Хүний амьдралд зовлон жаргал, гэрэл сүүдэр ээлжилж байдаг. Тийм ч учраас алдаж, онож, амьдрал хэмээн шатаар нэг ч гэсэн шат ахихын төлөө хүн бүр хичээн зүтгэдэг. Саяхан л хар тамхи татсан, дамлан худалдсан, бас Эрдэнэт хотод хүн дайрч амь насыг нь бүрлэгсэн гэдэг хэл аманд өртөж, ял сонсож, төрийн өршөөл хүртэн эрх чөлөөгөө олж авсан “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хувийн амьдралдаа анхаарал хандуулж, уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байна.
Тэрбээр анх Сугармаа гэдэг сайхан бүсгүйтэй амьдрал холбосон ч төдөлгүй тэдний амьдрал бүтэлгүйтсэн. Дараа нь загвар өмсөгч Маралмаатай хамт амьдарч, үрийн зулай үнэрлэсэн ч гэсэн бас л хоёр тийш болжээ. Хувийн амьдрал нь байнга бүтэлгүйтэж, өөрийн гэсэн тогтвор суурьшилтай, халуун дулаан гэр бүлийн амьдрал зохиож чадалгүй явсаар өдий хүрсэн Лхагваа саяхан гуравдах амьдралаа зохиожээ.
Түүний шинэ эхнэрийг Ганбаяр гэдэг бөгөөд англи хэлний багш мэргэжилтэй даруухан бүсгүй байдаг аж. Ганбаяр бүсгүй дунд сургуульд багшилдаг бөгөөд Харангын Лхагвааг шоронд хоригдож, ял зэм сонсож явахад нь байнга эргэж тойрч, хоол унд, хувцас хунарыг нь дөхүүлж, халамж хайраар дутааж байгаагүй аж. Х.Лхагвасүрэн хүнд хэцүү цагт зовлонг нь хуваалцаж байсан найз бүсгүйгээ гэргий болгон авч, түүнийг хэзээ ч гомдоохгүй хэмээн амласан сурагтай.
Дөчин насны босго хэдийнээ алхаж, амьдралын сайн мууг ханатлаа үзсэн Лхагвасүрэнг одоо л томоожиж, ар гэр, ах дүү нартаа санаа тавьж, Лхагвасүрэн элдэв хэрэг төвөгт орооцолдохгүй сайн сайхан амьдрах байх гэж найз нөхөд нь тун их найдлага тавьж байгаа гэнэ.
Эх сурвалж: “Тэргүүн”
Холбоотой мэдээ
Comments are closed.