antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 3 comments

“Ерөнхийлөгч”-ид илгээх захиа /фельетон/

нийтлэсэн Admin

Ноён ерөнхийлөгч өө. Таны түмэн амгаланг ирж, олон “нохдын” төлөө лагшин чилээсэн хүнд бөгөөд хүндэтгэлтэй

ажилд тань туйлын өндөр амжилт хүсэж, таны гэгээн мэлмийг энэхүү захидлын тахирган үсгээр “булингартуулж” байгаадаа иргэн миний бие сэтгэл шаналахын дээдээр “шаналж” буйг минь хүлцэн соёрхоно уу?

Мэдээж, ноён ерөнхийлөгч та харъяат “нохдын”-хоо төлөө санаа зовж, тэднийгээ өнгөтэй өөдтэй яваасай гэж энэрч хайрлах нигүүсэнгүй сэтгэлдээ олон сайн зүйлийг эрж хайж, тэднийхээ төлөө гал усанд орохоос ч буцахгүй зовж зовниж суудаг нь таны эцэг ёсны ариун үүрэг биз ээ.

Ерөнхийлөгч хүн гэдэг эцэг хүн шиг юм юманд санаа тавьж, оюун бодлоо чилээн, замд тулгарч байгаа саад бүхнийг зайлуулахын төлөө өөрийн мэдлэг боловсролоо зориулж, үүрэг хариуцлагаа огоорохгүй, чин зоригоор өөрийгөө дайчлан “ажилладаг” буйз аа.

Өвлийн тэсгим хүйтэн эхлэхтээ зэрэг шатахуун тосны үнэ хэд дахин нэмэгдэж, түүнийг дагаад нүүрс түлээ, өргөн хэрэглээний барааны үнэ суга өссөнийг эрхэм ерөнхийлөгч  та чихний “аппарат”-ныхаа тусламжтайгаар сонсож мэддэг байлгүй дээ, агаарын температур, үнийн өсөлт хоёроороо бид дэлхийд рекорд тогтоож, геннисийн номонд орох нь халаггүй боллоо.

Улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа асуудлыг дэвэргэж, түүнийг хурцатгахыг би хүссэнгүй. Тэртэй тэргүй дэлхий даяараа дампуурлын эгзэгтэй үед амьдарч байгаа энэ цагт манайх шиг том яриатай, жижиг эдийн засагтай орон шороо “үмхчихгүй” энэ зэрэгтэй яваа нь “их хувь заяа” юм даа. Эдийн засаг хэт хурдан хөгжиж байгаагийн хирээр инфляци өсөж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Инфляци өссөнөөр ядуучуудын амьдралд маш том дарамт болж, эдийн засгийн өсөлтийг доош нь татдаг. Төсвийн зарлагын ердийн бус өсөлтөөс болж, инфляци өсөж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн савалгаа ихсэнээс болж, юмны үнэ өсөж, зах зээлийн хямралын давалгаа ард түмний амьдралыг доош нь татаж байна. Төсвийн зардлыг хэмнэх ёстой байтал хэд дахин өсгөсөнөөрөө эдийн засгаа багалзуурдах зам руу бид явж байна… Улс орон хямралын эрэгт тулсаныг ноён ерөнхийлөгч холч мэргэн ухаандаа хянан тольдуулж буй гэдэгт итгээд хэдэн “нохдын”-хоо тухай

саналаа хэлье гэж бодлоо. Урд нь хоёр талх авдаг байсан айл нэг талх, нэг талх авдаг байсан айл хоосон хонодог болсонтой адил зах дээр малын гэдэс дотрын өөдөс хаягдлаар бүрдүүлдэг хоолны үнэ өссөн нь “нохдод” хүндээр тусаж байгааг эрхэм ерөнхийлөгч анхааралдаа авна уу? Гурван зуугаар авдаг байсан “хоол” таван зуун төгрөгний үнэтэй болсон нь яавч шатахууны үнэ өссөнтэй холбоотой биш байх гэж мөхөс би мунхаглан бодож байна. Айл өрхийн орлого алхам алхмаар доошилж, амьдралын өртөг хэт өссөнөөс өөрийгөө яая гэж байгаа хүмүүс нохойгоо тэжээж чадахаа болилоо.

