Төрөөс тэрбумтан хэрхэн төрдөгийг Монголчууд дэс дараалан мэддэг болоод удлаа.
Тийм ч учраас төрд шургалахыг хүссэн нөхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүний суудал руу тэмүүлэгчдийн тоо хэт олширсон.
Сүүлийн үед зарын сонинуудаар “Нас харгалзахгүй танилцана” гэх зар ихээхэн явах болсон. Яг тэрэн шиг УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлахыг хүсэгчид нас хүйс, чиглэл харгалзахгүйгээр өрсөлдөнө. Тодруулбал, сонгуульд өрсөлдөгч этгээд нь Монгол улсын иргэн, 25-аас дээш насны эдийн засагч, хуульч, математикч, сумоч, жудоч гээд төрөл бүрийн бөхөөр дагнасан нэр алдар бүхий хүмүүс байж болно гэж байгаа. 25-аас дээш насных бол цаашдын насыг харгалзахгүй гэсэн үг.
Монгол улсад мөрдөгдөх хуулийг зохиодог хүмүүс нь төрөл бүрийн салбарын байх ёстой. Тэгж байж хамгийн сайн хууль төрнө хэмээн өөрсдийгөө өмөөрөх. Гэтэл үнэндээ 2004-2008 оны сонгуулийн үр дүнд бий болсон парламентад эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах чадвар бүхий ганцхан хуульч байгааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тухайн үед хэлж байсан юм.
Чадвартай чадваргүй нөхдүүд парламентын танхимд цуглаж хууль тогтоох дээд байгууллагыг “мөнгө тараах” хэрэгсэл болгож хараад байгаагийн цаад учир нь эрх мэдэл. Түүнийг дагасан эд хөрөнгө, эрдэнэс баялаг.
Эрх мэдэлтнүүдийн саалийн үнээ болоод байгаа “Автомашин”-ы талаар бичихийн тулд дээрх эрх мэдэл хийгээд албан тушаал руу үхэн хатан зүтгэдэгийг цухас дурьдлаа. Одоо гол асуудалдаа оръё.
Автомашин гэгч техник нийслэлчүүд төдийгүй Монгол улсын иргэдийн гангараа бус хэрэглээ болоод удлаа. Гэхдээ мэр сэр хүмүүс ялангуяа олигархижсан нөхдүүд гангараа болгох, бэл бэнчингээ гайхуулах хэрэгсэл болгоод буй.
Гэтэл өдөрт хэдэн зуугаараа өсөн нэмэгдэж буй автомашиныг дагасан бизнес газар авлаа. Нөгөө дээр дурьдаад байсан эрх мэдэл, албан тушаалын нөлөө орсон гэх үү дээ. Энэ бизнес нь тухайн автомашиныг гаалиар орж эхлэхээс л эхлэнэ. Гэхдээ гаалийн татвар төлсний буруу гэж байхгүй. Тэртэй тэргүй хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэж Ертөнцийн гурван үнэн аль хэдий бий болчихсон. Харин үүний дараа татаж буй татааснууд нэг л биш ээ. Гэвч номхон тэмээг ноолоход амар гэгчээр ядарсан ард түмнээ цагдаагаар далайлгаж шулдаг эрх баригчдийн үйлдэл арай л хэтэрч байна.
Автомашины татвар гэгчийг жолооч нар жилдээ нэг удаа төлдөг. Цлиндрийн багтаамжнаасаа шалтгаалаад энэ нь өөр өөр. Гэвч жилдээ нэг удаа өгч байгаа учраас хэн хүнгүй эсэргүүцээд байхгүй үг дуугүй л халаасаа уудалдаг. Нөгөө талаас татварын “гурвалжингаа” наагаагүй бол замын цагдаа зогсоож торгоод амар заяа үзүүлдэггүй учраас төлөхөөс өөр аргагүй. Үүний хажуугаар автомашины оношилгоо гэгч зүйл гараад ирсэн. Хэдийгээр тухайн машин шинэ ч бай, хуучин ч бай хамаагүй заавал оношлогоо гэгчид орж байж автын үзлэгт орсонд тооцогдоно. Гэхдээ зүгээр ч үгүй 10 мянган төгрөгийн татаасыг төрж байж оношлуулна. Нэг талаас автомашины бүрэн бүтэн байдал болзошгүй аваар ослоос сэргийлж байгаа боловч нөгөө талаар өрөөсгөл. Яагаад заавал 10 мянган төгрөг төлнө гэж. Яагаад өөр автозасварын төвүүдэд оношлуулж болохгүй гэж гэх зэргээр олон “гэж” гэх асуулт дагана.
