antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2017 Comments are off

Утааг умартсан ч угаадас буухиалав

нийтлэсэн Admin

Урин хавартай зэрэгцээд иргэдийг ундуйцуулдаг асуудлууд тэр л хэвэндээ байна. Нийслэлчүүд жилийн дөрвөн улирлаа тойроод ус, хөрс, агаарын бохирдлоо дахин дахин эргүүлж сөхсөөр хэд арван жил өнгөрөв. Эцсийг нь үзэх өдөр хэзээ л бол. Өвлийн улирлын турш утааны асуудлаар хэлэлцэж хэрэлдсээр дорвитой үр дүн, шийдэлд хүрч амжаагүй байтал урин хавар болж үргэлжлүүлэн хөрс, усны бохирдол сөхөгдөж байна. Энэ байдал уламжлал болон тогтсон гэхэд болно. Хаврын улирлыг тодотгох болсон энэ төрхтэй бид хэдийнэ танил болжээ.
Хотын төв хэсэг, гудамжнууд амьхандаа л өнгөө засч, урин дулааныг хүлээсэн хүмүүс сэтгэл тэнэгэр энэ тэрүүгээр холхино. Гэвч гэр хорооллын өнгө төрх үүнээс тэс өөр. Нарийхан давчуу гудамжинд иргэд бохир усаа нэлийтэл асгаж, энд тэндгүй хөглөрсөн хог энэ л бидний хаврын танил төрх.
Энэ дундаас хөрсний бохирдол гэх аюул занал хаалга тогшсоор хэдийнэ бидний дунд ороод иржээ. Энэ бүхэнд мэдээж бид өөрсдөө л буруутай. Яахын аргагүй энэ бол чухал тэр дундаа маш чухал асуудал гэдгийг уншигчид маань ухаарч буй биз.
Энэ сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг хийсэн. Үр дүнд нь манай улс нүхэн жорлонгийн стандартыг дагаж мөрдсөнөөр хөрсний бохирдлыг багасгана гэсэн дүгнэлт гарсан. Яагаад энэ асуудлыг бүр бусад улс оронтой хамтарч авч хэлэлцэж байгаа нь ч цаанаа учиртай. Нүхэн жорлонгоос үүдэж байгаа эрүүл мэнд, хүрээлэн буй орчны асуудалд ганц бид биш дэлхий нийтээрээ санаа зовж байна. Хамгийн гол нь, нүхэн жорлонгоос хөрсний бохирдол үүсдэг нь энэ бүхний гол асуудал юм. Хөрсний бохирдол агаарын бохирдол шиг шууд мэдрэгддэггүй, далд нэвчиж явдгаараа илүү хор хөнөөлтэй. Тиймээс хөрсний бохирдолтой агаарын бохирдлын түвшинд, түүнээс ч илүү тэмцэх цаг иржээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг хэдий ч өнөөгийн байдлаар нийслэл хотын 1.3 сая гаруй хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь бүрэн хангагдахгүй байна үзэж болно. Учир нь, хүрээлэн буй орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг бөгөөд Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын орчны бохирдол ихсэх хандлага улам бүр тод ажиглагдаж байна.
Монгол Улсын нийт хүн амын 27.3 хувь нь сайжруулсан нүхэн жорлонтой харин 72.7 хувь нь сайжруулсан нүхэн жорлонгийн байгууламжаар гачигдаж байна. Нийслэлд 376 мянган өрх аж төрж байгаагийн 157 боловсон жорлонтой орон сууцанд амьдардаг. Үлдсэн 200 гаруй мянган өрх гэр хороололд аж төрдөг. Одоогоор нийслэлд 200 гаруй мянган нүхэн жорлон байна гэсэн тоо бий. Эдгээр жорлонд хэдэн арван жилээр хуримтлагдсан ялгадсаас болж хөрсний бохирдол дээд цэгтээ тулжээ. Энэ нь хөрсний гүнд хуримтлагдах нь өвчин үүсгэгч нян, бактерийн үржиж амьдрах таатай орчин болдог байна. Өөрөөр хэлбэл, таны эргэн тойрны 50 метр дотор 7-8 нүхэн жорлон 8-10 ширхэг хуучин жорлонгийн дарсан нүх байгаа гэсэн үг. Үүнээс үүдэн хөрсөнд олон тооны бичил биетэн агуулагдаж халдварт өвчний нян бактерийг дамжуулагч орчин буюу өвчин тархах нөхцлийг бүрдүүлдэг аж.
