antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2012 1 comment

Фракци ихтэй намд бялуу нь багадаж мэдэх нь

нийтлэсэн Admin

Эвсэж нийлсэн нөхдөд ч хэтэрхий чамлалттай байна –

Намын лист, тойрог хоёр ялгаатайг АН-ынхан санууллаа

Н.Алтанхуяг ширээн дээрх бялуугаа зүсэж, бас хуваарилж дуусгалаа. Ингэснээр дараагийн ээлж хоолондоо орох гэж үймэлдэж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн сайдууд хэн бэ, цаашлаад агентлагийн дарга нарт хэн хэн хуваарилагдав гэх асуулт улс төрийн хүрээнийхний дунд ид өрнөх боллоо.  Тохиролцоо ёсоор дэд сайд, яам, агентлагийн дарга нарыг ч фракцийн хуваарилалтаар “сонгон шалгаруулна”. Ингэхдээ эхлээд намын жагсаалтаар эрэмбэлэгдэж, сүүл мушгисан болон тойрогт өрсөлдөж, өвдөг шороодсон эрхмүүдийг “хоног”-ийн хоолтой нь золгуулах юм. Үүний дараа тэднийг тойрон хүрээлэгчид болох сонгуулийн үеэр арын алба хариуцсан ҮЗХ-ны гишүүд агентлагийн “босс” болох учиртай юм. Харин үлдсэн шавхруун дээр нь энэ намын гишүүд, дэмжигчид “зодолдох” аж.  Энэ мэтчилэн шат дараатайгаар хоолны хуваарилалтыг хийхээр сонгуулийн өмнө АН ярилцжээ.

Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэж, шинэхэн томилогдсон сайд нар хуваарилалтаа умартан багаа бүрдүүлээд эхлэв. Ямартаа л, тамга тэмдгээ гардсан даруйдаа өөрийнхөө эрхлэх хүрээний агентлагуудын дарга нарыг дуудаж уулзах вэ дээ. Мэдээж, тэд дараагийн ээлжийнхний орон зай гаргахаас ажлаа эхлэх шаардлагатай. Гэхдээ одоогийн дарга нарыг шууд ажлаас нь чөлөөлөлтэй биш ямар нэгэн шалтаг, шалтгаан хайж, зандарч, бараг л занчих шахсан юм байх. Арван хуруу тэгш хүн гэж хаа байх билээ. Өндөг хүртэл өөтэй гэгчээр дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх өө амархан олдох нь гарцаагүй. Энэ нь дараагийн ээлжийнхнийг дотроо арцалдахад ч хүргэх нь тэр.

Үнэндээ Төрийн тэргүүн танхимын гаднаас бүрдүүлэхийг Н.Алтанхуягт сануулсан тэр өдрөөс эхлэн тойргийн гадна үлдсэн эрхмүүд намын даргынхаа өрөөг гороолж эхэлсэн юм. Шороотой бөхөд сайдын сэнтий хатуудна гэдгийг намын нөхөд нь хэлсэн ч тэд тоогоогүй. Дараагийн ээлж хоолондоо орох хонх цохиогүй байгааг хэлээд ч нэмэр болоогүй. Гэвч эцэст нь нөхцөл байдалтай эвлэрч, Ерөнхийлөгч ч амаа хамхиж, дуугүй болсон. Учир нь Н.Алтанхуяг нэгэнт зурсан хар зургаа огтхон ч өөрчлөөгүй юм. Иймээс өнөөдөр өвдөг шороодсон эрхмүүд намын жагсаалтад багтсан нөхдүүдтэй хоолоо булаалдах нь тэр.

Одоогийн байдлаар тойрогт “ноцолдсон” ч давж чадаагүй эрхмүүд дэд сайдын сэнтий рүү мөлхөж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн И.Нарантуяа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад санаархаж буй. Гэвч намын жагсаалтын 25-д эрэмбэлэгдсэн Д.Үүрийнтуяа энэ суудалд очихын төлөө Н.Алтанхуягт хошуугаа унжуулан, гомдолсон гэх мэдээлэл чих дэлсэв. Иймээс эл хоёр эмэгтэй дэд сайдын төлөө үзэлцэж, хэн ялсан нь авах бололтой. Гэхдээ намын жагсаалтад багтсан эрхмүүд албан тушаалд түрүүлж хүрэх дүрэм энэ намд үйлчлэх нь зүйн хэрэг. Иймээс 28-ын жагсаалтаас үлдсэн 17 эрхэм гарцаагүй хоолны дээжийг хүртэх гэж улайрах нь гарцаагүй биз. Жишээ нь, Батж.Батбаярын хүү Батбилэг болон Р.Бадамдингийн хүү Баттүвшин нарыг аль нэг яамны дэд сайд болгохоор хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр энэ оны сонгуулиас нэрээ татаж, өөрийн хүүгээ сойсон билээ. Мэдээж, тойрогт бус намын жагсаалтын адагт бичүүлэхдээ хэдийнэ албан тушаалын тохироогоо хийчихсэн гэх. Тиймдээ ч өөрөө  хоосон хоцорч, хүүгийнхээ арыг нь даасан гэх юм билээ.

