УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэр жил ихээхэн муу ёрын нэг нийтлэл бичиж байж билээ. “Найман оны сонгууль” хэмээх түүний тэрхүү нийтлэл найман оныхоо сонгуулиас өмнө “Өдрийн сонин”-д гарсан юм. Зарим нь үүнийг нь уншаад итгээгүй байх. Мань эр зүүдэн дундаа тун сонин зүйлтэй учирч, Монголоор дүүрэн хятад иргэд хөлхөж буй тухай дүрсэлсэн байв. Түүнийхээр найман оны сонгуулийн эцсийн үр дүн тийм байдлаар эртнээс төсөөлөгдөж байжээ. Сонгууль ч боллоо, дүнг нь ч хүмүүс үүрийн гэгээтэй уралдан сонсов. Ямархуу мэдээ сонссон билээ дээ. Луйвар. Сонгогчдын саналыг зүсэн бүрийн аргаар худалдан авсан, санал тооллогыг будлиулсан тухай мэдээллүүд иргэдийн сонорыг аянгын дуу чимээнээс илүү хүчтэй дэлссэн юм. Ардчилсан намыг толгойлж байсан Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд арга буюу гарав.
Ер нь Ардчилсан холбоо зэрэг иргэний байгууллагууд урьд, урьдын сонгуулийн луйвар шиг юм шиг болж магадгүй гэж аль эртнээс хардаж, хэрвээ тэгвэл жагсаал цуглаанаа хийж, дуу хоолойгоо хүрэх ёстой газруудад нь хүргэнэ гэдгээ тооцоолсон байлаа. Шударга үнэний талд зогсдог хүн бүр л ингэж бодож байсан биз. Жагсаал цуглаан болдгоороо л болов. Буянгийн Жагаа, О.Магнай, Ж.Батзандан нарын зэрэг олон хүн сонгуулийн хуйвалдааныг нотолж ярьсан юм. Тэд сонгуулийн өмнөх өдөр уулзахдаа луйвар яаж явагдахыг таамаглан ярилцаж байсан гэдэг. Таамаглал нь ч хол зөрөөгүй. Сонгуулийн хуулийг зургаахан сарын өмнө арай ядан батлуулдаг муу зуршил дахин давтагдсан, энэ хууль нь томсгосон можаритори системтэй, хяналтын механизм гэж бараг үгүй байсан юм. Ийм хуулиар сонгууль явуулахад будлиан гарах нь тодорхой гэдгийг судалгааны томоохон байгууллагууд ч хэлээд байв. Ерөөсөө л санаатайгаар иймэрхүү цоорхой хууль хийсэн байлаа, парламентад олонхи суудалтай Ардын намыхан /хуучин МАХН/. Юуны төлөө тэр вэ. Э.Бат-Үүлийн “зүүдэн”-дээ харсан тэрхүү бөөн бөөн Хятад иргэд, урд зүгийн шинэ маягийн колонийн бодлогыг уу. Магадгүй. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед Хятадын 300 гаруй сая юанийн зээл, тусламжийг олон улсын санхүүгийн байгууллагууд, эдийн засагчид таатай хүлээж аваагүй юм шүү дээ.
Энэ чинь танай эдийн засагт сөрөг нөлөө ихтэй гэж хэлж байсан. Гэвч Н.Энхбаяр болон түүний хамтрагч, хэрдээ л “том стратегич” хэмээн өөрийгөө магтуулах дуртай С.Баяр нар Хятад ах нарынхаа өгсөн болгоныг авч байлаа. Харин аз болоход Монголын тагнуулын байгууллага л Хятадын тусламжаас хожим нь татгалзсан гавъяатай. Бас бараг бүх салбар маань Хятадуудаар тэжээгдэхэд хүрсэн юм. Одоо тэдний “тэжээл” Оюу толгой, таван толгойгоос халиад Хөшөөт, Төмөртэйн орд, Дорнодын нефть, ер хаа сайгүй тарж, хятад эзэн суужээ. Хойд, урд хоёр хөршийн дэмжлэг, бизнесийн таатай орчныг үгүйсгэхийн тулд ийнхүү хэлж буй хэрэг харин биш шүү. Юм хэрээс хэтрэхээрээ юу болдгийг сануулах гэж буй хэрэг. Дан ганц сонгуулийн луйвар ч бус ерөөсөө нийгэмд он удаан жил хуримтлагдсан бухимдлын тэсрэлт нь Долдугаар 1-ний хэрэг явдал байжээ гэдэгтэй маргах тэнэг толгой одоо арай байхгүй байх.
