УИХ-ын гишүүн Д.Очирбатыг “Чингэлтэйн Д.Очирбат” гэдгээр нь хүмүүс мэддэг. Учир нь тэрбээр зохион байгуулагчаас нь эхлээд Засаг дарга хүртэлх албыг хашиж явсан, дараа нь энэ дүүргээсээ УИХ-д сонгогдсон гээд Чингэлтэй дүүрэгтэй амьдралаа холбоод 10 гаруй жил болж байгаа ажээ. Гэхдээ түүнийг Чингэлтэй дүүрэгт олон жил ажилласан биш, олон ажил хийсэн учир дээрх нэрийг өгчээ. Эндээс сонгогдсон хууль тогтоогчийн хувьд Чингэлтэй дүүргийн 37 мянган айлыг төлөөлж байгаагаа ямагт санаж явдаг түүнийг энэ удаагийнхаа зочны буланд урьсан юм.
-Өнгөрөгч оны ажлуудаас тань яриагаа эхлэе? Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Та санаачилсан. Энэ хуулийн төслийн өнөөгийн нийгэмд ямар үр өгөөжтэй вэ?
-Өнгөрсөн 2008-2012 оны хугацаанд нийгэм хамгаалал руу чиглэсэн олон асуудлыг УИХ-аар авч хэлэлцсэн. Миний хувьд хоёр жилийн хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хорооноос нийтдээ 15 хуулийг батлан гаргасан. Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, Эрүүл мэндийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай хууль, Одонтой эхчүүдийн тухай хууль, Нийгмийн хамгааллын тухай хууль, Тэтгэврийн зөрүү арилгах тухай хууль, Эхчүүдэд урамшуулал олгох тухай хууль зэрэг олон хуулийг санаачилж ажилласан.Хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг маш их хөдөлмөр. Хүүхэд тээхэд есөн сар, өсгөөд хөл, хэлд оруулахад хоёр жил болно. Арван хүүхэдтэй эх гэхэд л амьдралынхаа гуч гаруй жилийг хүүхдээ өсгөхөд зориулах нь. Тэд энэ гучин жилд ажил хөдөлмөр хийж чадахгүй, цалингүй, нийгмийн шимтгэл даатгал төлж чадахгүй байж байгаад хөгшрөхийн цагт тэтгэвэр ч олддоггүй. Миний санаачилсан энэ хуулийн төслийн гол агуулга нь Монголын төлөө, хүн амаа өсгөхийн төлөө олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд сар бүр урамшуулал олгох явдал юм.
-Та өөр нэг хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Энэ хуулийн гол санаа нь ахмад хүн нас ахих тусмаа илүү их халамж авч, тэтгэвэр тэтгэмж авах явдал. Нас ахих тусам тэтгэврийг тодорхой хувиар өсгөн олгох юм. Нас ахих тусам ахмадуудад халамж үйлчилгээ, эм тарианд зарах илүү их мөнгө хэрэгтэй болдог. Мөн ахмадуудын гэр бүлийн нэг нь өнгөрчихлөө гэхэд сэтгэл санаагаар унаж, түших ханьгүй үлдсэн нэгэнд нь нөгөөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байх заалт оруулсан. Залуудаа улс орныхоо төлөө ажиллаж бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлэн хань ижилд нь тэтгэвэр олгох нь зүйтэй гэж үзсэн. Монголчууд бид цөөхөн, хойд талд 300 сая иргэнтэй, урд талд 1 тэрбум хүнтэй хоёр агуу хөрштэй. Тиймээс бид хөгшин гэж гээлгүй, залуу гэж гололгүй хамтдаа явах ёстой. Гуравхан сая хүнээ гучин сая болгочих юмсан гэж бодож дээрх хоёр хуулийг санаачилсан юм.
-Жил бүр тэтгэвэр тэтгэмжийн зөрүүний асуудлаар багагүй маргаан гардаг. Тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгах хуулийг баталснаар олон өөрчлөлт гарсан уу?