Түүнчлэн О.Магнай ч саарал ордноос салахаа больжээ. Нэгэн үе УИХ-ын гишүүн Ж.Батзандантай мөр зэрэгцэн гудамжны улс төр хийж явсан тэд АН-д үүрээ засаж, өндөглөсөн юм. Сонгуулиар С.Эрдэнэ гишүүний ивээлд багтсан Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, гишүүний тэмдэг зүүсэн бол О.Магнай сураггүй хоцорсон юм. Гэхдээ тэрбээр гар хумхиж зүгээр суусангүй. Намынхаа арын фронтод ажиллаж, өдгөө “урамшууллаа” авахаар намын даргаа бараадах болсон нь энэ. Мань хүнийг  Хууль зүйн дэд сайдад санаархаж байгаа гэх яриа нөхдийнх нь дунд тархсан байна билээ. Юмыг яаж мэдэх билээ, аз байвал ёзгүй гэж. Харин Гадаад харилцааны дэд сайдад АЭХ-ны дэд тэргүүн Ш.Батцэцэгийн нэр яригдаж байгаа ч Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг эртнээс энэ суудлыг захиалсан гэлцэх. УИХ-ын гишүүн асан Я.Батсуурьтай тохиролцож, намын жагсаалтын 16-д эрэмбэлэгдсэн тэрбээр салбарын сайдыг тавиад туусан ч дэд сайдынх нь сэнтийг алдахгүй гэдгээ ойр тойрныхондоо ам алдсан гэдэг. Иймээс Ш.Батцэцэгт Үйлдвэр худалдааны дэд сайдын суудлыг амлаж байгаа гэх яриа бий. Мөн Барилга хот байгуулалтын дэд сайдад АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорын хамт “Глобал” дээд сургуулийн захирал н.Отгонбатын нэр сонсогдох боллоо. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл санаатай байгаагаа илэрхийлж, нөхдөө ч ятгаж эхэлсэн гэх. Уг нь мань хүнийг Боловсролын салбарын дэд сайдаар томилогдох болов уу гэх яриа байсан ч тэрбээр өөр санаатай байгаа бололтой. Түүнчлэн гишүүн асан Р.Эрдэнэбүрэн баярын бялуунаас хүртэх эрхтэй нэгэн гэдгээ намын удирдлагууддаа анхааруулсан гэнэ. Намын жагсаалтын 18-д эрэмбэлэгдсэн түүнд гарцаагүй ямар нэгэн суудал ногдох нь тодорхой. Гэхдээ дэд сайд уу, агентлагийн дарга уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Энэ мэтчилэн дэд сайд нарын марафон өрнөхтэй зэрэгцэн төвбанк, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрыг хэн толгойлох вэ гэх өрсөлдөөн ширүүслээ. Намын жагсаалтад хамраараа тасдуулсан Б.Мэдрээ төвбанкны удирдлагад санаархаж, эдийн засгийн талаар нэлээд том дуугарч эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар АН-ын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаагийн нэр дуулдаж буй. Гэхдээ  энэ суудлыг “халзан” хэмээн Д.Ганболдод “хаягласан” гэх мессеж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, далаараа тавиулсан эрхмийг Э.Бат-Үүлийн багт ажиллах сураг дуулдаж байсан ч үгүй бололтой. АН-ынхан ийн суудлын төлөөх ширүүхэн тэмцэлдээнтэй байгаа бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл ч дутахааргүй зөрчилдөөнтэй байна.

Бялуунаас болж эвсэл бутрах нь

УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Дэд сайд нарын асуудалд эрх биш асуудал гарахгүй байлгүй дээ” гэж байсан ч дахин МАХН илүүрхэж, санаачилгыг гартаа авчээ. Тэд дөрвөн суудлыг 3х1 гэсэн харьцаагаар хуваасан шигээ дараагийн томилгоог ч энэ ёсоор гүйцэтгэнэ гэдгээ мэдэгджээ. Улмаар МАХН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар, туслах Б.Тулга, хуульч Д.Эрдэнэжамъяан нарыг томилох яриа гарав. Гэхдээ Э.Батшугарыг аавыгаа хэцүү нэртийнд оччихоод байхад албан тушаал хөөхгүй байлгүй гэх яриаг амтай бүхэн жиргэх боллоо. Уг нь мань хүнийг дэд сайдад бус УИХ-ын гишүүн болгох санаа намынханд байсан боловч санаагаа өөрчилсөн бололтой юм. Б.Тулга, Д.Эрдэнэжамьяан нарын хувьд намын жагсаалтад эрэмбэлэгдсэн эрхмүүд. Мэдээж, дараагийн ээлжнийнхэн гэдэг нь гарцаагүй юм. Харин МҮАН-аас ХМОНХ албаны дарга Ч.Чимэдсүрэн дэд сайд болох тохиролцоо хийгджээ. Гэхдээ Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, эдийн засагч Н.Дашзэвэг, эмч Н.Жамбалжав нар намынхандаа эсэргүүцэл зарлаж, зөрчилдөөн үүсгэсэн талаар эх сурвалж хэлэв. Н.Дашзэвэгийн хувьд АН-ын даргад алтан хошуу хүргэсэн гэх шүүмжлэлд өртөж, намынхандаа шантаажлуулжээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй, тэрсэлдэж, намаасаа ч гарч магадгүй гэдгээ дуулгасан аж.

