Шинэ долоо хоног аль хэдийн тэг дундаа ороод сүүл мушгих дөхөж байна. Энэ долоо хоногт улс төр, нийгэм тэр аяараа халуухан байлаа. Ерөнхийлөгчийн ах, Ерөнхий сайдын дүү, Хууль зүйн сайдын дүү нар яам тамгын газрын Төрийн нарийнаас авахуулаад, ЗГХЭГ-ийн дэд дарга, яамны хуулийн мэргэжилтэн болсон гээд энэ долоо хоног нэлээд сонирхолтой болж өнгөрлөө.
Тэгвэл дээрх халуухан мэдээллүүд хүмүүст хүрч бужигнаж байх хооронд бидний нүднээс далд, чихнээс хол элдэв төрлийн томоохон наймаанууд яваад өнгөрч байгаа юм биш биз. Тэр бүү хэл бид мэдэхгүйгээр олон жил ужгирсан юм биш биз дээ. Өнөөдөр уншигч танд хүргэх мэдээлэл бол шинэ гэхдээ хуучин. Хуучин гэхдээ бас шинэ.
Асуудлын зангилаа болсон сэдэв бол Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, “Жаст” групптэй холбоотой. Одоогоос 60 гаруй жилийн өмнө байгуулагдаж байсан Улаанбаатар төмөр зам түүхэндээ 15 даргатай байсны гурав нь Монгол хүн байсан юм билээ. Тэгэхээр энэ компанийн маш олон асуудал бидний нүднээс далд байж ирсэн нь тодорхой. Сүүлийн жилүүдэд л Монгол даргатай байж үзэж байгаа Улаанбаатар төмөр зам жилдээ хэчнээн сая доллараар тоологдох бараа материалыг дотоод гадаадын компаниудаас өөрийн дотоод хэрэгцээнд авдаг.
Улаанбаатар төмөр замын хамгийн их хөрөнгө мөнгөөр авдаг бараа бүтээгдэхүүн бол шатахуун. 1949 оноос хойш өөрсдөө түлшээ бие дааж шийддэг байсан Улаанбаатар төмөр зам 2006 онд гэнэт л шатахуунаа өөрсдөө оруулж ирж чадахаа больсон уу, эсвэл хөрөнгө мөнгөгүй болсон уу, ямартай ч төмөр зам шатахуунаа олж чадахаа больсон байдаг юм байна. Ингээд 2006 оноос нээлттэй тендер зарлаж одоогийн “Жаст” групп хоёр жилийн хугацаатай Улаанбаатар төмөр замын шатахууны хэрэглээг хангах тендерт ялсан байдаг аж. Ингээд хоёр жилийн хугацаатай байгуулагдсан уг гэрээ 2008 онд дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл үргэлжилсэн байна.
Жилдээ дунджаар 50 сая доллараар хэмжигдэх өртөгтэй түлш нийлүүлдэг “Жаст” групп Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ч гэрээгээр шатахуун нийлүүлдэг бөгөөд нийт өртөг нь жилд дунджаар 30 орчим сая долларт хэлбэлздэг гэж байгаа. Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэрт шахдаг шатахууны нийт өртөг жилдээ л 80 сая долларт хэлбэлзэж байна гэхээр “Жаст” групп ямархуу том “саалийн үнээ” барьж авчихаад байгааг ард түмэн тооцоод барахгүй л болов уу. Угтаа бол Улаанбаатар төмөр зам хоёр жил тутамдаа гэрээгээ шинэчилж дахин тендер зарлаж түлш өгөх компаниа сонгох ёстой боловч бүхэл бүтэн зургаан жилийн хугацаанд зөвхөн “Жаст” групптэй хамтран ажилласан нь сонирхол татна.
Анх гэрээ байгуулах үед Оросын талаас томилогдсон дарга Улаанбаатар төмөр замыг удирдаж байсан юм билээ. Гэвч тэрээр цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзэж түүний оронд Монголоос В.Отгондэмбэрэл дарга томилогдож Улаанбаатар төмөр замыг удирдаж эхэлсэн байдаг. 2007 оноос 2010 оныг хүртэл гурван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замыг удирдсан В.Отгондэмбэрэл даргын үед “Жаст” групптэй байгуулсан гэрээ дуусгавар болсон ч харамсалтай нь В.Отгондэмбэрэл дарга болон тухайн үеийн ЗТБХБ-ийн сайд Ц.Цэнгэл нар энэ тендерийг зарлуулалгүй гэрээг сунгасан байж болох талтай юм.
Үргэлжлэл бий.
Б.МӨНХНАСАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 14, 2012 9:51:15 am )
uriig n tuluulie, ard tymen bankni ersdliig yyrch baigaa sh dee
1 Comment