Гэр хорооллын гудамжаар дүүрэн золбин ноход хүн барьж идэхэд ч бэлэн болчихсон, өлөн нүдээ чоно шиг гялалзуулан, үмх махны төлөө өрөөл бусдыгаа “эрлэгт” илгээхээ юман чинээ бодохгүй тураал царайлаад өлөнгөтнө… Хятадууд шиг юу тааралдсанаа “цөлмөдөг” цаг удахгүй ирэх нь ээ. Арай амьд гөлгөөр шорлог хийж идлээ гэж хараахан сонсогдоогүй байна. Ард түмний амьдрал дордсоноор хашаа хороогоо мануулдаг эзэндээ үнэнч хоточ ноходоо тэжээх хүч чадал барагдаж, тэд маань өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөх боллоо. Турж үхсэн нохой гудамжинд хэвтэж байвал огт гайхахаа болих нь. Ингэж “зовж” байхаар эртхэн нүд аньсан нь дээр гэж дээр дооргүй “баярлаж” байна. Өөрсдийгөө цадтал хооллож чадахгүй, хонины толгойны шөлөн дээр атга будаа хийгээд гэр бүлийн арван хүн амаа олохгүй булаацалдаж байхад эзнийхээ хоолны илүү гарсанаар хооллодог гэрийн ноход маань хоосон хонох нь арга ч үгүй биз…

Тэжээвэр нохойндоо сар бүр хоолны мөнгө улсаас олгодог баян орнууд өрнөдөд байдаг юм билээ. Нохой, муурны хоол тэжээл зардаг тусгай тасаг хүнсний дэлгүүрийн сүлжээ бүхэнд бий. Тэгэхэд манайд нохой битгий хэл ажилгүй хүмүүс, орлоггүй гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүддээ улсаас “харж үздэг” нь нүдний гэм. Нохойндоо “халамж анхаарал” хандуулдаггүй юм гэхэд хорин нэгэн мянган төгрөг сар бүр олгоод байвал хоолны мөнгийг нь аргалаад байж болмоор. Манай улсад хэдэн ноход байдаг, тэжээвэр гэрийн нохой хэд, гудамжны золбин нь хэд вэ гэдэг тоо тооцоо даанч байхгүй нь харамсалтай. Тэд чинь бас энэ улс оронд тоологдох ёстой “гэр бүл”-ийн нэг гишүүд шүү дээ.

Барууны соёлтой орнуудад “тэжээвэр” нохойндоо гар хүрсэн хүнийг хатуу шийтгэдэг. Нохойг тарчлаах, өлсгөх зэрэгт хуулийн арга хэмжээ авдаг. Манайд өлссөн нохойны эзнийг “шийтгэх” гэхэд адилхан өлсөж байгаа хүнийг яах ч арга байхгүй. Эхлээд “өлсөж байгаа” эзнийг нь “хоолтой” болгосоны дараа нохойных нь асуудал руу аажмаар орж болох талтай. Ходоодыг нь “урхидсан” төрөл бүрийн урсгалын гадны шашныхан “эздэд” нь үнэгүй хоол “өгч” мэднэ.

Гэхэдээ тэд нохойнд нь өгөхгүй шүү дээ. Нохой хүн шиг шашны номлол сонсож, ариун гэгээн минь гэж сүслэн мөргөж, аврал эрж чадахгүй нь аймшигтай. Хөрөнгөлөг орны буржуйлаг хавнууд хүнээс илүү эрх ямба эдэлж, амралт сувилалын газар амарч, үнэртэн цацсан үнэтэй хувцас өмсөж, тусгай тогоочоор нарийн хоол хүнс бэлтгүүлээд, зарцаараа усанд булхуулаад хэвтэж байна. Баян эзнийхээ хөрөнгө мөнгийг өв залгамжилж авсан нь бүр үсчин, гоо сайханчтай гээд бод доо. Швейцарт гэрийн тэжээвэр нохой, муурнуудад улсаас сар бүрд долоон зуун франк олгодог. Манай ханшаар мянга дөрвөн зуу гэж бодвол сая гаруй төгрөгөөр “эрхэлдэг” байна.