Харин М.Энхсайхан толгойтой МҮАН-ын гишүүд МАХН-ынханд дээрэлхүүлж байна хэмээн уцаарлаж,  гэрээгээ цуцлах асуудлыг ч хөндсөн гэх мэдээлэл чих дэлсэв. Учир нь өмнө нь эвслийг задлахгүйн тулд М.Энхсайхан нэрээ татсан бол энэ удаад дахин бууж өгөх шаардлагагүй гэж гишүүд нь үзжээ. Тиймдээ ч 3х1 гэсэн харьцааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж. МҮАН-аас дэд дарга Б.Цогтгэрэл, Байгаль орчны дэд сайд асан Д.Дэлгэрцогт нарыг дэд сайдад нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа гэнэ. Магадгүй МАХН-ын гишүүд энэ удаад буулт хийхгүй бол эвсэл бутарч мэдэх нь. Энэ мэтчилэн халаа сэлгээ энэ бямба гаригийг хүртэл үргэлжилнэ. Хуульд зааснаар намууд дэд сайд нараа Ерөнхий сайдад санал болгож, Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар нэр дэвшигчдийг танилцуулан батлах учиртай. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх бямба гаригт болно. Үүнээс өмнө ээлжит бус хуралдаан зарлахгүй л бол товлосон өдрөө дэд сайд нараа батламжилан томилох болов уу.

Түүх давтагдах вий

Ийнхүү АН-ын болоод эвслийн угшилтай хүмүүс албан тушаалаа хувааж байх зуур 43-аас 28 болтлоо буурсан агентлагуудад  цомхотгол хийж эхэлсэн байна. Барагцаагаар 600-700 хүн ажлаасаа халагдах магадлал бий болоод байгаа гэх мэдээлэл чих дэлссэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг яамдыг тоог нэмэгдүүлж, агентлагуудыг цөөрүүлснээр төрийн албанд ажиллаж буй 4617 хүнийг нэг ч хүнээр нэмэгдүүлэхгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ халж солихоо урьтал болгож, ажилгүйчүүдийг “үйлдвэрлэхгүй” гэдгээ ч тодотгож байсан юм. Харамсалтай нь, Авто замын газар, Авто тээврийн газар, Төмөр замын газрыг татан буулгаснаар 300 гаруй хүн ажилгүй болсон гэх мэдээлэл байгаа юм. Зам, тээврийн сайд дээрх гурван байгууллагын удирдлагуудтай уулзахдаа энэ гашуун мэдээг дуулгасан гэх. Гэхдээ салбарын сайд гурван агентлагийг татан буулгаснаар дээрх хэмжээний хүмүүс ажилгүй болох магадлалтай ч цомхотголыг урьтал болгон ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Зайлшгүй тохиолдолд л цомхотгол хийх ч их тоогоор биш гэдгээ ч тодотгосон нь саяхан. Гэхдээ авто замын газрын дарга Б.Энхтөр шинэ бүтээн байгуулалтын хүрээнд хийх дөрвөн гол зүйлийн нэг нь авто зам. Иймээс төсөл хөтөлбөрийг авч яваа ажилтнуудаа цомхотгохгүй байхыг хүссэн ч сайд А.Гансүх “Үгүй” гэх товчхон бөгөөд тодорхой хариулт өгөөд гаргасан талаар энэ салбарынхан ярьж байна. Хэрэв халаа сэлгээ дээгүүрээ өрнөж, доогуураа орон зайгаа гаргаж эхэлбэл төрд бэлтгэгдсэн боловсон хүчин хэдэн мянгаараа ажилгүй болж, ажилгүйдлийн тоо даруй өсөх бололтой. Иймээс гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ асуудлыг анхааралдаа авч, ам ажлын зөрүүгээ арилгана гэдэгт олон хүн найдах л үлдлээ. Гэхдээ саарал ордноос эхэлсэн халаа, сэлгээ тийм ч амархан намжихгүй л болов уу. Энэ байдлаараа магадгүй 1996 оны үйл явдал давтагдахгүй гэх газаргүй болжээ.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 24, 2012 6:56:24 pm )

    Songuuld shudarga orsoldood garch chadaagui chadaltai humuus baigaa shdee…tednees agentlaguudiin dargaar tavihad yagaad bolohgui bainaa…odoo songogdson humuusees ilyy chadvarlag, shudarga, bolosroltoi hymyys baigaa shdee…malnuud ve yadag.

antalya rent a car