Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцлаа.
-Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүрээнд Монголбанкны зүгээс олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний компаниар банкуудад активын үнэлгээ хийлгэхээр болсон. Банкуудад активын үнэлгээ хийх ажлын явц ямар шатандаа байна вэ?
-Монгол Улс ОУВС-тай хамтран макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн. Ойрын хугацаанд уг хөтөлбөрийг батлах байх. Монгол Улс уг хөтөлбөрт хамрагдахын тулд ОУВС-гийн шаардлагын дагуу гурван урьдчилсан нөхцөл, болзлыг хангах үүрэг хүлээсэн. Эдгээр урьдчилсан нөхцөлийн нэг нь банкны салбарын актив хөрөнгийг үнэлэх хөндлөнгийн, олон улсад нэр хүнд бүхий зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэх юм. Уг сонгон шалгаруулах ажлыг ОУВС-гийн шаардлагын дагуу хугацаандаа эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил одоогоор хэвийн үргэлжилж байна.
-Активын чанарын үнэлгээ гэдгийг хэрхэн ойлгох вэ, үнэлгээнээс хамаарч цаашдаа банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэх асуудал яригдах байх?
-Бүтцийн өөрчлөлтийн талаар одоохондоо ярихад эрт байна. Монголбанк энэ оны аравдугаар сар гэхэд хөндлөнгийн аудитын байгууллагаар банкуудад активын үнэлгээг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний дараа дүгнэлтээ энэ оны эцэст банкуудад танилцуулж мэдэгдэнэ. Активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдал илрээгүй тохиолдолд банкуудад ямар нэгэн шаардлага тавихгүй. Харин тус үнэлгээгээр банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахааргүй үр дүн гарах тохиолдолд Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авах болно. Тухайн арга хэмжээ нь өөрийн хөрөнгийн дутагдлын хэмжээнээс шалтгаалахаар байгаа бөгөөд банкинд мэдэгдэл, үүрэг өгөхөөс авахуулаад бүтцийн өөрчлөлт хийх хүртэл арга хэмжээ байж болно. Гэхдээ түрүүн хэлсэн одоогоор бүтцийн өөрчлөлтийн талаар ярихад хэт эрт байна. Монголбанкны хувьд активын чанарын үнэлгээ нь хөндлөнгийн байгууллагын үнэлгээтэй ойролцоо үр дүн гарах байх гэсэн хүлээлттэй байна.
-Банкны салбарын бүтцийн өөрчлөлт гэж юу вэ. Яагаад, ямар зорилгоор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийдэг юм бол?
-Эрүүл банкны систем нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн чухал тулгуур хүчин зүйлсийн нэг болдог. Банкны үйл ажиллагаа доголдсоноор санхүүгийн зуучлал саарч эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг. Иймд банкны үйл ажиллагааг хянан зохицуулагч байгууллагын үндсэн үүрэг болох хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн системийн найдвартай, тогтвортой байдлыг хадгалах зорилготой ажилладаг. Товчхондоо, бүтцийн өөрчлөлт гэдэг нь аливаа нэг банкны үйл ажиллагаа доголдож цаашид үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон эсхүл ойрын хугацаанд боломжгүй болох нөхцөлдзохицуулагч байгууллагаас банкны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, удирдлага гэх мэт чиглэлд тусгайлсан цогц арга хэмжээг авч буй үйл ажиллагаа юм.Манай улсын хувьд эдгээр арга хэмжээ нь Банкны тухай хуулиар зохицуулагддаг.
-Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийдэг вэ?
