“Лондон-2012” олимпийн наадмын эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээн уржигдар шөнө эхэллээ. Ингэхдээ нэлээн том асуудал үүсгэчихээд байна. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн “G” хэсгийн тоглолт эхлэхэд бэлэн болж Колумб, БНАСАУ-ын багийн тамирчид талбайд гарч иржээ. Энэ үеэр хоёр улсын төрийн далбаа талбайн голд байрлуулсан асар том дэлгэцээр гарсан юм. Гэтэл БНАСАУ-ын төрийн далбааны оронд БНСУ-ын далбааг гаргажээ. Ингэснээр ардчилсан Солонгосын тамирчид талбайг орхин явцгаасан байна. Хөлбөмбөгчид талбайгаас гарсны дараа зохион байгуулагчид ардчилсан Солонгосын багийнхан болон албаны бусад хүмүүсээс уучлал хүсээд тоглолтын өмнөх арга хэмжээг дахин эхлүүлсэн юм. Дээрх шалтгааны улмаас бусад тоглолтын цагийн хуваарьт багагүй өөрчлөлт оржээ. Шотландын Глозго хотын “Хампден парк” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод БНАСАУ-ын баг 2:0-ийн харьцаатайгаар Колумбын багийг буулгаж авсан. Харин тоглолтын дараа “Хампден парк” цэнгэлдэх хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч “Тоглолтын өмнөх видео бичлэгт хойд Солонгосын төрийн далбааны оронд өмнөд Солонгосынхыг гаргасан нь бидний алдаа байлаа. Бид хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө ардчилсан Солонгосын үндэсний шигшээ баг болон үндэсний олимпийн хорооноос нь уучлал хүссэн. Дахин ийм бүдүүлэг алдаа гаргахгүй байх арга хэмжээг бид зохих журмын дагуу авсан байгаа. Зохион байгуулагчдын зүгээс өмнөд Солонгосын далбааг гаргахад хойд Солонгосын багийнхан маш их уурлацгаасан. Ингээд биднийг уучлал хүссэний эцэст талбайд гарч тоглолоо” гэжээ.
Зуны олимпийн гучдугаар наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт нийт 12 орны баг тамирчид гурван хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд аваргууд наймдугаар сарын 9-нд тодрох юм. Уржигдар болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолтыг танилцуулъя.
АНУ Францыг 4:2-оор, Япон Канадыг 2:1-ээр, Их Британи Шинэ Зеландыг 4:1-ээр, Швед Өмнөд Африкийг 4:1-ээр, Бразил Камеруныг 5:0-ээр тус, тус хожоод байна. Харин урьд шөнө эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн эхлээд байгаа билээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 27, 2012 9:29:54 pm )
АРАЙ Ч ДЭЭ… БАГА БУУРАЙ ОРНЫГ ЯАЖ Ч ТОХУУРХАЖ ДААЖИГНАЖ БОЛДОГЫН ТОД ЖИШЭЭ
-
Anonymous (July 29, 2012 8:04:30 pm )
teneg yumnuud delberhee shahaa biz bolj
2 Comments