Намынхаа байранд урьд нь хоёр гурван удаа иргэдийг довтлуулж, хаалга, цонхоо хагалуулж, бяцхан туг дарцгаа шатаалгаж байсан Ардын нам 1990-ээд оноос хойш үндсэндээ энэ төр, засгийн толгойд суусан шүү дээ. Ардчилсан нам нь дөрвөн жил л засгийн эрхийг барьсан. Тиймээс өнөөгийн олигархижсан төр, засгийг зохион байгуулагчид нь Ардын нам гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Ингэж бичихээр аягүй бол тус намын нөхөд маань “Энэ бол захиалгат нийтлэлч” гээд л яриад унана. Гэхдээ нийгмийн олон талын судалгаанууд тэрхүү зохиогчдыг нотлоод байгаа юм. Стратегич С.Баяр ч үүнийг гадарлаад тэр жил “Манай нам сонгуульд заавал ялна” гэсэн болов уу. Заавал гэдэг нь их аймшигтай үг байж дээ. Ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг эрхийг гартаа авна гэсэн санаа болохыг харин долдугаар сарын 1-ний хэргийн дараа л зарим нь ухаарсан байна. С.Баяр намынхаа байрыг шатаалгаад дотор нь өөрөө утаанд хахаж цацаж үхэх шахаж байхдаа энэ бүхнийг эргэцүүлж бодсон бол сайн хэрэг. Гэвч тэр нийгмийн бухимдлыг нэлээд явцуу хүрээнд тусгаж авсан юм шиг байна лээ. Түүний сүүлийн үед яриад байгаа зүйлүүдээс иймэрхүү ойлголт төрж байна. Байшингийн нэг давхарт гал асаад удаагүй байтал шууд гурван давхарт нь улаан гал дүрэлзэж эхлэхийг гадаа байсан иргэд бүгдээрээ л харж байлаа. Төд удалгүй “Улаанбаатар” зочид буудлын баруун талд хоёр, гурван машин шатсан. Машины эзэд одоо ч тодорхойгүй.
Намын байраа шинэчлэх С.Баярынхны барилгын зураг төсөл аль хэдийнээ бэлэн болчихсон байв. Харин газрын асуудал шийдэгдэээгүй байсан гэдэг. Ийм нөхцөлд “Төсвийн хөрөнгөөр боссон энэ муу байшинг нэгмөсөн зүйл дуусгачихвал олон нийтийн өрөвдөх сэтгэлийг өөд нь татаад өгөх юм биш үү” гэсэн овжин санаа хэн нэгэнд төрсөн байхыг үгүйсгэх аргагүй. Бас нөгөө аймшигт аллага авчирсан хар машин… Энэ мэт эргэлзээтэй олон зүйл бий. Саяхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Заавал С.Баярыг буруутгах хэрэггүй” ухааны юм ярьсан нь олны гайхлыг төрүүлж байна. Долдугаар сарын 1-нд Онц байдал зарлахыг С.Баяр л түүнээс шахаж шаардаад, утсаар янз бүрийн юм яриад байсан” гэсэн утгатай мэдэгдлээ хийснээс нь хойш таван сар ч өнгөрөөгүй байх юм. Тэр яагаад гэнэт байр сууриасаа ингэтлээ ухрав. С.Баярынхан буюу Ц.Нямдорж тэргүүтнүүд өнөөх олон том хаусынхаа нууцыг хадгалж үлдэх гээд түүнийг “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал зэрэг урдын боольхойтой үйлдлүүдийг нь АТГ-аар шалгуулах болсноос тэр үү.