-Бид иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, тэтгэврийн хэмжээг 2.4-2.8 дахин нэмж чадсан. Тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг УИХ болон Байнгын хороон дээр хэлэлцэн батлуулж гарсан. Энэ хууль эрх зүйн орчинд иргэдийн тэтгэвэр нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн доод хэмжээ 2008 онд 81 мянган төгрөг байсан. Харин 2010 онд 105300 төгрөг, 2012 оны 2-р сараас 140300, 5-р сараас 180 мянга болж нэмэгдсэн. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 2008 онд 54000 байсан бол, 2010 онд 740000 болгож, 2012 оны 2-р сарын 1-нд 105200, 5-р сарын 1-ээс 145200 болгосон. Дундаж тэтгэврийн хэмжээ мөн адил 2008 онд 96200, 2010 онд 126700, 2012 онд 165000, 5-р сарын 1-ээс 222450 төгрөг болж байна. Нийт албан хаагчдын цалингийн хувьд 2.8-3.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.
-Та ямар зорилготой энэ сонгуульд оролцож байна вэ?
Нэгд: Эрүүл мэндэд дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувийг зориулах,
Хоёрт: Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгана,
Гуравт: Орчны бохирдлыг зогсоож, иргэдийн эрүүл аюулгүй
орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, залуу гэр бүлийг орон сууцжуулан 30-
40 м2 байраар хангах,
Дөрөвт: Цэцэрлэгийн насны бүх хүүхэд ясли цэцэрлэгт явна,
Тавд: Ахмадаа халамжлах “Ач санах” хуультай болох гэсэн миний санал Монгол Ардын Намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссаныг хууль болгохын төлөө би зүтгэх болно. Сонсоход цөөхөн мэт боловч удаан асар их тэмцэл өрнөнө. Харин энэ ажлын үр дүнд нь ахмадууд ач санах хуультай, залуучууд орон сууцтай, үр хүүхэд маань эрүүл өсч амьдрах болно.
Өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал нь хүний эрүүл мэнд байна. Нийслэлийн гудамж ногоон, иргэд нь эрүүл, хангалттай цалинтай, орон сууцанд амьдардаг, хүн бүр хөдөлмөр эрхэлдэг байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Асуудалд гэнэн хандаж болохгүй. Монголын гол баялаг бол нүүрс биш ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН билээ. Хүн өөртөө санаа тавьж хичээсэн ч эргэн тойрны орчин нь бохирдол, агаарын бохирдол давагдашгүй хүчин зүйл болчихжээ. Эрүүл мэнд, эрүүл орчин хоёрыг хамтад нь багцалж бодлого болгохоор намын мөрийн хөтөлбөрт тусгах гэж хичээсэн. Хүнээ мартсан мөнгөнд улайрсан энэ нийгмийг хамтдаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Иймээс би иргэдийнхээ төлөө дээрх таван асуудалд онцгойлон анхаарч нийгмийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хуулиудыг сайжруулан хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллахаар УИХ-д нэрээ дэвшүүлсэн юм.
– Эрүүл мэндийн орчныг шинэчлэх асуудлууд та түлхүү ярьж байнаа?
-Монгол хүн эрүүл байх ёстой бөгөөд эрүүл орчинд ажиллаж амьдрах ёстой. Тиймээс би энэ асуудлыг гол цөмөө болгож ярьж байгаа. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн асуудлыг хөндөж “Эрүүл мэндийн хууль” буюу эрх зүйн орчинг шинэчлэх, одоо байгаа бүтцийн асуудалд өөрчлөл хийх, санхүүжилт буюу эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг гаргах зэрэг асуудлыг хөндөж байна. Энэ гурван асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хууль тавигдаж байна гэсэн үг. Одоогоор эрүүл мэндийн хууль 15-20 жилийн хоцрогдолтой байна гэж үзэж байгаа. Тиймээс “Эрүүл мэндийн хууль” гарснаар дэлхийн жишигт нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм. Эрүүл иргэн, эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчин үйлчилж, мөн эрүүл мэндийн салбарын ажилчиддаа анхаарал хандуулсан зэрэг олон асуудлыг хөндөж оруулсан. Эмнэлгийн албан хаагчдын үйл ажиллагаа бүр хүний амь настай холбоотой байдаг учраас энэ асуудлын хүрээнд эмч эмнэлгийн салбарынхан ажлын хариуцлагаа илүү их нэмэгдүүлж, эрүүл мэндийн хуулинд хариуцлагын тогтолцоог өндөр тавьж өгсөн.
-Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар ямар ач холбогдол гарсан бэ?
