– Стратегийн 15 ордыг эзэмшиж буй гаднын компаниудад хууль яагаад үйлчлэхгүй гэж –
Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт багтаан батлах гэж байна. Харамсалтай нь Стратегийн ач холбогдолтой 15 орд болон хоёр дахь хавсралтаар энэ жагсаалтад орсон 39 ордод энэ хууль үйлчилэхгүй нь нэгэнт тодорхой болов. “Хуулийг хоёр жилийн өмнө санаач лан өргөн барьсан, ганц SGS компанид зориулагдаагүй” хэмээн Ажлын хэсгийнхэн тайлбарлаж буй. Гэвч үнэндээ “хууль эргэн үйлчлэхгүй” гэдэг заалтыг хэрэглэж буй нь энэ хуулийг анх санаачилсан зорилго, зорилтоос нь хазайлгаж орхив.
Стратегийн ач холбогдолтой 15 болон хоёр дахь хавсралтын 39 ордын жагсаалтыг УИХ 2007 онд баталсан. Ашигт малт малын тухай хуулийн зүйл, заалтын дагуу дээрх ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34-51 хувь болгоно хэмээн энэ тогтоолыг анх баталсан. Гэвч өнөөд рийг хүртэл ганц ч ордод энэ заалт хэрэгжээгүйг ард түмэн мэдэж байгаа. Баримт сөхвөл, Стратегийн үндсэн 15 ордын долоог нь гадна, дотнын хөрөнгө оруулалттай компаниуд өнөөдрийг хүртэл 100 хувь эзэмшиж, гуравт нь Тогтвортой байдлын гэрээ үйлчилж, татварын маш их хэмжээний хөн гөлөлт, чөлөөлөлттэйгөөр ард түмний баялгийг хэдхэн компани, гэр бүл цөлмөж буй нь үнэн билээ. (Хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу) Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр сар хүрэхгүй хугацааны дараа халаагаа өгөх гэж буй энэ Парламент ийм том хуулийг яаран сандран барьж авч, хагас дутуу батлах гэж буй нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байна.
Гурван ч хэсэгт хуваагдан ашиглагдаж буй Өмнөговийн Нарийн сухайтын нүүрсний орд болон Дорнодын Гурванбулагийн ураны, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн, Сэлэнгийн Бороогийн алтны орд гээд Монголын стратегийн үнэ цэнэтэй ордууд 100 хувь “хүний” мэдэлд байна. Заримыг нь нэгээс нөгөөд дур мэдэн шилжүүлж, төөрч будлиулан, ухаж зөөгөөд дуусаж байгаа. Гэтэл тогтоогдсон нөөц, агууламжийн чанараар Монголд байтугай дэлхийд томд тооцогдох дээрх ордууддаа төр 00 хувийн эзэмшилтэй, ард түмнийхээ өмнө хулмалзан суугаа нь бидний буруу биш ээ. Төр төр шиг байж, төрийн түшээд нь жинхэнэ утгаараа ард түмэн, улс орныхоо эрх ашгийг хамгаалж чадаагүйн жишээ энэ. Ашгүй нэг сонгуулийн буянаар Стратегийн ордууддаа анхаарал хандуулах нь гэтэл бас л ашиг сонирхлын хуйвалдаанаар сүүлчийнхээ үхэр бууг сумлаж буй нь шударга биш байна. Одоо УИХ дээр яригдаж байгаа хуулийн төслөөр Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулснаар үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Ялангуяа эрдэс баялгийн салбарт.
Монголын баялгийг хувьцааны арилжаагаар гаднын улс орнуудын төрийн мэдлийн компаниудад арилжиж, гаднынхан, тэр тусмаа Монголыг эрдэс баялгийн түүхий эдийн бааз болгохын тулд бүх боломж, бололцоо, хуулийн цоорхойг ашиглаж буй харийнхан стратегийн бодлогоо Монголын төрд, эдийн засагт тулгахаас хамгаалж чадна. Харин эрхэм гишүүд “хууль эргэж үйлчлэхгүй” гэсэн хатуу байр суурь баримталж байна. Энэ нь эрдэс баялгийн салбарт, ялангуяа Стратегийн ордод эзэн суусан гадна, дотнын компаниудын өмнөх хууль бус үйлдлүүдийг хамгаалж, хаацайлан, өршөөл үзүүлснээс өөрцгүй “хамгаалалт” болох нь.