Мэдээж зөвхөн нүхэн жорлонгоос болж хөрсний бохирдол үүсдэггүй. Хөрсийг бохирдуулж байгаа дараагийн зүйл бол ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдлууд. Улаанбаатар хотод жилд дунджаар 210-260 мянган тонн хатуу хог хаягдал үүсдэг байна. Мөн бохир усны цэвэрлэх байгууламжаар дамжин хоногт дунджаар 190 мянган метр куб бохир ус урсдаг. Дээр нь гэр хорооллын 184 мянган өрх түүхий нүүрс түлдэг бол нам даралтын халаалтын уурын зуух бүхий аж ахуйн нэгж 3200 орчим байдаг аж. Автомашины түлшний шаталтаас ялгарч буй химийн хорт нэгдлүүдийг 331564 машин ялгаруулдаг. Зөвхөн тоо, баримт дурдахад ийм. Энэ байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт авсан дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ. Мөн хүнд металийн бохирдол багагүй хувийг эзэлж байгаа юм байна. Дунджаар авч үзвэл хүнд металийн 2-10 хувь нь стандартаас их бохирдолтой гэж гарчээ. Хүн олноор суурьших “Нарантуул”, “Хархорин”, мөн автомашины худалдаа, засварын газар болох “Да хүрээ”, “Өгөөмөр” зах, Хайлааст орчим, Цагаандавааны хуучин хогийн цэг орчим, МҮОНРТелевиз орчим, цэвэрлэх байгууламжийн орчим нянгаар бохирлогдож, хүнд металийн илэрц өндөр хувьтай гарсан байна. Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон худалдааны төвүүдийн орчимд аммонийн агууламж маш их, эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их гарсан гэж байна. Тэгэхээр хөрсний бохирдол нь утаа шиг гамшигт хүрч хүн амьдрахад хүндрэлтэй болж эхэлжээ. Хөрсний нян өвөлдөө хөлдөж зогсонги байдалд ороод, хавар газар гэсэх үед идэвхжиж, бохирдол нэмэгддэг байна.
Хөрс бохирдсоноос ундны ус, хүрээлэн буй орчинд аюул заналхийлж эргээд хүмүүс бид өөрсдөө бохирдлоосоо халдварт өвчин авдаг. Бид хөрсөө бохирдуулна, тэд биднийг хордуулна гэсэн үг. Жишээ нь, үүнээс үүдэлтэй хүн амын дунд халдварт өвчин гарах, хүүхдийн өвчлөл эндэгдлийн түвшин нэмэгддэг зэрэг олон сөрөг үр дагавар үүдэн гардаг. Ялангуяа цусан суулга, цус багадалт, шамбрам, гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх иргэд жил бүр нэмэгдсээр иржээ. Мөн амьсгалын замын өвчлөл 2008 оноос хойш тасралтгүй өссөн байна. Бохирдсон хөрс шороон дээр хүүхдүүд тоглох, бохирдсон усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэх, жимс хүнсний ногоог цэвэрлэлгүй хэрэглэх зэрэг нь хүний биед нөлөөлөх замууд юм. Гэдэсний шимэгч хорхойн халдварууд, өргөн тууз, хялгасан, хүний хүж, үхэр, гахайн хялгасан хорхойнууд нь удаан хугацаанд бохирдсон хөрсөнд амьдрах чадамжтай бөгөөд амьсгалын замын бусад өвчнүүд ч хөрсний бохирдлоос үүдэн гардаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.
Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран “Нүхэн жорлон, муу усны цооног”-ийн техникийн шаардлага MNS 5924:2015 стандартын дөрвөн хувилбар бүхий ариун цэврийн байгууламжийн загварыг олон нийтэд танилцуулсан. Үүнд агааржуулагчтай сайжруулсан нүхэн, бага хэмжээний усаар зайлуулах, бордоожуулах, хуурайшуулах жорлон багтаж байгаа аж. Эдгээр жорлонгууд нь бохироо соруулах боломжтой бөгөөд бохирыг хөрсөнд нэвчүүлдэггүй учраас хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломжтой гэнэ. Гэтэл нэг стандартад нийцсэн нүхэн жорлон барихын тулд багадаа 800 мянган төгрөгийн өртөг гарна. Тэгэхээр өнөөдрийн идэх, өмсөхөө яаядаа гэсэн иргэд хүлээн авах нь юу л бол. Хөрсөндөө буухгүй өндөр үнэтэй “стандарт” гэнэт одоо гарч ирээд буй биш. тэртээ 2008 онд гэр хорооллын айл өрхүүдийн дагаж мөрдөх “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт”-ыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний баталж байжээ.
Нийгмийн эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал “Хөрсний бохирдол асуудалд анхаарах цаг нь болсон. Бидний хийсэн судалгаа хийхэд хөрсний бохирдол дээд хэмжээнд хүрсэн бөгөөд нүхэн жорлон нь хөрсний бохирдолд их хэмжээгээр нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Тиймээс стандартад нийцсэн нүхийг хүчтэгсэн доторлогоотой буюу бетоноор доторлож хийснээрээ хөрсний бохирдлыг буруулах боломжтой. Гэр хорооллын айл өрхүүд өөрийн эзэмшил болсон газартаа жорлон бариад хөрсөө бохирдуулаад байгаа нь өөрсдийнх нь эд хөрөнгө бохирдуулж байна гэсэн үг шүү дээ. Эхнээсээ зөв барьчихвал хөрс бохирдохгүй. Өөрөө хэрэглэнэ, үр ач нь хэрэглэх учир зөв зүйтэй алхам хийх нь чухал байна. Бид нүүдлийн биш суурьшмал амьдралтай болчихсон. Амьдарч байгаа газартаа нэг суугаад нүүхгүй шүү дээ. Иргэдэд хөрсний бохирдлыг өвчин эрүүл мэндийн талаас нь ярихаар хол санагддаг. Одоо Засгийн газар стандарт жорлонгууд санал болгоод байна. Нэг хүн орж ирээд л 800 мянган төгрөгийн үнэтэй жорлон барь гэж хэлэхээр иргэдэд хүнд тусна. Тиймээс олуулаа, гудамжаараа нийлж материалаа авах, хамтрах хөдөлгөөн санаачлаж байна. Та нэг л удаа жорлонгоо шинэчлээд өөрөө өөртөө л эрүүл орчинг бий болгохгүй юм бол хэн нэгэн дарга цэрэг, танай тойргоос гарсан улс төрч хөрсний бохирдлыг бууруулж өгөхгүй шүү дээ” гэлээ. Үнэтэй хэдий ч тэрбээр өөр арга хэлсэнгүй.
Одоог хүртэл хэрэгжээгүй стандартаа дахин дахин ярьж хэллээ гээд хэрэгжинэ гэсэн баталгаа, хэрэгжүүлэх яам, тамгын газар нь байна уу гэдэг асуулт хэвээр үлдлээ. Хамгийн зөв гарц гаргалгаа, зөв хэрэгжээд явах эсэхийг мэдэхгүй ч өнөөгийн байдлаар үүнээс өөр арга зам үгүй бололтой. Ямартай ч нэгэнт хөрсний бохирдол өндөр энэ үед иргэд өөрсдөө наад зах нь гэр хорооллын иргэдийн хувьд хогоо цаг тухайд нь ангилах ачуулах, үнсээ зориулалтын саванд хаях нь эхний алхам гэдгийг албаныхан сануулсаар байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car