Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойш зургаа дахь удаагийн сонгуулиа явуулах гэж байна.
Маргааш ээлжит сонгуультай. Өчигдөр сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр байлаа. Хуулийн хүрээнд 21 хоног үргэлжилсэн энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа аядуу тайван болж өнгөрлөө. Сонгуулийн хуулинд наадам, шоу цэнгээн, хүлээн авалт зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор сурталчилгаа тайван болсон болов уу. Гэхдээ самбарын уралдаан, намынхаа туг бариулсан оюутнуудын жагсаал, нэр дэвшигчдийн иргэдтэй хийсэн аядуу уулзалт, TV дэлгэцийн ярилцлага багадахааргүй их байлаа. УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа өмнөх сонгуулиудаас олон онцлогтой, шинэчлэн найруулсан сонгуулийн хуулиар өвөрмөц болж өнгөрлөө. Мөн УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийг сонгох сонгууль хамт явах болсноороо онцлог байлаа.
Өмнөх УИХ-ын сонгуулиудад мажоритар хувилбараар сонгуулийг явуулж байсан бол энэ удаагийн сонгууль пропорциональ болон мажоритар системээр (холимог хувилбараар) явагдах гэж буйгаараа бас ялгаатай юм. АНУ, Англи зэрэг дэлхийн олон улсад хэрэгжүүлдэг пропорциональ хувилбарыг нэвтрүүллээ. Улсын хэмжээнд 26 тойргоос 48, намын жагсаалтаар 26 нэр дэвшигч тодрох учиртай. Мөн сонгуулийн хуулинд улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ 20-иос доошгүй хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхээр заасан энэ сонгуулийн шинэчлэлт, өөрчлөлтийн нэг байлаа. 2012 оны сонгууль эмэгтэйчүүдийн хувьд, төр барих дээд байгууллагад сонгогдох боломж өндөртэй түүхэн сонгууль болно гэж ажиглагчид үзэж байна.
Улс төрийн том намуудаас, МАН, АН, МАХН, ИЗНН хуулийн дагуу 15-аас дээш эмэгтэй нэр дэвшиж, МАН 16, АН 13, МАХН 15, ИЗНН 19 эмэгтэйг сойжээ. Мөн Иргэний хөдөлгөөний нам тойрогт өрсөлдөх 48 нэр дэвшигчийнхээ 90 орчим хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлсэн нь эмэгтэйчүүдэд ээлтэй сонгууль болж байна. Нийт 544 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 120 гаруй нь эмэгтэйчүүд ажээ.
Мөн энэ сонгуулийн нэг онцлог нь автоматжуулсан машинаар сонгуулийн саналыг тоолох, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд цахим үнэмлэхээр санал өгөх гээд шинэ зүйл байна.
Улсын хэмжээнд нийт 1 сая 833 мянга 478 иргэн санал өгөхөөр болоод байна. Үүнээс нийслэлд 804 мянга 470 иргэн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх бол орон нутагт УИХ-ын сонгуульд 1 сая 29 мянга найман хүн санал өгөхөөр болжээ. Одоогийн гаргасан нэрийн жагсаалтад өөрчлөлт орохгүй юм байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн нэр дэвшигч, сонгогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь хариуцлага өндөртэй сонгууль болох боломжийг бүрдүүлж байгаа юм. Иргэд сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Т.АМУР
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1206493
Холбоотой мэдээ
Comments are closed.