antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2012 1 comment

Гүндалайдах буюу нутгийн фактор

нийтлэсэн Admin

Монголчууд тав дахь удаагийн сонгуулиа өгөх цаг хаяанд иржээ. Дараагийн УИХ-ын эрхэм гишүүдийг сонгохын тулд одоогийн эрхэм гишүүдэд дүн тавих учиртай. Тэрний тулд хэн хаанаас яаж гарч ирснийг судлаад үзэхэд гэмгүй. Монгол Улсын хүн ам хоёр сая хол давж, гурван сая аанай л болоогүй авчиг дэлхийн улс орнуудын хүн амтай харьцуулахад харьцангуй бага. Харин нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам, түүний засаг захиргааны нэгж таруу. Хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатарт мөнөөх хүн амын талаас илүү нь суурьшдаг бол Дархан, Эрдэнэт гэсэн удаах хотуудтай аймгууд 200 орчим мянган хүн төвлөрөн амьдарч байна. Үлдсэн 19 аймаг, 330 шахам сум тус бүрт тэгэхээр хэдий хэр хүн оршин суух нь ойлгомжтой. Хөвсгөл аймаг гэхэд 24 засаг засаг захиргааны нэгжтэй, 120 орчим мянган хүн амтай. Тиймээс тарж суурьшсан олон аймаг, сумд нэг ч гэсэн хүнээ УИХ-ын гишүүн болгочих сонирхол өндөр, “нутгийн хүү” гэж хааяа нэг ярих гэмгүй, дошны зангаараа баярхаж суух зүгээр. Угтаа бол хөөрхийс, дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэхэд арай гайгүй гэсэн нэгнээ “Чи л энэ хэдийгээ чирнэ шүү” гэдэг шиг олимпийн найдвар болгоод сонгочихдог. Сонгосон хойноо сонирхолтой паян, сэтгэлгүй занг нь харин ч нэг мэдэрнэ дээ. Үүний илэрхий бөгөөд тодорхой жишээ бол Хөвсгөлийн дархлагдсан хүү, Дархад ястны шүтээн болсон Л.Гүндалай. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан нуур гээд олонх сум дархад ястнуудын өлгий юм билээ. Л.Гүндалай гүехэн хийсэн ажлаа гүн далдлахаар хаврын чуулганаас өмнө Хөвсгөлд гэгээн дүрээ гийгүүлсээр яваа.

 

Тэрээр 1963 онд тус аймгийн Хатгал суманд төрсөн. Хатгал 10 жилээс ХБНГУ-ын Мартин Лютерийн их сургуулийг зорьж хүний их эмч мэргэжлээр төгссөн нэгэн. Эндээс түүний улс төрийн шоумэний карьер  эхлэлээ авч, өнөөгийн Л.Гүндалай болсон гэдэг. 1988-1995 онд ХБНГУ-ын ГМЕТ компанийн захирал, 1995-2000 онд Глобал Инвест, Чингэс хаан травэл, Батсарай ХХК-ийн захирал, 2000 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, 2003-2005 онд Ардчилсан намын дэд дарга, 2005-2008 онд Ард түмний намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд хүртэл болж явсан түүнд ирэх сонгуульд зөөлөн суудалдаа дархлагдсан тойргоосоо суухгүй бол алдас болж мэднэ. Гэхдээ Хөвсгөлчүүд хүү минь гэж толгойг нь илэхээсээ өмнө хэнээр төр түшүүлж байгаагаа нэг анзаарахгүй бол ирэх дөрвөн жил өөрсдөд нь алдас болж магад. Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, парламентад анх орж ирсэн. 2000 оноос хойш 2004, 2008 оны УИХ-ын сонгуулиудад Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүний улс төрийн тогоонд өнгөрүүлсэн энэ 12 жил тэр чигтээ шоуны он цагууд байсан гэхэд болно. Тэрээр дуучин, эсвэл жүжигчин байсан бол Холливудын хэмжээнд од болохоор ирээдүйтэй гэдгээ харуулсан. Харамсалтай нь Хөвсгөлчүүд түүнийг төр түшилцэж, түмнээ төлөөлнө хэмээн найдсанаас бус хөнгөн жүжиг, гэнэн шоу тавиулах гэж сонгоогүй.  2002-2003 онд УИХ-ын намар, хаврын чуулганы нээлтийн “од” нь Л.Гүндалай байв. Тэрээр  лоозон, плакат өргөж, УИХ-ын чуулган дандаа уйтгартай, чухал царайлсан эрчүүдийн бодол болсон мэтгэлцээний талбар биш гэдгийг нотолж, хошин шогийн мэдрэмжтэй хүн гэдгээ харуулсан санагддаг. Улмаар 2005 оны зун Л.Гүндалайнх болж өнгөрсөн. Тойрогтоо ажиллах үедээ Хөвсгөл нуурын эрэгт орших Ханх сумын иргэдтэй уулзахаар усан замаар явж, хоёр хоног сураггүй болоод амжсан. Эрлийн ажлыг зохион байгуулах тухай УИХ-ын даргын захирамж гарч, түүнийг Модон хүй арлаас олж, Робинзон Крузо арлаасаа амь гарсан дайтай зүйл болж байсан юм.