Цаашид элс, хайрганы карьер, давсны орд, нүүрс, алт гээд эрдэс баялгийн бүх бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид гадаадын хөрөнгө оруулалт оруу лах бол Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авдаг болно гэж байгаа. Сайхан л заалт. Харин нэгэнт лиценз эзэмшиж буй гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудыг тэгээд яах вэ? Өнөөдрийн байдлаар Монголд үйл ажилллагаа явуулж байгаа гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай 277 компани бий. Дийлэнх нь зөвхөн эрдэс баялгийн салбарт ажилладаг. Тэдний хэд нь ашигт малтмалын хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшиж буйг сонирхож, судалсан УИХ-ын гишүүн байна уу? АМГ-ын бүртгэлээс харахад гаднын компаниуд Монголд ганц, хоёрхон биш хамгийн багаар бодоход 10 лиценз эзэмшдэг.
Монголын эрдэс баялгийн салбарт сүүлийн үед хүч түрэн орж ирж, Өмнөговийн “хар алт”-ны тээвэрлэлт, нийлүүлэлтийг атгах болсон БНХАУ-ын “Winsway” гэж нэг компани бий. Монголд анх нүүрсний тээвэрлэлтээр бизнесээ эхэлсэн энэ компани одоо дэлхийн хэмжээний гигант АНУ-ын “Peabody”- той хамтарсан компани байгуулж, зөвхөн Өмнөговьд өнгөрсөн оны байдлаар 26 лиценз эзэмшиж байна. Энэ компани “Polo Resources” компанийн “Peabody Energy”-тэй хамтарсан компанийнх нь 50 хувийг нь худалдан авснаар “Polo Resources”- ийн Монголд эзэмшдэг нүүрсний 56, ураны 26 лицензэд нь автоматаар эзэн суусан. Үүнийг олон улсын хэвлэл мэдээллийнхэн өнгөрсөн жил дэлхийд зарлаж байсан.
Зарим эх сурвалжийн хэлснээр газрын тос, химийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг “Winsway” гэх энэ компанийн Монголд явуулж буй ямхын бодлогыг нь төр засаг нь хөхиүлэн дэмждэг гэсэн. Гэтэл том нэртэй, даржин энэ хууль Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аль хэдийнэ нөлөөлж, байр сууриа эзэлсэн энэ мэт гаднын компаниудад үйлчлэхгүй юм шиг байна. Ийм байсан юм бол энэ хуулийг батлах нь байтугай хэлэлцэх шаардлагагүй байсан юм биш үү? “Хууль эргэн үйлчлэхгүй” хэмээн сануулаад байсан нь ийм учиртай байж.
Энэ мэт гаднын компаниудын эрх ашгийг энэ өгүүлбэрээр хамгаалчихаад л манай “эх оронч” гишүүд мэдэн будилж, чимээгүйхэн дөмбийцгөөгөөд байж. Хууль хэлэлцэж байх явцад УИХын гишүүн Ц.Сэдванчигаас өөр хэн ч Стратегийн ордыг эзэмшиж буй гаднын компаниудад энэ хууль яагаад үйлчлэлгүй үлдэж буйг асууж, сануулаагүй. Уг нь энэ хуулийг анх эрхэм гишүүн С.Бямбацогт санаачилсан гэдэг юм билээ. Гэтэл санаачилсан хууль нь 180 хэм өөрчлөгдөж, стратегийн ордХ өшөөтийг 100 хувь эзэмшиж буй БНХАУ-ын “Мо Эн Ко” компанид үйлчлэхгүй байхаар батлагдах гэж буйг мэдээгүй гэвэл итгэхэд бэрх. Энэ нь эрхэм гишүүд энэ хуульд ямар байдлаар хандаж, ач холбогдол өгснийг харуулав биш үү. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх байх. Түүнээс хойш эр дэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүү дийн гадаадын хөрөнгө оруулалтыг энэ хуулиар зохицуулна.
