүүлэхээсээ илүү хэдэн төгрөгөө арвижуулах санаагаар орон сууцны барилга барьсаар байгаа нь асуудлыг араасаа дагуулж байгаа юм. Зайсангийн орчимд очсон хүн аялал жуулчлалын чиглэлээр хийж байгаа нэг ч ажлыг олж харахгүй. Зөвхөн шулганасан хужаа нарын дуу, хөрөө, рамны чих дөжрөм дуу чимээ, том, том барилгын өргөгч цамхгуудыг л олж харна. Бөмбөг дэлбэлчихээ юу гэлтэй ундуй сундуй, хайш яайш дүр зураг нүднээ тусна. Хаа сайгүй, хог новш, цемент, шохой гээд байхгүй хог тэнд алга. Энэ л газарт баячуудын балгаар борчуудын хүүхэд баларч байна.
Хан-Уул дүүргийн XI хорооны Мөнх зайсангийн II хэсэгт 83 өрхийн 200-гаад иргэн тухайн нянтай цэгт амьдарч байна. Дүүргийн Засаг даргад дээрх байдлаа дуулгахад БОАЖЯ-нд ханд гэсэн байна. Энэ дагуу тус яаманд хандсан ч ямар ч үр дүн гарсангүй. Иргэд одоогийн сайдыг яагаад энэ тал дээр анхааран ажиллахгүй байгааг гайхаж байгаагаа манай сониноор асуулгасан юм. Улсын тусгай хамгаалалтай газарт өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн зөвшөөрлийг Л.Гансүх сайд цуцлах бүрэн эрхтэй ч хүсэхгүй байгаа нь илт хэмээж байлаа. Түүнчлэн уг газрын усны төвшин жилээс жилд буурч байгааг судлаачид гаргасан гэсэн. Жил бүр урсдаг байсан Зайсангийн гол энэ жил бараг урсаагүй байна. Энэ нь тус аманд байрлах компаниуд зөвшөөрөлгүй гүний худаг гаргаснаас ийм байдалд хүрчээ. Ингээд бид шар өвчнөөр хүүхэд нь өвчилсөн ээжүүдтэй уулзсан юм.
Иргэн Г.Алтанцэцэг:
-Манай хүүхэд Ерөнхий боловсролын 32 дугаар сургуульд сурдаг. Одоо долдугаар анги. Шар өвчин туссанаас болж cap хичээлдээ яваагүй. Иргэд шар өвчнийг ихээр нуудаг юм билээ. Бидний хувьд тэгээгүй. Хүүхдээ шар өвчин туссан тэр үед нь сургуулийн эмч, багшид нь хэлсэн. Энэ дагуу сургууль, анги танхимд нь ариутгал хийлгэсэн. Манайх энд 40 орчим жил амьдарч байна. Энэ хугацаанд ийм сонин зүйл гарч байхыг харж байгаагүй юм байна.
Иргэн Д.Алдархишиг:
-Манай хүүхэд есдүгээр сарын 25-нд шарласан. Гол шалтгаан нь “Жигүүр гранд”-ын балаг. Манай энэ хажуу талд байрлах насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих ангийн байгаа газарт өмнө нь Халдварт, Сүрьеэгийн эмнэлэг байсан. Тухайн үед тус газрууд төвийн бохирын нэгдсэн шугаманд холбогдоогүй учраас бохироо одоо “Жигүүр гранд”-ын барилга барьсан газарт асгадаг байсан юм. Энэ газарт “Жигүүр гранд” групп 2009 онд барилга барьж, бохир шороог нь айлын хашаанд асгаснаас болж энэ өвчин дэгдээд байгаа юм. Манай хүүхэд зургаан настай. Хичээлдээ яваагүй удлаа.
Иргэд ийн ярьж байна. 1809 онд Богдхан уулын 28 амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож тийшээ нэвтрэн орох зөвшөөрлийг Богд эзэн хаан өөрөө олгодог дэг журам тогтоож байжээ. Гэтэл өнөөдөр уг газарт олгох аялал жуулчлалын зөвшөөрлийг манай сайд түшээд өгч байгаа ч эзний сэтгэлээр бус харийн хүний сэтгэлээр хандах болсноор ийм байдалд хүрээд байна.
Э.Пагма
монголын мэдээ
Холбоотой мэдээ
Comments are closed.