-Юуны өмнө улс орон бүр өөрийн эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын онцлог болон урт хугацааны санхүүгийн хөгжлийн стратегийн бодлого зэргийг үндэслэн банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөтэй байх шаардлагыг олон улсын холбогдох байгууллагууд тавьдаг. Эдгээр төлөвлөгөөны үндсэн зарчим, зорилго нь санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй, санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэгдсэн байдаг.Олон улсад банкны бүтцийн өөрчлөлтийг хэд хэдэн тогтсон, стандарт болсон арга хэрэгслийг ашиглан хийдэг. Тухайлбал, банкны зарим хөрөнгө, эх үүсвэрийг гуравдагч банкинд шилжүүлэх, богино хугацаанд гүүр банк байгуулан улмаар хувьчлах эсхүл бусад банктай нэгтгэх, өмнөх хувьцаа эзэмшигчдэд банкны алдагдлыг ногдуулан өөрийн хөрөнгийг дахин хөрөнгөжүүлэх гэх мэт арга хэрэгсэл түгээмэл ашиглагддаг. Сүүлийн хэдэн жил их яригдаж байгаа, ялангуяа, Европын Холбооны орнуудад бүтцийн өөрчлөлтийн удирдамжид тусгагдсан банкинд хөрөнгө байршуулсан хөрөнгө оруулагчдыг хувьцаа эзэмшигч болгох зохицуулалт буюу “bail in” гэх аргачлал нь бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төсвийн буюу татвар төлөгчдийн хөрөнгийг бага зарцуулах аргачлал гэж үздэг. Дээрх аргачлалуудаас нийт эдийн засаг, төсөвт хамгийн бага хохирол, сөрөг нөлөө үзүүлэх аргачлалыг маш нарийн тооцоо судалгаатай хийн сонгож хэрэгжүүлдэг.
-Банкны бүтцийн өөрчлөлтийг хэзээ хэрэгжүүлдэг вэ?
-Дээр хэлсний дагуу зохицуулагч байгууллага нь банкны үйл ажиллагааг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхийн тулд банкинд бүтцийн өөрчлөлт хийдэг. Банкны үйл ажиллагаа иргэд, аж ахуйн нэгж компани, хөрөнгө оруулагчдийн итгэлцэл дээр оршин тогтнодог тул банкны үйл ажиллагаа доголдохоос өмнө аль болох хурдан цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд нөхцөл байдал хүндрэхээс өмнө, бүтцийн өөрчлөлтийн зардлыг харьцангуй бага байх үед шуурхай арга хэмжээ авах нь чухал. Гэвч өнөөгийн манай хууль тогтоомжоор хянан зохицуулагч байгууллага нь тодорхой зөрчил үүссэн, асуудал гарсан нөхцөлд л арга хэмжээ авах эрхтэй байдаг. Энэ нь зарим тохиодолд хэт оройтсон арга хэмжээ байхыг үгүйсгэх аргагуй тул тухайн банкны үйл ажиллагаа нь тодорхой эсрдэлийн түвшинд хүрч, цаашид тус асуудал нь хүндрэх хандлагатай байх тохиолдолд тус үйл явцыг засч залруулах, эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хуулийн зохицуулалт дутмаг байна. Ийм ч учраас бид банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.
-Тантай ярилцсаных банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар авах арга хэмжээний талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк нь “Банкны тухай хууль”, “Хадгаламжийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.Гэхдээ эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь үүнээс өмнө “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны ерөнхий хөтөлбөр” дэх Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан байгаа юм. Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулж ОУВС-тай зөвшилцөн эдгээр хууль эрх зүйн шинэчлэлийг хөтөлбөрт хамруулж хийхээр төлөвлөөд байна. Эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулан, мөрдүүлснээр Төв банкнаас хэрэгжүүлдэг банкны хяналт шалгалт нь олон улсын зарчим, шилдэг туршлагад илүү нийцтэй болно гэж үзэж байна. Түүнчлэн хадгаламжийн даатгалын тогтолцооны системийг илүү боловсронгуй болгосноор банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалсан тогтолцоо улам бэхжих болно. Дээрх хуулиудыг УИХ-ын намрын чуулганаар өргөн барихаар ажлаа эхлүүлээд байна.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.