Харин үүнээс өмнө манай стратегийн ордуудыг 100 хувь эзэмшиж, ашиг орлогоо ч 100 хувь дангаараа хүртэж буй гаднын хөрөнгө оруулалттай компаниудыг яах юм бол? Ямар зохицуулалт үйлчлэх юм бол? БНХАУ-ын төрийн мэдлийн CNNC буюу Цөмийн энергийн корпораци Гурванбулагийн ураны ордыг, БНХАУ-ын “БЛТ” компани Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг, БНХАУ-ын “Мо Эн Ко” компани Ховдын Хөшөөтийн нүүрсний ордыг тус тус эзэмшиж байна. Үүнээс Гурванбулагийн ураны ордыг эзэмшиж буй CNNC буюу Цөмийн энергийн корпораци бол БНХАУ-ын төрийн эрчим хүчний ганц толгой компани. Гэтэл ийм, гаднын төрийн мэдлийн компаниудын 100 хувийн оролцоог зохицуулах гэж энэ хуулийг батлах гээд байгаа. Гэтэл тэдэнд энэ хууль үйлчлэхгүйгээр зохицуулж байгаа нь урд хөршид энэ хууль үйлчлэхгүй гэсэнтэй адил сонсогдож байна. Энэ бол зөвхөн Стратегийн 15 ордоос л татсан жишээ. Харин бусад буюу хоёр дахь хавсралтад орсон 39 ордод эзэн суусан гаднынхан бас л энэ хуулийн гадна өршөөгдөх гэж үү?! Хөвсгөл-Завханы эрчим хүчний эх үүсвэрийн үндсэн нөөц байх учиртай Могойн голын стратегийн орд өнөөдөр бас л хоёр хуваагдчихсан байгаа. Нэг хэсэг нь төрийн өмчит “Могойн гол” ХК-ийн эзэмшилд бол нөгөө хэсэг нь “Хургатай хайрхан” гэх компанийн “хулгайгаар” Австралийн “Aspire mining” компанийн 100 хувийн мэдэлд шилжиж, одоо Австралийн хөрөнгийн биржид гаднынхны наймааны хэрэгсэл болчихоод байгаа. Үлдсэн 38 орд нь эдүгээ нэр усаа өөрчлөөд, хэсэгчлэн хуваагдаад, хөл толгойгоо алдсан.
Өнөөдөр эрдэс баялгийн салбарт эхний ээлжинд дээрх Стратегийн ордуудыг цэгцлэх, журамлах хэмжээний зохицуулалт цаг алдалгүй хэрэгтэй байна. Тэгэхээр цаашид Стратегийн ордыг эзэмшиж буй гадна, дотнын компаниудад төр ямар бодлого баримтлах вэ? Цагаан суваргын зэс, молибдений ордыг МАК ашиглахаар олон улсад төсөл, тендер зарласан. “Талстмаргад” компани Бүрэнхааны фосфоритын ордод ашиглалтын өмнөх гэх хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад түр зогслоо. Монголын төр Цагаансуварга, Бүрэнхааны стратегийн ордод ямар оролцоотой байх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ашигт малтмалын тухай хуулиа ч эдгээр компанид хэрэгжүүлж хүчрэхгүй байна. Тиймээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гаднын хөрөнгө оруулалтаас илүү стратегийн бодлогоо хэрэгжүүлэх зохицуулалт хэрэгтэй байгааг эрхэм түшээд анхааралдаа авах болоогүй юу? Стратегийн ордод төрийн хувь эзэмшил 34-51 хувь байх хуулийн заалтыг АМГ байтугай Парламент өнөөдрийг хүртэл зохицуулж чадсангүй. Улс төрийн шалтгаан, хувийн ашиг сонирхол Монголын парламентад хуулиас хүчтэй байна. Тиймээс цаашид хууль шиг хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлж, даган мөрдүүлж чадахгүй бол энэ мэт цоорхой хууль хэдийг ч батлаад ард түмэнд хэрэггүй ээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 17, 2012 3:39:18 pm )
буруутнуудыг өчиггүй бууд
-
Anonymous (May 20, 2012 3:15:52 am )
2013оны 01сарын 01-нээс байгалийн баялгийн өмч хувьчлалаар бүх лиценз гэрээ цуцлагдаж, иргэдийн өмчлөлд тэгш хуваарилалтаар шилжиж ирнэ.2014оноос Монгол улс Европын холбооны гишүүн болно. дэлгэрэнгүйг facebook.com/HUTULBUR
2 Comments