Сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхан барилга байгууламж, газрын маргаантай асуудалд ар араасаа холбогдсоор байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв бол хамгийн онцгой, аюултай орчин буюу иргэд олон нийтээс тусгай байлгах газар гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл эндхийн дарга нар эмнэлэгтэйгээ хаяа нийлүүлэн ажилчдадаа орон сууц бариулж байх юм. Орон сууцтай болох нь ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн зөв л ажил. Гэхдээ яагаад халдварт өвчинтэй тэмцэх эмнэлгийн хашаанд гэж? Одоогоор 12 давхар орон сууц барьж дуусгаад ашиглалтад оруулсан байв. Харин дараагийн орон сууцны газрыг тэгшлээд эхэлжээ. Барилгын инженер гэх залуугаас зарим зүйлийг тодруулах гэтэл “Бид бол гүйцэтгэгч тал. Зөвшөөрөлтэй газар мөн эсэхийг эмнэлгийн дарга нараас асуу” хэмээн хариулахаас татгалзав. Тиймээс тус эмнэлгийн ерөнхий захирал Д.Нямхүүтэй уулзлаа.
Араасаа салхитай болохоор ажилчдын орон сууцанд нөлөө багатай гэж үзсэн
-Эмнэлгийн барилга байгууламжийн ойролцоо 100 метрээс дотогш барилга орон сууц барьж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Харин танайд тусгай зөвшөөрлийг хаанаас өгсөн юм бэ?
-Надаас өмнө ажиллаж байсан бусад захирлууд энд барилга барих эрхийг 2007 оноос хойш хөөцөлдөж байсан. Харин намайг ирснээс хойш орон сууц барих зөвшөөрөл олгосон. Гэхдээ бид хойд талдаа бариулж байгаа учир нь араасаа салхилдаг болохоор ажилчдын орон сууцанд нөлөө багатай гэж үзсэн. Харин эрүүл ахуйн талаас нь албан ёсны бичиг бол аваагүй. Ер нь 2007 оноос ЭМЯ-нд энэ орон сууцны асуудал яригдаж байгаад 2009 онд Л.Ламбааг сайд болоход нь Газрын албанд бичиг явуулах гэтэл сайдын нэр дээр болдоггүй гэсэн. Тэгээд Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр хотын Газрын алба болон Г.Мөнхбаяр даргад бичиг явуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн хашаанд ажилчдын орон сууц барих зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн бичиг явуулсан.
-Яагаад заавал ХӨСҮТийн хашаанд барихаар болов. Энд хүн амьдрахад аюултай шүү дээ?
-Ер нь халдварт өвчин нэг гарахаараа маш хурдан газар авдаг. Түүнийг богино хугацаанд дарж, арга хэмжээ авахгүй бол орон даяар тэр тусмаа шигүү суурьшсан хотод амархан тархана. Тийм учраас манай мэргэжлийн байгууллагын лабораторын эмч, тандалтын болон эмчлэгч эмч нарыг яаралтай дууддаг. Томуугийн үед ч манай ажилчид шөнөжин дуудагдаж эндээ цуглараад ажиллаж байсан шүү дээ. Ер нь халдвартын эмч, мэргэжилтнүүд хагас цэрэгжилтийн байдалтай үргэлж бэлэн байх ёстой. Гэтэл одоо ажилчид маань амьдралын эрхээр хотын хаа хамаагүй захад амьдарч байна. Ямар нэгэн онцгой шаардлага гараад дуудахад замын түгжрэлээс болоод хугацаа алддаг. Энэ нь хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой учраас хүндрэл их байдаг. Тиймээс ажилчдыг ойр байрлуулах нь зүйтэй гэж үзээд орон сууц барих зөвшөөрөл авсан. Нөгөө талаар манайх есөн га газартай. Бид бусад эмнэлэг шиг нэг ч га газрыг хэн нэгэнд зарах юм уу дээрэмдүүлээгүй. Орон сууц барих болсон шалтгаан нь улс орны болон иргэд, олон нийтийн эрүүл энхийн төлөө хийж байгаа ажил гэхэд болно.
-Барилгын ажлыг ямар компаниар гүйцэтгүүлж байгаа вэ?
-Манайх найдвартай гэдэг үүднээс нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан барилгын “Визард говь” ХХК-ийг сонгосон.
-Уг нь эрүүл ахуйн үүднээс энд орон сууц барих боломжгүй санагдаж байна. Танайд дээд байгууллагаас зөвшөөрөл олгохдоо өөр ямар нэгэн хуулийн заалтыг үндэслэсэн юм болов уу?
-Иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах үүднээс ажилчид ойр байх нь чухал. Орон сууц барих болсонд эмч мэргэжилтнүүд ч бүгд ам сайтай байгаа. Ямартай ч, ЭМЯ барилга бариулах газар олгох хүсэлтийг маань Газрын албанд хүргүүлсний дагуу Газрын албаны дарга зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ирж шалгасан гэсэн. Тэгээд орон сууц барьж болно гэсэн дүгнэлт гаргасан уу?
