Дэлхийд алдартай “Hyatt” зочид буудлын сүлжээ, бизнесээ Монголд өргөжүүлэхээр боллоо. Өнгөрсөн долоо хоногт “Hyatt” корпораци Монголын талын түншүүдтэйгээ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаар Улаанбаатар болон Тэрэлжид хоёр ч зочид буудал барихаар эцэслэн тохиролцож барилгын ажлаа эхэлжээ. Америкт төвтэй “Hyatt” корпорацийн албан ёсны мэдээнд нэр дурьдаагүй ч, тэдний монгол түнш нь “Монголын алт” (МАК) групп гэдгийг эх сурвалжууд баталж байна.
Гэрээ ёсоор эхний “Hyatt Regency Ulaanbaatar” буудлыг 2014 онд ашиглалтад оруулахаар болжээ. “Hyatt”-ын албан ёсны мэдээнд, уг буудлыг барих газар нь Улаанбаатарын төв, Сүхбаатарын талбайгаас урагш нэг км-т гэсэн байна. 44 давхар энэ барилгад 43 люкс, 22 апартмент ангиллынх оролцсон нийт 259 өрөө, Sky-bar, хоёр ресторан, 23166 кв/м талбай бүхий хурал уулзалт, бусад арга хэмжээнд зориулагдсан танхимууд байх юм. Харин Тэрэлжийн Мэлхий хадны ойролцоо баригдаж 2015 онд ашиглалтад орох “Hyatt Regency Ulaanbaatar Turtle Rock” буудал нь 131 өрөөтэй (19 нь люкс ангиллынх) бөгөөд бассэйн, spa, фитнес төвтэй байх ажээ.
МАК группт буй манай эх сурвалжийн мэдээлсэнээр зочид буудлуудын барилгын ажлыг Өмнөд Солонгосын “Lotte Engineering & Construction” компаниар гүйцэтгүүлэхээр есдүгээр сарын 14-нд гэрээ хийсэн гэнэ. Гэрээт ажлын нийт өртөг нь 110 сая доллар болсон гэж уг эх сурвалж манайд мэдээлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.