Он гарсаар олны өмнө хаалттай төмөр тороор хамгаалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан АТГ болон УПЕГ хэв маягаа өөрчилж 10 хоног тутамд хэвлэл мэдээллийнхэнд хийгдэж байгаа ажил хэргийнхээ талаар мэдээлэл өгдөг болсон.
Энэ нь асуудлыг таамгаар бичдэг байдлыг арилгах иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхтэй холбоотой хийгдсэн ажил. 10 хоног тутам мэдээлэл хийхээр тогтсон журмынхаа дагуу уржигдар АТГ мэдээлэл хийсэн бол өчигдөр УПЕГ мэдээлэл хийсэн юм.
Хоёр дахь удаагаа хийгдэж байгаа тус хуралд прокурор Е.Сагсай, УПКГ-ын туслах сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, УПЕГ-ын хяналтын прокурор Т.Сухбаатар, Баянгол дүүргийн орлогч прокурор О.Алтангэрэл, Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа нар оролцсон юм. Тус хурлын зорилго нь Баянгол дүүргийн прокурорын газрын ажлын явцыг тайлагнах мөрдөгдөж байгаа хэргийн талаар танилцуулах байсан. 180000 орчим хүн амтай, 15-16 томоохон аж ахуй нэгжтэй нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг болсон тус дүүрэгт хэрэг төвөг их болдог.
Энэ талаар БГД-ийн прокурор Н.Энхтуяа мэдээлсэн юм. “Баянгол дүүргийн хувьд 2011 онд нийт 2945 хэрэг бүртгэгдэж мөрдөн байцаах ажил явуулсан. Өмнөх оныхтой харьцуулахад 23.7 хувиар буурсан үзүүлэлт.
Харин 2012 он гарсаар 335 хэрэгт дугаар олгон шалгасан байна. Үүнээс онц ноцтой буюу санаатайгаар хүн аминд хүрсэн дөрвөн хэрэг гарч мөрдөн байцаан шалгаж байгаа. Нийт гарсан хэргийн 54-ийг нь яллаж шүүхэд шилжүүлж 216 хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн иргэдээс 117 дуудлага ирсэн ба түүний 71 хуулийн дагуу шийдсэн. Дүүргийн хэмжээнд анхаарал татсан хэрэг болох таван сүлжээний хэрэгт хяналт тавьж ажилласан. Дээрх хэргүүдийн гурвыг нь 2011. 10, 11 дүгээр сард яллаж шүүхэд шилжүүлсэн ч энэ хэргийн шүүгч, өмгөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурал хойшлогдоод өнөөдрийг хүртэл явж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн өнөөдрийн хурал Баянгол дүүргийн прокурорын газар ажлаа тайлагнасан боловч олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүд ч яригдаж байсан юм. Жишээ нь “Анод” банкны хэрэг. Тус хэрэгтэй холбогдуулж Монголын нэр нөлөө бүхий эрхмүүдийг хэрэгт татаж мөрдөн байцааж байгаа. Мөрдөн байцаах газраас прокурорын газар руу шилжсэн хэргүүдийн талаар Нийслэлийн Ерөнхий прокурор Е.Сагсайгаас тодрууллаа.
-”Анод” банкны хэрэгт Мон-Ураны Б.Наранхүүг холбогдуулж цагдан хорих талаар хүсэлт гаргасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдрийн байдлаар Мон-Ураны Б.Наранхүүг цагдан хорих тухай хүсэлт нийслэлийн прокурорын газарт мөрдөн байцаах газраас ирээгүй байгаа. Ер нь бол Анод банкны хэрэгтэй холбогдуулж нэлээд олон хүнийг шалгаж байна. Ялангуяа Анод банкнаас их хэмжээний зээл авч, зээлээ төлөөгүй байгаа томоохон зээлдэгч нарыг эрүүгийн хариуцлагад татсан. Эдний дотор Мон-Ураны Б.Наранхүү, “Гачуурт”-ийн Л.Чинбат зэрэг хүмүүсийг эрүүгийн хуулийн 150.3 заасны дагуу эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцон шалгаж байна.
-Зоос банкны хэргийг хоёр тусгаарлачихсан. Зарим нэр бүхий хүмүүсийн хэргийг прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон талаар ярьж байгаа. Энэ талаар?
