Засгийн эрх авах тухай мөрөөдсөн жижгүүд нь үхэлдэж, харин томчууд нь эх орон, ард түмнийхээ төлөө санаа
тавьсан эгэл бус өдрүүд Монголын улстөрд үргэлжилж байна.
Эндээс харахад Сонгуулийн саналын хуудсан дээр олон намын нэр бичигдэхээр байгаа ч өрсөлдөх нь маш цөөхөн хэмээн ажиглагчид өгүүлжээ. Улстөрийн баруун зүүн жигүүрийг тэргүүлж байгаа хоёр намын нэг болох Ардчилсан нам дотоодын самуунд тамираа барсан учраас жинхэнэ тулаанд амжилт гаргахгүй гэж үзсэнээс тэр юм байх. Эндээс үзэхэд, Ардчилсан нам өнгөрсөн оны сүүл мушгин хамтарсан Засгийн газраас гарч, улмаар үнийн өсөлтөөр улстөр хийж гээд ард түмний нуруун дээр хүндхэн ачаа үүрүүлсэн.
Тун ч удалгүй ҮЗХ-ны хурлаа фракцуудын ил далд тэмцэл дунд хийснээр энэ намын задрал эхэлсэн юм. Хамтарсан Засгийн газраас гарахгүй хэмээн “гүрийсэн” Х.Баттулга МоАХ фракцаараа хүч түрээд ч Н.Алтанхуягийг унагаж чадсангүй, өс өвөртлөн хурал тараасан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал МҮДН хэмээх фракцаа сэргээж, улстөрийн үйл ажиллагааг идэвхтэй явуулна хэмээн Н.Алтанхуягт хаяглаж хэлсэн гээд энэ хурал намаа задралд хүргэснээр төгсгөл болсон. Үүнээс хойш удалгүй З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү нарын гишүүд нийлж, “Шонхор” хэмээх сүржин нэртэй даржин фракц байгуулж, АН-ыг найман хэсэгт хуваав. Гэтэл “Шонхор”-ын шилийг дараад МоАХ-ноос жигүүр тасалсан 40-өөд залуус “Мөнх тэнгэр” фракц байгууснаар энэ нам 10-аад хэсэгт хуваагдав.
Бүгд л улстөрийн үйл ажиллагааг идэвхжүүлж, намдаа хяналт тавина, сайн сайхны төлөө гэсэн зүйл ярьж байгаа. Шинэ болон хуучин фракцууд зорилгоо ингэж тодорхойж байгаа боловч цаанаа шал өөр. Ерөөсөө л өөрсдийнхөө суудлыг хамгаалах гэсэн хуучцуул, шинээр улстөрд орох гэсэн залуусын тэмцэл гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх болов уу.
Ухаандаа Н.Алтанхуяг нарын удирдлагдаа шантааж үзүүлж байгаа нь царай нь энэ. Цаадуул нь өөрсдийнхөө амийг яая гэж байгаа болохоор тэднийгээ ч тоосон юмгүй, суудлаа авч үлдэх тухай л бодож суугаа. Ардчилсан намд томоохонд тооцогдох МоАХ хэмээх бүлэглэл, түүний толгойлогч Х.Баттулгын Н.Алтанхуяг нарт гомдсон гомдол нь МоАХ-ны дөрөвдүгээр хурал гэгчээр үргэлжилж, 21 аймаг сум дүүргээс элч төлөөлөгчид оролцов.
Үүгээр ч зогсохгүй гомдлын үргэжлэл болгон хэдхэн хоногийн өмнө МоАХны эмэгтэйчүүдийн хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө ахин дахин хуралдаж чуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Өнөөх л намын дотоодын самуун МоАХ нэрийн дор үргэлжилж байгаа хэрэг. Энэхүү эмэгтэйчүүдийн хурлаар олон зүйл яригдав.
Хуралд оролцсон хот хөдөөгийн эмэгтэйчүүд жинхэнэ Монгол бүсгүйн зүрх зориг гаргаж, засаг төр, Ардчилсан намынхаа өөдөөс “салаавч” гаргах нь дөхсөн. Ийнхүү Ардчилсан намын дотоодын самуун эмэгтэйчүүдээр дамжин илэрч байгаа нь энэ.
Нөгөө талд Х.Баттулга амьдралаа залгуулж, үр хүүхдээ асарч суусан олон эмэгтэйчүүдийн тархийг угааж, өөртөө гавьяа байгуулж чадав. Наанаа өнөөдрийн Засгийн газар уруу дайрч, улс орны ажил энэ тэр ярьж байгаа болохоос биш цаанаа Х.Баттулгын Н.Алтанхуяг нарт гомдсон гомдол явж байгааг хашир уншигч та юу эс андах билээ.