 

Ингэж “эрх хүү”-гээ эсэн мэнд олж авсан түүхтэй.  Түмнийг төлөөлсөн төрийн хар хүн ингээд хааяа алга болж, хэсэгтээ уриа лоозон болоод айлын бага хүүхэд шиг аашлаад байхаар ард түмэн түүнийг нэг л сэжиглэнгүй харцаар сонжиж эхэллээ, гүн балай нөхөр үү гэж. Гэтэл удалгүй Л.Гүндалай 2005 оны 11 дүгээр  сард Ард түмний нам байгуулж, бусдын төлөө бие сэтгэлээ гамгүй зориулна хэмээн хэвлэлийн баатар болж, хэсэгтээ л “Овоо биднийгээ харж үзэх нь ” гэсэн хоосон найдлагыг Хөвсгөлчүүдэд төрүүлээд авсан. Гэсэн ч байгуулсан нам будаа болж, хаясан ч байж болох, эсвэл хаягдсан байж мэдэх Ардчилсан намд 2008 онд эргэн ирэхэд нь тус нам түүнийг дахин хүлээж авав. Магадгүй Ардчилсан намд шоумэн дутагдалтай байсан үе байсан ч байж мэдэх. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар Хөвсгөлийн дархлагдсан хүү, хүний их эмч Л.Гүндалай томилогдон ажиллав. Эрүүл мэндийн салбарт эмч хүн очлоо гээд баярлах хүн олон байсан ч бэлгэвчнээс ажлын гараагаа эхэлж, хуучин цагийн соёлын довтолгоо шиг зүйл хийнэ гэж хэн ч төсөөлсөнгүй. Монгол хүн морь унаж сурахын хажуугаар бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй гэж ажлаа эхэлсэн Л.Гүндалай сайд байх хугацаандаа эмчлүүлэх зорилгоор жилд 50-60 тэрбум төгрөг гадагш  урсгаж байгааг сааруулна гэж ярьж байв. Гэхдээ өнөөдрийг хүртэл Гүндалайн гунисан энэ мөнгө багасаагүй, гайхал өнөөх бэлгэвчний үнэ 100 төгрөг хол давсан юм шүү.

 

