Монголд жинхэнэ од байдаг уу? гэвэл “Байдаг” гэж би бардам хэлнэ. Гэхдээ ганцхан од бий.
Энэ бол Долгорсүрэнгийн Дагвадорж. Дэлхий дахин түүний монгол нэрийг мэдэхгүй ч Асашёорюү гэвэл даанч андахгүй. Харин монгол хүн гэдгийг нь бол маш сайн мэднэ.
Энд тэндэхийн ресторанд том том дуугарч хооллон суугаа япончуудын дэргэд Асашёорюү гэж нэрийг нь чангахан дуудахад “Эд нар монгол юм байна” гэж эрхгүй ярилцаж эхэлдэг. Францын Ерөнхийлөгч хөргийг нь ажлынхаа өрөөнд залж, Уилл Смит гар барих гэж тэмүүлж, оросуудын “Агуу Монгол” хэмээн нэрлэсэн Асашёорюү Д.Дагвадоржийг бид андахгүй мэдэх билээ.
Түүнийг ойр дотныхон нь Доржоо гэж дууддаг. Тэр багаасаа л үеийнхнээсээ өсгөлүүн биетэй, эрх чөлөөтэй, эртэй цогтой нэгэн. Есдүгээр ангидаа сургуулийнхаа сагсанбөмбөгийн тэмцээний үеэр маргаан гаргасны улмаас өөр сургуульд нэг хэсэг шилжсэн ч эргээд ангийнхандаа нэгдсэн гэдэг.
Уг нь түүнийг Японы мэргэжлийн сумогийн ёкозүна биш Монголын үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн аварга болно гэж учир мэдэх өвгөд харж байсан юм билээ. Ямартай ч хүүгээ Япон явуулсныг нь дуулаад Ж.Мөнхбат аварга Д.Долгорсүрэн зааныг зэмлэж, алгадах шахсан тухай яриа амнаас ам дамжин явдаг. “Үндэсний бөхийн аваргыг өөр орон руу явууллаа” л гэж дархан аварга Ж.Мөнхбат уурласан биз.
Гэтэл хувь заяаны тохиолоор Ж.Мөнхбат аваргын бага хүү нь бас л сумогийн ёкозүна болж, өнөөх өмөөрч хамгаалаад байсан Д.Дагвадоржийнх нь өрсөлдөгч болон гарч ирсэн билээ. Гэхдээ энэ талаар өгүүлэх гээгүй тул сэдэв руугаа эргээд орьё. Дагвадорж Даваажаргалыг бодвол багаасаа шаггүй бөх болох нь тодорхой харагдаж байсан нэгэн.
Дагвадоржийн занг зөвхөн бидний хэдэн монголчууд биш дэлхий даяараа мэднэ. Тэр түргэн ууртай, шартай, заримдаа бодлогогүй. Өөрөөр хэлбэл, бусад монгол эрчүүдийн нэгэн адил гэсэн үг. Гагц өөр тал нь тэр “од”. Од болохоор бид түүний амьдрал, алхам бүрийг томруулдаг шилээр харж, айл өрх бүрт шахуу хийсэн үйлдэл, алдаа бүрийг нь өөрийн хүн шигээ цэнэдэг. Зарим нь өмөөрнө, зарим нь муулна. Зарим бүр үзэн ядна. Гэхдээ тэр бол одоо 31 настай энгийн л нэгэн залуу гэдгийг бид мартдаг. Түүний энгэрт гялалзах Хөдөлмөрийн баатарын тэмдэг, Гавьяат тамирчин цол зэрэг бол өөрийнх нь авьяас, хүч чадлынх нь шагнал. Өөрөөр хэлбэл, Монголын нэрийг дуурсгаж, биднийгээ баярлуулсны төлөөх урамшуулал юм. Гэхдээ тэрхүү шагнал, тэмдэг Д.Дагвадоржийг зөв явах, буруу алхахгүй байх бас нэгэн уяа, ухаан болох ёстой ажээ. Олон нийт ийм л бодолтой байдаг. Тэрнээс Асашёорюү зарим улстөрчид шиг хөдөлмөрчдийн мөнгөөр баяжаагүй, луйвар хийгээгүй, худал яриагүй, гадаадаас зээл аваагүй. Тэр өөрийнхөө зөв гэж мэдэрсэн тэр зөнгөөрөө амьдарч чадаж яваа энгийн жирийн монгол залуу. Хэн нэгнийг уурандаа дэлссэн бол эрүүгийн хэрэг үүсгээд шалгачихаж болно. Эхнэртээ гар хүрсэн эсэх нь үнэндээ бидэнд огт хамаагүй. Тэр манай хаалгыг тогшиж агсам тавиагүй, манай орцонд хашгирч тав тух алдуулаагүй. Үнэхээр буруу алхам хийсэн эсэхийг нь хэн ч нотлон, зарлаагүй. Хүн бүр алддаг, ялангуяа залуу омголон насандаа эрчүүд эмээхийг үл мэдэн, ухаарахыг умартан явах нь элбэг.