-”Зоос” банкны хувьд хоёр эрүүгийн хэрэг байгаа. Сэлэнгэ, Алтанцаг нарт холбогдох хэргийг ЧД-ийн шүүхэд шилжүүлсэн. Өчигдөр шүүх хурал болох ёстой байсан ч хойшлогдсон. “Зоос” банкны эахирал Чувданжийд холбогдох хэргийг ч мөн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын тов нь зарлагдаагүй байна.
-Долоодугаар сарын нэгний хэрэг прокурорын газарт шилжсэн. Хэргийн явц ямар шатандаа явж байгаа вэ?
-Хэрэгтэй холбоотой цагдаагийн дарга нарыг яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
-УИХ-ын гишүүд болон дүүрэг, аймгийн Засаг дарга нартай холбоотой хэргүүдийн ихэнх нь прокурорын газар шилжсэн. Тухайлбал Увс аймгийн Засаг дарга Цасчихэртэй болон түүнтэй холбоотой арав гаруй хүний хэрэг Нийслэлийн прокурорын газарт шилжээд шалгагдаж байгаа. Энэ талаар дзлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Аймаг, дүүргийн Засаг дарга нартай холбогдох хэргүүд мөрдөн байцаах шатанд шалгагдаж байна. Орхон аймгийн Засаг даргын хэргийг яллаж шүүхэд шилжүүлсэн.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Баянмөнхтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Түүнийг 461 дүгээр ангид цагдан хорьж мөрдөн байцааж байгаа боловч эрүүл мэндийн байдлаас болж түр хугацаагаар батлан даалтанд гаргасан. Увс аймгийн Засаг дарга Цасчихэрийн хэрэгтэй холбогдох хэрэгт АТГ мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа. Хоёр ч удаа Увс аймагт очиж газар дээр нь шалгалт хийгээд ирсэн.
Одоо мөрдөн байцаалтын ажил дуусах шатандаа явж байна. Энэ сард багтаад Нийслэлийн прокурорын газарт шилжих байх. Мөн СХД-ийн Засаг дарга Болдод хамрагдах хэргийг АТГ-аас мөрдөн байцаалтын ажлыг хийж байна. Мөрдөн байцаалтын явц бараг дуусах шатандаа явж байгаа. Мөн Налайх дүүргийн Засаг дарга Баяндэлгэрт холбогдох хэрэг мөн мөрдөн байцаах шатанд явж байгаа. Одоогоор Засаг дарга нартай холбоотой хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа, Өнөөдрийн байдлаар шийдэгдсэн хэрэг байхгүй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу хэргийг шалгадаг болсон. Ахиц болоод сөрөг тал ажиглагдаж байна уу?
-Манай албаны хувьд хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэргийн шинж чанартай мэдээллийг холбогдох нийслэл, дүүрэг, аймгийн прокурорын газарт шилжүүлж шалгуулахаар явуулдаг.
Шалгалтын үр дүнгийн хувьд сонин дээр гарсан мэдээллээр харж болохгүй л дээ. Гарсан мэдээллүүдээс шалгаад хэрэгсэхгүй болгосон хэрэг ч бий, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хэрэг ч бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэл болгоныг гэмт хэрэг гэж үзээд ял төлөвлөнө гэж ойлгож болохгүй.
Ерөнхийдөө өнөөдөр прокурорын газар шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнхийг Монголын нэр нөлөө бүхий улс төр бизнесменүүдтэй холбоотой хэрэг эзэлдэг. Аймаг дүүргийн Засаг дарга нартай холбоотой хэргүүдийн ихэнх нь авлига авч, албан тушаалаа буруу ашигласан гэх зүйлээр буруутгагдан шалгагдаж байгаа юм.
Түүнчлэн “Монгол газар”,”Алтан Дорнод” компаниудтай холбоотой хэрэг Нийслэлийн прокурорын газар ирсэн байна. Тодруулбал, тус компаниудын хийж байгаа үйл ажиллагааны улмаас гол бохирдож байгаль орчинд сөргөөр ттөлявпягбайгааг УМБГ-ын Байгаль орчны эсрэг тэмцэх хэсгээс шалгаж байгаа юм байна.
Олны анхаарлыг татсан бас нэг хэрэг нь Монгол банкнаас алдагдсан 18 кг алттай холбоотой хэрэг. Тус хэргийг зөвхөн нэг өдрийн дотор авчихаагүй 10 гаруй жил бага багаар авсан гэдэг нь тогтоогдсон. Харин энэ нь ямар үе дамжлага дээр алдагдсаныг тодруулахаар 20 гаруй хүнийг сэжигтнээр татан байцааж байгаа юм байна.
Г.Түмэнтогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
Comments are closed.