-45 БАГШ, АЖИЛТНАА ХАЛЖ, ОЙР ДОТНЫНХОО 17 ХҮНИЙГ АЖИЛД ТОМИЛЖЭЭ-
Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор дунд сургуулийн захирал Г.Гантөмөр хамаатан садны хүмүүсээ ажилд авахын тулд ажилчдаа халдаг болоод гурван жилийн нүүрийг үзэж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн юм. Энэ тухай сурвалжлахаар тус сургуулийг зорилоо. “Эрдмийн оргил” цогцолбор дунд сургуульд 160 гаруй багш, ажилтан ажилладаг. Үүнээс 17 нь Г.Гантөмөр захирлын хамаатан гэнэ. Бүр өндөр насны тэтгэвэр авдаг 60 гаруй настай аав, ээж нь хүртэл ажиллаж байгаа юм байна. Харин хамаатнуудаа ажилд авахын тулд 45 багш, ажилтныг ямар нэгэн шалтгаанаар ажлаас нь халсан байгаа юм.
Энэ талаар Г.Гантөмөр захирлаас асуух гэсэн боловч ажил дээрээ байсангүй. Багш нарын хэлж буйгаар хот руу албан ажлаар явсан гэнэ. Ингээд тус сургуулийн зарим багштай уулзсан юм. Тэд “Нэрээ сонин дээр гаргаж ярилцлага өгч чадахгүй. Хэрэв биднийг ярилцлага өгсөн гэдгийг мэдэх юм бол ажилгүй болно. Харин сургуульд ажиллаж байгаа хамаатан садан болоод ажлаас халагдсан хүмүүсийн талаар мэдээлэл баримт өгч болно” гэв. Өнгөрсөн сард тус сургуулийн 15 багш дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт Г.Гантөмөр захирлын хууль бус үйлдлийн талаарх мэдээлэл бүхий өргөдөл өгчээ. Гэвч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Харин нөгөө өргөдөл өгсөн багш нар эвгүй байдалд оржээ. Тэдэнд “Та нар яасан их хүнийг ажлаас халуулах гэж гүйдэг юм бэ. Өөрсдийг чинь эргээд ажлаас халж чадна шүү” гэж багш нарын хурлын үеэр хэлсэн юм байх. Бүр зарим нэг өргөдөл дээр гарын үсэг зурсан багш нар захирлынхаа өрөөнд орж “Би гарын үсэг зураагүй. Тэд нар өөрсдөө зурчихсан байна лээ” гээд орсон тохиолдол гарсан байна.
Бидэнтэй уулзсан багш нарын нэг нь ажлаас халагдсан хүмүүсийн нэрсийг өглөө. Манаач П.Баттулга, Ж.Пүрэвсүрэн, дуу хөгжмийн багш Одонцэцэг, нийгмийн ажилтан гээд 40 гаруй хүний нэрсийг эгнүүлэн бичжээ. Тус сургуулийн захирал Г.Гантөмөр нь биеийн тамирын багш мэргэжилтэй гэнэ. Түүнийг дунд сургуульд сурч байхад нь багшилж, хамаг эрдэм мэдлэгээ шавхан зааж өгч, биеийн тамирын сургуульд оруулж өгч байсан Х.Жаргалсайханыг ажлаас нь халсан байгаа юм. Эдгээр ажлаас халагдсан 45 хүний хувьд захиралтай шалихгүй зүйл дээр ам муруйсан гэх. Түүнтэй санал зөрж, муудсан хэн ч ажлаасаа халагддаг зарчим тус сургуульд үйлчилдэг ажээ.
Ажлаас халагдсан багш нарын нэг нь өнгөрсөн сард нас баржээ. “Захирал Г.Гантөмөр нь намайг хууль бусаар ажлаас халчихлаа. Над шиг олон багшийг хууль бусаар ажлаас халж, дураараа загнаж байна” гэх утга бүхий өргөдлийг Боловсролын сайдад өгөх гэж яваад Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны үүдэн дээр ухаан алдаж эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Талийгаач багшийг М.Янжмаа гэдэг бөгөөд боловсролын салбарт 23 жил ажилласан, Боловсролын тэргүүний ажилтан, Ардын багш, Ачлалт багш гэх зэрэг өргөмжлөлтэй гэнэ. Хэд хэдэн удаа оны шилдэг багшаар шалгарч байсан аж. Талийгаач эмэгтэйг ямар учраас ажлаас халсан талаар түүний дүү М.Одонтуяатай ярилцлаа. Тэрбээр тус сургуулийн багш юм билээ.
ЭГЧИЙГ МИНЬ ХУУЛЬ БУСААР ХАЛСНААС БОЛЖ СЭТГЭЛ САНААГААР УНАЖ, ХОРВООГ ОРХИСОН
-Танай эгчийг ажлаасаа халагдсаныхаа дараахан амиа алдсан гэж дуулсан. Сургуулийн захирал эгчийг тань ажлаас нь хууль бусаар халсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ер нь бол тийм. Олон хүүхэдтэйн хөнгөлөлттэй тэтгэвэрт хамрагдахаар өргөдөл гаргасныг нь тэтгэвэрт суух гэж байна гээд тэтгэвэрт гаргах тушаал шууд гаргачихсан юм билээ. Эгч учир байдлаа хэлсэн ч ойшоогоогүй. Энэ нь цаанаа эрх ашгийн ямар нэг сонирхол байгааг хэлж байгаа юм. Учир нь эгчийг халж, орон тоонд нь жилийн чөлөөтэй байсан залуухан багшийг авсан байгаа юм. Яагаад хууль бусаар ажлаасаа халагдсан гээд байгаа вэ гэвэл манай эгч энэ оны тавдугаар сард 50 нас хүрсэн. Тэтгэвэрт гарахад таван жил дутуу байсан гэсэн үг. Гэтэл өндөр насны тэтгэвэрт гарах цаг нь болсон гэх шалтгаанаар ажлаас нь халж, улмаар амиа алдлаа.