Төрдөө гомдож гутсан нэг нь арга ядсандаа энд ингэж хүний нүднээс дор орж явахаар баян гадаад оронд нохой болж төрөхгүй дээ гэж гаслах вэ дээ. Үнэндээ улс орны эдийн засгийн хямралаас болж тэжээж байдаг нохдын минь амьдрал үнэхээр өрөвдөлтэй болж байгааг хоолоо олж идэхээр зориглож,  биеэ дааж амьдран бор зүрхээрээ үзэлцэхээр гудамжинд сайн дураараа гарсан нохдын хогийн цэг дээр хүнтэй өрсөн хог руу дайрч байгаа дүр зураг нэгийг бодогдуулна. Улс орон баян бол ард иргэд баян. Ард иргэд баян бол хоточ ноход ч цатгалан, өнгөтэй зүстэй байдаг. Гэтэл манайд энэ бүхэн хамгийн муу хувилбараар шийдэгдэж байна. Гэдэс нь “өлссөн” нохой, бензингүй машинаас дор орлоо. Хашаа давсан хулгуу хийгч нойрны эмтэй хэрчим хиам шидэхэд хөөрхий амьтан шүлсээ дуслуулан үмхэж аваад “худалдагдана”. Тамир тэнхээ нь барагдан, дөрвөн хөл дээрээ чуу чамай зогсох хөөрхийг хөлчүү нэгэн савхин гутлынхаа хоншоороор сайран хоншоор дээр нэг “няслахад” сүр сүлд нь үхэн, сүнс нь зайлсан мэт хэлээ унжуулан “бууж өгнө”. Тавин хэмийн хүйтэнд гадаа гөлөглөдөг монгол банхарын гөлөг тавилан заяанаасаа “няцаад” та нар намайг хайрласангүй гээд тас хөлдөөд өгдөг болжээ… Хилийн тэнгэрээ цэлмэг байлгах гэхэдээ хилчин ноходдоо цэргийн “норм”-ноосоо гар татдаггүй байх… Тэжээж чадахгүй бол нохойгоор яах вэ. Тэжээлгэж чадахгүй бол эзнээр яах вэ гэж нохдууд шөнийн цагаар хуцалддаг болсон сурагтай.

Тэр үнэн бол бүх нохойгоо Солонгосчуудад “бэлэглэчихвэл” сүх далайтал үхэр амар гэдэг шиг хоолны ширээнд “залагдах”-аасаа өмнө кимчи-эгэ гахайн гэдэстэй идэж “гэдэс гарах” биш үү… Гэр хотоо манадаг хоточ нохдынхоо нийгмийн асуудлыг нэн  даруй шийдвэрлэхгүй бол хөөрхий хэдэн ноход маань нүднээс гарч, бурхны оронд очин, сайн төрлийг олох болтугай гэдэг ерөөлийг сонсох байна шүү гэдгийг “Хоточ нохдын үндэсний холбоон”-ы ноён ерөнхийлөгч танд бодитойгоор тоймлон хүргэлээ. Бүх ноход өлбөрч үхээд сүүлчийн нохойндоо зориулан хөшөө босгохоосоо өмнө уг асуудлыг цаг алдалгүй  зориуд тусгайлан авч үзэхийг эрхэм ерөнхийлөгч танаас өлмий сөгдөн гуйж байна. Дулаан байранд савхин буйдан дээр цагираглан хэвтэж, дуртай “яс”-аа “мэрээд”, бэлэн үйлчлэгчээ зараад, 3D-тэй зурагтаараа “амьтдын ертөнц”-ийг шимтэн үзэх “шилмэл” үүлдрийн нохонцоруудад дээрхи зүйл хамаарахгүй болохыг жич мэдэгдье.  Хоточ нохдын холбооны гишүүн иргэн Хойлог.

Бичсэн Erka


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 17, 2012 10:28:46 pm )

    za arai bas utgagui zahia bainaa. hun tuilshirch bolno gehdee ingej bas bolohgui baihaa………. amitan hairlah ni zuv gehdee ehleed hunee hairlaj enereed surchihay

  • Anonymous (February 18, 2012 1:12:58 am )

    dawgvi lsanuulga bna daa vnen shvv gexdee exleed xvmvvs ni olsoxgvi bj l daraa ni noxoi olsoxgvi shvv dee xvnee xayaad noxoindoo mongo ogno gej xezee ch baixgvi zvil shvv dee xo

  • Anonymous (February 22, 2012 3:15:41 am )

    jooooo……mash goy boljee. Айл өрхийн орлого алхам алхмаар доошилж, амьдралын өртөг хэт өссөнөөс өөрийгөө яая гэж байгаа хүмүүс нохойгоо тэжээж чадахаа болилоо………Турж үхсэн нохой гудамжинд хэвтэж байвал огт гайхахаа болих нь.erkhem yoronkhiilogchoo daraagiin eeljind khen irne todorkhoi bichigdsen shig bna.

antalya rent a car