Тэгэхээр Монголдоо ганц одыгоо олон талаас нь харж, өөлж, муу бүхнийг нь тоолж, явсан газрыг нь төөлж суухын оронд жирийн нэгэн залуу гэдгийг саная. Гэхдээ монголчуудынхаа магнайг хагартал баярлуулж, Монгол гэсэн нэрийг дэлхийд дуурсгасан гэдгийг бас саная.
Үнэндээ бидний өмөөрөл түүнд хэрэггүй. Бидний өөлөх, өөнтөглөх ч түүнд нөлөөгүй. Гагц монгол хүн гэсэн нэгхэн утга л биднийг холбож буй билээ. Алдаж яваа бол засарна гэж харья, омгорхож яваа бол төлөвшинө гэж хүлээе.
Залуу нас сум шиг нисэн өнгөрч, хижээл нас аажмаар ирэхэд Монголд минь эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, зорьсон зорилготой, амласандаа хүрч, ажил болгочихож чадахаар нэгэн эрхэм хүн болно гэдэгт хувьдаа үл эргэлзнэм. Та ч бас түүний сэтгэл, зүтгэлийн үнэнд үл эргэлздэг гэдэгт итгэж байна. Монголчууд бид томоогүй ганц “од”-ыгоо “тоолж” бас “төөлж” суусаар орчлонгийн бор өдрийг угтан золгосоор байх ажээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 06, 2012 12:29:31 pm )
Нээрээ л тийм дээ. Энэ сэтгүүлч сайхан зүйл бичиж хүмүүст ухаарал хайрласан байна шүү. Бусад нь үүнээс суралц. Ажил тань амжилт хүсье.
-
Anonymous (May 06, 2012 1:26:14 pm )
bi ch tegj boddog shuu.
-
Anonymous (May 07, 2012 1:18:42 pm )
Үнэн шүү. Үнэхээр байж суухын аргагүй болтол нь цаг үргэлж хажууд нь хамт яваа юм шиг бичдэг нь арай л дэндүү байдаг юм.
-
Anonymous (May 08, 2012 1:44:43 am )
chi tegeed yu geh geed bgaan be MANJ GEDEG N
-
Anonymous (May 08, 2012 6:07:00 pm )
Buruu erhelsen huuhed hetsuu l bdag. Yamar nyalh huuhed erhluulj bgaa bishdee. Uchir medeh bolson tom erh hun /Tom OD/ biye zuv avch yavj surmaar l yum. Hedii boltol Mongolchuud erhluuleh gee yum boloo. Utgagui yum.
-
Anonymous (May 11, 2012 4:05:58 pm )
teneg agsan zaluu,ehneree hemh nudchihdeg.em hund gar hurdeg hun law sain er bishee.muu mulguu
-
Anonymous (June 29, 2012 2:31:40 pm )
avarga maani ch hogiin gar bhdaa hytadig ochj deerleheesee
tegvel baharhayaa
7 Comments