Төрийн ордны их танхимыг эмэгтэйчүүдээр дүүргээд, дараа нь Засгийн газар, Н.Алтанхуягийг тэднээр муулуулна гэдэг баргийн хүүгийн хийчих ажил биш л дээ. Цуут Мандухай, Түвдэнгийн Борын удам угсаа болсон бүсгүйчүүдийн цөсийг хөөргөж чадсан нь Х.Баттулгын хувьд гайгүй том амжилт мөн. Энэ үеэр хуралд оролцсон эмэгтэйчүүдийн цөс нь ихэд хөөрснөөс харахад Х.Баттулга тэднийг сайн “түлхүүрдсэн” нь харагдах бөгөөд юутай ч тэр Н.Алтанхуягаас урьтаад эмэгтэйчүүдээ түүний өөдөөс босгоод авлаа.
Ноён Х.Баттулгын хувьд намаа найдвартайгаар хоёр лав хуваачихлаа. Энэ бол эргэж нэгдэхээргүй их цухал цаана нь байгаа болохоор онцолж байгаа хэрэг. Гэтэл мөн эргэж нэгдэхээргүй, Н.Алтанхуяг нарыг гуйхгүй фракц бол МоАХХ-оос өрх тусгаарласан З.Энхболд “автор”- тай “Шонхор”-чууд. МоАХ-оос гал тасалсан Д.Батбаатар тэргүүтэй “Мөнх тэнгэр”-үүд ч өөрсдийнхөөрөө үзнэ гэнэ.
Гэтэл Р.Амаржргал тэргүүтэй МҮДН бас юугаар дутаж, Н.Алтанхуягаас айх билээ, цаадуул нь сөгдөж мөргөж л гуйхгүй бол чигээрээ гэж бодож байгаа. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг ах нарын фракц үймэж байхад доод талд нь “Нэг Ардчилал” хэмээх бүлэглэл ч хаачихаа мэдэхгүй нааш ир гэсэн бүгд рүү харайж яваа сурагтай. Энэ бүлэглэлд 2000 оноос хойш цувуулаад намдаа нэг сая доллар өгчихсөн залуус ч бий.
Нэг сая долларынхаа оронд тойрог авчих санаа байвч ханш өссөн энэ үед тэдний 10 жилийн дотор төлсөн нэг сая доллар үнэгүйдэж, хүчингүй болсон гэсэн үг. Сонгуулийн босго мөнгө нэрийн дор хурааж байгаа 50 сая төгрөгийг 10 дахин нуглаад барьчихсан хүн Н.Алтанхуягийн үүдэнд оочёрлож зогсоо. Тэгэхээр 10 жилийн дотор өгсөн нэг сая доллар бол юу ч биш. Сонгууль дөхөх тусам 50 сая төгрөг 20 нугарах хандлага бий.
Ийнхүү дотроо олон фракцид хуваагдан тэмцэж байхад намын даргын үүдэн дээр тойргийн мандатын ханш цаг минутаар өсч байна. Босго мөнгөө ч төлөөгүй зарим нь мандатын төлөө давшиж, Э.Бат- Үүл, Р.Гончигдорж нарын нөхөд залуустаа жийгдэх гээд зовж сууна. Тэдний зовж байгаа нь БХ-ын сайд Ж.Энхбаярыг огцруулах өргөх бичиг барьж байгаагаар илэрч байна л даа. Арга ядсан хоёр өвгөн намдаа тал засч, тэртэй тэргүй бүтэхгүй зүйлээр шоудаж байгаа нь энэ юм. Хэрвээ Ж.Энхбаярыг огцруулах л байсан бол хоёр өвгөнтэй өвгөнгүй болох л байсан.
Ажиглагчдын хэлснээр бол ирэх сонгуулиар Ардчилсан нам Ардын намтай биш дотроо үзээд тамираа барах шинж илэрч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Х.Баттулгын фракцийн хувьд сонгуульд бараг л салж орохоор харагдаж байгаа юм.
Сүүлийн үед далд хэлбэрээр тэнүүчлэх болсон мэдээлэл гэвэл Х.Баттулга нам байгуулж, Ардчилсан намаас өрх тусгаарлах гэнэ. Харин нөгөө нэг хэсэг нь болохоор Х.Баттулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нэгдэн сонгуульд орох гэнэ гэсэн баттай бус ч эх сурвалж тэнүүчлэх болсон.
Зарим нь Н.Энхбаярын зүгээс нисгэсэн бор шувуу гэж байгаа ч үнэн хэрэгтээ нэгдээд уухайлчихад болохгүй юмгүй. Түүний хувьд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын хэнтэй нь ч нийлсэн алдах юм байхгүй, бас аврах ч юмгүй.
Нам байгуулах тухайд бол эртнээс яригдсан зүйл бөгөөд Х.Баттулгын нам байгуулна гэсэн мэдээлэл тийм ч хоосон зүйл биш байх шүү.
Холбоотой мэдээ
Comments are closed.