Эсвэл хэдүүлээ ирэх сонгуулиар “эвтэйхэн” байж байгаад төрд дахин гарч ирье гэсэн болов уу. С.Баяр нь ч, Н.Энхбаяр нь ч Монголын төрд олигтой юм хийгээгүй, харин нам дамжсан хэтэрхий увайгүй бүлэглэлүүдийг бэхжүүлсэн гэж өнөөгийн шударга иргэд, судлаачид нь хэлээд байгаа юм. Үүнийг нотлох нэг л баримт энд зориуд сөхөж тавих нь шударга ёс зүйд бага боловч нэмэр болно. Долдугаар сарын 1-ний хэрэг гарсны маргаашаас бухимдсан олон түмэн Ерөнхий сайд асан С.Баяр руу цоо ширтэж байлаа, хохирсон цагдаа, амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн төлөө юу хийх, ямар бодитой шийдвэр гаргах бол гэж. Зарим улс төрч ч түүнээс олон зүйл асуухыг хүсч байв. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог толгойлж байсан Э.Бат-Үүл ч түүнд хандан 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13/9 гэсэн албан бичгээр асуулга тавьжээ.
Таван зүйл бүхий энэ асуулгад, “Амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний шаардлагыг Засгийн газар яаж хүлээж авч байгаа”, Дахиж ийм эмгэнэлт явдал гаргахгүйн тулд төр, иргэдэд санамж болгох зорилгоор амь үрэгдэгсдийн хөшөө дурсгалыг босгох зарим төрийн бус байгууллага, иргэдээс санаачилж буйтай санал нийлэх эсэх”, “Үймээнд оролцсон иргэд хүүхэд, залуучууд эхнээсээ ял сонсч эхэллээ. Энэ хүмүүст өршөөл үзүүлэх тал дээр Засгийн газар алхам хийх үү”, “Тушаалаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирсон цагдаа нарыг эрүүлжүүлэх, нөхөх олговор олгох талаар бодитой юу хийх гэж байна” хэмээн асуужээ. Уг асуултын хариуг 2008 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанд, холбогдох байгууллагын удирдлагыг оролцуулан танилцуулахыг хүссэн байв.
Ингэхдээ бас Засгийн газарт 2007 оны гуравдугаар сарын 26-нд тавьсан асуулгын хариу өгөх хугацаа жил гурван сараар хэтэрснийг сануулсан байлаа. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний тэрхүү ягаан өнгийн цаасан дээр бичиж илгээсэн асуулгын хариуг тухайн албан тушаалтан 30 хоногийн дотор өгөхөөр заасан байдаг. Харин асуулт тавьсан бол 14 хоногт багтаан бичгээр хариултаа өгдөг. С.Баяр хуулиа биелүүлж, хугацаанд нь хариултаа өгөөгүй ч дараа нь нэр хаяггүй бичиг Э.Бат-үүлд ирснийг уг асуулгын хариу гэж ойлгох талтай. Угаасаа УИХ-ын гишүүдийн нэлээд хэсэг нь долдугаар сарын 1-ний хэргийн талаар тоймтой зүйл хүмүүст хэлэхийг хүсдэггүй болчихсон цаг үе байв. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг нь УИХ-д бий. УИХ-ын гишүүн энэ үүргээ хэрэгжүүлэх нэг хэлбэр нь асуулга, асуулт юм.
Э.Бат-Үүлийн хувьд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд С.Баяраас нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуулгыг тавихаас аргагүй. Гэвч С.Баяр хуулийн дээгүүр нисэн дүүлэх “тэнгэрийн амьтан” болчихоод байж. Энэ бол Монголын төрийн доройтлыг харуулах нэг жижигхэн, тэгэхдээ их ноцтой, бас хөгийн гэж болохоор жишээ л дээ.