Түүнийг сайд байх үеийн хэвлэлийн хуудсыг эргэн сөхье. Тухайн үед УМХГ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд санхүүгийн шалгалт хийгээд дуусчээ. Үүгээр Гүнээ сайдтай холбогдсон олон зөрчил дутагдал илэрсэн байдаг.  2006 оны зургадугаар сард Тайвань улсын Тайпен хотын дарга Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Монголд зочлохдоо хотынхоо эрүүл мэндийн тусламжийн төвд ашиглагдаж байгаа түргэн тусламжийн арван автомашиныг “Хүний хөгжлийн сан” (Л.Гүндалайн үүсгэн байгуулсан сан) ТББ-аар дамжуулан буцалтгүй тусламж болгон бэлэглэсэн байна. Гэтэл уг арван машины тээврийн зардалд зориулж Эрүүл мэндийн яамаас 20.300.0 төгрөгийг гаргуулсан байдаг. Түүгээр ч барахгүй Халдварт өвчин судлалын үндэсний төв зориулалтын машингүй байгаа тул хоёр машин олгохыг хүссэн өргөдлийг 2006 оны есдүгээр сард гаргуулж, үүнийг сайд зөвшөөрөн бололцоогоороо түргэний машин авч үйл ажиллагааг жигдрүүлэх, авсан машиныхаа зардлын тайланг тус яаманд эргэн мэдээлэх хэмээн цохолт гаргажээ. Үүний дагуу ТӨХ-ноос хоёр ширхэг түргэний машин авахыг зөвшөөрч, харин хоёр машины үнийг 11 саяас хэтрүүлэхгүй байх тушаал гарсан аж. Нэгэнт ийнхүү дээрээсээ эхлэн ярилцан тохирч, тушаал шийдвэр нь гарсан болохоор буцалтгүй тусламжаар ирсэн машинаас хоёрыг нь тэднийд худалдахаар болж 2006 оны 12 сард машиныг Халдвартын төвд шилжүүлж машинуудын үнэ болох 11 сая төгрөгийг Халдвартаас бэлнээр гаргуулан авч “Хүний хөгжлийн сан”-руу шилжүүлсэн тухай цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлдсэн нь бий.

 

Мөн Халдвартын төвд бүртгэлтэй байсан УБХ 16-07 дугаартай Ландкруйзер, УББ 83-93 дугаартай Мазда 929 маркийн мөнгөлөг саарал машинуудыг тус төвийн үндсэн хөрөнгөнөөс хасч, 2005 онд дуудлага худалдаагаар худалдах гээд гурван ч удаа бүтэлгүйтсэн тул 2006 оны 10 сард техникийн шаардлага хангахгүй гэж үзэн Ландкруйзер машиныг нь Хөвсгөл аймгийн Гоц халдвартын албанд, Мазда-г нь Эрүүл мэндийн яаманд тус тус шилжүүлэх сайдын тушаал гарчээ. Харин эдгээр машинуудыг одоо хаана ашиглагдаж байгааг шалгахад Мазда машин нь Эрүүл мэндийн яаманд, харин Ландкруйзер машин нь Хөвсгөлд байх ёстой атал фургон болон очиж, эвдэрхий гэгдэн замаас гарсан Ланд нь Лаки төвийн захирал, экс сайдын төрсөн дүү Л.Баяндалайгийн нэр дээр шилжсэн байжээ.  Гэсэн ч хүний хүү алдаа л биз яадаг юм бэ, Хөвсгөлийнхөн ахиад л нутгийн фактороо сонгосон. Эр нэг алдаж эрэг, хоёронтой нурсан ч дархлагдсан хүү хал ч үзсэнгүй, хашир ч суусангүй. Нэгэн удаагийн Байнгын хорооны хурлаар байгалийн зарим цогцолборт газрын хилийн заагийг өөрчлөх тухай яригдаж байлаа. Хатгалд гэхэд л  Хөвсгөл далайн эргээр буусан айлууд унаган байгалийг сүйтгэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа тухай яриа өрнөж, айлуудыг хамгаалалтын бүсээс гаргаж, жуулчны баазуудаас харин өндөр татвар авах болов. Гэтэл Л.Гүндалай үүний эсрэг зогсч тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хэрэлдэж гарав. Хэрүүлийн хэлтгий үгнээс  Л.Гүндалайгийн Хатгал дахь хувийн жуулчны баазыг илчилж, Хөвсгөл далайгаа хамгаалах биш хувийн жуулчны баазаа хамгаалсан хэрэг байсан нь илэрхий болж байв.

