Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газраас “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд зөрчил илэрчээ. Тодруулбал шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2,168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570,8 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн байна.Мөн технологийн хоцрогдолд орсон боловч 1,893,88 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй хөрөнгийн хөдлөл хөдөлгөөн хийх асуудлыг зохих байгууллагад тавьж шийдүүлээгүйгээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн өгөөжид сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн байна.
Мөн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй, бага үнийн дүнтэй шууд худалдан авалт хийгдсэн гэрээнүүдээс компанид хохирол учраагүй ч нийт 10 бэлтгэн нийлүүлэгчээс 75,6 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж аваагүй зэрэг зөрчил илэрчээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
За мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д хийсэн шалгалтаар 709,617,967 төгрөгийн үндсэн хөрөнгө олж авсан, 1,159,570,281 төгрөгийн тендер, худалдан авалтын зөрчил, дутагдал илэрчээ. Тиймээс цаашид төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил үйлчилгээ худалдан авахгүй байх, хугацаа хэтэрсэн авлагыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, биелэлтийг ТӨБЗГ-т ирүүлэхийг үүрэг болгосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.