Ирэх сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгох “өгөөмөр” санаачилгыг АН-ынхан гаргав. Хүүхдийн мөнгийг халамж бус харин
хүн амаа өсгөх “алтан боломж” гэж харах нь зүйн хэрэг юм. Учир нь Монгол бол хүүхэд, залуусын орон. Тиймээс тэднийгээ хөрөнгө санхүүгийн хувьд болоод оюун санааны хувьд “тэтгэх” нь буруу зүйл биш юм.
Одоогоос таван жилийн өмнө ч ялгаагүй АН-ынхан хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Тухайн үедээ энэ мөнгө эздийнхээ хэрэгцээг хангаж, амьдралд нь хөөрхөөн дэм болж байсан гэдэг. Гэтэл МАН-ынхан АН-тай барьцаж бага орлоготой, ядуу өрхөд сар бүрийн 21 мянгыг нь үргэлжлүүлэн олгох саналтай байгаагаа илэрхийлэв. Угаасаа АН-ын санаачилсан амлалтыг МАН үргэлж давуулж байж санаа амардаг зуршилтай.
Тухайлбал, өнгөрсөн 2008 оны сонгуулиар АН-ынхан нэг сая төгрөг бэлнээр өгөхөө амлахад МАН-ынхан бас яаж дутахав гээд 1.5 сая төгрөг олгохоор болсон юм. Энэ сургаар Монголын өрх бүр бэлэн мөнгөөрөө юу хийхээ төлөвлөн ярилцаж, зарим нь бүр сая төгрөгөө буухаар өгнө гээд өр тавьсан яриа чих дэлсч байв. Дэндүү гэнэн, итгэмтгий бас “тэнэг” гэмээр ард түмнээрээ өнгөрсөн дөрвөн жилийн турш улстөрийн намууд ийнхүү даажигнасан юм.
Иргэн бүрт сая төгрөг олгох боломж бололцоо Монголд байгаа юу гэдгийг иргэд мэдэхийг ч хүсээгүй. Зүгээр л Тавантолгой, Оюутолгой байгаа учраас бид баяжна гэдэгт “сохроор” итгэсэн байв. Гэтэл байдал нэг л биш ээ. Сонгуулийн дараа хоёр жил өнгөрөхөд өнөөх олон сая төгрөгийнх нь бараа сураг нь ч байсангүй. Сая төгрөг байтугай 100 төгрөг ч өгсөнгүй. Харин хүлээлгэж, хүлээлгэж 2010 оны хоёрдугаар улирлаас эхэлж сар бүр 21 мянга, оюутнуудад 500 мянган төгрөгийг олгохоор болсон юм. Үр дүнд нь ард түмэн cap бүр 21 мянгадаа үүр цүүрээс эхлээд үдшийн бүрий хүртэл өвлийн хүйтэн, зуны халуунд унаж, тусан дугаарладаг болсон. Улмаар шатахуун болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци хөөрөгдөж, барилгын үнэ “тэнгэрт хадав”. Гэхдээ л сая төгрөгийнхөө хугасыг ч болов олж авсан нь “Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн” одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянгын тус байсан тухай тэрбээр өөрөө тайлбарладаг.
Бэлэн мөнгө, халамж хайр нь Монголчуудын амьдралд үүнээс өөрөөр үнэндээ тус дэм болсонгүй. Бэлэн мөнгө баялгийг бүтээдэггүй гэдгийг гүнээ ухамсарласан Монголчууд энэ удаад бэлэн мөнгөнөөс татгалзаж, ажилтай, орлоготой болохыг хүссэн юм. Гэтэл өнөөх л халамжаа хавтгайруулах нь.
Орон нутгийн сонгуулиас урьтаж хоёр нам нэг, нэгнээсээ өрсөж бэлэн мөнгө амлалаа. Үүнээс өөр амлалт байхгүй гэж үү. Аль эсвэл хэн илүү мөнгө амласанд нь санал өгнө гэж бодсон юм болов уу.
Хүн алдаж болно, харин алдаагаа давтвал тэр усан тэнэг гэдэг. Өнгөрсөн сонгуулийн үеэр өгсөн бэлэн мөнгөний амлалтынхаа боол нь болж, хэцүүдэж байснаа улс төрийн намууд хэдийнэ мартсан бололтой. Улсын төсөв алдагдалтай байгаа энэ үед бэлэн мөнгө тараах ямар ч боломжгүйг ойлгоход заавал эдийн засагч байх албагүй.
Монголын ард түмэн бүгдээрээ тэнэг биш болохоор улсынхаа эдийн засгийн байдал хийгээд төсвийн талаар ойлгож л байгаа. Хэлсэн, ярьсандаа хүрч чаддаггүй олон ааштай намуудын араншинг гайхаж суугаа. Тэд энэ удаад бас л халамжаас татгалзаж чадсангүй.
Х.Өнөржаргал
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 14, 2012 10:45:11 am )
ehleed huvitsaaniihaa say tugrugiig ugchih tagdgaruudaa
1 Comment