 

Ард түмнээ хамгаалдаггүй юм гэхэд Монголдоо ганц Хөвсгөл далайгаа хамгаална гэсэн амлалтаа биелүүлсэн бол одоо хатуу үг, хэлтгий гуншингийн эзэн болохгүй ч байсан юм билүү, хэн мэдлээ. Хагас зуун жилийн дотор ачаатай, ачаагүй 40 гаруй шатахуун тээврийн автомашин, чиргүүл, тракторыг Далай ээжийнхээ хэвлийд булшилжээ. Тос дотроосоо өтвөл гэдэг шиг нуурын гүнд буй эдгээр төмөр Далай ээжийг хэвлий дотроос нь өвчлүүлсээр нэгэн жаранг үдэж байна. 1953 онд “Малчин” баарж, 1954 онд усан онгоцны суурь, “Ажилчин” баарж, 1960 онд ЗИЛ-130 машин, 1969 онд ДТ-75 трактор гээд нуурт живсэн төмрийн сэгүүдийг жагсаавал уртаас урт үргэлжилнэ. Товчоор хэлбэл, өнгөрсөн зууны дунд үеийн далайн тээврийн бүхэл бүтэн түүхийн үзмэр Хөвсгөл далайн ёроолд бий. Гаргаж авдаггүй, авахыг ч хүсдэггүй эдгээр төмрийн сэгүүд эдүгээ зэвд идэгдэн, хур тунадаст баригдсанаар урваж, исэлдэн дэлхийн цэвэр усны хоёр хувийг хордуулж байна. Хөвсгөл хагас мянганд нэг удаа усаа цэвэршүүлдэг хамгийн эмзэг нуур. Энэ нуурыг цэвэршүүлж, живсэн, хөвсөнөөс нь салгана гэж хэлэхдээ бардам, хэлсэндээ хариуцлага хүлээдэггүй Л.Гүндалай хэлж байв. Бүр судалгааг нь хийсэн, гаргах л үлдлээ гэж байв.

 

Харамсалтай нь түүний ам, ажил хоёр алд дэлэм зөрж, Гүн цэнхэр далай хаягдалтайгаа, Гүн балай гишүүн ганц дуутай л үлдлээ. Ядаж Л.Гүндалай гишүүний нутагтаа тарьсан гэх чацаргана нь ч ургаж чадаагүй дээ, хөөрхий. Сум болгонд тарьсан чацарганы бут ургаагүй, зарим газрынх нь бутыг мал идээд дууссан гэдэг. 12 жил нэг тойргоос толгойг нь илж гаргасан нутгийн факторынхоо ачаар Хөвсгөлчүүд та бүхэн юу хожсоныг өнөөдөр асууя. Харин Хөвсгөлчүүд минь 12 жил нутгийн чинь нэрийг брэндчилж яваа гишүүндээ юу гэж амласныг нь сануулж, юу хийснийг нь асуу. Монголын төр дорой байж болно. Хэн дуртай нь сайдын суудал сандайлж, сайны дүрд тоглосон ч байж мэдэх. Гэхдээ төр нь ариун байж, гишүүн нь хариуцлагатай байх цаг нь болсон шүү. Тэгж гэмээнэ, хөдөөд хөгжил, хүнд нь өгөөж өгөх учиртай.  Одоо Монголын төрд гадны улс орны дээд хэмжээний төлөөлөгчид айлчлахад гүйж очоод үнсдэг гишүүн бус, ганц нэг асуудлыг ярилцаж шийддэг хүн хэрэгтэй байна. Гүндалайдахыг хангалттай харлаа. Гүн гүнзгий түүхээ ч төрийн хуудаснаа тэрээр сайн гэгч нь бичсэн. Одоо эрхэм гишүүн, “Ирэх сонгуульд АН-аас Ц.Сэдванчиг бид хоёр л нэр дэвшинэ. Харин МАН-аас зургаа, долоон хүн байгаа. Тэгэхээр бид хоёр шууд ногоон гэрлээр гарна” хэмээн ярьж яваа гэнэ. Гурван сонгуулиар нутгийн фактороо ногоон гэрлээр гаргасны  ачаар Хөвсгөлчүүдийн амьдралд улаан гэрэл асаад байгаа юм биш үү. Дархлагдсан хүү чинь даравч дордохооргүй сайхан амьдралтай болсон, Хөвсгөлчүүд ээ, дандаа Гүндалайдаж байхаар ганц удаа ч болов өөр нэгнийг сонгож үзвэл ямар вэ.

 

Б.Чинбат

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 26, 2012 7:12:41 pm )

    bitgii dongos gundalai garch l taarna

antalya rent a car