-Энэ хууль гарснаар иргэд маань эрүүл мэндээ анхаарч аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдах орчин бүрдсэн. Жишээ нь иргэд эмчлүүлэх эмчээ өөрөө сонгох боломжтой. Мөн бүтцийн асуудалд давхар анхаарсан. Төр болон хувийн хэвшлийн хоорондын харилцаа холбоог сайжруулж өрхийн эрүүл мэндийн төв төрийн хэвшлийн байр сууцыг үнэгүй хэрэглэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
-Халамжийн хуулийг батлан гаргаснаар иргэдэд ашигтай олон зүйлийг тусгасан байх?
-Энэ хуулинд чухал гэсэн олон асуудлыг хөндөж тавьсан. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 онд 34500 төгрөг байсан бол 2012 оны 2-р сарын 1-ээс 30 хувиар нэмэгдэн 70000 болсон. Харин энэ оны 5-р сарын 1-ээс 48 хувиар нэмэгдэж 103300 болж байна. Тиймээс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг бүлгийн иргэд халамжинд хамрагдана. Энэ оны эхэнд батлагдсан нийгмийн халамж үйлчилгээний хуулийн томоохон заалтын нэг бол 2012 оны 7- сарын 1-ээс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйчүүд бүгд халамжийн тэтгэвэрт хамрагдах боломжтой болж байгаа юм. Ингэснээр өмнө ямар нэгэн тэтгэвэрт хамрагдаагүй 200 гаруй мянган ахмадууд орлогын эх үүсвэртэй болно гэсэн үг.
-Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт ямар ажлууд тусгагдаж байгаа вэ?
-Манай намын мөрийн хөтөлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувийг эрүүл мэндийн асуудалд зарцуулна гэж заасан. Өмнө нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдах нийт орлогын хэмжээ 3,4 хувь байсныг 6 хувь болгож өсгөх нь улс орныхоо эрүүл мэндийн орчинг бүрдүүлэх эмч ажилчидынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон зүйл дээр өөрчлөлт гарч эхэлнэ. Ирээдүйгээ угаартуулчихгүй, уушигийг нь устгачихалгүй өсгөчих юмсан боддог. Тиймээс нэг талаас гэр хорооллыг орон сууцжуулж агаар орчны бохирдлыг зогсоох, нөгөө талаар залуу гэр бүлээ эдийн засгаар дэмжих үүднээс 20-44 метр квадраттай орон сууцаар төрийн зүгээс хангаж байх санаачилга “Залуучууд-орон сууц” хөтөлбөрийг намын мөрийн хөтөлбөрт оруулсан. Энэ маань залуучуудын ажиллаж амьдрах бололцоог харгалзан сарын түрээс бага, хөнгөлөлттэй орон сууцны талаарх асуудал юм. Хүн 40 настайдаа насаараа цуглуулсан мөнгөөрөө байр авч байснаас 20 настайдаа лизингээр орон сууцтай, сайхан машинтай болж, дөчтэйдөө өрөө төлчихвөл сэтгэл ханамж илүү өндөр байна гэж боддог юм. Гол нь тогтмол орлоготой байх ёстой. Залуу гэр бүлийн хувьд хүүхэд харах асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Тиймээс 0-2 насны хүүхдийн асаргааны газрыг орон даяар хэрэгжүүлж, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Өнөөдөртөө энэ бүхэн мөрийн хөтөлбөр боловч сонгуулийн маргаашнаас ажил болох юмаа.
Манай эдийн засгийн нөөц боломж хязгаартай. Би хязгаартай нөөцийг хамгийн чухал зүйлдээ заръя гэж байна. Монголчууд бид эрчилж хуйлрах хамтын хүчээр юуг ч бүтээж чадна гэдэгт итгэдэг. Хувьдаа том компанигүй, олигархиудтай найзалдаггүй муудалцдаг, мэс заслын эмчээс УИХ-ын гишүүн болтлоо залуу насаа хүний төлөө, түмний төлөө өгч байгаа надад том компанийн эзэдтэй өрсөлдөх мөнгө байхгүй ч алсын хараатай, шударга зөв бодолтой, хуулиа дээдэлдэг, цэвэр зоригтой хууль тогтоогчтой болохыг хүсч байгаа олон түмэн маань нэр дэвшигч намайг дэмжинэ гэж итгэж байна. Би цэвэр улстөрч байхын төлөө энэ сонгуульд оролцож байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.