Төрийн албаны дээдчүүд дунд бичигдээгүй нэг хууль үйлчилдэг болжээ. Жаахан өндөр тушаалд суугаад авмагцаа л ажлаа тууштай хийхийн оронд “Их Хуралд сууж байна” хэмээн сэрүүн зүүдлээд эхлэх. Албан тушаалаараа далимдуулж хөрөнгө мөнгө цуглуулсхийж байгаад сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базаах. Ийм амттай зүүдэнд автагсдын тэргүүн эгнээнд зогсогсод нь аймаг, дүүргийн Засаг дарга нар. Бяцхан хөрөнгөтэй болж чөмөг суугаад мөнгөний үнэр авахаараа илүү их эрх дарх, мөнгө мөрөөддөг болчихдог юм байгаа биз дээ. Тэрнээс биш засаглаж байсан аймаг, дүүргээ сайхан болгож, сонгогч биднийгээ бодсондоо олсон хэдээ үрэн таран хийн сонгуульд өрсөлдөөгүй нь лав. Цөөн Засаг дарга сонгуульд өрсөлдсөн бол өөрөөр ойлгож бас болно л доо. Даан ч олуулаа зүтгээд байгаа болохоор арай ондоогоор харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргын суудал, тушаалаараа ивж байгаад Их Хуралд дөрөөлөөд авах гэсэн Засаг ноёд олширсон байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, Завханы Я.Санжмятав, Ховдын Г.Нямдаваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат нар дэвшиж байна.
Нийслэлийн дүүргүүдээс УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн экс дарга С.Эрдэнэ одоогийн дарга Л.Амгалантай өрсөлдөж шовхоо үзнэ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг Баянзүрх, Налайх дүүрэгт азаа турших бол Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, сүүлдээ нийслэлийн Засаг даргын орлогч болсон Ц.Цогзолмаа хуучин алба хашиж байгаад огцорсон Сүхбаатар дүүрэгтээ парламентын сонгуульд зодоглож буй. УИХ-ын гишүүн, Багахангай дүүргийн Засаг дарга асан, хожмоо хотын мэр болсон Ц.Батбаяр Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт, УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Очирбат хуучин дүүрэгтээ хүч үзэхээр болов. Нийслэлийн Засаг даргын орлогч, хуучин Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар мөн нэр дэвшээд байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Дорноговь аймгийн, Д.Одбаяр Дорнодын Засаг дарга байсан. Тэд Их Хуралдаа эргэж ирэхээр мөн их сунгаанд гараад өглөө.
Хуучин цагийн Ардын Их Хурал сум, нэгдлийн даргаар дүүрч, Төрийнхөө сүлдэнд модон морь дүрсэлсэн гэдэг шиг эдгээр эрхмүүд ялбал УИХ гэдэг Засаг ноёдын чуулган болох бололтой. Тэгээд аймаг, дүүргийн дарга нарын ярьдгийг парламент дээр дэвшүүлж, хог шороо, сургууль, цэцэрлэгийн дээврийн цоорхой, эмнэлгийн засвар яриад унах вий. Уг нь Засаг дарга нар УИХ-д зэрэг нэмэх гэж зүтгэснээс аймаг, нийслэлийн ИТХ-д “начнаа батлах”-аар үзээд алдаж болох л байв. Ингэхэд энэ жил УИХ-д нэр дэвшээд буй Засаг ноёд Я.Санжмятаваас бусад нь МАН-ын данстай.
Хэрэв АТГ-т зарим аймаг, дүүргийн Засаг дарга нар шалгагдаагүй бол энэ тоо илүү олон байх байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Болд, Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх, Булганы Засаг дарга М.Оюунбат, Увсын засаг дарга Э.Цасчихэр хэмээн нэр дэвшигчид үргэлжлэх байсан байж мэднэ. Гэвч тэд одоогоор АТГ-т “асуудалтай” байгаа.
Ингэхэд Их Хуралд санаатай Засаг ноёдын ажил төрөл хэр байсан бэ. Сэлэнгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гэхэд өнгөрсөн шинэ жилээр МАН-ын шагнал “Алтан сарнай”-г тэвэрсэн. Тэргүүний сайн ажилтан алтан сарнай байтугайгаар шагнуулж бололгүй яахав. Харин Ж.Эрдэнэбат даргын хувьд дээд дарга нарт гайгүй сайн зусардаж, сумдын Засаг дарга нарынхаа ихэнхийг МАН-ын гишүүдээр тавьж, нөгөөдүүлээрээ аймгийн төвд ч, сумдад ч гар хөлөө хийж, чамгүй улстөрждөгийнхөө шанд шагнуулж, улмаар УИХ-д нэр дэвших зам мөрөө зассан хэмээн нутгийнхан нь хэлдэг.
Ховдын Засаг дарга Г.Нямдавааг Хөшөөтийн уурхайн маапаанд орооцолдсон гэдэг бол сүүлийн дөрвөн жилд Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалантай холбоотой яриа хөөрөө тасраагүй. Ховдын Г.Нямдаваа бол 2000-2004 онд УИХ-д сууж, амтыг нь мэдэрсэн эрхэм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг дүүргийн төсвөөс баахан амьтны баримал барьж, дундруулсан гэсэн шүүмжлэл ч гарч байсан. Багахангай дүүргийг Засаг дарга байхдаа хөлдөөж, нийслэлд газрын наймаа “гүйлгэсэн” эрхэм гишүүн Ц.Батбаяр хуучин нутгаа эргэж ч явах шиг. Гишүүн Д.Очирбат Засаг дарга байхдаа бас л хэл ам дагуулж байсан Чингэлтэй дүүрэгтээ даага нэхэж ч байх шиг. Аймаг, дүүрэг төвхнүүлж байгаад УИХ-д очсон эрхмүүд дахин дахин нэр дэвшээд байгаа болохоор “дүү” нар нь тэр хүн салмааргүй бал шиг амттай, шидэт дохиур шиг өгөөмөр, эрдэнэсийн сан мэт баялаг суудал өөд өгсч, ноёдын чуулган болгох гээд байна аа даа.
Холбоотой мэдээ
Comments are closed.