Ийм хөшүүн, гөжүүн үзэгдэл дундуур Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар анх удаа долдугаар сарын 1-ний хэрэг, тэр дотроос цагдаад баривчлагдсан иргэдийн эрх ашиг хохирсон эсэх, саатуулагдсан үед цагдаа нар хүний эрхийг хэрхэн зөрчсөн талаар прокурор, цагдаагийн дарга нар, холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм. Эндээс хүмүүс цагдаа нар хүний эрхийг бүдүүлгээр зөрчжээ гэдгийг баттай ойлгож авчээ. Гэтэл С.Баяр загас шиг дуугүй, чив чимээгүй байв. Ерөнхий сайд байсныхаа хувьд цагдаагийн байгууллагад тэр шөнө ямар үүрэг чиглэл өгсөн нь ч тодорхой бус өдий хүрчээ. Иргэд, ялангуяа амь насаараа хохирогчдын ар гэрийнхэн одоо онц байдлыг яагаад заавал шөнө дунд, 24 цагт эхлүүлсэнд гайхаж байна. Түүнчлэн гэм зэмгүй иргэд рүү байлдааны сумаар буудах тушаалыг хэн өгөв гэж асууж байгаа. Алуурчинг суулгасан хар машин хэний тушаалаар хотын төвд шөнө дөлөөр иргэд рүү давхив. Энэ л хамгийн гол зүйл. С.Баярын аман тушаалаар, цагдаа нар тийнхүү хүний амь хөнөөв үү. Энэ бүх асуултын хариуг нэхэгсэд С.Баяр, Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нарыг энэ сарын 14-нд болох шүүх хуралд гэрчээр оролцоосой, шүүх хурал нь нээлттэй болоосой гэж буй аж. С.Баяр сонгууль будлиантай, луйвартай болсныг хүлээн зөвшөөрсөн атлаа яагаад хүний амь үрэгдсэн тухайд хэлээ хазаж, амаа хамхисан нь шүүхийн эцсийн шийдийг харах гэснийх байж болох л юм. Харах ч биш, тэнд дуудагдаж мэдүүлэг өгөхөө хүлээсэн байхаа.
Алдсан хүн арван тамтай гэгчээр талийгаачдын ар гэрийнхэн “Үймээний үеэр олны өмнө С.Баяр, Н.Энхбаяр нарын хэн нэг нь гүйж гарч ирээд “Иргэний байгууллага, иргэдийн төлөөлөлтэй ярилцаж, сонгуулийн болоод бусад асуудлаар санаа бодлыг чинь сонсох хэрэгтэй байна” гэсэн бол бухимдсан олон түмэн нам жим болох байсан даа” гэж харамсан өгүүлдэг. Нээрэн тийм дээ. Монголчууд угаасаа дарга нарынхаа барааг хараад айхгүй ч гэсэн аягүй гэгчээр үгийг нь сонсдог улс. Тэгээд ч улс төрч хүн бол ямар ч эсэргүүцэл, бухимдлаас эмээлгүй олон түмэнтэйгээ нүүр тулж уулзах чадвартай байх ёстой л доо. Ингэж чадаагүй нь С.Баяр, Н.Энхбаяр нарын буруу болов уу. Тэдний адил өглөө нь талбай дээр өндөр дуугаар “Сонгуулийн луйвар…” хэмээн хашгирч байсан Ц.Элбэгдорж нар тэр шөнө бараа сураггүй болсон байлаа. 1965 онд Селма хотод иргэний тэгш эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг аймшигт хүчирхийлэл болсон юм. Америк даяар арьс өнгөний үзэл гаарч байсан үе. Ерөнхийлөгч Линдон Жонсон анх удаа эсэргүүцлийн хөдөлгөөний талаар байр сууриа илэрхийлж, Тэгш эрхийн тунхгийг батлахаар зориг шулууджээ.
Тэрбээр “Ухамсрын асуудал энд яригдаагүй. Америкчуудынхаа сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэх нь туйлын буруу. Улс, үндэсний эрх ашиг ч энд яригдаагүй. Гагцхүү хүний эрхийн асуудал бүхнээс дээгүүр байх ёстой. Энэ бол та бүхний хүлээсэн хариулт гэдэгт би итгэж байна” гэсэн алдарт үгээ бужигнасан олны өмнө чанга дуугаар хэлжээ. Төрийн тэргүүнийхээ ийм шулуун шударга яриаг сонссон иргэд аяндаа л түүнийг хайрлан хүндэлсэн төдийгүй, Жонсон дэлхийд алдаршсан түүхтэй. Тэгвэл С.Баяр, Н.Энхбаяр хоёрын байж байгааг хар даа. Одоо болсон хойно аль, аль нь нэг талаар хусмаа чамласан хүүхэд аятай, нөгөөтэйгүүр иргэдээ мал адил үзээд ч байгаа юм шиг, сонин, сонин юм хэлээд л явна. Гэхдээ шударга шүүх бүхнийг нэг мөр нотлоод өгнө гээд ханцуйдаа залбирч, үүнд бага боловч итгэж байна, зарим нь. Сайн цаг ойртож буйн дохио болов уу.
Б.Отгонбаяр

Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2012 1:03:26 am )
ene khvniig barij khorij bgaad shalgaachee tsagdaa porkuror gej bnu
1 Comment