-Уучлаарай, амиа алдсаныг нь ажлаас халсантай нь ямар учраас холбож байгаа юм бэ?
-Эгч маань ажлаас халагдах болсноо мэдсэн өдрөөсөө хойш Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын яам гээд эргэж ажилд нь томилж болох бүх газраар орсон. Учир нь түүнд боловсролын салбарт 25-аас дээш жил ажилласан хүнд олгодог тэтгэмж авахад нь 1.3-хан сар дутуу байсан. Иймд ядаж 1.3 сар ажиллаад өндөр насны тэтгэвэртээ сууя гэж эрх мэдэлтэй болгоноос уйлж гуйсан. Хэн ч авч хэлэлцээгүй. Тэр тэтгэмж нь 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний л мөнгө. Баян, цатгалан хүмүүсийн хоол, зугаа цэнгээнд ч хүрэхгүй энэ хэдэн төгрөг найман хүүхэдтэй эгчид минь дэндүү хэрэгтэй, их мөнгө байсан. Энэ тухай Боловсролын сайд Ё.Отгонбаярт бичсэн өргөдлөө өгөхөөр явж байгаад яамны урд талын цайны газарт цус харваж, унаад сэхээ оролгүй амь алдсан. Тийм болохоор яалт ч үгүй Г.Гантөмөрийн шийдвэр миний эгчийн амь настай холбоотой. Ингэж хэллээ гээд намайг ч бас ажлаас хална гэх биз. Гэвч бодит байдал дээр үнэн нь энэ.
-Эгчийг тань нас барснаас хойш захирал чинь таныг ямар нэг байдлаар дарамтлах гэж оролдсон уу?
-Надтай байнга эвгүй харьцаж, “Эгчийг чинь би алсан биш. Үхсэн хүнээр битгий шоу хийгээд байгаарай” гэж байсан.
-Г.Гантөмөр захирлын ажлыг шалгуулж, шаардлагатай бол ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл 20 гаруй багш гаргасан гэсэн. Энэ нь таны эгчийг нас барахаас өмнө нь гаргасан өргөдөл үү, эсвэл?
-Г.Гантөмөр багш нарын дунд хүнийхээ хувьд үнэлэмж муутай. Харилцааны тал дээр асуудал ихтэй. Эгчийг амиа алдахаас өмнө манай сургуулийн ихэнх багш захирлыг шалгуулъя гэж тохирсон боловч яг цаг дээрээ 17 багш л гарын үсэг зурсан. Бусад нь далдаас дэмжиж байгаа.
Бидний дунд ийн яриа өрнөж байх үед гурван багш ирсэн юм. Өөрсдийгөө Б.Эрдэнэчулуун, О.Алтанцэцэг, Ч.Эрдэнэчимэг гэж танилцуулав. Тэд “Г.Гантөмөр захирлын мууг үзэх гээд байгаа юм биш. Сургуулийн захирлын энэ асуудлаас болж ардын хүүхдүүдийн сурч, мэдэх асуудал хойш тавигдаад, хэцүүдээд байна. Мөн сүүлийн үед багш нар ажлаас халагдахаас айгаад захирал орж ирэнгүүт л өмнөөс нь бөхөлзөж мэндэлдэг болсон. Үргэлж “Ажлаас чинь хална. Та нар намайг ажлаас халж чадахгүй шүү” гэж дарамтлах болсон хэмээн ярив.
Ингээд Г.Гантөмөр захирал руу утасдаж зарим нэг зүйлийн талаар тодруулах гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөхгүй хэмээн утсаа салгасан юм. Ингээд түүний хамаатан садангууд ямар албан тушаал дээр ажиллаж байгааг олж мэдлээ. Түүний ээж нь “Эрдмийн оргил” дунд сургуулийн харьяа “Тэрэлж” бага сургуулийн багш, эхнэр Гэрэлмаа нь интернэтийн лаборант, эхнэрийнх нь дүү Цэрэндолгор цайны газрын тогооч, манаач Баатар эхнэрийн нь хүргэн ах. Манаач Лхагва аавынх нь ахын хүүхэд, Манаач Нямхүү эгчийнх нь хадам талынх нь хамаатан, Мөнхцэцэг номын санч, Үүрийнтуяа багш есдүгээр сард ажилд авсан гэх мэтээр ойр дотнынх нь 17 хүний нэр байна. Энэ бол боловсролын салбар дахь гажуудлын зөвхөн нэг жишээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Ажилд авсан хамаатан садангуудын нэрс
Ажлаас халагдсан хүмүүсийн нэрс
Холбоотой мэдээ
Comments are closed.