Өчигдөр Киевийн Печерскийн шүүхийн байранд Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенког шүүх хурал болж, түүнд долоон жил хорих ял ногдуулжээ. 2009 онд Оросын талтай “Хийн гэрээ” байгуулахдаа түүнийг бүрэн эрхээ хэтрүүлсэн хэмээн үзэж шүүх дээрх ялыг ийн оноосон байна. Шүүгчдийн онцолсноор түүний Оростой ашиггүй гэрээ байгуулсны улмаас Украины “Нафтогаз” компани ойролцоогоор 200 сая ам.долларын хохирол амссан хэмээжээ.
Мөн Печерскийн шүүх хатагтайд гурван жилийн хугацаанд төрийн алба хашихыг нь хориглосон байна. Хэдэн цаг үргэлжилж, гурван ч удаа завсарласан шүүх хурлыг үндэсний телевизээр шууд дамжуулжээ. Шүүгч Р.Киреев ялын тогтоолыг унших үед экс Ерөнхий сайд нэг бус удаа хуралд саад учруулж, үгээ хэлж байсан гэнэ. Түүнийг үл харгалзан шүүгч чанга дуугаар ялын тогтоолыг үргэлжлүүлэн уншсан байна. Харин Ю.Тимошенко түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй байгаагаа илэрхийлжээ.
Украины экс Ерөнхий сайдыг шүүх хурал болсонтой холбогдуулан шүүхийн байрны өмнө Ю.Тимошенког дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсаал хийжээ. Жагсагчдын дундаас “Цагдаа ард түмэнтэй хамт, “Тимошенкод эрх чөлөө олго” хэмээн хашгирцгааж байв. Энэ үеэр зарим газарт цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Мөн энэ үеэр гурван хүнийг баривчилсан талаар хэвлэлд онцолжээ. Үүний зэрэгцээ Украины хууль сахиулагчид эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжлон, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байсан гэнэ.
Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд Ю.Тимошенког шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутган баривчлан хорих болсон юм. Ажиглагчдын үзэж буйгаар “Хийн гэрээ”-тэй холбоотой шүүхийн шийдвэр нь барууныхны анхаарлыг татаж буй. Учир нь дээрх шүүх хурал Тимошенкогийн улс төрийн хувь заяаг тодорхойлж, харин Киев Европын холбоотой цаашид ямар харьцаатай байхыг тодорхойлох юм хэмээн тэд онцолж байжээ. Печерскийн шүүхээс гаргасан тогтоол нь Украины сөрөг хүчний “Батькивщина” намын удирдагч Ю.Тимошенкогийн 2012 онд болох тус улсын парламентын сонгууль, 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг нь ийнхүү хаалаа” хэмээсэн байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР
Холбоотой мэдээ
Comments are closed.