Гэвч өнөөдөр эдгээр асуултыг тавьдаг ч хүн үгүй, хариулах ч албан тушаалтан үгүй. Авч чадсаны зол өгсны хохь болоод өнгөрч буй. Гэтэл сүүлийн үед жолоочийн хариуцлагын даатгал гэгч зүйлээр хөөцөлдөгчид асуудлыг хатгайруулах шинжтэй болоод ирэв. Энэ нь жолооны үнэмлэхтэй л бол жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах ёстой гэсэн асуудал. Үнэмлэхтэй болгон даатгуулна гэх “ял”-ыг тулгана гэдэг байж боломгүй асуудал. Харин өдгөө жолооны ард байнга суудаг буюу автомашинтай нөхдүүдийг энэ даатгалд хамруулах ёстой. Тэртэй тэргүй автомшин аваа л бол замын цагдаагийн газар бүртгүүлж дугаар сэлтээ авдаг болохоор “олдохгүй”-н зовлон нүүрлэхгүй.
Үүнээс гадна автомашины дугаарын асуудал бий. Хэт туйлшрал газар авч азын болон алт мөнгөн дугаарууд хэдэн саяар тоологдох төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэсэн ч хяналтын систем Монголд үгүй. Энэ мэтээр тойрох аргагүй татваруудаа төлөөд байж байтал агаарын бохирдлын татвар гэгч “тахал” газар авч автомашины татварын мөнгөн дээр автоматаар нэмэгдсэн. Уг нь улс халааснаасаа хэдэн тэрбумыг гаргаж агаарын бохирдлыг арилга гэсэн боловч албан тушаалтнууд шат шатандаа мөнөөхөн хөрөнгө мөнгөнөөс нь “хумсалсаар” агаарын бохирдол ч буурсан юмгүй төсөвлөсөн хөрөнгө ч үгүй болоод л дараа жилийн утаатай өвөлтэйгээ золгодог “гаж” зуршил тогтчихсон. Уг нь хаана хаанаа хариуцлагын тогтолцоог яг таг барьдаг бол агаарын бохирдол үндэсний эмгэнэл болох ёсгүй.
Дээрх агаарын бохирдлын татвар, автомашины насжилтаас хамаарч өөр өөр байгаа гэх. Мөн орж ирж буй автомашин ч наснаасаа хамаарч өөр өөр татвар төлөгдөнө. Өөрөөр хэлбэл 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн 10-аас дээш настай машинууд арай илүү татвар төлнө. Тэгээд л гүйцээ, дараа дараагийн асуудал хэнд ч хамаагүй мэт боловч орж ирснийхээ дараа татварын дарамтан дор амьдрах замыг хүссэн хүсээгүй сонгож, агаар бохирдуулагч болж хувирдаг.
Гэтэл саяхан Сөүл хотын удирдлагууд мэргэн шийдвэр гаргасан нь долоо ба түүнээс дээш жил унаж хэрэглэсэн дизель түлшээр ажилладаг автомашиныг 1 сая 500 мянгаас 7 сая хүртэлх воноор үнэлж худалдаж авч эхлээд байгаа. Монгол мөнгөөр бол дундажаар 1 сая 800 мянгаас 8 сая төгрөгөөр үнэлж авч байна гэсэн үг.
Энэ ажиллагаа нь хэн нэгэн төрөөс төрсөн тэрбумтан эсвэл ченж хуучин автомашиныг хямд төсөр худалдаж аваад засаж янзлаад буцаагаад шахна гэсэн үг биш. Учир нь долоо болон түүнээс дээш жил хэрэглэсэн автомашинууд нь шинэ машинаас 5.8 дахин их хэмжээгээр агаарыг бохирдуулдаг гэсэн тооцоо байдаг байна. Тиймээс Сөүл хотын захиргаа ирргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж хуучин машин унаж буй иргэддээ шинэ машин авах боломж олгож ийнхүү хуучин машиныг нь аваад байгаа юм. Тэдний гол уриа нь “Шинэ автомашин хэрэглэж Сөүл хотын агаарыг бохирдлоос аврах нь таны болон танай гэр бүлийн эрүүл мэндэд мөнгөөр тооцошгүй их үр ашгийг өгнө” гэх лоозон.
Энэ бодлогоос харахад Монгол төрийн түшээд болон Сөүлийн эрх баригчид хоёрын хооронд бодлогын асар их ялгаа байгаа биз. Эдгээр асуудлыг базаж ганцхан өгүүлбэрээр илэрхийлбэл “Тэд өгдөг, манайх авдаг бас дарамталдаг”.
mass.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.