-НМХГ-аас болно, болохгүй гэсэн албан ёсны дүгнэлт цаасан дээр гаргасныг нь би мэдэхгүй байна. Тэд нийгмийн аюулгүй байдлын талаас нь шалгасан. Дээр хэлсэнчлэн бид хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг учраас орон сууц барих зөвшөөрлийг яам, Тамгын газраас олгосон нь үнэн. Түүнээс гадна ХӨСҮТ-ийн дулааны шугам дээр барилга барих хүндрэл учрууллаа гэж хэл ам гарсан. Энэ бол худлаа. Дулааны шугамыг гүйцэтгэгч барилгын компани маань 250 сая төгрөгөөр татаж манайд холбож өгсөн.
-Тэгвэл танай эмнэлэгт хуульд заасан 100 метрийн зай гэдэг нь хамааралгүй онцгой нөхцөлд ажилладаг учраас тусгай эрх олгосон гэж ойлгож болох уу?
-Үүнийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан газрынхаа зөвшөөрлийг бид авчихсан. Би дураараа шийдээд бариулж байгаа юм биш. Манайх 800 гаруй ажилтантай. Тэдний 300 орчим нь өөрийн гэргүй хөлсний байр, сууцанд амьдардаг өрх толгойлсон эхчүүд. Тиймээс орон сууц барих, эсэх талаар бүх ажилтан цуглаад хуралдаж шийдсэн.
-Нийт хэдэн айлын орон сууц барих вэ?
-Одоо баригдсан нь 116 айлын орон сууц. Үүнд манайхаас 56 айл орчихсон байна. Дараагийн орон сууцанд 50 айл орно. Харин “Визард говь” ХХК тал хувьд нь гаднаас айл оруулж ашигаа олж авна.
-Танай ажилчид ямар үнээр орж байгаа вэ?
-Манайхтай нэг ам метрийг нэг сая 280 мянган төгрөгөөр худалдах гэрээ хийсэн. Ер нь хүнд нөхцөлд цалин багатай ажилладаг хүмүүс гадуур баригдаж буй тэнгэрт тулсан үнэтэй орон сууцуудад орно гэж саналтгүй шүү дээ. *** НМХГ-ыг зорилоо. Баянзүрх дүүргийн орчныг хариуцдаг буюу ХӨСҮТ-ийн уг орон сууцны асуудлыг шалгасан гэх барилгын хяналтын байцаагч нь гадуур ажилтай гээд олдсонгүй. Тиймээс мөн тус дүүргийг хариуцдаг улсын хяналтын байцаагч Д.Эрдэнэсүрэнгээс тодруу лахад “Манайхаас зөвшөөрөл авсан тухай би дуулаагүй. Ер нь Халдвартын хашаанд орон сууц барина гэдэг боломжгүй. Гэхдээ тухайн газарт барилга барихыг нийслэлийн Засаг дарга болон Газрын алба зөвшөөрөөд, зураг төслийг нь ерөнхий архитектор баталдаг. Үүний дараа манай байгууллагад шалгуулахад баримт бичгийн зөрчилгүй бол бид аюулгүй байдал талаас нь л хянадаг.
Харин одоогоор ХӨСҮТ-ийн орон сууцны асуудал бидэнд ирээгүй. Эрүүл ахуйн хяналтын байцаагчаас асуу” гэв. Тиймээс Эрүүл ахуйн улсын ахлах байцаагч Ч.Үржингээс лавлахад “Уг нь барилга барихад НМХГын эрүүл ахуйн байцаагч нар хамгийн эхэнд хянадаг байсныг 2010 оны аравдугаар сарын 1-нд болиулсан. Тиймээс одоо хаана ямар барилга баригдах нь бидэнд хамаагүй болсон. Гэхдээ ХӨСҮТ-ийн хашаанд орон сууц барьж болохгүй л байх” гэсэн юм. Үүнээс харахад дээд байгууллагаас газрын зөвшөөрөл олгосон л бол НМХГ барилгынх нь аюулгүй байдлыг хянахаас бус өөрөөр оролцдоггүй ажээ. ХӨСҮТ-ийнхэн ажилчдынхаа нийгмийн байдлыг харгалзан үзээд орон сууц барих санааг сайшаалтай. Гэхдээ яам, Тамгын газар орон сууц барих газрын зөвшөөрлийг нь эмнэлгийн хашаанаас гадна олгож болоогүй л юм болов уу. Хэрэв гоц халдварт өвчин гарвал ажилчдын ар гэрийнхэн хорионд орохоос гадна эрүүл мэндийн хувьд баталгаагүй болж байна гэсэн үг. Түрүүчийн 116 айлын сууцнаас 56 эмнэлгийн ажилтан орон сууцтай болж одоо баригдаж байгаад дахиад 50 айл хамрагдана гэхээр бараг “Визард говь”-д газраа худалдчихжээ гэлтэй. Ер нь эрх мэдэлтнүүдэд хүний эрүүл мэнд хамаагүй, эмнэлгийн алга дарам газар л нүдэнд нь өртөх болжээ.
М.Наранболд
UNEN.mn
1 Comment