Хүн янз бүрээр зөнөтөдөг. Зөнөглөсөн хүн янз бүрээр холион бантан хутгаж, хүүхэд нохойн тоглоом болж явдаг. Харж байгаа биз дээ, зөнөсөн хойноо гэнэт яруу найрагчид болж байна, зөнөөд рок дуучин болж байна, зөнөчихсөн байж ач зээ шигээ хүнтэй гэр бүл зохиогоод сүйрч байна. Монголчууд нэг сайхан үг байдаг, “Нас намбандаа бай” гэж. “Хөгшин азарга шороо сурахгүй” ч гэдэг.
Энэ бүх зүсэн зүйлийн зөнөглөлт дотроос хамгийн хэцүү нь хорголоороо тоглож зөнөглөх юм шиг байна лээ. Гэтэл улс төрийн нам ч гэсэн хүн шиг байх юм аа. Ерэн настай хүн яаж зөнөглөдөг билээ, яг түүн шиг нам зөнөглөдөг юм байна. Бүр хачин жиггэй өвгөрч зөнөглөхийг нь харлаа. Өдөр бүр тохой залган суудаг гишүүддээ энэ нам захиа бичив. Захидлын утга нь “Сонгууль болох гэж байхад хэвлэлээр элдвийг ярьж солиорохоо боль. Амаа хамхиж яв” гэж. Хэцүүтэй нь ингэж бичсэн захидлынхаа хариуг захиагаар авна шүү гэж нэхсэн байх юм. Их хурлын гишүүн хэдэн хүн нь фракц байгуулна гэснийх нь төлөө. Бүр тодорхой хэлбэл Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын нэлээн хэдэн гишүүнд захидлаа зориулжээ. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа нь үнэн бол Үндсэн хуульд олгогдсон эрхээрээ иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Хаа байсан хальж үгүй болсон коммунист дэглэмийнхээ арга барилаас энэ нам одоо болтол салаагүй нь ингээд харагддаг байхгүй юу. Өвгөрч зөнөснөө ингээд л илэрхийлдэг байхгүй юу. Хэдэн гишүүн нь фракц байгууллаа гээд яачих гээд байгаа юм, намаа. Ямар фактыг нь энэ фракц дэлбэлчих гээд, юунд нь чагт тавьчих гээд дарга нараа айлгаад байдаг юм бол. Сонин юм шүү. Их л айдас хүйдэстэй байгаагийн шинж юм даа.
Бичсэн захидал нь намынх нь гишүүдийн уурыг ихэд хүргэсэн бололтой. Өчигдөр Д.Тэрбишдагва гишүүн намаасаа ирсэн захидалд хариуг нь өгч санааг нь амраалаа. Мань эр зүгээр ч нэг аваачаад өгчихсөнгүй. Бүх хэвлэл мэдээллээр дамжуулан ил захидал маягаар өгч цаадуулынхаа санааг бүрмөсөн амраав. У рьд нийгэмд юм даа, хөдөө буйдын бүсгүй дурласан хархүүдээ хайрын захидал бичиж хойноос нь элддэг, өөрийг нь тоохгүй байгаа өнөөх хархүү нь олны дунд, ил цагаан захидлынх нь хариуг өгч ичээдэг шиг л юм болж байна, энэ МАН-ынханд. Өдөржин нэг ширээнд зэрэгцэн сууцгааж буй мөртлөө амаараа хэлээд, сануулаад явчихаж болдоггүй л байсан юм байх даа.
Энэ намд хүн шүү юмнууд ховор л доо. Харин Д.Тэрбишдагва эрийн хугархай юм байна. Энэ намын гишүүд бүгдээрээ Н.Энхбаяраас урвасан. Харин энэ нөхөр урваагүй үлдсэн цөөн хэдийн нэг. Тэрбээр хариу ил захидалдаа “…МАН-д суудал авчирсан, намын бага хурлын болоод УИХ дахь бүлгийн гишүүн надад манай намын удирдлага, ёс зүйн хороо уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгөхийг шаардан, хөндий зэврүү харилцаа гаргаж буйд харамсч байна” гэж эхлээд цааш нь “… нөгөө талаар хамт олон, гишүүдээсээ хөндийрсөн намын удирдлага л хөндлөнгийн мэт байр сууринаас “хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа”-гаа ингэж илэрхийлдэг байхдаа гэдгийг хэлмээр байна” хэмээн дүгнэн үргэлжлүүлжээ. Түүний хэлсэн үг бүхэнд үнэний үнэ цэнэ байх аж. Д.Тэрбишдагва гишүүн цааш бичихдээ “Ууган намынхаа нэрийг солих асуудалд хөнгөн гоомой, яаравчлан хандаж, намын нийт хамт олны санал бодлыг үл ойшоож шийдвэр гаргаснаас улбаалан намаа хоёр хувааж, хүчээ тарамдуулж, удахгүй болох гэж буй хамгийн хариуцлагатай сонгуульд төр барих эрхээ алдах бодит аюул нүүрлэж буйд эмзэглэж явдаг тул МАХН-МАН хоёр намаа эргэж эвлэлдэн нэгдэх, эгнээгээ тэлж, хүчээ зузаатгах талаар санал, санаачилга гаргах нь зүйтэй бус уу хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм” хэмээн бичжээ. Үнэхээр МАН-ыг энэ сонгуулиар ард түмэн бууж өгдөггүй өндөр сэнтийгээс нь буулгаж, уяа оосрыг нь эвхэж авах тухай нийгэм даяараа шуугиж байна. Үүнд л эрхэм гишүүн эмзэглэн болгоомжилсон нь буруу юу байна. Ингэж бичихээс өөр аргагүй байдалд хүрч байгаагаа ч гишүүн ил захидалдаа дурдсан байна лээ. “Энэ бүгдийг илэрхийлснийхээ төлөө намынхаа Ёс зүйн хороонд бичгээр тайлбар гаргах үүрэгт тулгагдаж, үг хэлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүйд хүрч, хатуу анхааруулга авч байгаа юм байна” гэж. Захидлынхаа төгсгөлд Д.Тэрбишдагва гишүүн “Эцэст нь хэлэхэд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй ээ” гэж эрс шийдэмгий хэлжээ. Ийм л эрүүл саруул үгийг эрхэм гишүүн бичсэн байна. Үүгээрээ тэр эрүүл саруул юм ярьдаг хүн гэдгээ баталлаа. МАН маш их зөнөглөж байгааг тодорхой нэг гишүүн нь ийнхүү илэрхийллээ. Энэ нам үнэхээр зөнөглөжээ, зөнөглөж.
П.ХАШЧУЛУУН
Холбоотой мэдээ
Comments are closed.