2007 оноос хойш 109 хүн барилгын ажилтай холбоотойгоор амь насаа алджээ.
Хүмүүс айхдаа машины жолооч, барилгын даамлыг буруутган нүүр нүдгүй загнана. Яг үнэндээ хөөрхий тэд чинь маньтайгаа адил таван цаас олж, амь зуухаар л ажиллаж яваа ажээ. Харин сүүлийн хэдэн жил сүрхий газар аваад байгаа энэхүү барилгын бизнесийг эрхлэгчид, өөрсдийнх нь хэлдгээр “Захирлууд” энэ бүхний буруутан ажээ.
Захирлууд бага зардлаар орон сууц, оффисын барилга барин, түүнийгээ асар өндөр үнээр борлуулна. Өөрөөр хэлбэл, тэд бизнесээсээ маш их ашиг олдог. Зүгээр л хар ухаанаар бодъё. Алхам тутамд тааралддаг барилгуудыг нэг ажиглаад үзээрэй. Барилгынхаа “рам”-ыг л цементээр цутгаж байх шиг. Тэгээд блокоор дүүргэлтээ хийж, гадуур нь хөөсөнцрөөр зузаална. Хамгийн сүүлд өнгө шавар хийгээд, нүдэнд дулаавтар өнгөөр будчихна. Мэдээж хэрэг, суурь энэ тэрээ цутгаж л таарах байх л даа. Ер нь бол иймэрхүү энгийн байдлаар өнөөдөр баригдаж буй нийт барилгын 90, түүнээс дээш хувь нь баригдаж байна. Хараад байхаар мань мэт ч тиймэрхүү барилга өрчихмөөр.
Ийм ядруухан чанар¬тай барилга барихдаа барилгачдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангана гэсэн ойлголт ёстой үгүй. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн дэргэдэх барилгын осол болонгуут барилгын компанийнхан барилгачиддаа хамгаалалтын малгай тарааж өгсөн байдаг. Түүнээс өмнө тэнд ажиллаж байсан барилгачид тэр малгайны барааг ч хараагүй байж.
Хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн нэр томъёог сонсохоор нэг л их албаны хэллэг, бичиг цаасны ажил мэт Захирлууд хийгээд барилгын ажилтнуудад сонсогддог байж магадгүй. Тийм биш. Зүгээр л, гэнэт тараасан хамгаалалтын малгайгаа цаг үргэлж барилгачдад өмсгөх, өмсөхийг шаардахыг л хэлдэг аж. Энэ бол эхний алхам. Аюулгүй байдлыг хангуулахад нэг их зардал гарахгүй гэж байгаа. Олж байгаатай нь харьцуулбал мянганы нарийвчлалтай тоо, зардал гарах аж.
Үүнийг хангадаггүйгээс барилгаас шалтгаалсан хүн амины хэрэг сүүлийн хэдэн жил цөөнгүй гарч. 2007 оноос хойш 109 хүн барилгын ажилтай холбоотойгоор амь насаа алджээ. Цөөхүүлээ Мон¬голд хэчнээн их тоо болох нь ойлгомжтой. Бид есдүгээр сард гарсан хэдэн ослыг мэдээд л айж, түгшүүр төрж байгаа болохоос иймэрхүү байдлаар эрдэнэт хүний амь эрсэдсээр ирсэн аж.
109 хүний амь гэдэг мөнгөөр лав үнэлэмгүй. Ер нь юугаар ч үнэлэх боломжгүй. Гэтэл нэг бус хүний амь хөнөөсөн барилгын компанийн захирлууд барилгаа барьсаар. Ашгаа олсоор. Элдэв янзын “Шилдэг” гэсэн өргөмжлөлөөр булуулсан бүдүүн захирлууд энд тэнд барилгын ажил эхлүүлэн, хэчнээн ашиг олохоо тооны машинд хийсэн шиг сууж буй.
Тиймээс 2007 оноос хойш хүний амиар “наадсан” барилгын компаниудыг нийтэд зарлая. 109 эрдэнэт хүний амийг хэдэн компанийн захирал авч одож вэ гэдгийг ард олон мэдэг. Бас тэд ч гэсэн бидэн шиг дээрээсээ, дэргэдээсээ айж яваг.
Нөгөөтэйгүүр хүний хөдөлмөрлөх, амьд явах нөхцлийг хангахгүй, маш их мөнгөний тоо зүүдэлсэн эрхмүүдээр заавал барилга, орон сууцаа бариулаад байх шаардлага алга.
Хотын удирдлагуудад нэг зөвлөгөө гэх үү дээ. Үүнийг бичигч миний бие Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаад өчигдөрхөн ирэв. Тэндхийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа н.Ганбаатартай ярилцаж суух завсар нэгэн санаа хэлснийг нь дамжуулъя гэж бодлоо. Өнөөдөр нийслэлд өчнөөн төчнөөн шаардлага хангахгүй барилга байна. Тэр барилгаас хүн унав, энэ барилга нурав. Ийм мэдээг өдөр бүр сонсгож, хэрүүл хийж нервээ барж байхаар ганцхан захирамж хэрэгтэй байна.
Ганц удаа л дээрх шиг алдаа гаргаж, бас шалгалтаар дутагдал илэрвэл Тусгай зөвшөөрлийг нь барьж буй барилгатай нь хурааж аваад, өөр чаддагт нь шилжүүлж байя. Ингэхдээ авлигад өгснөөс бусад зардлыг нь ажил үргэлжлүүлэх компаниас гаргуулж өгөөд, чаддаггүйг нь барилгын ажлаас чөлөөлдөг байвал өнөөдрийн энэ айдас хүйдэс дарагдаж, басхүү чанар¬тай барилгууд нийслэлд сүндэрлэж мэдэх юм.
Түүнээс бус барилгыг нураана, хураана хэмээн сэдэв олж явсан зарим намд улстөр хийх боломж олгоод байгаа нь олон нийтэд тийм ч зохистой бус харагдаж буй. Энэ мэтчилэн хүний амь хохироосон олон компанийг нийтэд зарлаж, хохироох гээд байгааг нь ажиллуулахаа больж байж, мань мэт нь Үндсэн хуулиар олгогдсон амьд явах хийгээд амар тайван амьдрах эрхээ сая нэг эдлэх боломж бүрдэх ажээ.
Б.ОНОН “Зууны мэдээ”
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2012 3:50:11 pm )
Darxan Orgoo kompanii Xishigcyrengiin Xan yyld barican Barilgaac ni ooriinx ni oxin ni ynaj nac barcaniig nyycan shyy. Torcon oxinoo alchixaad nyychixcan shyy.
-
Anonymous (October 04, 2012 11:37:35 am )
ТИЙМ ШҮҮ
2 Comments